Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 148/ШШ2020/00126

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг ******* сумын ******* 01 дүгээр баг Партизан 4 дүгээр гудамж 11 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:ЦЖ67030211/ -ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 2 дугаар баг буурагчин, 9-72 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:МТ-58022814/ -д холбогдох

Зээлдүүлсэн 1.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******, хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 2018 онд Ерөө сумын иргэн ******* гэдэг хүнтэй танилцсан. Тэгээд надаас мөнгөний хэрэг болоод байна ахдаа 1.200.000 төгрөг зээлдүүлээч гэж хэлсэний дагуу түүний өөрийн 5679062174 дугаарын Хаан банкны харилцах данс руу нь 1.200.000 төгрөг шилжүүлсэн. Хэд хэдэн удаа утсаар холбогдсон өгнө л гэдэг жил гаруй хугацаанд зээлсэн мөнгөө өгье гэсэн сэтгэл гаргахгүй байгаа тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Сэлэнгэ ******* сум, 1 дүгээр баг, *******, Партизаны 4 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух, Бэсүд овогт *******ийн *******, РД:/ТВ-64031465/ нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... 2018 онд Монгол улсын хэмжээнд бичил уурхай эрхлэх ажиллагаа явагдсан байдаг. Үүний дагуу Р.******* нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Зууны эрдэнэс хэмээх зарим гишүүд нь хариуцлагатай 9 хүний бүрэлдэхүүнтэй нөхөрлөл явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлэн аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байдаг. Улмаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ерөө сумын нутаг дэвсгэрт бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар засаг дарга Ганбаатар, Хатан Ерөө ХХК-ийн захирал С.******* нартай уулзаж гурвалсан гэрээ байгуулсан. Уг гэрээний гол зорилго нь тухайн бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан газартаа нөхөн сэргээлт хийх зорилготой юм. Гурвалсан гэрээг байгуулах үед Хатан Ерөө ХХК-ийн захирал С.******* нь манай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа засаг даргын тамгын газарт хандив өгдөг юм гэж хэлээд 500,000 төгрөг бэлнээр авсан байдаг. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр С.******* нь Р.*******тай утсаар яриад Ахад мөнгөний хэрэг гарчихлаа. Чи ахдаа 1,200,000 төгрөг зээлээч удахгүй мөнгө орж ирэхээр нь буцаагаад өгчихье гэхээр нь та найдвартай өгнө биздээ гэж Р.*******ыг хэлэхэд настай хүн байж юу гэж хүн хуурах вэ дээ ах нь найдвартай гэж хэлээд өөрийнхөө дансыг мессежеер Р.******* луу явуулаад 1,200,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлэн авсан. Гэтэл С.******* нь тухайн мөнгийг нь хүнээс зээлээд Р.*******ын хандивын мөнгөнд төлсөн тул төлөхгүй гэдэг байр суурь илэрхийлсээр ирсэн. Шүүхэд нотлох баримтаар хандивын мөнгө тушаасан баримт гаргаж өгсөн байдаг. Уг баримтанд дарга гээд нэр бүхий хүний гарын үсэгтэй байгаа. Гэтэл Р.*******т өгсөн хувь нь ямар ч гарын үсэггүй байдаг. Өөрөөр хэлбэл шүүхэд гаргаж өгсөн баримт засвартай байх тул нотлох баримтын хүрээнд үнэлэгдэхгүй. Гэтэл 1,200,000 төгрөг шилжүүлснээс хойшхи С.*******ийн дансны хуулгыг харахад мах, сүү, гурил гэх мэт зүйлүүдийг авсан болох нь тогтоогддог. Тиймээс С.*******оос 1,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэх.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Би Р.******* гэдэг хүнтэй 2018 оны 09 дүгээр сард танилцсан. Тухайн үед Ерөө сумын засаг даргын тамгын газраас уул уурхайн хөрөнгө оруулалттай холбоотой чуулга уулзалт болсон байдаг. Ингээд нэлээн хэдэн хүмүүс нөхөрлөл, бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байдаг. Улмаар бичил уурхайг эрхэлж байгаа хүмүүсээс 500,000 төгрөгийн хандив авахаар шийдвэрлэсэн байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байсан. Яг тэр үед Р.