Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2022/00652

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2022/00652

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймагт оршин суух, *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, Зууннайман ойл ХХК,

Хариуцагч: Хан-Уул дүүрэгт байрлах,******* ХХК-д тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204036085 дугаарт бүртгэлтэй хөрөнгөд холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов. Хариуцагч нар хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдгээрийн эзгүйд шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* хариуцагч Зууннайман ойл ХХК,******* ХХК-д тус тус холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204036085 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчингүйд тооцуулах, хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* миний бие эрхийн улсын бүртгэлийн Ү-2204036085 дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД91 дүгээр байр, 26 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч юм. Манай охины найз гэх С.Батсүрэн ...эгчээ би алтны компанитай, байрны чинь ордерыг хэрэглээд буцаагаад өгье гэж гуйж аваад 2012 оны 4 сард итгэмжлэл хийлгэж аваад банкинд тавьсан байсан. Хас банкинд 2 жилийн хугацаатай, түүний эгч С.Батчимэгийн нэрээр тавьсан гэсэн. Дараа нь С.Батсүрэн өөрийн нэр дээр шилжүүлж банкинд тавьсан гэсэн ба итгэмжлэлээ ганц удаа сунгаад өгөөч гэж гуйгаад байхаар нь сунгаж өгсөн. Энэ хугацаанаас хойш С.Батсүрэнгээс байрны ордероо авъя гэж хэлэхэд удахгүй өгнө гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн юм. Өөрийн үл хөдлөх эд хөрөнгийнхөө лавлагааг авахад 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Зууннайман ойл ХХК-ийн барьцаанд тавьсан байна. Зууннайман ойл ХХК болон******* ХХК-ийн хооронд хийсэн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний хавсралт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Зууннайман ойл ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр миний өмчийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. Энэ гэрээг хийхэд би өөрийн биеэр ямар нэгэн итгэмжлэл хийж өгөөгүй юм.******* ХХК, Зууннайман ойл ХХК болон С.Батсүрэн нар энэ гэрээг миний зөвшөөрөлгүй хэрхэн, яаж байгуулсныг мэдэхгүй байна. Тус байгууллагад барьцаанд тавихдаа хуурамч итгэмжлэл үйлдэж тавьсан болохыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/2032 дугаар шийтгэх тогтоолоор С.Батсүрэнг хуурамч итгэмжлэл хийсэн болохыг тогтоосон. Эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч ямар нэг итгэмжлэл хийж өгөөгүй, түүний гарын үсгийг С.Батсүрэн хуурамчаар зурсан болох нь тогтоогдсон.

Иймд******* ХХК болон Зууннайман ойл ХХК нарын хооронд хийсэн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний хавсралт болох 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 108/2019/ББСЗ/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс иргэн *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204036085 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 000312273 дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, хд 91 дүгээр байр, 26 тоот 38,15 мкв бүхий орон сууцны холбогдох хэсгийг хүчингүй болгож, барьцаанаас чөлөөлж өгнө үү гэв.

2.Хариуцагч******* ХХК дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага болсон үл хөдлөх эд хөрөнгийг Зууннайман ойл ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд С.Батсүрэнгийн зөвшөөрлөөр тавьсан. С.Батсүрэн нь *******тэй хэрхэн тохиролцсон талаар мэдэхгүй бөгөөд С.Батсүрэн уг эд хөрөнгийг барьцаанд тавихад асуудалгүй гэж бидэнд ойлгуулсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд байгаа бөгөөд Зууннайман ойл ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхгүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь дуусгавар болоогүй болно гэжээ.

3.Хариуцагч Зууннайман ойл ХХК-иас шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/2032 дугаар шийтгэх тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №108/2019/БСЗ/01 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №108/2019/ББСЗ/01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 8/238 дугаар хариу албан бичиг зэргийг ирүүлжээ.

Хариуцагч******* ХХК-аас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. Хариуцагч Зууннайман ойл ХХК-аас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ.

Шүүхийн журмаар: хариуцагч Зууннайман ойл ХХК-ийн хүсэлтээр 181/ШЗ2022/03121 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Эрүүгийн хэргийн төв архиваас ирүүлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 3616 тоот шинжээчийн дүгнэлт, У.Баатарсүрэнгийн өгсөн гэрчийн мэдүүлэг зэргийг бүрдүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяраас Зууннайман ойл ХХК,******* ХХК-д тус тус холбогдуулан Зууннайман ойл ХХК,******* ХХК нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 108/2019/ББСЗ/01 тоот барьцааны гэрээнээс *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204036085 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг барьцаалсан хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардаж байна.

Хариуцагч Баянсутайн зам ХХК-иас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, барьцааны гэрээ хүчин төгөлдөр тухай тайлбар ирүүлжээ.

2.Хариуцагч Зууннайман ойл ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн хувийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гардан авч, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Улмаар өнөөдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсаар 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төлөөлөгч Э.Алтантуяад мэдэгдэж баримтаар баталгаажуулсан боловч тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Түүнчлэн тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2022/03121 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан түүний хэргийн материалтай танилцах эрхийг хангаж өмнөх шүүх хуралдааныг хойшлуулж байжээ. Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

3. Хариуцагч******* ХХК-д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсаар 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хаягийн дагуу шуудангийн байгууллагаар дамжуулан хүргүүлсэн боловч уг хаягт байхгүй үндэслэлээр мэдэгдэх хуудас буцаагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьд шүүхээс хариуцагч******* ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 22 гудамж, 1 тоот хаягаар 2021 оны 10 дугаар сарын 12-нд, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд тус тус шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч уг хаягт байхгүй үндэслэлээр мэдэгдэх хуудас удаа дараа буцаагдаж байсныг дурдах нь зүйтэй. Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг баримтлан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүхийн 99059831 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэж, энэ тухай баримтаар баталгаажуулсан боловч тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Түүнчлэн тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2022/03121 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хариуцагч******* ХХК-ийн хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох эрхийг тус тус хангаж өмнөх шүүх хуралдааныг хойшлуулсан. Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Зуун найман ойл ХХК болон******* ХХК нарын хоорондох 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 108/2019/ББСЗ/01 тоот барьцааны гэрээ байгуулагджээ.

