Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/01423

 

 

2022         03         29                                      101/ШШ2022/01423             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ххххх дүүрэг, ххххххх хороо, хххххххх гудамж, ххххххх  байр, 00 тоотод оршин байрлах М.И ХХК /00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххх дүүрэг, ххххххххх хороо, ххххх хороолол, ххххх байр, 000 тоотод оршин байрлах Э.Э.П ХХК /000000/-д холбогдох,

Зөвлөх үйлчилгээний төлбөрт 81,034,975 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, Б.Б, хариуцагч Э.Э.П ХХК-ийн захирал В.М, нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Б, Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь цахилгаан эрчим хүч дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, угсралт, сервис үйлчилгээ, зураг төсөл боловсруулах, цахилгаан эрчим хүчний зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Талууд 2019.07.01-ний өдөр мэргэжлийн зөвлөх үйлчилгээний буюу ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр нөат орсон дүн нь 52,618,500 төгрөгөөр гэрээ байгуулсан. Гэрээний 1.3-т зааснаар хуваарийн дагуу ажлыг гүйцэтгэж, гэрээний мөнгийг төлөхөөр тохирсон. Хариуцагч эхний тайланг хүлээн авснаар цалингийн 20 хувь, явцын тайланг 8.21-ний өдөр хүлээн авснаар 20 хувь, 2020.3.23-ны өдөр драфтыг илгээснээр 30 хувь, 2020.5.26-ны өдөр эцсийн тайланг илгээж, эцсийн төлбөрийг 2020.8.26-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан боловч хариуцагч тал нэг ч төгрөгийг төлөөгүй. Уг ажлыг гүйцэтгэхдээ зарим хэсгийг Э.к компанитай 2020.3.1-ний өдөр гэрээ байгуулсан. Бид хариуцагчаас мөнгөө аваагүй тул нөгөө компанид төлбөрөө төлж чадаагүй учир гэрээний дагуу 10 сая төгрөгийн алданги төлсөн. Хариуцагч мөнгөө төлсөн бол ингэж манайд 10 сая төгрөгийн хохирол учрахгүй байсан. Хариуцагч 2020.12.12-ны өдрийн эцсийн төлбөрийг төлж дуусахаар бид харилцан тохиролцсон боловч үүнийгээ ч төлөөгүй тул гэрээний дүн болон алдангийг 2020.03.14-ний өдрөөс хойш 77 хоногоор тооцож 18,475,000 төгрөг, нийт 81,034,975 төгрөгийг нэхэмжилж байна. Төлбөрийг хариуцагч одоо хүртэл төлөөгүй байгаа. Энэ нь тооцоо нийлсэн акт, нэмэлт хугацаа тогтоосноор харагдана. Бид ажлаа хугацаанд нь гүйцэтгэсэн. Маргаад байгаа зүйл бол мэдээллээ хоцорч аваад хийсэн. Манай компани 2000 онд татвар төлөгч болсон. Тиймээс нөат авах үүрэгтэй. Манай ажлыг хүлээж авсан цаад компани нь төлбөрийг төлсөн гэдгээ мөн илэрхийлсэн гэв.

