Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/089

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл.

Шүүгдэгч:*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.*******од холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******./******* регистрийн дугаартай /

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах тээврийн бирж дээр *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний эрх чөлөөнд халдаж биед “хөнгөн” зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Яллах талын нотлох баримт:

Шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авто тээврийн бирж дээр Д.Лхагваа, *******,Цэрэнтогтох, Борко бид нар машин дотор хөзөр тоглоод байж байхад 16 цагийн үед ******* согтуу манай машинд орж ирсэн. Тэрээр согтуу хүн бүрээс хэрүүл гуйгаад байсан бөгөөд над руу дайран “хорхой Гооёо, хэвлээр явдаг амьтан” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тухайн үед манай хүүхэд надтай хамт явж байсан. ******* орилж, том том дуугараад байсан болохоор нь манай хүүхэд айгаад уйлах гээд байхаар нь би “чи одоо дугуй бай л даа, хүүхэд айгаад байна” гэхэд тэрээр “чи ганцаараа хүүхэдтэй нь юм уу” гээд над руу дайрсан. Манай хүүхэд айгаад уйлаад байхаар нь миний уур хүрээд би барьж аваад цамцаар нь боогоод нүүр лүү нь цохиход Д.Лхагваа, ******* нар салгаад *******ыг машинаас буулгасан. Би машинаа унаад гэртээ харьсан.2017 оны 05 сарын 05-ны өдөр Цагдаагийн газраас утсаар залгаж дуудсан юм....

Би *******ын эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь “хөнгөн” зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татагдан ял сонсож байгаагаа хүлээн зөвшөөрч байна.

*******ын биед “хөнгөн” зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, үүнтэй холбогдуулан гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43, 47-48/,

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөөгүй тул мэдүүлэг аваагүй.

Гэрч *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

Би 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Авто тээврийн бирж дээр *******, ******* болон *******ын хүүхэдтэй машин дотор хөзөр тоглоод байж байхад ******* нэлээд халамцуу машин дотор орж ирээд бид нараас хэрүүл нэхээд байсан. *******ын хүүхэд *******аас айгаад уйлахад ******* “чи одоо боль хүүхэд айлгаад байна” гэхэд ******* түүн рүү дайраад хэл амаар доромжилж *******ыг “Гооёо, хэвлээр явдаг амьтан” гэх мэтээр доромжилсон. ******* чангаар орилоод байсан болохоор *******ын хүүхэд нь айгаад уйлсан. ******* уурлаад А.Эрхэмбаярыг цохиод авсан. Бид тэр хоёрыг салгасан. ******* машинаа унаад явсан. ******* архи уугаагүй, ******* архи уусан байдалтай ирсэн... гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18/,

Гэрч *******гийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:

Би 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авто тээврийн бирж дээр *******, Д.Лхагваа, *******ын хүүхэдтэй машин дотор хөзөр тоглоод байж байхад ******* согтуу хүрээд ирсэн. Тэгээд машин дотор бид нар луу орилж *******оос хэрүүл гуйж, хэл амаар доромжлоод байсан. *******ын хүүхэд нь айгаад уйлахад ******* уурлаад *******ыг цохиод авсан. Д.Лхагваа бид хоёр тэднийг салгаад машинаас нь буулгасан. ******* машинаа аваад явсан. ******* архи уугаагүй, ******* архи уусан байдалтай ирсэн нэлээд согтуу байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 228 дугаар шинжээчийн

1. *******ын биед хамар ясны хугарал хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт. /хх-ийн 30-31/,

Цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримт:

Гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 38-40/, урьд ял шалгах хуудас /хх-ийн 49/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 58/,

Хохирогч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

 Би 2017 оны 05 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед авто тээврийн товчоон дээр ирээд ******* түүний хүүхэд , Д.Лхагваа, ******* нар машин дотор хөзөр тоглоод байж байсан. Тухай үед би архи уусан байсан. Тэгээд би *******той тоглоод “Хорхой Гооёо хэвлээр явдаг амьтан” гэж дуудахад ******* хүүхэд айлгаад уйлуулаад байхдаа яадаг юм гээд уурлан босож ирээд миний нүүр лүү хэд хэдэн удаа цохьчихоод явсан. Тэгэхээр нь миний уур хүрээд цагдаад дуудлага өгсөн юм. ******* бид хоёрын хооронд ямар нэг өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Би *******той эвлэрсэн, хохирлоо нөхөн төлүүлсэн одоо ямар нэг санал гомдол байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 17-20/, зэрэг яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах тээврийн бирж дээр *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний эрх чөлөөнд халдаж биед нь “хөнгөн” зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 21-22/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 228 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31/, шүүгдэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 42-43, 47-48/, хохирогч болон шүүгдэгч нар эвлэрсэн тухай бичгээр гаргасан хүсэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******од холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид “хөнгөн” гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар бичгээр илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрсэн тухай бичгээр хүсэлт гаргаж ирүүлсэн ба шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан “хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн”, 55.1.3-д заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан”, 55.1.9-д заасан “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ******* нь “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” болохоо шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол, саналгүй, эвлэрсэн” тухайгаа бичгээр хүсэлт гаргасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн “Samsung note-3” маркийн хар өнгийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 05 сарын 31-ний өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Samsung note-3” маркийн хар өнгийн гар утсыг эзэмшигч *******од буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ын хамрын гэмтлийг харуулсан рентген зургийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* уг хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 297 дугаар зүйлийн 297.4,298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт ******* *******од холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ын хамрын гэмтлийг харуулсан нэг ширхэг рентген зургийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “Samsung note-3” маркийн хар өнгийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 05 сарын 31-ний өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Samsung note-3” маркийн хар өнгийн гар утсыг эзэмшигч *******од шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч *******од урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.              

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