Уг гэрээнд дурдсан нэр бүхий барьцаа хөрөнгөнүүдээс 3.1.3-т эрхийн улсын бүртгэлийн Ү-2204036085 дугаарт бүртгэлтэй, *******ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, ХД 91 дүгээр байр 26 тоотод байрлах 38,15 мкв талбай бүхий нэг өрөө орон сууц-наас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх 8-14/

4.2.Хэрэгт авагдсан 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2204036085 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, ХД 91 дүгээр байр 26 тоотод байрлах 38,15 мкв талбай бүхий хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч ******* бөгөөд Зууннайман ойл ХХК-ийн барьцааны гэрээг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бүртгэж, улсын бүртгэлд тэмдэглэгджээ. / хх-15/

4.3.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/2032 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Батсүрэнг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд торгох ял шийтгэжээ. Энэ шийтгэх тогтоолд С.Батсүрэн нь *******ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, ХД 91 дүгээр байр 26 тоот орон сууцыг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлтээр 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэлд зурагдсан ******* гэх гарын үсэг нь *******ийн гарын үсгийн загвартай тохирохгүй гэж дүгнэсэн, шүүгчдэгч С.Батсүрэнгээс мэдүүлэхдээ 2019 онд итгэмжлэл хийхдээ Наранцэцэг эгчээс цахим үнэмлэхийг гуйж авсан бөгөөд Наранцэцэг эгчийн өмнөөс гарын үсэг зураад Баатарсүрэнд өгсөн. Баатарсүрэн байрыг өөр компанид барьцаанд тавьсан гэж мэдүүлсэн талаар дурджээ.

Түүнчлэн******* ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатарсүрэнгээс уг эрүүгийн хэрэгт Тухайн үед Батсүрэн надад нэг хүн надад өртэй вм, өрнийхөө оронд байраа надад түр хугацаагаар шилжүүлсэн байгаа, танд хэрэг болох юм бол ашиглаарай гэж хэлсэн. Би Зууннайман ойл компаниас түлш шатахуун авах болоод Батсүрэнтэй ярилцаж байснаараа уг байрыг барьцаанд тавихаар болоод нотариат орсон. Түүний дараа Батсүрэн 2-3 хүн дагуулж ирсэн ба орон сууцны итгэмжлэлээ хийлгэсэн. Тухайн үед Наранцэцэгийг ирсэн гэж бодсон ба цагдаагийн байгууллага дээр ирээд мэдүүлэг өгөх үед Батсүрэн ахаа уучлаарай, би Наранцэцэг эгчийн өмнөөс гарын үсэг зурчихсан юм гэж хэлсэн. Тэгээд ийм асуудал болсон гэдгийг мэдсэн хэмээн мэдүүлж байсан нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолд тусгагджээ. /хх 4-7/

Мөн шийтгэх тогтоолд иргэн Ц.Баатарсүрэнгийн Зууннайман ойл ХХК-тай байгуулсан гэрээний дагуу иргэн *******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг барьцаалахад үндэслэсэн итгэмжлэл хуурамчаар үйлдэгдэж ашиглагдсан болох нь тогтоогдсон, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 108/2019/ББСЗ/01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчингүй болгох асуудлаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх талаар дурджээ.

5.Хэрэгт баримтаар авагдсан******* ХХК,******* ХХК нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ, мөн өдрийн 108/2019/ББСЗ/01 тоот барьцааны гэрээнд******* ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал У.Баатарсүрэн оролцжээ.

Ийнхүү барьцааны гэрээг байгуулахад үндэслэл болгосон өмчлөгч *******ээс У.Баатарсүрэнд олгосон гэх 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэл хуурамч, өмчлөгч болох ******* итгэмжлэл олгоогүй болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс өгсөн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 8/238 тоот албан бичиг, эрүүгийн хэрэгт У.Баатарсүрэнгийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3Барьцааны зүйл бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна. гэж заасан, маргааны энэ тохиолдолд хөрөнгийн өмчлөгч болох *******ээс тухайн хөрөнгийг барьцаанд тавихыг зөвшөөрөөгүй, эсрэгээрээ итгэмжлэл хуурамчаар үйлдэгдсэн үйл баримт тогтоогдсон байх тул шүүх Зууннайман ойл ХХК болон******* ХХК нарын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн барьцааны гэрээний эрхийн улсын бүртгэлийн Ү-2204036085 дугаарт бүртгэлтэй, *******ийн өмчлөлийн хөрөнгийг барьцаалахаар тохиролцсон хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан тул шүүх нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгчийн хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй.

6.Хариуцагч******* ХХК-иас нэхэмжлэлийг эс зөвшөөрч барьцааны гэрээ хүчин төгөлдөр талаар тайлбар ирүүлсэн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар Зууннайман ойл ХХК,******* ХХК нарын хоорондох 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 108/2019/ББСЗ/01 тоот барьцааны гэрээний 3.1.2-т заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204036085 дугаарт бүртгэлтэй, *******ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД 91 дүгээр байр 26 тоот 38,15 мкв талбай бүхий хөрөнгийг барьцаалахаар тохиролцсон хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Зууннайман ойл ХХК,******* ХХК нарт даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн

119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