*******, Гантулга хоёр Бугантаас, Сэлэнгээс Одмандах гэдэг хүн над руу яриад бид нар ийм үйл ажиллагаа явуулах гэсэн боловч хандивт өгөх мөнгө алга. Та олоод өгөөч гэхээр би яг одоо надад мөнгө алга гэхэд хүнээс ч хамаагүй олоод өгөөч гэхээр би хүнээс мөнгө аваад 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Туулынсайханхангай, Зууны эрдэнэс нөхөрлөлүүдийн нэр дээр тус бүр 500,000 төгрөгийг хандивт нь төлсөн. Би Р.*******аас 500,000 төгрөг авсан зүйл байхгүй. Р.******* нь надтай 10 минут ч юм ярьж үзээгүй. Тийм болохоор би Р.*******аас мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй. Би улс эх орондоо 40 гаран жил ажилласны эцэст 700 гаран мянган төгрөгний тэтгэвэр авдаг. Миний тэтгэвэр амьдралд минь хангалттай хүрэлцдэг. Тийм болохоор надад хүнээс мөнгө зээлээд байх шаардлага байхгүй, би үнэхээр мөнгө төлөх ёстой бол 700.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх 500.000. төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин дараа нь 700.000 төгрөгөө Туулын сайхан хангай ХХК-аас нэхэмжилнэ гэж бодож байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Р.*******ын тус шүүхэд гаргасан ... С.*******оос зээлдүүлсэн гэх 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын заримыг нь хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь; Талуудын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар зэргээс үзэхэд; нэхэмжлэлийн шаардлага болох ... 1.200.000 төгрөгийг зээлдсэн эсэх, төлөх эсэх дээр зохигч маргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд; Р.******* нь С.*******ид 2018 оны 10 сарын 05-ны өдөр 1.200.000 /бэлэн бусаар буюу дансаар/ төгрөгийг түүний эзэмшлийн Хаан банкны 5679062174 тоот данс руу шилжүүлэн өгсөн болох нь зохигч, түүний төлөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хавтаст хэргийн 3, 19 дүгээр талд авагдсан Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбар, дансны хуулга зэргээр нотлогдож байгаа хэдий ч хариуцагчаас шүүх хуралдаанд амаар болон шүүхэд бичгээр гаргасан тайлбар /хх-ийн 17 тал/ -таа ... 2018 оны 09 сарын 25-ны өдөр Зууны Эрдэнэс нөхөрлөлийн эзэн Р.*******ын гуйсны дагуу түүний нөхөрлөлийн нэр дээр 500.000 төгрөгийн хандивыг 2018 оны 09 сарын 25-ны өдөр засаг даргын нарийн бичиг Сарангэрэлд манай гэр бүлийн хүн Х.Анхтуяа тушаасан гэх, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан баримт болох / хх 39 тал / ... бэлэн мөнгөний орлогын баримт дээр Х.Анхтуяагаас мөнгө тушаасан гэж бичигдсэнээс гадна Хаан банкны дээрх 5679062174 тоот дансны хамтран эзэмшигч нь Х.Анхтуяа /хх-ийн 19, 40 - 45 тал/ болох нь, мөн дээрх ХААН банкны орлогын мэдүүлэгийн / хх 3 тал / огноо болох 2018.10.05 гэх баримт, бэлэн мөнгөний орлогын огноо болох 2018.09.25 / хх 18, 39 тал / гэх баримтуудын мөнгө шилжүүлсэн болон тушаасан цаг хугацаа зэргээр нотлогдож байхын сацуу хариуцагчаас шүүх хуралдаанд өгсөн ... 700.000 төгрөгийг л төлье, үлдэх 500 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэх тайлбараар давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн дүн болох 1.200.000 төгрөгнөөс 700.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болговол зохино.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан зээл болон даалгаварын гэрээ/ холимог /- ний харилцаа үүссэн бөгөөд талууд аман хэлбэрээр хэлэлцэн тохиролцож, мөнгө зээлдэх, зээлдүүлэх болон даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс тодорхой үйлдэл хийх буюу нөхөрлөлийн хандив 500.000 төгрөгийг төлөх үйлдэл, үүргийг даалгавар гүйцэтгэгч биелүүлсэн болох нь дээрх зохигчийн нэхэмжлэл, тайлбар, хавтаст хэргийн 1-3, 17-19, 22-33, 39-47 дүгээр талд авагдсан бичгийн чанартай баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 33.350 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 700.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 21.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар *******гийн *******оос 700.000 төгрөг гаргуулж Р.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 33.350 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21.350 төгрөгийг гаргуулж Р.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН