Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/119

 

 

 

 

 

 

 

 

  2025         05           21                                             2025/ШЦТ/119

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ийн ***т холбогдох 2439003900091 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч М.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн *** сумын 1 дүгээр баг ***ийн 21 дүгээр гудамжны 9 тоотын орчим 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн орчим ***тэй маргалдаж, улмаар хохирогчийн баруун гараас хүчтэй угзран татаж, түүний эрүүл мэндэд “баруун шуу ясны үелэх хэсгийн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би ***ын эхнэртэй цуг ***ыг хайж явж байгаад “***” дэлгүүрийн урд талд *** дээр очсон. Тухайн өдөр 18 цагийн үед л байх “*** шал согтуу машинаа бариад яваад байна” гээд эхнэр болох *** нь надад “Эгч ээ хоёулаа ядаж машины түлхүүрээ авчих юмсан. *** яах вэ өөрөө архиа уугаад явж л байна биз. Ядаж машиныг нь авчихмаар байна” гээд ярьж байсан. Бид хоёр байгаа газар дээр нь очсон даруйдаа цагдаа дуудсан. Цагдаа дуудсан чинь *** шууд л зугтаачихсан. Машин нь онгорхой түлхүүр нь байхгүй байсан. Тэгээд манай дүү *** “Машин ачдаг газар байдаг гэсэн. Би дуудаад ирье” гээд явсан. Би ганцаараа машинд нь үлдсэн. Тэгээд би машинд нь сууж байх зуур *** буцаж ирээд машинаа асаагаад “***” дэлгүүрийн хойд талын эгнээнд очоод намайг буу гэж загнахаар нь би “Буухгүй. Чи намайг гэрт хүргэж өг” гэсэн чинь “Би чамайг хүргэж өгч чадахгүй” гээд бууж ирээд намайг шууд машинаасаа татаж буулгасан. Би машины ард суудал дээр байсан. Намайг гараас угзарч татаад, дараа нь баруун хөлөөс татсан. Баруун хөлөөс татахдаа миний гутлыг сугалаад бутан дунд аваачиж хаясан. Тэгээд шууд намайг машины арын суудал дээр сууж байхад гараас маш хүчтэй татаад, газар шууд унагаагаад буулгаж хаяад машинаа унаад л яваад өгсөн ... *** нь нэлээн согтуу өөрөөс нь архи үнэртээд, машинаас нь бас архи үнэртээд байсан. Миний мэдэхээр “***” дэлгүүрийн үүднээс *** шал согтуу машинаа бариад “***” дэлгүүрийн хойд талын эгнээнд байх ***ийн 21 дүгээр эгнээний урд талаар орж нэлээн баруун тийшээ явж байгаад эгнээн дунд зогссон. Би машин дотор нь хойд талын суудал дээр сууж байсан...” гэжээ. (хх-ийн 14-16, 116-117),

 

Гэрч А.*** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг болдог өдөр 14 цагийн үед би эгч Нарангэрэлийн хамт такси бариад манай нөхрийн найз гэх Лхагважаргал гэх айлд очсон. Тухайн айл нь Хэнтий аймгийн *** сумын 1 дүгээр багт “***” дэлгүүрийн урд талын эгнээнд байдаг юм. Би тухайн айлын хаягийг сайн мэдэхгүй байна. Тэгээд эгч бид хоёр такситай тэр айлын гадаа очтол манай нөхөр машинтайгаа тухайн айлын хашааны гадаа зогсож байсан. Хашааных нь гадаа очоод эгч бид 2 таксинаас цуг бууж очиход *** машин дотор сууж байсан. Би *** дээр очоод машинаа авъя гэхэд *** машиныг маань өгөхгүй байсан. Тухайн үед *** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхээр нь манай эгч ***т хандан “Дүүгийн маань машиныг өг. Чиний машин биш шүү дээ” гэх мэт зүйлийг хэлэхэд *** уурлаад эгч бид хоёрыг зодох гээд дайраад тэнд байсан ***ын найзууд ***ыг хориод байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгөөд цагдаа дуудтал *** машины маань түлхүүрийг аваад зугтаачихсан. Удалгүй цагдаа нар ирээд юу болсон талаар бид нараас асуугаад ***ыг хайхаар явсан. Эгч бид 2 машин дээрээ үлдээд машинаа авч явах гэхэд машины түлхүүр байгаагүй. Тэгээд ачлагын машин дуудтал "Заавал мөнгөө хийж байж очиж ачна" гэсэн. Би гар утсаа гэртээ үлдээсэн байсан болохоор гэр лүүгээ утсаа авчрахаар явсан. Нарангэрэл эгч машин дээр үлдсэн юм. Тэгээд би утсаа аваад буцаад машин дээрээ ирэхэд эгч машин 2 тухайн газраа байхгүй байсан. Тэгэхээр нь би Соронзон луу залгатал *** “Энэ эгчийгээ ирж ав” гэсэн. Би “Хаанаас очиж авах юм” гэхэд утсаа тасалчихсан. Би барьж ирсэн такситайгаа тухайн газраа хойшоо явж байхад 3 эгнээний хойно манай эгч эгнээнд байж байсан. Тэгээд би эгчээс юу болсон талаар асуухад машиныг чинь унаж явах гэхээр нь би түлхүүрийг чинь авах гээд булаацалдаж байгаад машинд суухад миний 2 гарнаас чирээд машинаас чирж буулгаад зайл гээд энэ эгнээнд хаяаад явсан гэсэн...” гэжээ. (хх-ийн 23-25),

