Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/73

 

                                     Ц.Буянтогтоход холбогдох  

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                          Д.Буянжаргал

                                 Шүүгчид                                        Г.Давааренчин

                                                                                       Б.Эрдэнэхишиг

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     В.Батдэлгэр                                    

                                      Шүүгдэгч                                          Ц.Буянтогтох /онлайн/

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               Р.Атарцэцэг

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              Х.Даваасүрэн

                                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Цэрэнгийн Буянтогтоход холбогдох эрүүгийн 2031002440166 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Ерөө” суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны Чулуутын 03-05 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Борлууд овогт Цэрэнгийн Буянтогтох РД:/МТ88030916/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Буянтогтох нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21-22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу “Хөнгөн” зэргийн согтолттой үедээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ходоод” гэх газарт өөрийн эзэмшлийн Зил-131 загварын тээврийн хэрэгслийг жолоодож, зам тээврийн осол гаргаж, бага насны Б.Бат-Очир нь нас барсан гэх гэмт хэрэгт холбогдожээ.

 

Анхан шатны шүүх Ц.Буянтогтоход холбогдох хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/191  дугаартай шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Борлууд овогт Цэрэнгийн Буянтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Борлууд овогт Цэрэнгийн Буянтогтохын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Борлууд овогт Цэрэнгийн Буянтогтоход оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялыг, түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.

5. Энэхүү хэрэгт битүүмжилсэн 37-25 СЭҮ улсын дугаартай, “3ил-131” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Ц.Буянтогтоход буцаан олгосугай.

6. Хэрэгт хураан ирүүлсэн Ц.Буянтогтохын 670309 дугаартай, “В”,“С” ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

7. Шүүгдэгч   Ц.Буянтогтох нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Ц.Буянтогтоход урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай...Bottom of Form

гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ариунзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие Цогбадрах овогтой Ариунзаяа нь Цэрэн овогтой Буянтогтохтой гэр бүл болоод 4 жил амьдарч байна. Манай нөхөр хувийн байдлын хувьд ажилсаг, даруу төлөв, маш сайхан сэтгэлтэй. Бусдад үргэлж тусалж, дэмждэг. Архи тамхи хэрэглэдэггүй, амьдралын зөв хэв маягтай, эхнэр хүүхдэдээ маш халамжтай. Амьдрах хугацаандаа ямар нэг зүй бус араншин, асуудал гаргаж байгаагүй. Миний хувьд одоо 2 сар гарантай жирэмсэн бөгөөд биеийн байдал болон сэтгэл санааны байдал таагүй байна. 3 дахь төрөлт бөгөөд хийсвэр хагалгаагаар хүндрэлтэй төрдөг эмч нарын зүгээс ч ойрхон төрөлт учир маш эрсдэлтэй гэж үзэж байгаа. Одоогоор маш их хордлого өгч сэтгэл санааны тавгүй байдлаас эмчийн хяналтад байгаа учир нөхөр болох Ц.Буянтогтох дэргэд байх зайлшгүй шаардлагатай байна. Амьдралдаа анх удаа гэнэтийн ослоор ийм зүйл болсон нөхөр минь өөрөө буруугаа маш сайн ойлгож, гүнээ харамсаж, гэмшиж байгаа. Амьдралын ийм аргагүй байдлыг минь харгалзан үзэж хорих ял шийтгэлийг оноолгүйгээр тэнсэн хянан харгалзах шийтгэлээр шийтгэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Цэрэн овогтой Буянтогтох нь эрүүгийн 203100244066 тоот хавтаст хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 07-ны өдрийн, 2020/ШЦТ/ 191 тоот тогтоолыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Учир нь:

1.Ц.Буянтогтох нь өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа ойлгож гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, бодит хохирлыг төлж барагдуулсан. Эхнэр Ц.Ариунзаяагийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй гомдол, саналгүй гэсэн нотариатын баталгааг гаргасан болно.