Хариуцагч Э.Э.П ХХК шүүхэд болон захирал В.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд НӨАТ ороогүй дүнгээр 47,835,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Үүнээс гэрээний дагуу 16,742,250 төгрөгийн алдангийн суутгал хийсэн. 31,092,750 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Алдангийг зөвшөөрөхгүй. Гэрээний дагуу заасан хугацаанд нэхэмжлэгч тайлан ирүүлэх ёстой байсан. Урьдчилсан тайлан, явцын тайлан, нэгдсэн тайлан, эцсийн тайлан гэх 4 тайланг ирүүлэх байсан. Манай захиалагч цаад компаниас ирүүлсэн хугацааг бид нэхэмжлэгч рүү явуулж байсан. Би тайлбартаа нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн талаар тодорхой бичиж тайлбарласан, 4 удаагийн тайланд нийт 77 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Алданги нь 16,72,250 төгрөг болно. Нэхэмжилж байгаа алданги болон гуравдагч этгээдэд төлөх алданги нь манайд хамааралгүй, нэхэмжлэгч хэнийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулах нь тэдний асуудал. Тооцооллууд нь цагтаа ирээгүй тул гэрээгээр тохирсон графикаа зөрчсөн. Гэрээний 3.1-т зөвлөх нь компаниас алданги шаардах талаар зохицуулаагүй. 18,416,475 төгрөг манайд хамаарахгүй. Нийт гэрээний 47,835,000 төгрөг, үүнээс алдангийг хасахаар үлдэх 30 гаруй сая төгрөгийг зөвшөөрнө. Эрхэм гэх компанитай байгуулсан гэрээний алдангийг бид төлөх үндэслэлгүй. НӨАТ-ын асуудал яригдаагүй. Гэрээнд хугацаа заасан. Миний тооцсон алданги төсөл хэрэгжиж байсан үед хамаарна. Та нар ажилдаа хайнга хандсан. Цаад компаниас танай явуулсан төслийг цэг, таслал хүртэл мэддэггүй юм уу гэж байсан. Бүх мэдээлэл өгөгдсөн. Мэдээлэлтэй байх хугацаанд алданги шаардсан. Акт үйлдсэн, үүнд засвар оруулахаар буцаасан. Сайз стандарт бус, танигдахгүй шрифтээр явуулсан байсан буюу ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй. Тайлан ирээгүй хугацаанаас л алданги тооцсон. Э.к-д манай буруугаас болж алданги тооцсон эсэхийг тодруулах гэтэл хариулаагүй. Туслан гүйцэтгэгчээс болсон зүйлийг бид хариуцахгүй. 31,092,750 төгрөгийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд 2019.06.20-ны өдрийн ABB 19-17 тоот Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний гэрээ, ххххххх цахим хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний гэрээний нэмэлт өөрчлөлт 2, Гэрээний гүйцэтгэлийг дүгнэж тооцоо нийлсэн акт ABB-19-17, Нэхэмжлэгч, Э.К ХХК нарын хооронд 2020.03.01-ний өдөр байгуулсан 20/89 тоот Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ, 25,000,000 төгрөг төлсөн баримт, 2020.10.26, 2020.09.09-ний өдрүүдийн зохигчийн хооронд харилцсан албан бичиг, шаардлага, мөнгөн төлбөрийн нэхэмжлэх, хариуцагчийн эрэн сурвалжилсан тухай шүүхийн шийдвэр, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Ч.Х ХХК-ийн тодорхойлолтыг тус тус шүүхэд гаргасан /1 дүгээр хавтаст хэргийн 5-15, 17-18, 45-52, 54-58, 187-188, 246 дахь тал/. Хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарласан тайлбар, хариуцагчийн хххххххххххх цахим хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2020.12.11-ний өдрийн албан бичиг, 2021.01.05-ны өдрийн татгалзлыг тус тус шүүхэд гаргасан /1 дүгээр хавтаст хэргийн 126-129, 140-143, 2 дугаар хавтаст хэргийн 1-38 дахь тал/ байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.ИХХК, хариуцагч Э.Э.П ХХК-д холбогдуулан зөвлөх үйлчилгээний төлбөрт 81,034,975 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас 31,092,750 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 49,942,225 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Талууд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ABB 19-17 тоот “Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний гэрээ”-г байгуулсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Нэхэмжлэгч нь тус гэрээний 1.1-д заасан үйлчилгээ буюу Э.Т.т ХК-д аж үйлдвэрийн паркийн эрчим хүчний ТЭЗҮ-н баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэж, эхний тайланг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хариуцагчид илгээж эцсийн тайланг  2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр илгээснээр ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн, гэрээний дагуу эцсийн тайланг илгээснээс хойш 3 сарын дотор буюу 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй. Төлбөрийн үлдэгдэл 47,835,000 төгрөг, НӨАТ 4,783,500 төгрөг, алданги 18,416,475 төгрөг, хохирол 10,000,000 төгрөг, нийт 81,034,975 төгрөг гаргуулна гэх тайлбарыг гаргажээ.