 

Шүүгдэгч М.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (хх-ийн 136-137),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 422 дугаартай “...1.2. ***ийн биед баруун шуу ясны үелэх хэсгийн хугарал, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт  (хх-ийн 30-31),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаартай “...1. ***ийн биед баруун шуу ясны үелэх хэсгийн хугарал, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлээс баруун шуу ясны үелэх хэсгийн хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 122-124),

 

Эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 1-2),

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 38),

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 98-100, 101-103),

Яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 32-35),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 85, 138-139),

М.Сын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 59),

М.Сын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга (хх-ийн 54, 57),

М.Сын төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа (хх-ийн 64, 65, 66, 67, 105) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч М.Ст холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч *** овогт ***ийн *** нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Хэнтий аймгийн *** сумын 1 дүгээр баг ***ийн 21 дүгээр гудамжны 9 тоотын орчим ***тэй маргалдаж, улмаар хохирогчийн баруун гараас хүчтэй угзран татаж эрүүл мэндэд нь “баруун шуу ясны үелэх хэсгийн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч М.Сын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ийн “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ... тэгээд би машинд нь сууж байх зуур *** буцаж ирээд машинаа асаагаад “***” дэлгүүрийн хойд талын эгнээнд очоод намайг буу гэж загнахаар нь би “Буухгүй. Чи намайг гэрт хүргэж өг” гэсэн чинь “Би чамайг хүргэж өгч чадахгүй” гээд бууж ирээд намайг шууд машинаасаа татаж буулгасан. Би машины ард суудал дээр байсан. Намайг гараас угзарч татаад, дараа нь баруун хөлөөс татсан. Баруун хөлөөс татахдаа миний гутлыг сугалаад бутан дунд аваачиж хаясан. Тэгээд шууд намайг машины арын суудал дээр сууж байхад гараас маш хүчтэй татаад, газар шууд унагаагаад буулгаж хаяад машинаа унаад л яваад өгсөн ... *** нь нэлээн согтуу өөрөөс нь архи үнэртээд, машинаас нь бас архи үнэртээд байсан....” гэх, гэрч  А.***гийн “...Нарангэрэл эгч машин дээр үлдсэн юм. Тэгээд би утсаа аваад буцаад машин дээрээ ирэхэд эгч машин 2 тухайн газраа байхгүй байсан. Тэгэхээр нь би Соронзон луу залгатал *** “Энэ эгчийгээ ирж ав” гэсэн. Би “Хаанаас очиж авах юм” гэхэд утсаа тасалчихсан. Би барьж ирсэн такситайгаа тухайн газраа хойшоо явж байхад 3 эгнээний хойно манай эгч эгнээнд байж байсан. Тэгээд би эгчээс юу болсон талаар асуухад машиныг чинь унаж явах гэхээр нь би түлхүүрийг чинь авах гээд булаацалдаж байгаад машинд суухад миний 2 гарнаас чирээд машинаас чирж буулгаад зайл гээд энэ эгнээнд хаяаад явсан гэсэн...” гэх, эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 422, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаартай дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч М.С нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч М.С нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Сын үйлдлийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 422 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч М.Ст холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Сын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч *** нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч М.Сын бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.С нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М.С нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн ***т 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М.С нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ХОСБАЯР