Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 636

 

 

МАГАДЛАЛ

 

2019.04.10                                                 Дугаар 636                                      Улаанбаатар хот

 

 

 

Д.М, Х.Х нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00363 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.М, Х.Х нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Ш ХХК-д холбогдох,

 

Түрээсэлж байсан талбайн засварт зарцуулсан 13 000 000 төгрөг, 36 сарын түрээсэнд илүү төлсөн 54 000 000 төгрөг, нийт 67 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.А, Л.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.М нь 1999 оноос хойш Дэнжийн мянга Х Ш худалдааны төвд лангуу түрээслэн хүнсний ногоо худалдаалж ирсэн. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд одоогийн байршин ажиллаж байгаа Х Ш худалдааны төвд байрлах 51 м.кв талбайг Х.Ш ХХК-ийн захирлаар н.Ч  ажиллаж байх үеэс сарын түрээсэнд 500 000-800 000 төгрөг төлж түрээсэлдэг байсан. Улмаар 2013 оны 10 сард тус компанийн захирал н.С  дуудаж уулзаад чиний ажиллаж буй тээш лангууг сарын      3 000 000 төгрөгөөр урт хугацаагаар түрээсэлнэ. Чи өнгө үзэмжээ дээшлүүлээд энэ саналаар түрээсэл, үгүй гэвэл өөр хүнд түрээслүүлэе гэж хэлэхээр нь олон жил ажилласан ажлын байраа алдахгүйн тулд “...10 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар түрээс нэмэхгүй гэсэн нөхцөлтэйгээр гэрээ хийе” гэж санал тавихад захирал чамаас орж ирэх мөнгийг захын барилгад өргөтгөл шинэчлэл хийж буй барилгын компани руу байцаагч Ж.Д-оор дамжуулан хувь хүн хоорондын гэрээгээр авч шилжүүлье гэхэд нь түүний саналыг хүлээн авч 10 жилийн хугацаанд буюу удаан хугацаагаар түрээслэх тул эхний жилүүдэд ашиггүй ажиллах хэдий ч урт хугацаандаа ашигтай ажиллах байх гэж бодоод зөвшөөрсөн. Ингээд найз В ХХК-ийн захирал Х.Х-ын нэрээр Х.Ш ХХК-д удаа дараа шаардлага тавьсаны үндсэн дээр 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээг тус захын зохион байгуулагч Ж.Д-той 1 жилийн хугацаатай Х.Х байгуулсан. Түрээсийн 1 сарын төлбөрийг 1 000 000 төгрөгөөр тохиролцож байгуулсан. Үүний дараа 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Х.Х мөн Ж.Д-той түрээсийн гэрээг 10 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш намайг тус захын зохион байгуулагч Ж.Д тайлбайгаа суллаж өг, засвар хийнэ гэж элдвээр доромжилж шаардаж эхэлсэн. Миний бие нь өнгөрсөн хугацаанд захиралтай анх тохиролцсоны дагуу 2014 онд өөрийн түрээсэлж байсан павилоны дээврийн төмөр сольсон, гадна дотор эмульс, шавар шохойн ажил, шалны халаалт, 4 ширхэг хаалга тусгаарлах вакум хаалт, камержуулах гээд нийт   13 000 000 төгрөгийн засвар хийж, орчноо тохижуулж засварласан. Мөн өнгөрсөн хугацаанд тохиролцсоны дагуу түрээсийн төлбөрт сар бүр 3 000 000 төгрөг төлж ирсэн. Тохиролцсон хугацаа болоогүй байхад ажлын байрыг суллахыг шаардаж 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлын байрыг авсан тул 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 36 сарын түрээсэнд илүү төлсөн    54 000 000 төгрөг, түрээсэлж байсан талбайн засварт зарцуулсан 13 000 000 төгрөг бүгд 67 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Ер нь бол бүх зардал Д.М-аас гарсан. Д.М-гийн өмнөөс гэрээ байгуулснаараа Х.Х гэрээний оролцогч тал гэдгээрээ хамтран нэхэмжлэгчээр орж ирсэн. Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэгэнт Х.Ш ХХК-тай түрээсийн харилцаатай байсан. Захыг төлөөлөх эрхтэй Ж.Д-той гэрээ байгуулсан нь тогтоогдож байгаа учраас хүчин төгөлдөр хэлцэл гэжээ.  

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Х.Ш ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч нартай түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байгаагүй. Нэхэмжлэгч нар нь н.Ч  болон Ж.Д нартай тохиролцож уг ажлын байрыг түрээсэлж байсан. Уг обьект Х.Ш ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө биш болох нь нэхэмжлэгчийн хүсэлтээр улсын бүртгэлийн хэлтсээс авсан лавлагаагаар харагдана. Мөн Х.Ш ХХК ийн дансанд нэг ч төгрөг төлж байгаагүй. Дээрх түрээсийн төлбөрт төлсөн гэх мөнгө нь Ж.Д гэдэг хувь хүний дансанд орсон байдаг. Иймд Х.Ш ХХК нь уг нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Х.Х лангуу түрээсэлж байгаагүй гэх мөртлөө лангуу түрээслэгчээр гэрээ байгуулсан гэдэг нь ойлгомжгүй. Х.Х Х.Ш ХХК-тай гэрээ байгуулаагүй. Ж.Д захыг төлөөлөх эрхтэй гэх боловч эрхтэйг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Тэгэхээр 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. Мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед маргааны үндэслэл болсон түрээсийн гэрээнд энэ гэрээтэй холбоотой маргаан үүсвэл арбитраар шийдвэрлүүлнэ гэж талууд гэрээгээрээ тохирсон байх тул уг гэрээтэй холбоотой маргааныг Арбитраар шийдвэрлүүлхээр шилжүүлж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-гийн хариуцагч Х.Ш ХХК-иас 67 000 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 /65 дугаар зүйлийн 65.1.1/-т зааснаар нэхэмжлэгч Х.Х-ын нэхэмжлэлийг, хариуцагч Х.Ш ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Шийдвэрийн 2 дахь заалтад гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 492 950,00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичмэл нотлох баримтуудаар Д.М би Х.Ш захад 1999 оноос 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд лангуу түрээслэн хүнсний ногоо худалдаалж байсан, мөн 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 9 дугээр сарын 20-ны өдрийн хооронд нийт 36 сарын хугацаанд сар бүр 3 000 000 төгрөг түрээсийн төлбөрт төлж байсан үйл баримт тогтоогддог ба энэ талаар маргаан байдаггүй. Түрээсийн харилцаа үүссэн 17 жилийн хугацаанд Х.Ш ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Ажлын байр түрээслэх гэрээ”, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Түрээсийн гэрээ”-г тус тус байгуулсан. Эдгээр гэрээг захын зохион байгуулагч Ж.Д хариуцагчийг төлөөлж байгуулсан. Бусад түрээслэгчдийн тухайд ч захын зохион байгуулагч байцаагчтай бидний нэгэн адил гэрээ байгуулдаг, түрээсийн төлбөрөө өгөх зэргээр тэдэнтэй харилцдаг бөгөөд хариуцагч компани ч тэднээр өөрийн компанийг төлөөлүүлдэг байсан нь тогтоогддог.

Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дүгээр талд 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Ё.Д-тай байгуулагдсан гэрээ нотлох баримтаар авагдсан бөгөөд энэ гэрээг түрээслүүлэгч талыг төлөөлж Ж.Д гарын үсэг зурж, компаний тэмдэг дарсан байдаг. Энэ талаар 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа “...Хэргийн 72 дугаар талд Х.Ш ХХК-ийн зүгээс албан ёсоор ямар гэрээ байгуулан ажилладаг талаар Ё.Д гэж хүний нэрээр байгуулсан гэрээг бид нотлох баримтаар өгсөн ба энэ нь жинхэнэ гэрээ юм...” гэсэн ба бидний хувьд ч иргэн Ё.Д-гийн нэгэн адил Х.Ш ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулдаг этгээдтэй л гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч бид шүүхийн дүгнэж байгаачлан ямар ч ажил хэргийн харилцаа холбоогүй, гэрээ байгуулаагүй компанид холбогдуулан үндэслэлгүй нэхэмжлэл гаргаагүй болно. Түүнчлэн өмнө Д.М намайг Х.Ш ХХК-тай түрээсийн харилцаатай байсан гэдгийг сүүлд иргэний хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн А.Н , Б.Х , С.А , Я.Ш нар нотолдог. Гэрчийн мэдүүлэг болон нотлох баримтаас үзвэл бидний түрээсэлж байсан талбайг иргэн Б.Ч , Ж.Д нарын өмчлөл, эзэмшлийн хөрөнгө гэж үзэхээргүй байгаа бөгөөд хариуцагч ч тэднийх гэдгийг баримтаар нотлоогүй болно. Түрээсэлж байсан объектыг иргэн Б.Ч , Ж.Д нарынх гэх атлаа Х.Ш ХХК-ийн захирал Т.С  нэхэмжлэгч Д.М намайг 2013 оны 10 дугаар сард дуудан уулзаж, цаашид түрээсийн төлбөрийг нэмэх талаар хэлж, санал тавьдаг, захыг төлөөлсөн этгээдүүд нь талбайгаа даатгуулах шаардлага тавьдаг, захын тор хэрэглэхийг шаарддаг, зах өөрсдийн тарьсан огурцийг заруулдаг, төлбөр төлсөн баримт хэрэгтэй байгаа талаар хэлэхэд захаас баримт өгдөг, Ж.Д гэрээ байгуулахдаа Т.С  захирлаас зөвшөөрөл авсан гэх мэт учир битүүлэг, хариулт нэхсэн эргэлзээ үүсгэж байгаа юм. Энэ байдлаас үзвэл Х.Ш ХХК нь лангуу түрээслүүлж, сар бүр төлбөрөө зохион байгуулагч нараар дамжуулан авдаг байсан нь бүрэн нотлогдож байгаа болно. Шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Шүүх бидний нэхэмжлэлийг хүлээн авч, хянаад шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэг үүсгэсэн. Хариуцагч 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн. Улмаар 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдааны үед л хариуцагчийн өмгөөлөгчөөс анх хэргийг арбитраар шийдвэрлүүлэх саналаа хэлдэг. Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. дэх хэсэгт “Арбитрын хэлэлцээртэй боловч, шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно.” гэх зохицуулалт, мөн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2 гэрээ байгуулагдахаас өмнөх, гэрээний үйлчлэлийн хугацаанд, хугацаа дууссанаас хойшхи хугацаанд хамаарч байгаа тул заавал арбитраар шийдвэрлүүлэх маргаан биш болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.М, Х.Х нар нь хариуцагч Х.Ш ХХК-д холбогдуулан түрээсэлж байсан талбайн засварт зарцуулсан 13 000 000 төгрөг, 36 сарын түрээсэнд илүү төлсөн 54 000 000 төгрөг, нийт 67 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагаас бүхэлд нь эс зөвшөөрч, Х.Х-тай 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гэх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж мөн хэргийн харьяалал зөрчсөн талаар маргажээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг дутуу хийсэн гэж үзнэ.     Учир нь нэхэмжлэгч Х.Х нь хариуцагч байгууллагатай 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээг байгуулж, тус гэрээний 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “гэрээнээс үүссэн бүх маргааныг МХАҮТДМОУБҮА-ын шүүхээр эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан байна. Хариуцагч тал маргааны харьяалалын талаар маргаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэргийн харьяаллын талаар шүүх тодруулах шаардлагатай байжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч талаас харьяалалын талаар маргаагүй боловч шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж, хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийнн 65.1.1-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ. Тодруулбал, сөрөг нэхэмжлэлийг шүүхийн харьяалал биш гэж үзвэл үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байсныг шүүх анхаараагүй байна.

Зохигчдын хооронд үүссэн гэрээний маргааны хэргийн харьяаллыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой тул уг нөхцөл байдал тодорхой болсноор талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, улмаар түүний үр дагавар зэргийг шийдвэрлэх боломжтой болно.

Иймд давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00363 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                М.НАРАНЦЭЦЭГ