Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар  2025/ШЦТ/162

 

 

 

 

 

 

 

 

2025          06             12                                             2025ЦТ/162

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам 

Улсын яллагч Н.Амгалан

Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж **** овогт ****ын ****т холбогдох эрүүгийн 2539003210156 дугаартай хэргийг  2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Х.М нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 22 цаг өнгөрч байх орчимд Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар баг ****ийн 16-02 тоотод орших өөрийн гэртээ эхнэр ****тай “ажлын газрын хүнтэй хардлаа” гэх шалтгаанаар маргалдаж түүнийг түлхсэний улмаас толгойгоо цахилгаан халаагуурт цохиж биед нь толгойн зүүн зулай хэсгийн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.М нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч **** овогт ****ын **** нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн орчим Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар баг ****ийн 16-02 тоотод байх өөрийн гэртээ эхнэр ****тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг түлхсэний улмаас толгойгоо цахилгаан халаагуурт цохиж эрүүл мэндэд нь “толгойн зүүн зулай хэсгийн хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Х.Мын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2025 оны 03 дугаар сарын 11-ний 22 цагийн орчимд эхнэр намайг хардсаны улмаас хэрүүл маргаан үүсэж улмаар би эхнэрийг түлхэж унагааснаас болж эхнэрийн толгойг хагалж шүүх шинжилгээний дүгнэлтээр эхнэрийнхээ биед хөнгөн хохирол учруулж гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан. Одоо бол эхнэртэйгээ учраа олсон. Ямар нэгэн хэрүүл маргаан байхгүй болсон....” гэх мэдүүлэг  (хх-ийн 50-51),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****ын “...Би 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 22 цаг өнгөрөөгөөд гэртээ очсон. Тэгэхэд нөхөр **** хоёр бага хүү маань хэвтэж байсан. Тэгээд би нөхрийн хажуугаар хэвтээд ажлынх нь газрын Сарантуяа гэх эмэгтэйг дураараа тэр эмэгтэйг толгой дээрээ гаргаж байна гэхэд уурлаад босоод ирсэн. Тэгэхээр нь би “За хоёулаа маргалдаад яах вэ? хоёр хүүгийн хажуугаар нэг нэгээрээ ороод тусдаа унтъя” гэхэд “Үгүй би гарлаа. Гарж тайвширна” гээд хувцсаа өмсөөд гарсан. Тэгэхээр нь би араас нь “Чи тэгвэл тэр Сараа руугаа зайлаарай” гээд хаалгаа түгжсэн. Тэгэхэд уурлаад буцаад орох гэхээр нь би айгаад цагдаагийн байгууллага дуудсан. Тэгээд нэг мэдэхэд үүдний цонхоор хагалаад ороод ирсэн байсан. Тэгээд би нөхөртөө “Чи гар” гээд түлхээд байж байтал гэнэт намайг буцаж түлхээд би гэрийн гол хэсэгт байсан халаагуур дээр унаад толгойгоо нэг юманд цохисон. Тэгэхэд миний толгойноос цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч ****н “...Хохирогч **** нь 1,054,662 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн 090090100900020080 дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 70-71),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭН0725/175 дугаартай “...1. ****ын биед толгойн зүүн зулай хэсгийн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт (хх-ийн 37-39), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-7, 8-13), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14-15, 16-21), яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 35-36), гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаа (хх-ийн 66), хохирогч ****ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 72, 77), шүүгдэгч Х.Мын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 79) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Х.Мын үйлдлийн улмаас хохирогч ****ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Х.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Х.М нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ****ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан, мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 1,054,662 төгрөгийг төлж барагдуулсан (хх-ийн 76) байх тул шүүгдэгч Х.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Х.Мт прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ын ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Э.ХОСБАЯР