Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/126

 

 

 

 

 

 

 

 

 2025          05            26                                         2025/ШЦТ/126

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****д холбогдох эрүүгийн 2539001020078 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Г.М нь Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2024 оны 12 дугаар сарын 30-ний шөнө согтуугаар ****улсын дугаартай “Верна” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, ****улсын дугаартай “Nissan juke” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв. 

 

Хохирогч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу өөрийн хүүхэд болох Баярдөл, Баттулга хоёрыг авах зорилгоор 17 цагийн орчимд Батноров сум руу ганцаараа явсан. Тэгээд 23 цагийн орчимд Хэнтий аймгийн төв рүү очсон. Тэгээд “****” худалдааны төвийн орчим төв замаар явж байсан. Тэгтэл миний унаж явсан ****улсын дугаартай “Nissan juke” тээврийн хэрэгслийн ар талаас ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж мөргөж гэмтэл учруулсан. Уг тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэжээ. (хх-ийн 17-18),

 

Гэрч Н.Лхагвадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар баг “****” худалдааны төвийн урд талд “****” супер маркетийн хойд талын засмал зам дээр ****улсын дугаартай “Верна” маркийн тээврийн хэрэгсэл ****улсын дугаартай “Жуке” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсөн байдалтай зам дээр зогсож байсан. Тэгээд би уг 2 тээврийн хэрэгсэл дээр очоод жолооч нарынх нь бичиг баримтуудыг шалгахад ****улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтуу байсан ба хөл дээрээ зогсож чадахгүй гуйваад байсан. Тэгээд уг жолоочийг авч яван ажил дээр ирээд согтуурлын зэргийг нь шалгаж драгер багаж үлээлгэхэд 4,66 хувь гарч байсан...” гэжээ. (хх-ийн 40-41),

 

Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 17 цаг өнгөрч байхад би ****ийн сууринд байх ****гэх найзынхаа гэрт очсон юм. Тэгээд бид хоёр 0,75 литрийн “Соёрхол” гэх архи хувааж уугаад шөнө 00 цаг өнгөрч байхад дууссан. Тэгээд би найзындаа хонох гээд байж байтал манай эхнэр над руу залгаад “Яаралтай ажил гарчихлаа. Гэрт хүрээд ир ээ” гэсэн. Тэгээд би ****ээс **** руу гэр лүүгээ явж байгаад “****” худалдааны төвийн урд талд байдаг “****” колонкийн урд талын засмал зам дээр урд явж байсан ****тээврийн хэрэгслийн хойноос мөргөсөн...” гэжээ. (хх-ийн 21-22),

 

           

            Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШД-512 дугаартай “...“Nissan Juke” маркийн ****улсын дугаартай автомашины хохирлын үнэлгээг 730,000.0 /долоон зуун гучин мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 23-28),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3),

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 32),

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 5-6),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-8, 9-13),

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 33),

Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 43),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58),

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 59-60),

****оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (хх-ийн 55, 56, 57) зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г.Мд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч **** овогт ****ын **** нь 2024 оны 12 дугаар сарын 30-ний шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэж Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ****улсын дугаартай “Верна” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн сэжигтнээр хэргээ хүлээсэн шүүгдэгч ****“...2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 17 цаг өнгөрч байхад би ****ийн сууринд байх ****гэх найзынхаа гэрт очсон юм. Тэгээд бид хоёр 0,75 литрийн “Соёрхол” гэх архи хувааж уугаад шөнө 00 цаг өнгөрч байхад дууссан. Тэгээд би найзындаа хонох гээд байж байтал манай эхнэр над руу залгаад “Яаралтай ажил гарчихлаа. Гэрт хүрээд ир ээ” гэсэн. Тэгээд би ****ээс **** руу гэр лүүгээ явж байгаад “****” худалдааны төвийн урд талд байдаг “****” колонкийн урд талын засмал зам дээр урд явж байсан ****тээврийн хэрэгслийн хойноос мөргөсөн...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Г.Тогтохцэцэгийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу өөрийн хүүхэд болох Баярдөл, Баттулга хоёрыг авах зорилгоор 17 цагийн орчимд Батноров сум руу ганцаараа явсан. Тэгээд 23 цагийн орчимд Хэнтий аймгийн төв рүү очсон. Тэгээд “****” худалдааны төвийн орчим төв замаар явж байсан. Тэгтэл миний унаж явсан ****улсын дугаартай “Nissan juke” тээврийн хэрэгслийн ар талаас ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж мөргөж гэмтэл учруулсан. Уг тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх, гэрч Н.Лхагвадоржийн “...2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар баг “****” худалдааны төвийн урд талд “****” супермаркетийн хойд талын засмал зам дээр ****улсын дугаартай “Верна” маркийн тээврийн хэрэгсэл ****улсын дугаартай “Жуке” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсөн байдалтай зам дээр зогсож байсан. Тэгээд би уг 2 тээврийн хэрэгсэл дээр очоод жолооч нарынх нь бичиг баримтуудыг шалгахад ****улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтуу байсан ба хөл дээрээ зогсож чадахгүй гуйваад байсан. Тэгээд уг жолоочийг авч яван ажил дээр ирээд согтуурлын зэргийг нь шалгаж драгер багаж үлээлгэхэд 4,66 хувь гарч байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, жолоочийн лавлагаа, мэдээлэл, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШД-512 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.М нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээр (хх-ийн 43) тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ****амьсгал дахь спиртийн агууламж 4.66 хувьтай гарсан байх ба согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж,

Мөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт -Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тус тус зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Мд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Мөнхтулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэрэгт улсын яллагчийн санал тохирч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч ****үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Тогтохцэцэгийн эд хөрөнгөд 730,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч ****нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Г.Мөнхтулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.М нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****цагдан хоригдсон 3 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийт 24 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ын Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын Мөнхтулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****цагдан хоригдсон 3 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийт 24 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хасаж тооцсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ХОСБАЯР