Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/171

 

 

 

 

 

 

 

 

  2025          06           20                                          2025/ШЦТ/171

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****д холбогдох эрүүгийн 2539000000170 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч М.Б нь Хэнтий аймгийн **** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар **** улсын дугаартай “УАЗ-469” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч **** овогт ****ын **** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай “УАЗ-469” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч М.Бйн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн гэр болох Хэнтий аймаг **** сум **** 4 дүгээр багийн **** 6-4 тоотод нутгийн найз ****гиийн хамт 2 сав 2,5 литрийн хэмжээтэй "Нийслэл" нэртэй пиво, 2 шил 0,75 литрийн хэмжээтэй "Хараа" нэртэй архийг хувааж уусан. Тэгээд орой 20 цагийн үед гэртээ байж байтал нутгийн 2 эмэгтэй болох ****, **** нар манай гэрт орж ирээд “Гуанз руу хүргээд өгчих” гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай УАЗ-69 маркийн тээврийн хэрэгслийг өөрөө жолоодоод найз **** болон ****, **** нарын хамт өөрийн гэрийн гаднаас хөдлөөд **** сумын төвөөс 3 километр орчим зайд байрлах хоолны газрууд руу явж байтал манай сумын цагдаа **** намайг зогсоон шалгаад миний машинд сууж байсан зорчигчдыг буулгаж үлдээгээд намайг дагуулж **** сумын байнгын хяналтын постод очиж надаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгадаг драгер багажийг үлээлгэн шалгахад надаас 5,89 хувь гарсан. Тэгээд намайг маргааш ирээрэй гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****ийн “...Тухайн өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан хуваарийн дагуу Хэнтий аймгийн **** сумын 4 дүгээр баг “****” гэх хэсгээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 20 цагийн үед тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж байгаад **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад **** дүүрэг 4 дүгээр хороо **** 16-3 тоотод оршин суух **** овогтой **** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ногоон өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож **** сумын 4 дүгээр багт замын хөдөлгөөнд оролцсон байсныг тогтоож драгер багажаар шалгахад 5.89 хувийн согтолттой байсан. Тухайн **** гэх залуу нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан тул би тухайн этгээдийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дуудлага, мэдээлэл хүлээн авагчид бүртгүүлж Цагдаагийн байгууллагын санд бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 5-6),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч С.****ийн “...Би 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байгаад орой 20 цагийн үед нутгийн залуу ****йн гэрт ажлын найз ****гийн хамт очиход ****йн гэрт ****, **** 2 хамт согтуу сууж байсан. **** бид 2 гуанз руу явах гээд явах унаа байхгүй болохоор нь ****йг гуйтал **** зөвшөөрөөд ****, ****, **** бид 4 ****йн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлтэй гуанз явж байх замд сумын цагдаа зогсоон шалгаад бид хэдийг буулгаад ****йг аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 27, 28), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 33), шүүгдэгч М.Бйн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 64) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч М.Б нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээр (хх-ийн 33) тогтоогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч М.Бйн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлбөргүй нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч М.Б нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч М.Бд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.Б нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ын ****йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****йн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бйн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бйн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ХОСБАЯР