| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0123/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/130 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/130
2025 05 28 2025/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б
Шүүгдэгч Б.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж *** овогт ***ын ***д холбогдох эрүүгийн 2539001610096 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Ү нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн үед Хэнтий аймгийн *** сумын 4 дүгээр баг *** 3-10 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр болох ***байнга архи уулаа гэх шалтгааны улмаас хэвтэж байхад нь цээж хэсэг рүү нь хөлөөрөө 3 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь баруун 4 дүгээр хавирганы хугарал, цээжний баруун хөндийд цусан хураа /1300 мл/, цээжний баруун хэсэгт цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ү нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч *** овогт ***ын *** нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн орчим Хэнтий аймгийн *** сумын 4 дүгээр баг *** 3-10 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж цээж хэсэг рүү нь хөлөөрөө 3 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь “баруун 4 дүгээр хавирганы хугарал, цээжний баруун хөндийд цусан хураа /1300 мл/, цээжний баруун хэсэгт цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ***шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би гэртээ 22 цагийн үед ирэхэд нөхөр *** согтуу гэрийнхээ хойд талд шалан дээр доошоо хараад хашхираад өндөр дуугаар орилоод хэвтэж байсан. Нөхөр *** 2025 оны 01 дүгээр сарын 10-аас хойш тасралтгүй байнга архи ууж байгаа. Тэгээд миний уур хүрээд “Чи давраад байгаарай” гээд нөхрийг шалан дээр доошоо хараад хэвтэж байхад нь зүүн талаас нь цээжний баруун хажуу тал руу нь 3 удаа хөлөөрөө өшиглөөд, 2-3 удаа тэлээгээр нь нуруу хэсэгт нь ороолгосон. Нөхөр ч ёолоод хэвтээд л байсан. Би бага охин ***ыг аваад гэрээсээ гараад найз Энхцэцэгийн гэрт очиж юм ярьж сууж байгаад 30-40 минутын дараа эргээд гэртээ ирэхэд нөхөр *** гэртээ архи уугаад сууж байсан. Миний араас хадам ээж *** ирээд нөхөр *** эмнэлэг аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***“...би орой 20 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн юм. Намайг гэрт ирэхэд манай гэрт хоёр хүүхэд маань байсан. Харин манай эхнэр ажил нь тараагүй байсан юм. Тэгээд би гэртээ гал түлээгээ түлээд ор дээрээ засаад унтаад өгсөн юм. Тэгээд нэг мэдсэн чинь эхнэр ажлаасаа ирчихсэн намайг архи дарс уулаа гээд уурлаад л байх шиг байсан. Тэгээд намайг цээжний баруун хажуу тал руу өшиглөх шиг болсон. Тухайн үед жоохон хөндүүр оргиод байхаар нь би гайгүй байлгүй дээ гэж бодож байсан чинь сүүлдээ бүүр босох гэсэн чинь босож болохгүй болохоор нь би ээж *** рүү утсаар яриад дуудаад тэгээд ээж ирээд 103 түргэн дуудаж үзүүлээд шууд эмнэлэг рүү аваад явсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч ***н “...Иргэн *** нь эрүүл мэндийн даатгалын сангаас 3,181,374 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх тул гэм буруутай этгээдээс 3,181,374 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Д.***ийн “...2025 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 02 цагийн үед хүү *** утсаар залгаад “*** миний хавиргыг хугалчихлаа. Та хүрээд ир” гэж хэлсэн. Би “*** яасан юм” гэж асуухад “Машинтай явчихсан” гэж хүү хэлсэн. Би ч айгаад “Юу яриад байгаа юм” гээд бэр ***той утсаар ярихад “Юу гэж хавирга нь хугардаг юм. Баашилж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би найз ***ын хамт хүү *** гэрт очиход хүү *** том охин ***ын хамт байж байсан. Хүү *** согтуу байсан бөгөөд цээжний баруун хажуу хэсэгт хөхөрсөн, амьсгаа авч болохгүй байна гэж байсан. Хүүгээ аваад Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч хүүг маань үзээд “Хавирга нь хугарсан, хэвлий дотроо шингэн агууламж байна” гээд хүү *** маань шууд эмнэлэгт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 93 дугаартай “...1. 2. ***биед баруун 4-р хавирганы хугарал, цээжний баруун хөндийд цусан хураа /1300 мл/, цээжний баруун хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. Дээрх гэмтлүүд нь нийтдээ амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг, баруун 4-р хавирганы хугарал, цээжний баруун хэсэгт цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.....” гэх дүгнэлт (хх-ийн 39-41), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4), гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаа (хх-ийн 12) шүүгдэгч ***Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 150) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ***үйлдлийн улмаас хохирогч ***эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Ү нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Б.Ү нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч ***бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч *** нь биедээ хөнгөн гэмтэл авч улмаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч, түүний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 3,181,374 төгрөгийг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч ***н мэдүүлэг, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Ү нь дээрх хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 3,181,374 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэв.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Үд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Ү нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***ын Үүлэнсолонгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын ***д 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Үос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 3,181,374 (гурван сая нэг зуун наян нэгэн мянга гурван зуун далан дөрөв) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Ү нь цагдан хоригдоогүй, хохирогч *** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Үд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР