Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2022/00653

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2022/00653

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт байрлах, Голомтбанк ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, *******,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух,******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15.152.137 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, Б.О, хариуцагч Д.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь нар оролцов. Хариуцагч Н.Н шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Голомтбанк ХХК хариуцагч*******,******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15.152.137 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Тус банктай******* 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ЗГ5215102131 тоот зээлийн гэрээгээр 4.000.000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ5215102131-Б тоот зээлийн гэрээгээр 11.000.000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 41 сарын хугацаатай байхаар болгон нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн*******,******* нар 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ЗГ5215102131Б тоот зээлийн гэрээгээр 7.400.000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай байхаар болгон нэмэлт өөрчлөлт оруулсан байна. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 5215102131 тоот зээлийн гэрээгээр 3.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай байхаар болгон нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Гэрээний хугацаа 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дуусах боловч 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй 588 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээлээ төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Зээлдэгч нар үндсэн зээлд 13.697.047 төгрөг, хүү 10.239.838 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.090 төгрөг нийт 23.938.976 төгрөг төлсөн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үлдэгдэл 11.702.952 төгрөг, хүүгийн үлдэгдэл 3.343.634 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105.550 төгрөг, нийт 15.152.137 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд*******,******* нараас 15.152.137 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийг зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би тээвэр хийдэг, саяхан машин нэмж авсан тул ажил эхэлснээс хойш 6 сарын дотор төлж дуусгах саналтай байна гэв.

3.Хариуцагч******* шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******ны гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 тоот эрх олгох тухай тушаал, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ5215102131 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ5215102131 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, түүний хавсралт, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ5215102131Б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, түүний хавсралт, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 5215102131 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Хүү тооцооллын хүснэгт, 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн *******ны мэдэгдэл,*******гоос*******т төлөөлөх эрх олгосон 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн итгэмжлэлүүд,*******,******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлжээ. /хх 4-15, 32-34/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч Голомтбанк ХХК нь Д.Шинэбаяр,******* нарт холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 15.152.137 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээний дагуу нийт 4 удаагийн гүйлгээгээр 25.400.000 төгрөгийн зээл олгосон, зээлийг бүрэн төлөөгүй тул үлдэгдлийг гаргуулна гэж тайлбарлав.

Хариуцагч*******ын зүгээс зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан гэж тайлбарлан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

3.Харин хариуцагч******* нэхэмжлэлийн хувийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гардан авч, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Улмаар өнөөдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлснийг 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан байх боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Түүнчлэн тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2022/03173 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан түүний шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах эрхийг хангаж өмнөх шүүх хуралдааныг хойшлуулж байжээ. Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэг талаас Голомтбанк ХХК, нөгөө талаас******* нар 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 4.000.000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай төлөхөөр цалингийн орлого болон картын бусад орлогыг барьцаалахаар тохиролцож ЗГ5215102131 тоот Зээлийн гэрээг байгуулжээ.

-2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Голомтбанк ХХК,*******,******* нар харилцан тохиролцож, дээрх ЗГ5215102131 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зээлийн хэмжээг 11.000.000 төгрөгөөр нэмэгдүүлэн, хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл байхаар сунгаж, харин зээлийн хүүг жилийн 27,6 хувь хэвээр байхаар тохиролцжээ.

-2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Голомтбанк ХХК,*******,******* нар тохиролцож, дахин ЗГ5215102131 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зээлийн хэмжээг 7.400.000 төгрөгөөр нэмэгдүүлэн, хугацааг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл байхаар сунгаж, харин зээлийн хүүг жилийн 18 хувь болгож бууруулж ЗГ5215102131Б тоот гэрээг байгуулжээ.

-2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зохигчид дахин гэрээнд өөрчлөлт оруулахдаа, зээлийн хэмжээг 3.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж, хүүг жилийн 18 хувь хэвээр байхаар тохирч, хугацааг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл байхаар сунгажээ. /хх 7-12/

4.2.Дээрх гурван удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд хамтран зээлдэгчээр*******г төлөөлж******* гэрээнд гарын үсэг зуржээ. Ийнхүү төлөөлөх эрхийг*******гоос*******т 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн итгэмжлэлээр олгосон болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн итгэмжлэлд *******наас зээл авах, зээлийн болон барьцааны гэрээ, түүнтэй холбоотой баримт бичигт төлөөлөн гарын үсэг зурах гэж тусгагдснаар тогтоогдож байна. /хх 32, 33/

Зохигчдын хоорондох дээрх гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн, мөн зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

5.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээнэ.

Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзвэл банк мөнгөн хөрөнгийг гэрээ байгуулсан өдрөө буюу 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 11.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 7.400.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг тус тус

шилжүүлсэн, энэ хугацаанд хариуцагч нар үндсэн зээлд 13.697.047 төгрөг, хүү 10.239.838 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.090 төгрөг, нийт 23.938.976 төгрөг төлсөн, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээл төлөөгүй болох нь тогтоогдож байна. /хх 8/ Хариуцагч******* зээлийг хүлээн авсан болоод эргэн төлсөн мөнгөн дүнд маргаагүй.

6.Хэрэгт авагдсан хүү, тооцооллын хүснэгтээс үзвэл нэхэмжлэгч 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцон үндсэн зээлийн үлдэгдэл 11.702.952 төгрөг, хүү 3.343.634 төгрөг нэмэгдүүлсэн хүү 105.550 төгрөг тус тус гаргуулахаар шаардсанаас шүүх 105.550 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хасч үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Учир нь: Монгол Улсын Их хурлын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2.2-т банкны хүүг бууруулах чиглэлийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн, Улсын Их хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар

тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д Монголбанкнаас ..зээлийн эргэн төлөлтийн хугацааг ... үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх гэж, мөн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д Зээлдэгч бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх эрхтэй гэж, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж тус тус зааж байсан, маргаанд хамаарах энэ зээлийн гэрээ цалингийн зээл болох нь тогтоогдож байх тул шүүх нэмэгдүүлсэн хүүг хасах нь зүйд нийцнэ гэж үзсэн болно.

Дээрхийг нэгтгээд шүүх хариуцагч нараас 15.046.587 /11.702.952+3.343.634/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан*******,******* нараас 15.046.587 /арван таван сая дөчин зургаан мянга таван зуун наян долоон/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 105.550 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233.711 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 233.182 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