Гэрээний хугацаанд тайланг ирүүлээгүй, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байснаас засвар оруулан буцаагдаж байсан. Нэхэмжлэгч нь тайлангийн хугацааг нийтдээ 70 хоногоор хоцроож ирүүлсэн ба 16,742,250 төгрөгийн алдангийг төлбөрөөс суутгаж, НӨАТ 4,783,500 төгрөг, алданги 18,416,475 төгрөг, хохирол 10,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг хариуцагч гаргажээ.

Зохигчийн шүүхэд болон хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нотлох баримтуудаар зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ. Хэргийн оролцогч тус ABB 19-17  тоот гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч гэрээгээр гүйцэтгэсэн хугацааны ажлын хөлсийг хариуцагчаас шаардсан бол нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй, ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй үндэслэлээр хариуцагч хөлс төлөхөөс татгалзжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн нь хариуцагчийн өмчлөлд шилжих хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн зөвлөх үйлчилгээний ажил, түүний үр дүн буюу тайланг хариуцагч тухай бүр хүлээн авч байсан нь нэхэмжлэгчийн ххххххххх , хариуцагчийн ххххххххххх цахим хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, бусад баримтаар тогтоогдож байна. Мөн зохигч “Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний гэрээний нэмэлт өөрчлөлт 2” гэсэн гэрээ, мөн “Гэрээний гүйцэтгэлийг дүгнэж тооцоо нийлсэн акт ABB-19-17” гэсэн баримтаар тус тус ажлын хугацаа, ажил хүлээлцсэн болохыг баталгаажуулжээ. Хариуцагч нь нэхэмжлэгч тайланг тохирсон хугацаанд ирүүлээгүй, чанаргүй гүйцэтгэсэн гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхтэй холбогдуулан шаардлага гаргасан, шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогдоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх ба зохигч “Гэрээний гүйцэтгэлийг дүгнэж тооцоо нийлсэн акт ABB-19-17” гэсэн баримтаар гэрээг дүгнэн хариуцлагын болон төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн байх тул хариуцагч гэрээний 3.1-д заасан төлбөр 47,835,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь НӨАТ төлөгч бөгөөд гэрээний үнийг НӨАТ ороогүй дүнгээр тохирсон учир хуулийн дагуу НӨАТ 4,783,500 төгрөгийг, мөн хариуцагчийн төлбөр төлөх үүрэг үүссэн 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 24-ний өдрөөр тооцсон 77 хоногийн алдангийг нэг хоногийн 239,175 төгрөгөөр тооцож 18,416,475 төгрөгийг, мөн хариуцагч төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс бусад этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүйн улмаас төлсөн алданги 10,000,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ“ гэж хуульчилсан ба нэхэмжлэгч НӨАТ төлөгч, хариуцагч НӨАТ төлөгч бус талаар зохигч маргаагүй. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрөөр тухайн этгээд НӨАТ төлөгч болох ба энэ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдож татварын байгууллагад бүртгэгдсэн байх шаардлагатай.

