Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/170

 

 

 

 

 

 

 

 

  2025          06           20                                          2025/ШЦТ/170

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****д холбогдох эрүүгийн 2539000000166 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Х.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн орчимд цусан дахь спиртийн агууламж 0.6%-н промилл хэмжээтэй буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт "Тоёота Аллион" маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч **** овогт ****ын **** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2025 оны 04 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн орчим Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота Аллион” маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Х.Бы шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар баг Өлзийтийн 16-02 тоотод байх өөрийн гэртээ ганцаараа байж байгаад лаазтай 500 граммын хэмжээтэй пиво 1 ширхгийг ууж дуусгаад өөрийн эзэмшлийн “Аллион” маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод ****ийн 6 дугаар эгнээний урд талаар зүс таних айлд очих гэж явж байгаад цагдаад баригдаад цагдаагийн байгууллага дээр ирээд үлээдэг багажийг нь үлээж чадаагүй. Учир нь би сүрьеэ өвчин тусаж байсан уушги муутай тул үлээж чадахгүй байсан юм. Үүний дараа эмнэлэг дээр очиж өөрийн цусаа өгсөн. Би өөрийн буруутаа хүлээн зөвшөөрч байна. Цагдаад баригдсан нь ч болсон юм. Цаашаа юу ч болох байсан юм билээ гэж бодож байна....” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****гийн “...2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу оройн 21 цагаас 2025 оны 04 дүгээр сарын 22-ны шөнийн 02 цаг хүртэл Хэнтий аймгийн **** сумын 1-3 дугаар багт цагдаа, цагдаагийн дэд ахлагч ****ийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч **** 21 цаг 40 минутын үед **** цагдаагийн утас руу залгаад “****ийн 6 дугаар эгнээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг зогсоочихоод байна. Хүн дайрчих гээд яваад байна. Та хоёр хүрээд ирэх үү” гэж хэлсэн. Би цагдаа ****ийн хамт Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар баг ****ийн 6 дугаар эгнээний урд талд явж очиход мөрдөгч **** саарал өнгийн “Тоёота Аллион” маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоочихсон, уг тээврийн хэрэгслийн жолоочийн суудал дээр өөрийгөө ****ийн **** гэх иргэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай сууж байсан. Тухайн иргэнийг цагдаагийн газар авчирч согтолтын зэргийг тогтоох зорилгоор драгер багаж үлээлгэхэд драгер багаж үлээх чадваргүй их согтуу байсан. Тухайн иргэнийг харахад архи согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан. Тухайн иргэний мэдээллийг цагдаагийн байгууллагын сангаар шалгахад 2024 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****ийн “...Би цагдаа ****гийн хамт Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар баг ****ийн 6 дугаар эгнээний урд талд явж очиход мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.**** саарал өнгийн “Тоёота Аллион” маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоочихсон, уг тээврийн хэрэгслийн жолоочийн суудал дээр өөрийгөө ****ийн **** гэх иргэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай сууж байсан. Тухайн иргэнийг цагдаагийн газар авчирч согтолтын зэргийг тогтоох зорилгоор драгер багаж үлээлгэхэд драгер багаж үлээх чадваргүй их согтуу байсан. Тухайн иргэнийг харахад архи согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан. Тухайн иргэний саарал өнгийн “Тоёота Аллион” маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байр луу ачуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16),

 

Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Дор0325/048 дугаартай “...1. " Х.Б" гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ.

2. "Х.Б" гэж хаягласан цусанд 0.6 промилли спиртийн агууламж илэрсэн.

3. Согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 29-30), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1), эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 3), согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 5), хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 6), хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл (хх-ийн 7-8), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 60), шүүгдэгч Х.Бы Хэнтий аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 102) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Х.Б нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээр (хх-ийн 60) тогтоогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Х.Бы тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлбөргүй нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч Х.Б нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Бд 1 жилийн хугацаанд Хэнтий аймгийн **** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Х.Бд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Быг 1 жилийн хугацаанд Хэнтий аймгийн **** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.Б нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ын ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Быг 1 жилийн хугацаанд Хэнтий аймгийн **** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч Х.Бд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Бд мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ХОСБАЯР