2.Хууль хэрэглээний хувьд Ц.Буянтогтоход ЭХ-н 27.10 зүйлийн 4.1-д заасан зүйл ангийг сонсгосон бөгөөд гэм буруутай үйлдлийн улмаас Б.Бат-Очир нь амь насаа алдсан. Энэ нь эрүүгийн хуулийн 27.10 зүйлийн 3-д заасан зүйл анги буюу энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохироосон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасах...1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

27.10 зүйлийн 4.1-д дээрх гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн /согтуурлын зэрэг нь 0,5% буюу хөнгөн зэрэгтэй байсан/ 27.10 зүйлийн 4.2-т энэ гэмт хэргийн улмаас 2 буюу түүнээс дээш хүний амь нас эрсэдсэн тохиолдолд 2-8 жилийн ял оноох тухай заасан байна. Гэтэл Ц.Буянтогтохын хувьд 1 хүний амь нас эрсэдсэн байх тул 27.10 зүйлийн 3-т заасан зүйлчлэлээр зүйлчлэгдэх ёстой гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд /6-р хуудас, доороосоо 9 дэх мөрөнд/ шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-р зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дурдсанаас үзэхэд зүйлчлэл дээр 1-5 жилийн ялтай зүйл анги өөрөө хэлбэл эрүүгийн хуулийн 6.7-р зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд 6.7 зүйлийн 1.2-т хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил түүнээс ба хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай заасан байна. Мөн эрүүгийн хуулийн 6.6-д өөрөөр хэлбэл 6.6.2-т хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй. Мөн 6.6.3-т шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно гэж заасан байна. Мөн 27.10-р зүйлийн өөрөөр хэлбэл тусгай ангид 27.10 зүйлийн 2-д согтуурсан мансуурсан үедээ үйлдсэн гээд заасан байх тул дээр дурдсан 6.6.2-т заасан хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэж заасныг дурдах нь зүйтэй. Ийм учраас Ц.Буянтогтоход 2-8 жилийн ял оногдуулах хуулийн заалт хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Хүндрүүлэх нөхцөл нь 2-3 хүний амь нас түүнээс дээш хүний амь эрсэдсэн тохиолдолд 2-8 жилийн ял оноох тухай хуульд заасан болно. Мөн эрүүгийн хуульд шударга ёсны зарчимд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан. Мөн хуулийн 1.9-д гэмт хэргийг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Мөн эрүүгийн хуулийн 1.15.2-т хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ төрвөл түүнийг сэжигтэн, яллагдагч шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Эрүүгийн хуулийн 2.6-д гэмт хэргийн ангиллын талаар заахдаа 2.6.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил түүнээс доош жил оногдуулахаар тогтоосон эсвэл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж заасан. Ц.Буянтогтохын үйлдсэн гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5 жил байх тул эрүүгийн хуулийн 7.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 7.1.1-д хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хор уршгийг арилгасан эсвэл учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэх арга хэмжээ авч болно гэж заасан байдаг. Ийм учраас шүүх бүрэлдэхүүн хэргийн бодит байдлыг бүх талаас нь тогтоож миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж зүйлчлэл дээр анхаарч 2-8 жилийн ялыг өөрчилж 5 жилийн ялаар өөрөөр хэлбэл 27.10.3-т заасан хүний амь эрсэдсэн тохиолдолд хорих ялыг 1-5 жил хүртэл тогтооно гэсэн заалтыг баримталж мөн 5 жил хүртэлх хорих ялыг 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэн харгалзана гэж заасны дагуу хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү.

Миний үйлчлүүлэгч Ц.Буянтогтох нь ясны болон уушгины сүрьеэ өвчнөөр бага наснаасаа өвдөж одоо болтол өвчин нь эдгээгүй байнгын эмчийн хяналтад эмчлүүлж байдаг. Мөн эхнэр Ц.Ариунзаяа нь жирэмсэн бөгөөд өнгөрсөн талийгаач нь ирж байгаа гэж үзэж байгаа тул эрүүл саруул үр хүүхэд гаргах өсгөж бойжуулах хэрэгтэй байгаа тул нөхрийн хайр халамж, асрамж хэрэгтэй байна. Амьдралын аргагүй байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү. Эхнэр Ц.Ариунзаяагийн хувьд жирэмсний хүндрэл өгч хийсвэрээр төрдөг бөгөөд энэ хүнд байдлыг даван туулахад Ц.Буянтогтох нь дэргэд нь байх зайлшгүй шаардлагатай байна. Ц.Буянтогтох нь хувийн байдлын хувьд тамхи, архи хэрэглэдэггүй, амьдралын зөв хэв маягтай, ар гэртээ халамжтай ажилсаг хичээнгүй, найз нөхөд, хань ижилдээ элэгсэг дотно харьцаатай амьдрахын төлөө зүтгэж яваа эгэл жирийн залуу юм. Гэтэл 1 удаа алдаж ийм байдалд хүрсэн өөрийн гэм буруугаа ойлгож дахиад ийм байдал гаргахгүй гэдгээ баталж илэрхийлж байгаа тул хорих ялыг тэнсэж шинээр ирж байгаа хүүхдээ эрүүл саруул өлгийдөн авах боломжоор хангаж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар хүсэлтдээ: “Эрүүгийн 2031002440166 дугаартай Цэрэн овогтой Буянтогтоход холбогдох хэргийг 2020 оны 10 сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж гэм буруутайд тооцон ял оногдуулсан 191 тоот шийтгэх тогтоол гарсан байна. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд шүүх хуралдааны дараа эрх зүйн туслалцаа авах зорилгоор өмгөөлөгчтэй "Эрх зүйн тусалцаа үзүүлэх гэрээ" байгуулан хэргийн материалтай танилцсан. Өмгөөлөгчийн зүгээс болон шүүгдэгч нарын хувьд зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргаангүй болно. Шийтгэх тогтоолын 8 дахь заалтаар Ц.Буянтогтохыг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 -р зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн шүүгдэгчийн гэм буруутай болохыг тогтоосон шийтгэх тогтоол гарсан төдийгүй 2020.10.22-ны өдөр шүүгдэгч гардан авсан байх тул гэм буруугийн болон зүйлчлэлийн тал дээр маргаангүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон шүүгдэгчийн өөрийн нь эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж цагдан хорьсныг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлөх үндэслэл тогтоогдож байна. Учир нь шүүгдэгч Ц.Буянтогтох нь 15 настай байхдаа 2002 оноос ясны сүрьеэ өвчний оношоор 1 жил гаруй эмчлэгдсэн боловч засрал авахгүй амь насыг нь аврах үүднээс 2003.11.11-ны өдөр нурууны хагалгаанд орж нурууны 2 үеийг авахуулсан маш хүнд хагалгаанд орж хагалгаа амжилтай болж эсэн мэнд үлдсэн байдаг. Үүнийг тодруулах үүднээс халдварт өвчин судлалын үндэсний төвийн архиваас түүний өвчний түүхийг авч ирүүлж танилцлаа. /Өвчний түүх 9 хуудас материал/ 2020.8.4-ны өдөр осолд орсноос болж өвчин нь сэдэрч байнгын өвчин намдаах антибиотик ууж байна. Өөрийн өвчлөлийн талаар эхнэртээ хэлэлгүй зүгээр гэж нууж өдий хүрсэн талаар өмгөөлөгч болон өөрийн ахдаа хэлснээр цагдан хорих байрны эмч болон өвчний түүхийг судлан үзсэн болно. Цаашилбал шүүгдэгчийн эхнэрийн сэтгэл санаа тогтворгүй, жирэмсэн хүндрэлтэй төрдөг учраас эмчийн хяналтад байгаа байдал, хүү нь аавыгаа асууж ээжийнхээ сэтгэлийг зовоож байгаа асуудал , тэднийхээ гэр орныг эмхлэх , өвөлжилтийн байдлыг зохицуулах зэрэг олон асуудал ар араасаа гарч ирж байгаа шалтгааныг харгалзан Ц.Буянтогтохын биеийн байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнийг цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж өгнө үү хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж өгнө үү...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хувьд шүүгдэгчийн гэмт хэрэг, хувийн байдлыг харгалзан оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Харин давж заалдах шатны шүүхийн хувьд шүүгдэгчийн гаргасан гомдол болон хувийн байдлыг харгалзаж зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаас дүгнэлт хийж шийдвэрлэвэл прокурорын зүгээс татгалзах зүйлгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ц.Буянтогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 01 жил 06 сарын хорих ял оногдуулж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор  шийдвэрлэсэн байна.

 

Хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын дагуу Ц.Буянтогтоход холбогдох эрүүгийн 2031002440166 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Ц.Буянтогтох нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний орой 21-22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хөнгөн зэргийн согтолттой үедээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Ходоод гэх газарт өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, жолооч саад тулгарсан үед зогсоох арга хэмжээг авах, суудлын бүхээгт хүүхэд тээвэрлэх явцдаа зориулалтын суудал ашиглах гэсэн заалтуудыг зөрчиж бага насны хүүхэд болох Б.Бат-Очирын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллаганы явцад хуулийн дагуу бэхжүүлж цуглуулсан нотлох баримтуудаар нотлогджээ.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, шүүгдэгч Ц.Буянтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан ял шийтгэл эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн давж заалдсан гомдол, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр түүний давж заалдсан гомдлыг дэмжин гаргасан тайлбар, хохирогчийн гаргасан гомдол болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан шүүгдэгч Ц.Буянтогтоход оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялаас 06 сарын хорих ялыг хасч биечлэн эдлэх ялын хэмжээг 01 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/191 дугаартай  шийтгэх тогтоолын 2 дугаар заалтад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн “...Хууль хэрэглээний хувьд Ц.Буянтогтоход Эрүүгийн хуулийн 27.10 зүйлийн 4.1-д заасан зүйл ангийг сонсгосон бөгөөд гэм буруутай үйлдлийн улмаас Б.Бат-Очир нь амь насаа алдсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 27.10 зүйлийн 3-д заасан зүйл анги буюу энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохироосон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасах...1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна. Эрүүгийн хуулийн 27.10 зүйлийн 4.1-д дээрх гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн /согтуурлын зэрэг нь 0,5% буюу хөнгөн зэрэгтэй байсан/ 27.10 зүйлийн 4.2-т энэ гэмт хэргийн улмаас 2 буюу түүнээс дээш хүний амь нас эрсэдсэн тохиолдолд 2-8 жилийн ял оноох тухай заасан байна. Гэтэл Ц.Буянтогтохын хувьд 1 хүний амь нас эрсэдсэн байх тул 27.10 зүйлийн 3-т заасан зүйлчлэлээр зүйлчлэгдэх ёстой гэж үзэж байна...” гэх заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “...1.Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.согтуурсан, мансуурсан үедээ;

2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;

2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;

2.4.их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг:

4.1.согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн;

4.2.энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл нь “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг бөгөөд дотроо 4 хэсэг бүрэлдэхүүнтэй.

1 дүгээр хэсэгт энгийн бүрэлдэхүүн буюу авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдлүүд хамаарч байна

2 дугаар бүрэлдэхүүн буюу дээрх 1 дүгээр хэсэгт заасан гэмт хэргийг  согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн  бол хүндрүүлэхээр заасан.

3 дугаар хэсэгт нь 1дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хамаарахаар заасан буюу илүү хүндэрсэн бүрэлдэхүүн юм.

4 дүгээр хэсэг нь “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн хамгийн хүндрүүлсэн бүрэлдэхүүн бөгөөд хүний амь насыг хохироох үйлдлийг согтуурсан мансуурсан үедээ үйлдэх, энэхүү гэмт хэргийн улмаас 2 буюу түүнээс дээш хүний амь насыг хохироох зэргийг хамруулан хуульчилсан байдаг.

Гэтэл өмгөөлөгчийн гомдол нь шүүгдэгч Ц.Буянтогтохыг 0,5 хувийн согтолттой байсныг хүлээн зөвшөөрсөн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар зүйлчлүүлэх хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

 

2 дугаар заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Борлууд овогт Цэрэнгийн Буянтогтохын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Шүүгдэгч Ц.Буянтогтоход урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                                Б.ЭРДЭНЭХИШИГ