Хариуцагч НӨАТ төлөгч болсон эсэхийг, хуульд заасны дагуу НӨАТ-ын дүнг нэмж шаардах эрх  үүссэнийг нэхэмжлэгч нотлоогүй байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая төгрөгт хүрч НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх үүрэг үүссэн этгээд харьяалах татварын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй, ийнхүү бүртгүүлээгүй бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд хариуцагч НӨАТ төлөгч мөн боловч ийнхүү бүртгүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Иргэний хэргийн шүүхийн хувьд аливаа хувь хүн, хуулийн этгээдийг НӨАТ төлөгч эсхүл төлөгч биш гэж тогтоохгүй бөгөөд энэ нь татвар төлөгчийн үүрэг, татварын байгууллагын эрх хэмжээнд шийдвэрлэгдэх асуудал юм. Иймд хариуцагчийн борлуулсан ажил, үйлчилгээний орлого нь хуульд заасан хэмжээнд хүрч НӨАТ төлөгч болсон үед хуульд зааснаар НӨАТ суутган тооцох үүрэг үүсэх тул хариуцагчаас НӨАТ-т 4,783,500 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй, энэ талаар гэрээгээр тохиролцоогүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэсэн ба ABB 19-17 тоот гэрээний 3.1-д заасан алданги нь нэхэмжлэгчийн зүгээс шаардах шаардлагад хамаарахгүй байна. Мөн зохигч 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Гэрээний гүйцэтгэлийг дүгнэж тооцоо нийлсэн акт ABB-19-17” нэртэй баримт үйлдэж 47,835,000 төгрөгийн төлбөрт “хугацаа хоцроосны алданги”-ийг хэн аль нь харилцан шаардахгүй байхаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч, хариуцагчаас алданги шаардах эрхгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч, Э.К ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 20/89 тоот “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний хариуцлагад 10,000,000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл хариуцагч 47,835,000 төгрөгийг нэхэмжлэгчид хугацаандаа төлсөн бол тухайн төлбөрөөс Э.К ХХК-д төлбөр шилжүүлэх боломжтой болох байсан гэжээ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүй бол өөрт учирсан хохирлоо нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч нэхэмжлэгчийн Э.К ХХК-тай байгуулсан 2020 оны 20/89 тоот гэрээний төлбөрийн үүргийг зохигчийн хооронд байгуулсан 2019 оны ABB 19-17 тоот гэрээтэй уялдуулан зохицуулсан, ABB 19-17 тоот гэрээний төлбөр төлөгдсөнөөр 20/89 тоот гэрээний төлбөр шилжих нөхцөлийг тохиролцсон зүйлгүй байна. Нэхэмжлэгчийн Э.К ХХК-тай байгуулсан 2020 оны 20/89 тоот гэрээ нь зохигчийн хооронд байгуулсан 2019 оны ABB 19-17 тоот гэрээний үүрэгтэй харилцан нөхцөлдөхгүй, бие даасан гэрээ байна. Иймд нэхэмжлэгч бусад этгээдийн өмнө гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, мөнгөн төлбөрийн хариуцлага хүлээсэн нь хариуцагч, нэхэмжлэгчийн өмнө мөнгөн төлбөрийн үүрэг хүлээх, нэхэмжлэгч өөрийн үүргийг гэрээний нөгөө талд хариуцуулах үндэслэл болохгүй.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж, нэхэмжлэгч ажлын тайланг тохирсон хугацаанаас 70 хоногоор хоцроосны алданги 16,742,250 төгрөгийг 47,835,000 төгрөгийн төлбөрөөс суутган тооцно гэж тайлбарласан. Хугацааг 2019 оны 07 дугаар сарын 08-10-ны өдөрт 2, 23-26-ны өдөрт 3, 07 дугаар сарын 30-08 дугаар сарын 21-ний өдөрт 21, 2020 оны 04 дүгээр сарын 13-05 дугаар сарын 26-ны өдөрт 43 хоног тус тус хамаарна гэж тодорхойлжээ. Тус хугацаанаас 2020 оны 04-05 дугаар сард хугацаа хэтрүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрч бусад хугацааг хэтрүүлээгүй хэмжээн татгалзжээ. Зохигчийн хооронд байгуулсан ABB 19-17 тоот гэрээний 3.1-д нэхэмжлэгч ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй бол хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох, төлбөрөөс суутган тооцохоор заажээ. Харин зохигч тооцоо нийлсэн тухай 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Гэрээний гүйцэтгэлийг дүгнэж тооцоо нийлсэн акт ABB-19-17” нэртэй баримтаар хэн аль нь харилцан “хугацаа хоцроосны алданги” шаардахгүй гэж тохиролцсон, энэ хугацаанд хариуцагчийн тодорхойлсон дээрх хугацаа хамаарч байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч тайлангийн хугацаа хэтрүүлсний алдангийг хариуцагчид төлөх, хариуцагч төлбөрөөс суутган тооцуулах эрх үүсэхээргүй байх тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3-т зааснаар ажлын үр дүн буюу тайланг хүлээн авч Ч.Х ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тайлагнасан нь тус компанийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд хариуцагч нь мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй учир хариуцагч Э.Э.П ХХК-иас 47,835,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.ИХХК-д олгож, нэхэмжлэлээс 33,199,975 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Э.П ХХК /000000000/-иас 47,835,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.ИХХК /0000000000/-д олгож, нэхэмжлэлээс 33,199,975 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Э.П ХХК-иас 397,125 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.ИХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЭНЭБИШ