| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2021/03317/И |
| Дугаар | 181/ШШ2022/00654 |
| Огноо | 2022-03-28 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2022/00654
| 2022 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 181/ШШ2022/00654 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт байрлах,******* ХХК ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах,******* ХК -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: даатгалын гэрээний үүрэгт 27.164.542 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь******* ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 27.164.542 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Таванбогд Фүүдс ХХК нь******* ХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 19/00252954 тоот эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулан хамтран ажилласан. Талуудын байгуулсан гэрээний хүрээнд Таванбогд Фүүдс ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороонд байрлах KFC Хоумплаза салбарын дулаан гражийн гадна талын машины дугаар уншигч, автомат компьютерээр ажилладаг хаалтыг 2020 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдөр шилжих шөнийн 03 цаг 33 минутад 04-30 УНП улсын дугаартай Тоёота кроун 171 маркийн автомашины жолооч Отгонбаяр овогтой Чингүүнжав согтуугаар жолоо барьж яваад мөргөж манай компанийн өмчлөлийн эд хөрөнгөд 14.009.635 төгрөгийн хохирол учруулсан.
Дээрх даатгалын тохиолдлыг бид шалгуулахаар Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.1-т заасны дагуу хохирол үнэлгээний мэргэжлийн байгууллага болох Тод үнэлгээ ХХК-иар хохирлын үнэлгээг хийлгэхэд хохирлын хэмжээ 14.009.635 төгрөг, эд хөрөнгийн анхны өртөг 27.164.542 төгрөг болохыг тогтоож өгсөн. Манай зүгээс учирсөн хохирлын хэмжээг тогтоосон энэ үнэлгээнд маргаагүй болно. Даатгалын гэрээний 3.5.1-т Гуравдагч этгээдийн санамсаргүй гаргасан алдаа, үйлдлийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирол-ыг даатгалын тохиолдолд хамааруулсан тул******* ХК хариуцах бөгөөд мөн гэрээний 5.2.1-т Даатгалын үнэлгээг даатгалын зүйлийн орлуулах боломжит үнийн дүн болон өртөг үнийг баримтлан талууд харилцан тохиролцож тогтооно гэж заасны дагуу нөхөн төлбөрийг даатгуулагч******* ХХК-д төлөх үүрэг хүлээсэн.
Тодруулбал, гэрээний дээрх заалтын дагуу******* ХК нь******* ХХК-ийн эд хөрөнгүүдийг анхны өртөг үнээр нь бүртгэж даатгалын хураамж авсан. Гэвч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, даатгалын тохиолдол гарснаас хойш өнөөдрийг хүртэл даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэж өгөөгүй. Түүнчлэн маргааныг шийдвэрлүүлэхээр манай компанийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт өгөхөд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 9/3757 дугаар шийдвэрээр шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, талуудын байгуулсан даатгалын гэрээний 3.5.1, 5.2.1, 5.4.1-т тус тус зааснаар хариуцагч******* ХХК-иас нийт 27.164.542 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Гэрээнд нөхөн төлбөрийг анхны өртөг үнээр тооцон олгохоор заасан. Даатгалын тохиолдол болсон тухайн хөрөнгийн үнэлгээ анхнаасаа 27.164.542 төгрөг гэж тохиролцсон тул манайх гэрээний дагуу анхны өртөгөөр нэхэмжилж байгаа болно. Түүнчлэн засварлах зардлын тооцоо 14.009.635 төгрөг гэж гарсан ч Цагаан зам ХХК-ийн дүгнэлтээр бүхэлд нь шинээр солихоор дүгнэлт гарсан тул манай зүгээс гэрээнд заасан бүрэн сүйрэлд хамаарна гэж үзэж байгаа. Гэрээгээр өөрийн хариуцах хэсгийг 10 хувь гэж заасан тул нэхэмжилж байгаа 27.164.542 төгрөгөөс хасч тооцоход татгалзахгүй гэв.
2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Үүнд: Даатгуулагч******* ХХК-ийн Хоум плаза салбарын дулаан зогсоолын автомат хаалтыг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө иргэн О.Чингүүнжав нь 04-30УНП улсын дугаартай Тоёота кроун маркийн тээврийн хэрэгслээр мөргөж хохирол учруулсан тул манайд хандан нөхөн төлбөрийн хүсэлт ирүүлсэн. Даатгуулагч тал гэрээ болон хуульд заасны дагуу хохирол үнэлгээний Тод үнэлгээ ХХК-иар эвдэрсэн төхөөрөмжид үнэлгээ хийлгэхэд 14.009.635 төгрөгийн учирсан болох нь тогтоогдсон. Энэ үнэлгээнд манай зүгээс маргаагүй.
Гэвч******* ХХК үнэлгээгээр тогтоогдсон дүнгээр бус харин хөрөнгийн анхны өртөг үнэ болох 27.164.542 төгрөгөөр тооцон нөхөн төлбөр олгож өгөх хүсэлтийг өөрийн хамтран ажилладаг байгууллага болох Цагаан зам ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн ирүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.4.2-т заасны дагуу нэхэмжлэгч******* ХХК өөрөө Тод үнэлгээ ХХК-ийг сонгон хохирол үнэлгээний тайланг гаргуулсан. Хариуцагчийн зүгээс даатгалын гэрээний 5.4.2 болон Даатгалын тухай 8.4 Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно 8.4.3-т хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материал гэж дагуу бодит учирсан хохирол болох 14.009.635 төгрөгийн нөхөн төлбөрийг олгоход зөвшөөрнө.
Бидний зүгээс ослын газарт очиж эвдэрсэн тоног төхөөрөмжид үзлэг хийхэд зогсоольн хаалт нь автомашин орох хэсгийн гадна талын тасалбар олгогч, автомат хаалт, гарах хэсгийн дотор талын дугаар уншигч, автомат хаалт гэсэн 4 үндсэн төхөөрөмжөөс бүрдэх бөгөөд гуравдагч этгээдийн мөргөж гэмтээсэн нь дээрх иж бүрдлийн гадна хэсгийн автомат хаалт байсан. Төхөөрөмжүүдийг шалгахад гадна тасалбар олгогч машинаас бусад нь ажиллаж байсан болох нь газар дээрх үзлэгээр нотлогдож байгаа. Тухайн дулаан зогсоолын гадна хаалт бүрэн эвдэрч сүйрсэн зүйл байгаагүй. Шүүхийн журмаар бичлэгт хийсэн үзлэгээр ажиллаж байгаа тул бүрэн сүйрсэн зүйл тогтоогдоогүй. Нэхэмжлэгчийн үндэслэл болгосон гэрээний 5.2.4, 5.2.5-д заасан бүрэн сүйрэл-д даатгалын энэ тохиолдол хамаарахгүй. Манай зүгээс тохиролцох талаар нэхэмжлэгчид санал тавьсан ч тохиролцож чадаагүй болно. Иймд Тод үнэлгээ ХХК-ийн хийсэн хохирлын үнэлгээ болох 14.009.635 төгрөгөөс өөрийн хариуцах 10 хувийг хасч үлдэх хэсгийг төлөхөд татгалзахгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №19/00252954 тоот Эд хөрөнгийн даатгалын гэрээ, Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн албан тоот, Тод үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, түүний хавсралт, Цагаан зам ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн албан тоот, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 9/3757 дугаар албан тоот,******* ХХК-ийн нөхөн төлбөр хүссэн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 21/106 дугаар албан тоот,******* ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 21/314 дүгээр албан тоот,******* ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21/393 дугаар албан тоот,******* ХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 21/128 дугаар хариу хүргүүлсэн албан тоот,******* ХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 21/673 дугаар хариу хүргүүлсэн албан тоот, фото зураг зэргийг ирүүлжээ. /хх 4-31, 88-95/
Хариуцагчаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, цагаан өнгийн СД зэргийг ирүүлжээ.
Шүүхийн журмаар: хариуцагчийн хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу баримтаар ирүүлсэн СД дэх бичлэг зурагт хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралтыг бүрдүүлсэн.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Таванбогд фүүдс ХХК-иас Мандал даатгал ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 27.164.542 төгрөг гаргуулахаар шаардсан.
1.Нэхэмжлэгч талуудын хоорондох гэрээний 5.2.1-д зааснаар анхны өртөгөөр тооцон нөхөн төлбөр олгохоор заасан, Цагаан зам ХХК-ийн дүгнэлтээр засварлах боломжгүй бүхэлд нь шинээр солихоор дүгнэлт гарсан тул гэрээнд заасан бүрэн сүйрэлд хамаарна, иймд анхны өртөгөөр тооцох ёстой гэж тайлбарлав.
Хариуцагч даатгалын тохиолдол гэдэгт маргаагүй харин гэрээнд заасан бүрэн сүйрэлд хамаарахгүй тул бодит учирсан хохирлын дүнгээр нөхөн төлбөрийг олгоно гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.
2.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1.Таванбогд фүүдс ХХК болон******* ХК нар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр харилцан тохиролцож, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар даатгуулагчийн өмчлөл, эзэмшлийн нийт 37.297.661.530 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг байгалийн, цахилгааны, ус чийгний, ахуйн эрсдэлээс хамгаалахаар, даатгуулагч хураамжид 39.535.521 төгрөг төлөхөөр тохиролцож 19/00252594 тоот эд хөрөнгийн даатгалын гэрээ-г байгуулжээ. /хх /
Зохигчид гэрээ байгуулсан, даатгуулагч хураамж төлсөн үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан шаардлага хангасан мөн зүйлийн 431.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.
2.2.2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 03.33 цагт даатгуулагчийн Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Хоум плаза худалдааны төвийн баруун талын замд байрлах дулаан гражийн гадна талын хаалтыг О.Чингүүнжав согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота кроун маркийн 04-30 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөсний улмаас эд хөрөнгөд хохирол учирсан, энэ нь талуудын хоорондох даатгалын гэрээний 3.5.1-д заасан гуравдагч этгээдээс учруулсан хохирол-д буюу даатгалын тохиолдолд хамаарч байна. Даатгалын тохиолдол үүссэн гэдэгт зохигчид маргаагүй болно. /хх 15, 90/
2.3.Тод үнэлгээ ХХК-иас хийсэн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хохирлын үнэлгээний тайлангаар хөрөнгөд учирсан хохирлыг 14.009.635 төгрөгөөр тогтоосон, түүнчлэн даатгалын зүйл болох автомат хаалтыг зэргийг даатгуулсан гэрээний анхны өртөг үнэ 27.164.542 төгрөг гэдэгт талууд маргаагүй. /хх 16, 17 /
2.4.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тус тус нөхөн төлбөр хүссэн, хариуцагч шаардсан хэмжээгээр олгохоос татгалзснаар Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан, улмаар тус байгууллагаас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 9/3757 албан бичгээр талууд тохиролцоогүй тул эрх бүхий хохирол үнэлэгчийг томилж асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэж хариуг мэдэгдсэн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангажээ. /хх 19-20, 21-28/
3.Харин зохигчид даатгалын нөхөн төлбөрийн хэмжээнд маргаж байна.
Хэрэгт авагдсан талуудын хоорондох гэрээний 5.2.1-д даатгалын үнэлгээг даатгалын зүйлийн орлуулах боломжит үнийн дүн болон өртөг үнийг баримтлана гэж, 5.2.2-т ... үнэлгээ нь даатгалын зүйлийн орлуулах боломжит үнийн дүн болон өртөг үнээс бага бол даатгалын тохиолдол бий болоход орлуулах боломжит үнийн дүн болон өртөг үнэд даатгалын үнэлгээний эзлэх хувь хэмжээгээр нөхөн төлбөрийн дүнг хувь тэнцүүлэн олгоно гэж, 5.2.4-т хэрэв даатгалын зүйлийг сэргээн засварлах зардал нь даатгалын зүйлийн орлуулах боломжит дүн болон өртөг үнийн 90 хувиас их эсхүл сэргээн засварлах бололцоогүй болох нь хөндлөнгийн байгууллагаар тогтоогдсон бол бүрэн сүйрэл гэж үзэн гэрээнд заасан үнэлгээний дагуу нөхөн төлбөр олгоно гэж, 5.2.5-д хэрэв даатгалын зүйлийг сэргээн засварлах зардал нь даатгалын зүйлийн орлуулах боломжит үнийн дүн болон өртөг үнийн 90 хувиас бага бол нөхөн сэргээх, засварлах зардлыг даатгуулагчид нөхөн төлөх-өөр гэрээний 5.2.5-д тус тус заажээ.
Нэхэмжлэгч талын үндэслэл болгосон Цагаан зам ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01/28 тоот албан бичигт тус салбарын газар доор байрлах авто зогсоолын систем нь өөр аж ахуйн нэгжийн хийж гүйцэтгэсэн манай байгууллагын ашигладаг тоног төхөөрөмжөөс өөр төрлийн төхөөрөмж ашиглаж хийсэн. Энэ нь тус байгууллагын төхөөрөмжтэй зохицож ажиллах боломжгүй мөн тээврийн хэрэгсэл мөргөж гэмтээснээс болж төв компьютер шатсан зэргээс хамааран шинээр суурилуулах шаардлагатай тухай дурджээ. /хх 18/ Нэхэмжлэгч уг баримтыг тулгуурлан шинээр солих шаардлагатай тул бүрэн сүйрэл гэж тайлбарлаж улмаар гэрээний 5.2.1-д зааснаар анхны өртөг үнээр тооцон нэхэмжилсэн.
Хэрэгт баримтаар авагдсан Цагаан зам ХХК-ийн дээрх албан бичигт ослоос үүдэлтэй эвдрэлээс гадна төхөөрөмж хооронд зохицохгүй үндэслэл зааж шинээр солих шаардлагатай тухай дурдсан, уг баримтыг Тод үнэлгээ ХХК-иас хохирлын үнэлгээг тогтоохдоо үндэслэл болгож тооцсон талаараа үнэлгээний тайлангийн 4, 6, 7-д тус тус дурдсан байна. Түүнчлэн хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар хийсэн үзлэгийн тэмдэглэлээр төхөөрөмж бүрэн устсан, сүйдсэн гэх байдал тогтоогдоогүй. /хх 16-17, 54-81/
Иймд гэрээний 5.2.4-д заасан бүрэн сүйрэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул гэрээний 5.2.5-д зааснаар нөхөн сэргээх, засварлах зардал буюу учирсан бодит хохирлын хэмжээгээр нөхөн төлбөрийн хэмжээг тооцох тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
4.Талуудын хоорондох гэрээний тусгай нөхцлийн 7-д даатгуулагчийн хариуцах хэсэг даатгалын тохиолдол бүрт хохирлын 10 хувь байх-аар тохирсон, нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад өөрөөс хариуцах 10 хувийг нөхөн төлбөрийн хэмжээнээс хасагдах үндэстэй хэмээн хүлээн зөвшөөрч тайлбарласан тул шүүх хасч тооцох нь зүйтэй.
Дээрхийг нэгтгээд шүүх хариуцагчаас нийт 12.608.671 төгрөг /14.009.635 - өөрийн хариуцах хэсэг 10% =12.608.671/ гаргуулж, нэхэмжлэгчид олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан******* ХК-иас 12.608.671 /арван хоёр сая зургаан зуун найман мянга зургаан зуун далан нэгэн/ төгрөг гаргуулж******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14.555.871 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293.772 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 216.689 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