| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0122/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/125 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/125
2025 05 26 2025/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****д холбогдох эрүүгийн 2539000000098 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.Ц нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07 цагийн орчим Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр **** 4 дүгээр сургуулийн гадна хэсэгт гээгдүүлсэн эд хөрөнгө болох насанд хүрээгүй хохирогч ****гийн “iphone 13 mini” маркийн гар утас, иргэний үнэмлэх зэргийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 968,300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Насанд хүрээгүй хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 03 дугаар сарын 20-ны өглөө хичээлдээ явах гээд 07 цагт босоод гэрээсээ 07 цаг 35 минутын үед гарч ээж ****ээр машинтай **** 4 дүгээр сургуулийн урд талд хүргүүлж машинаас бууж сургууль руу ороод өөрийн гар утсаа байхгүй гэдгийг мэдэж ээж **** рүү хүний утсаар залгаж “Машинд гар утсаа хаясан байна” гэж хэлээд манай ээж машиндаа миний утсыг үзээд байхгүй болохоор сургуулийн гадаа ирж үзээд байхгүй болохоор намайг ангиас аваад цагдаа дээр ирж гомдол гаргасан юм. Миний гар утас нь “Iphone-13 mini” маркийн **** гэх дугаартай цагаан өнгийн кэйстэй дотор нь миний иргэний үнэмлэх байсан. Тэгээд сургуулийн хяналтын камерыг цагдаагаар шүүлгэхэд нэг эмэгтэй хүн газраас олоод баруун тийш яваад өгч байсан юм...” гэжээ. (хх-ийн 19-21),
Гэрч А.**** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 03 дугаар сарын 20-ны өглөө манай охин **** 07 цагийн үед босоод надаар **** 4 дүгээр сургууль руу 07 цаг 40 минутын үед хүргүүлж би шууд ажил руугаа яваад өгсөн юм. Тэгээд удалгүй манай охин хүний утсаар залгаж “Машинд гар утсаа унагасан байна” гэхээр нь би гарч машинд утсыг нь үзэхэд утас нь байхгүй байхаар нь би утас руу нь залгахад эхэндээ дуудаад байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа утас нь холбогдохгүй болсон. Тэгэхээр нь охины сургууль дээр ирж утасны цэнэг ямар байгаа талаар асуухад 100 хувь цэнэгтэй байгаа гэсэн. Тэгээд би охиноо дагуулж цагдаа дээр ирж дуудлага өгсөн юм...” гэжээ. (хх-ийн 24-25),
Шүүгдэгч А.Ц мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (хх-ийн 51-53),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШД-130 дугаартай “...iphone 13 mini, иргэний үнэмлэх, сим карт, өнгөгүй кэйсний зах зээлийн үнэлгээг 968,300.0 /есөн зуун жаран найман мянга гурван зуу/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна....” гэх дүгнэлт (хх-ийн 34-36),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1),
Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-5, 6-8, 9-10, 11),
Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 12),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14-15, 16),
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 17),
Эрүүгийн хариуцлага хүлээж авсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 54, 55-56),
А.Цгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 63-91),
А.Цгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар (хх-ийн 59, 60, 61, 62) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч **** овогт ****ын **** нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07 цагийн орчим Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр **** 4 дүгээр сургуулийн гаднаас гээгдүүлсэн эд хөрөнгө болох насанд хүрээгүй хохирогч ****гийн эзэмшлийн “Ай поне13 мини” маркийн гар утас, иргэний үнэмлэх зэргийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 968,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч ****гийн “...2025 оны 03 дугаар сарын 20-ны өглөө хичээлдээ явах гээд 07 цагт босоод гэрээсээ 07 цаг 35 минутын үед гарч ээж ****ээр машинтай **** 4 дүгээр сургуулийн урд талд хүргүүлж машинаас бууж сургууль руу ороод өөрийн гар утсаа байхгүй гэдгийг мэдэж ээж **** рүү хүний утсаар залгаж “Машинд гар утсаа хаясан байна” гэж хэлээд манай ээж машиндаа миний утсыг үзээд байхгүй болохоор сургуулийн гадаа ирж үзээд байхгүй болохоор намайг ангиас аваад цагдаа дээр ирж гомдол гаргасан юм. Миний гар утас нь “Iphone-13 mini” маркийн **** гэх дугаартай цагаан өнгийн кэйстэй дотор нь миний иргэний үнэмлэх байсан. Тэгээд сургуулийн хяналтын камерыг цагдаагаар шүүлгэхэд нэг эмэгтэй хүн газраас олоод баруун тийш яваад өгч байсан юм...” гэх, гэрч А.****ийн “...2025 оны 03 дугаар сарын 20-ны өглөө манай охин **** 07 цагийн үед босоод надаар **** 4 дүгээр сургууль руу 07 цаг 40 минутын үед хүргүүлж би шууд ажил руугаа яваад өгсөн юм. Тэгээд удалгүй манай охин хүний утсаар залгаж “Машинд гар утсаа унагасан байна” гэхээр нь би гарч машинд утсыг нь үзэхэд утас нь байхгүй байхаар нь би утас руу нь залгахад эхэндээ дуудаад байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа утас нь холбогдохгүй болсон. Тэгэхээр нь охины сургууль дээр ирж утасны цэнэг ямар байгаа талаар асуухад 100 хувь цэнэгтэй байгаа гэсэн. Тэгээд би охиноо дагуулж цагдаа дээр ирж дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШД-130 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ц нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 968,300 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч А.Цд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Цг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 968,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч А.Цгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Цгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ****гийн эд хөрөнгөд 968,300 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч А.Ц нь насанд хүрээгүй хохирогч ****д учирсан хохирлыг төлсөн буюу “iphone 13 mini” маркийн гар утас, иргэний үнэмлэх зэргийг буцааж өгсөн болох нь эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Цг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Ц нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А.Ц нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ын ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 968,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А.Ц нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР