Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/75

 

 

                                           Х.Отгонбаярт холбогдох  

                                          эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                                 Шүүгчид                                        Б.Эрдэнэхишиг

                                                                                       Г.Давааренчин

 

                              Оролцогчид

                                    Прокурор                                     В.Батдэлгэр

                                      Шүүгдэгч                                      Х.Отгонбаяр /цахим/

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               У.Түвшин /цахим/                                  

                                      Хохирогчийн өмгөөлөгч              М.Гансүх

                                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг нар оролцон, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нарын гаргасан давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хадбаатарын Отгонбаярт холбогдох эрүүгийн 2031000000105 дугаартай, 175/2020/0156/Э индекстэй 3 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж  байсан, ам бүл 1, Сзпэнгэ аймгийн Сүхбаатар сумын 04 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 232 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх  Боржигон овогт Хадбаатарын Отгонбаяр /РД: МЕ87072412/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Отгонбаяр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 232 тоотод байрлах өөрийн гэртээ 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20:00 цагийн орчим өөрийн төрсөн хүүхдүүд болох О.Амина /11 нас, эмэгтэй/, О.Бат-Ирээдүй, О.Батхолбоо /4 настай, эрэгтэй, ихэр/ нарын дэргэд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас онц хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Зулаагийн амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Х.Отгонбаярт холбогдох хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Боржигон овогт Хадбаатарын Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад тус тус заасан “Онц харгис хэргийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад тус тус зааснаар Боржигон овогт Хадбаатарын Отгонбаярыг 20 /хорин/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Хадбаатарын Отгонбаярт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хадбаатарын Отгонбаярыг 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 134 /нэг зуун гучин дөрөв/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.2 1ахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөнөөс оршуулгын зардал 11,256,198 /арван нэгэн сая хоёр зуун тавин зургаан мянга нэг зуун ерэн найман/ төгрөгийг гаргуулж, хохирогч Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, Усан сангийн 3 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Лувсангийн Тунгалаг /МХ61081807/-Т олгож,гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөнөөс оршуулгын зардалд төлөгдсөн 11,256,198 /арван нэгэн сая хоёр зуун тавин зургаан мянга нэг зуун ерэн найман/ төгрөгийг шүүгдэгч Х.Отгонбаяраас гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Тунгалагийн нэхэмжилсэн өмгөөллийн зардал 2,000,000 /хоёр сая/ төгрөг, зээлийн үлдэгдэл 5,252,067 /таван сая хоёр зуун тавин хоёр мянга жаран долоо/-н төгрөгийг шүүгдэгч Х.Отгонбаяраас гаргуулан Боржигон овогт Лувсангийн Тунгалаг /МХ61081807/-Т олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 33 сантиметр урттай улаан өнгийн иштэй хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн углааш 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан цуснаас шинжилгээнд зориулж дээж авсан 4 хэсэг мөрүүд, үс, хумс, яллагдагч Х.Отгонбаярын хувцас, амь хохирогч Б.Зулаагийн хувцас зэргийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол Хадбаатарын Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.....Bottom of Form

гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Түвшин давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Анхан шатны шүүх нь үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдалд тохирсон зүйчлэлийг хийгээгүй, нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байхад хэрэгт хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүнийг алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн идэвхитэй үйлдлийн үр дүнд бусдын амь насыг хохирсон байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Мөн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэрэг нь 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгтэй шинж төрөл хууль зүйн ойлголтын хувьд төсөөтэй боловч гэм буруутай этгээд өөрийн үйлдэж үйлдэлдээ хандсан сэтгэл зүйн онцлогоороо ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хэрэг учрал болох уг үйлдлээ ухамсарлаж үйлдэж байдаг бол “сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн этгээд нь сэтгэл зүйн дараалал алдагдаж цочрон давчидсан тухайн үйлдлийг хийх үедээ бие даан ухамсарлах боломжгүй байдгаараа ялгагддаг.

Хэрэг учрал болсон өдөр хохирогч, шүүгдэгч нарыг уулзах үед гэрч Т.Жаргалцэцэг хамт байсан байдаг. Гэрч Т.Жаргалцэцэгийн мэдүүлгээс харвал “...хохирогч болон шүүгдэгч нар нь ярилцах...”-аар үлдсэн байдаг. Мөн нөхцөл байдлын хувьд ч Х.Отгонбаяр нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй номхон, тайван араншинтай нэгэн байсан талаар гэрчүүд мэдүүлдэг. Гэтэл хэрэг учрал болох үед шүүгдэгчийн санаа зорилгын хувьд өөрөө хүсч тухайн хэргийг үйлдсэн эсэх, эсхүл сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас хэрэг үйлдэгдсэн эсэхийг тогтоогоогүй. Энэ талаар зохих журмын дагуу хийгдсэн ажиллагаа нотлох баримт байдаггүй.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйл 18.1-т шүүх шинжилгээний дүгнэлт заавал тусгасан байх зүйлсийн талаар нэг бүрчлэн дурьдаж заасан байдаг. Тус зүйлийн 18.1.6-д “шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явц” 18.1.8-т “шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр” гэж заасан. Гэтэл хэргийн материалын 178 дахь талд “шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт”-ийн 1-т “Х.Отгонбаяр нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан” гэх боловч ямар үндэслэлээр ийнхүү дүгнэсэн тодорхойгүй хууль зүйн шаардлага хангаагүй дүгнэлт байдаг. (Энэ талаар дахин тодруулж шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргаж байсан болно)

Шийтгэх тогтоолд гэрч О.Аминагийн мэдүүлгийг гол нотлох баримтаар дурьдаж заасан байдаг боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байгаа юм. Учир нь Монгол Улсын үндсэн хуулийн 16 угаар зүйлийн 16.14-т "...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх..." эрхтэй талаар заасан. Гэтэл насанд хүрээгүй гэрч О.Аминад уг эрхийг сануулаагүйгээр эцгийнх нь эсрэг мэдүүлэг авсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Шийтгэх тогтоолын 6-д “өмгөөллийн зардал 2.000.000 төгрөг, зээлийн үлдэгдэл 5.252.067 төгрөгийг Х.Отгонбаяраас гаргуулах”-аар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийн өөрийн эрх юм. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч авч ч болно, авахгүй байж ч болно. Мөн өмгөөлөгч нь тухайн этгээдэд үйлчилгээ үзүүлэхдээ төлбөртэй, эсхүл үнэ төлбөргүй үзүүлж болох бөгөөд энэ нь өмгөөлөгч, үйлчлүүлэгч нарын тохиролцоо юм. Гэтэл хохирогч эрхээ хэрэгжүүлж тохиролцоо хийсний эрх зүйн үр дагаврыг шүүгдэгч хариуцахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

2. Зээлийн мөнгөн төлбөрийн тухайд “иргэний хуульд” заасан агуулгаас харвал зээлдэгч эсхүл хамтран зээлдэгч нь тухайн эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө авч, гэрээгээр тохирсон хугацаа дуусгавар болмогц буцаан төлдөг. Зээлийн гэрээнээс харвал хохирогч, мөн түүний ээж Тунгалагмаа нар нь уг зээлийг авсан байдаг. Гэтэл нэг зээлдэгч нь нас барсны төлөө хамтран зээлдэгчийг хүртэл гэрээний үүргээс нь чөлөөлж, Х.Отгонбаяраар төлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 Мөн шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хохирогчид 7.500.000 төгрөг хохиролд шилжүүлсэн. Энэ нь гэм буруугаа гэмшин хохирол төлж байгаа хэлбэр гэж ойлгож болно. Иймд энэ хуулийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

 

 Шүүгдэгч Х.Отгонбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар анхан шатны шүүхэд тайлбарласан боловч хүлээн аваагүй. Тухайн өдөр хохирогч намайг элдэв үгээр хэлж харааж тэсэхийн аргагүй   доромжилсон тэгээд л ийм зүйл болсон. Тухайн үед би юу хийж байгаагаа ойлгох чадваргүй болсон байсан. Хүүхдүүдийнхээ дэргэд алсан гэж зүйлчилсэн хүүхдүүд гэртээ байсан тэр үйл явдал гадаа болсон. Миний охин ийм зүйл ярих хүүхэд биш. Хүүхдийн мэдүүлэгт эргэлзэж байгаа. Би өөрийгөө бүрэн жолоодох чадваргүй болсон байсан. Иймд өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэв.

 

Хохирогч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хохирогч Л.Тунгалаг би 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 176 тоот шийтгэх тогтоолыг доорхи үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Яллагдагч Х.Отгонбаяр нь миний охины амь насыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хохироож, аав, ээж, ах.дүү, үр хүүхдүүдэд нь нөхөж баршгүй хор хохирол учруулсан. Тэгсэн атлаа Х.Отгонбаяр нь энэ асуудалдаа ямар нэгэн байдлаар гэмшиж өөрийн бурууг хүлээн зөвшөөрөөгүй байна. Бидний зүгээс түүнийг сэтгэлдээ уучлах гэж хичээсэн боловч түүний зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байдлаар гомдол гаргасан байгаа болон мөрдөн байцаалтын шат, шүүх хуралдааны явцад хохирогч биднээс нэг ч удаа уучлалт гуйж, мөнгөн дүнгээр илэрхийлсэн хохирлоос өөрөө нэг ч төгрөг төлөөгүй болно. Мөн Х.Отгонбаяр нь 3 хүүхдийнхээ нүдэн дээр ээжийг нь олон удаа хутгалж хоолойг нь хэрчиж амь насыг нь хохирсон, талийгаачийг амьд байхад нь чамайг алчихаад дүү нарыг чинь бүгдийг ална гэж заналхийлдэг байсан бичлэг нь бидэнд байна. Иймээс энэ хүнд оноосон 20 жилийн хорих ял хөнгөдсөн гэж хохирогч талын зүгээс үзэж байна.

Тиймээс энэ хүнийг нийгэмд сул чөлөөтэй дахин хэзээ ч бүү яваасай гэж хүсэж байгаа учраас тухайн зүйл ангид заагдсан бүх насаараа хорих ялыг түүнд оноогоосой гэж шүүх бүрэлдэхүүнээс хичээнгүйлэн гуйж байна гэжээ.

 

             Хохирогчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүгдэгчийн хэлж байгаагаар  хохирогч түүнийг байж тэсэхийн аргагүй байдалд  оруулж зодсоноос болж сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсаны улмаар бага насны гурван хүүхдээ хараагүй байхад нь  эхнэрийнхээ хоолойг хэрчиж алсныг цагдаагийн байгууллага хүүхдээс нь хууль зөрчин мэдүүлэг авч улмаар шүүх 20 жилийн хорих ял оноолоо гэж тайлбарлаж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын энэ тайлбарыг сонсоод гайхаж байна. Хуульч хүн ийм зүйл ярьж болох уу. Шүүгдэгч яг яаж сэтгэл санаа нь цочрон давчидсан юм бэ?  Тухайн хэргийн нөхцөл байдал өнгө аясыг нотлох баримтаар тогтоосон. Охин О.Аминаагийн мэдүүлэг хэргийн үйл баримтыг илүү тодорхой болгосон. Бага насны хүүхдэд хууль сануулахгүй. Харин  түүний хууль ёсны төлөөлөгч, сэтгэл зүйч  нарт энэ талаар тодорхой тайлбарласан байдаг. Өнөөдөр энэ охин ийм зүйл харсныхаа төлөө ямар байдалтай байгааг хуульчийн зүгээс өмгөөлөгч У.Түвшинг анхаараасай гэж хүсэж байна. Энэ хүүхдийн харсан үзсэн бүхэн сэтгэхүйд нь хэрхэн нөлөөлсөн эмчилгээ хийлгэж байгаа боловч цаашид яах эсэх нь тодорхойгүй байгаа. Хүүхдийн мэдүүлгээс гадна гэрч Жаргалцэцэг, Долзодмаа, хөршийн мэдүүлгээр хэрэг хэрхэн үйлдэгдсэн талаар тодорхой тусгагдсан гэж үзэж байна. Хэргийн газар хүүхдүүд ямар байдалтай байсныг гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой харагдана. Талийгаач амьд сэрүүн байхдаа гэр бүлээ цуцлуулах талаар шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж намайг нөхөр маань алах гээд байна гэдгээ илэрхийлсэн байдаг. Түүнчлэн  шүүгдэгч Х.Отгонбаярын өөрийнх нь бусадтай бичсэн чат хэрэгт байгаа үүнийгээ шүүгдэгч үгүйсгээгүй хүлээн зөвшөөрдөг. Энэ байдлаас дүгнэвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байсныг нь нотолно. Шүүгдэгчийн анх жижиг хутгаар айлгаад  талийгаачийг зугтах хооронд хутгаа сольж томруулаад  байгаа нь хор хөнөөлийг нэмэгдүүлж  хохирогчийн араас очоод 6 удаа хутгалж хоолойг нь хэрчиж байгаа харгис гэхгүй юм бол өөр ямар хэргийг хэрцгий гэх юм.  Хохирогч нарын зүгээс улсын яллагчийн  зүгээс бүх насаар нь хорих ял оногдуулах саналыг тохирно гэж үзсэн. Хохирогч нарын зүгээс анхан шатны шүүхээс оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байгаа.  Шүүгдэгч өөртөө гэмшээд өөрийгөө хутгалсан гэж ярилаа. Энэ бол хэргийн улмаас гарах үр дагавраас айгаад өөрийгөө гэмтээсэн асуудал. Хэрэв харамсаж гэмшиж байгаа бол арай өөр үйлдэл үзүүлэх байсан. Гэтэл шүүгдэгч 1м 80 см өндөртэй  хүн. Харин хохирогч 1м 50 см  өндөртэй. Гэтэл  хохирогч түүнийг цохиж зодоод тэсэхгүй хутгалсан гэж ярьж байгаа нь үнэнд хэр нийцэх талаар  бодох хэрэгтэй гэж үзэж байна. Хэрэв хууль зөрчин мэдүүлэг авсан гээд байгаа бол насанд хүрээгүй гэрч О.Аминаагийн мэдүүлгийг нотлох баримтаас хасахад татгалзах зүйлгүй гэдгээ хэлмээр байна гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:  Шүүгдэгч Х.Отгонбаярын үйлдсэн хэргийн зүйлчлэлийн хувьд бүрэн хангагдсан.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотолбол зохих баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотолсон.  Хэргийн зүйлчлэлийн тухайд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан байдлын талаар буруу тайлбарлаж байна. Хэргийн үйл баримтаас хохирогчийн хууль бус зүй бус үйлдэлтэй холбоотойгоор  үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.  Хохирогчийн араас нь хөөж гараад хүүхдийнхээ  дэргэд хутгалж байгаа үйлдлийг сэтгэл санаа цочрон давчидсан гэж  тайлбарлаж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм. Зөвхөн шинжээчийн дүгнэлтээр Х.Отгонбаярыг яллаагүй хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар түүний үйлдэл  нотлогдож байгааг хэлмээр байна. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд  ял оноосон тул тусгайлсан саналгүй. Прокурорын зүгээс яллах цагаатгах талын  бүх нотлох баримтыг цуглуулж, удирдаж ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч өнөөдөр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал огт харагдахгүй байгааг хэлмээр байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоохын зэрэгцээ зөвхөн гомдолд дурьдсан зүйлээр хязгаарлахгүйгүйгээр  давж заалдах  шатны шүүхийн эрх хэмжээний  хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Отгонбаярыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 232 тоотод байрлах өөрийн гэртээ 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20:00 цагийн орчим өөрийн төрсөн хүүхдүүд болох О.Амина /11 нас, эмэгтэй/, О.Бат-Ирээдүй, О.Батхолбоо /4 настай, эрэгтэй, ихэр/ нарын дэргэд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан  хүзүү, хоолой, зүүн гарын сарвууны ар хэсэг, баруун суга, ар нуруу хэсэгт нийт 6 удаа хутгалж онц хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ алсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан  шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр” алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хууль зөрчин авсан насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг гол нотлох баримтаар тооцсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг  үйлдэх үедээ сэтгэл зүйн дараалал алдагдаж цочрон давчидсан байх боломжтой  өөрөөр хэлбэл түүний үйлдэлд хэргийн зүйлчлэлд тохироогүй байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.

 

Хэргийг судлан үзвэл: Шүүгдэгч Х.Отгонбаяр, хохирогч Б.Зулаа нар нь  хамтран амьдрах хугацаандаа 2010 оны 03 дугаар сарын 18-нд охин О.Амина, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү О.Батхолбоо, О.Бат-Ирээдүй нарыг  төрүүлсэн  боловч сүүлийн үед гэр бүлийн таарамжгүй харилцаа, хардалтын улмаас маргаан үүсдэг болж улмаар шүүгдэгч нь олон нийтийн газар өөрийн эхнэрийн эрх чөлөөнд халдаж  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд холбогдон  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны  өдрийн №2019/ЗШ/127 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 14 цагийн албадан сургалтанд хамтруулж байжээ.

 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20:00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 232 тоотод байрлах өөрийн гэртээ мөн дээрхи шалтгааны улмаас маргаан үүсгэж  эхнэр Б.Зулааг  өөрийн төрсөн хүүхдүүд болох О.Амина /11 настай, эмэгтэй/, О.Бат-Ирээдүй, О.Батхолбоо /4 настай, эрэгтэй, ихэр/ нарын дэргэд хүзүү, хоолой, зүүн гарын сарвууны ар хэсэг, баруун суга, ар нуруу хэсэгт нийт 6 удаа хутгалж онц хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан болох нь

1. Шүүгдэгч Х.Отгонбаярын 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Зулааг айлгая гэж бодоод гал тогооны тавилга дээр байсан хутганы комноос улаан иштэй том хутга аваад Зулаагийн араас байшингаас гарсан. Тэгсэн чинь Зулаа над руу дайраад зууралдаад бид хоёр газар унаад би Зулаагийн хоолой руу хутгалсан, тэгээд баруун гар, суга орчимд хутгалсан. Тэгээд ямар ч байсан хутгалснаа мэдээд хашаанд байдаг гражийн урд талын талбай дээр очиж суугаад эхлээд өөрийнхөө хоолойг Зулааг хутгалсан хутгаар хэрчсэн боловч зүсэгдэхгүй болохоор нь цээж хэвлийн хэсэг рүүгээ 2-3 удаа хатгаж, хутгалсан. Тэгсэн чинь миний хүзүүнээс их цус гараад байхаар нь би тэр газраа хэвтээд өгсөн. Түүнээс хойш ухаан алдсан ба нэг сэрэхэд эмнэлэг дээр сэрсэн...” гэх мэдүүлэг ,

2. Гэрч Т.Жаргалцэцэгийн “...Зулаа манай гэрт орж ирээд “...хоёулаа манай гэр лүү хамт явъя, найз нь гэрээс цүнхээ, хүүхдүүдээ авъя...” гэсэн. Тэгэхээр нь би “...тэгье, тэгье...” гэж хэлээд би өөрийн 4 настай охиноо хувцаслаад Зулаа манай охин бид гурав хамт миний 90-54 СЭҮ улсын дугаартай, “Истима” маркийн автомашинтай Зулаагийн гэрт очсон. ...Тэгээд Зулаатай цуг тэдний гэрт нь очиход Отгонбаяр 3 хүүхэдтэйгээ байсан бөгөөд Отгонбаяр том өрөөнийхөө орон дээр хэвтэж байсан. Зулаа гал тогооны өрөөний хөргөгч рүү очоод хоол хийх гээд мах гаргаж тавихад Отгонбаяр Зулаад хандан “...чи хоол хийх шаардлагагүй ээ, чи зүгээр хүүхдүүдээ аваад явчихаа, би гэртээ байж байя...” гэсэн. Тэр үед нээх уурлаж маргаан үүсээгүй, Отгонбаярын дуу хоолойн өнгө нь намуун байсан. Тэгсэн Зулаа Отгонбаярт хандан “...би ядаж хүүхдүүддээ хоол хийж өгье...” гэж хэлсэн чинь Отгонбаяр Зулаад хандан “...хоёулаа ярилцъя...” гэж хэлээд надад хандан “...Жаргалаа миний найз гараад байж бай...” гэсэн. Тэр үед нь би тэдний гэрийнх нь үүдэнд зогсож байсан тул өөрийн 4 настай охиноо аваад Отгонбаярын гэрээс гарсан. Намайг гарахад Зулаа надад хандан “...миний найз битгий яваарай, гадаа хүлээж байгаарай, найз нь цуг явна шүү...” гэж хэлээд надад гар цүнхээ өгөөд гаргасан. Тэгээд би тэдний гэрээс гараад хашааных нь үүдэн дээр автомашиндаа сууж байхад Отгонбаяр, Зулаа хоёрын том охин Аминаа гэрийнхээ хашааны хаалгаар орилоод, чарлаж гарч ирээд “...Жаагий аниа аав, ээжийг алчихлаа туслаарай...” гэж хэлээд гарч ирсэн. Тэгэхээр нь би “...юу болчихвоо...” гэж хэлээд өөрийн охиноо автомашиндаа ганцааранг нь үлдээгээд Аминаа дээр очоод тэвэрч авсан чинь Аминаа надад хандан “....аниа тэрийг хараа аав, ээжийг алчихлаа...” гэхээр нь би хашааных нь хаалгаар шагайгаад хартал, хашааны хаалганаас 5-6 орчим алхмын зайтай газарт хашаан дотор Зулаагийн гар нь цус болчихсон, ямар ч хөдөлгөөнгүй, зүүн гар талаараа хэвтэж байсан. Гадаа харанхуй болоогүй гэгээтэй байсан учир би харсан. Тэгээд Отгонбаяр луу хальт харсан чинь автомашиныхаа гражийн ойролцоо байсан. Би Зулааг хараад шоконд ороод хашаа руу нь ороогүй шууд буцаад автомашин руу очиж, Зулаагийн төрсөн эгч Долзоогийн 99500590 гэсэн гар утас руу 20 цаг 03 минутанд өөрийнхөө 88075969 дугаарын утаснаас залгаад “Аминаа, орилж, уйлаад байхаар нь очсон чинь Отгонбаяр Зулааг хутгалчихсан юм шиг байна, та цагдаа, эмнэлэг дуудаад хурдан ир” гэж хэлсэн. Тэгээд Зулаагийн эгч Долзоог нь иртэл би автомашинаасаа гараагүй, Аминаа уйлаад хашаандаа зогсоод байсан. Би Аминааг дуудсан боловч “би ээжийнхээ хажууд байна, хурдан түргэн дуудаач” гээд уйлаад байсан. Тэр үед би Отгонбаярыг ерөөсөө хараагүй, хашаа руу нь ч ороогүй юм. Зулаагийн эгч Долзоо нь Агиймаа гэж найзтайгаа хурдан ирсэн. Тэгээд цагдаа дуудчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд араас нь цагдаа ирсэн. Тэр үед нь ч би автомашинаасаа буугаагүй. Зулаагийн эгч Долзоо миний автомашинд Зулаагийн 3 хүүхдийг аваад ирсэн. Би хүүхдүүдийг нь аргадсан боловч орлилдоод байсан. Манай охин хүртэл дагаж уйлаад бөөн юм болсон. Би ганцаараа хүүхдүүдийг тайвшруулах гээд дийлээгүй. Тэгээд цагдаагийн ажилтан, шинжээч нар ирсний дараа би Зулаагийн хүүхдүүдийг гэр лүүгээ авч явсан. Зулаагийн эгч Долзоо нь надад “чи 3 хүүхдийг өнөөдөр гэртээ аваад хонуулчих” гэсэн юм. Намайг автомашиндаа байхад Отгонбаяр, Зулаа нар гэрээсээ гараад хашаан дотроо байх нь надад харагдаагүй. Учир нь тэдний гэрийн хашаа нь нэлээн өндөр блокон хашаатай юм. Хашаан дотроо хэрүүл маргаан болсон эсэх талаар надад мэдэгдээгүй. Бас тэдний гэрийн хашааны хаалга хаалттай байсан юм.

Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Зулаа ажил дээрээсээ манай гэрт орж ирээд хоол идэх гээд сууж байхад Отгонбаяр орж ирээд Зулааг “чи хэзээ орж ирсэн юм” гэж хэлсэн. Тэгээд бүгд хоол идээд сууж байхад Отгонбаяр Зулаад “чи одоо гэртээ ирээ, учир зүйгээ олъё” гэж байсан. Тэгэхэд Зулаа Отгонбаярт “Үгүй, би очихгүй. Элдэв янзын зан гаргаад байхаар чинь яаж очдог юм” гэсэн чинь Отгонбаяр Зулаад “...Яасан, тэр Мөнгөнхүү чинь чамайг хүрээд ир, гээд байна уу” гэж хэлж байсан. ...Отгонбаяр нь Зулаад “чи цагдаад өгсөн гомдлоо буцаагаад авчих” гээд гуйж байсан. Х.Отгонбаяр, Б.Зулаа нар цагдаа дээр гэр бүлийн асуудалтай байгаа юм шиг байна лээ. Тэгээд шүүхэд салах өргөдлөө өгчихсөн байгаа гэж хоёулаа ярьж байсан... гэсэн мэдүүлэг,  

3. Гэрч Ц.Балжиннямын  “...2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр миний бие өглөөний 10.00 цагаас хойш орой 20.00 цагийн хооронд байшин дээрээ ганцаараа шаврын ажил хийж дуусаад орой болсон болохоор багаж хэрэгслийг гэртээ оруулж хураагаад хашаан дотор явж байхад Отгонбаярын гэрийн гадна цагаан өнгийн /Улсын дугаар болон тээврийн хэрэгслийн маркийг нь мэдэхгүй байна/ тээврийн хэрэгсэл хашааны гадна зогсож байгаа харагдсан. Намайг хашаан дотор байхад Отгонбаярын том охин уйлаад цагаан өнгийн тээврийн хэрэгслийн хажууд уйлаад гараад ирсэн. Энэ үед Отгонбаяр гарч ирээд охиныгоо авалгүйгээр хашааны хаалгаа хаагаад буцаад орчихсон. Охин хашааны гадна уйлаад үлдсэн. Би тухайн үед яагаад хүүхэд нь уйлсан юм болоо гэж дотроо бодоод гэртээ орсон. Ингээд гэртээ орж ажлын хувцас болон гар нүүрээ угааж дуусаад гарч бие засах зорилгоор гэрээсээ гарч иртэл Отгонбаярын гэрийн гадна цагаан өнгийн тээврийн хэрэгслээс гадна “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ирж машинаас нэг хүүхэн бууж ирээд Отгонбаярын хашааны хаалгыг нь онгойлгож ороод туслаарай гээд гэнэт орилоод байхаар нь хашаан дээрээ гараад юу болсон талаар хартал хашаан дотор Зулаа газар хэвтэж байсан. Харин Отгонбаяр хашаан дотор гражийн үүдэнд хэвтэж байгаа харагдсан. Цагаан өнгийн машин дотроос нэг хүүхэн гарч ирээд “...Түргэн дуудах гэсэн боловч миний гар утас болохгүй байна. Чи түргэн, цагдаа дуудаад өгөөч...” гэж гуйсан. Ингээд би гэртээ орж эхнэр Солонгоогийн 99617167 дугаарын гар утсаар 7036103, 7036102 дугаар луу залгуулж дуудлага өгч дуусаад удалгүй гэрээсээ гарч иртэл хоёр цагдаа ирж байгаа харагдсан юм. ...Харсан зүйл яг л 20.00 цагийн үед л гэсэн үг. Учир нь би эхнэрээ утсаар цагдаа болон түргэн рүү дуудлага өгүүлсэн цаг нь яг 20 цаг 10 минут байсан. Намайг хашаан дээр гарч ирэх үед Отгонбаярын хашааны хаалга онгорхой байсан ба хашаан дотор яг хашааны хаалганы хажуухан талд Зулаа газар хэвтэж байгаа харагдсан. Түүний хажууд төрсөн эгч нь уйлаад зогсож байсан. Гражийн үүдэнд Отгонбаяр мөн адил газар хэвтэж байгаа харагдсан. Эдгээр хүмүүсээс өөр хүн хашаан дотор байгаагүй. Хашааны гадна зогсож байсан цагаан өнгийн машин дотор Отгонбаярын том охин мөн 30-35 насны нэг хүүхэн сууж байгаад машинаас бууж ирээд надаас түргэн тусламж дуудаад өгөөч гэж гуйсан. Өөр ямар нэгэн байгаагүй. Ер нь бол сүүлийн үед /ойрын 1 сарын орчимд гэсэн үг/ намайг хашаан дотор ажил хийж байхад эхнэр нь орилж хашхираад хоорондоо хэрэлддэг байсан юм. Би энэ хоёрыг юунаас болж хоорондоо хэрэлдэж маргалддаг байсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг ,

4. Гэрч Б.Долзодмаагийн  “...2020 оны 05 дугаар сарын 01-ний орой Зулаагийн найз Жаргалцэцэг над руу утсаар яриад Отгонбаяр Б.Зулааг үснээс нь зулгаагаад хашаандаа орчихлоо, хурдлаарай гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад найз Агиймаатай хамт дүү Зулаагийн гэр рүү явсан. Явж байх замдаа Цагдаагийн газарт манай дүү Зулааг нөхөр Отгонбаяр нь зодоод байна гэж дуудлага өгсөн. Ингээд Б.Зулаагийн гэрт яваад очиход Жаргалцэцэг хашааны гадаа машин дотроо сууж байсан ба хашаанд ороход манай дүү Б.Зулаа хашааны хаалганы ойролцоо зүүн талаараа доошоо харсан байдалтай цус болсон байхаар нь дүүгээ дуудсан боловч ямар ч хариу өгөхгүй байсан. Тэр үед нөхөр Отгонбаяр нь гражийн урд талд дээшээ доошоо хараад хэвтээд байх шиг байсан. Би тухайн үед Отгонбаяр дээр очоогүй. Граж нь талийгаачийн байсан газраас бага зэрэг зайтай байсан. Тухайн үед би айж сандраад хэсэг зуур ухаан балартсан. Тухайн үед хажуу айлын хүн эмнэлэг дуудсан байх гэж бодож байна. Удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн. Тухайн үед талийгаач Зулаагийн хажууд 4 настай хүү О.Бат-Ирээдүй, О.Бат-Холбоо нар нь уйлчихсан зогсож байсан. Охин О.Амина нь уйлаад орилоод хамаг үсээ зулгаагаад орилоод байсан. Би тухайн үед хашаанаас яаж гарснаа мэдээгүй. ...” гэх мэдүүлэг ,

5. Гэрч Б.Үржинхандын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х.Отгонбаяр, Б.Зулаа нарыг хувийн харилцаагаар огт танихгүй. 2019 оны 8 дугаар сард Сүхбаатар суманд оршин суух иргэн Б.Зулаа нь Цагдаагийн газарт ирж надаас гэр бүлийн хүчирхийллийн талаар болон гэр бүл цуцлалтын талаар хууль, эрх зүйн зөвлөгөө авсан. ...Тухайн зөрчлийг Х.Отгонбаярт холбогдуулан шалгаж, баривчлуулах саналтайгаар Аймгийн Прокурорт хянуулан шүүхэд материалыг хүргүүлсэн бөгөөд шүүхээс Отгонбаярыг 7 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулсан. ...Б.Зулаа нь тухайн үед нөхөр Отгонбаяр нь намайг байнга харддаг, миний цахим хуудсаар ороод миний өмнөөс хүмүүс рүү янз бүрийн зүйл бичдэг. Намайг маш их харддаг. Иймэрхүү байдал нь сүүлийн 2-3 жил тасралтгүй үргэлжилж байгаа, би цаашид энэ хүнтэй хамт амьдрах итгэлгүй болсон учраас гэр бүлээ цуцлуулаад хүүхдүүдээ аваад явмаар байна гэж ярьсан. Б.Зулаа нь тухай үедээ өргөдөл гаргахдаа өмнө намайг хэд, хэдэн удаа цохиж байсан. Гэхдээ тухайн үед миний биед гэмтэл учраагүй. Мөн хүүхдүүдээ бодоод дахиж зодохгүй байх гэж бодоод Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг

6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Отгонбаярын өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 19 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд эхнэр маань такси дуудчихсан зөрөөд гараад явсан. Гэртээ 2 хүүхэдтэйгээ байж байтал удалгүй эхнэр маань Жаагий гэдэг найзтайгаа орж ирсэн. Тэгээд орж ирсэн цагаасаа эхлээд л есөн бусаар хэлж, хэрүүл өдөн дайрч давшлаад байсан. Би Жаагий гэдэг найзаас нь санаа зовсондоо Хүүхдүүд байна айчихлаа, жаахан зөөлөн яриа, Хоёулаа ганц, хоёр үг сольё, Жаагий  миний найз түр гарч бай, хүүхдүүдээ цаад өрөөндөө орж бай” гэсэн. Тэгтэл над руу дайрч давшлаад байсан. Би “яагаад над руу орилж, чарлаад байдаг юм бэ? хэрүүл хийхгүй ярилцъя. Яагаад уурлаад байгаа юм бэ” гэж иймэрхүү зүйл ярьсан. Харин намайг “чи ер нь үхээч, тэр пизда шиг ээжийнхээ араас үх” гэж хэлсэн. Би “чи арай ч ингэж хэлж болохгүй, ээж маань өнгөрөөд удаагүй байхад арай ингэж хэлж болохгүй” гэж гуйсан ч гэсэн над руу дайрч, түлхээд “Би Сэлэнгэд цагдаа, шүүхээр танил ихтэй хүн шүү чамайг яасан ч чадна” гэж хэлэхээр нь би “Болохгүй ээ, битгий орилоод бай. Хоёулаа хэрүүл хийлгүй ярилцъя болохгүй бол больё” гэсэн. Тэгсэн ч над руу тэр эрчээрээ дайрч хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байхаар нь би сүүлдээ “За больё, чи явчих. Би хүүхдүүдтэйгээ хоолоо хийж идье” гэж хэлсэн. Тэгээд гарч яваад эргэж орж ирээд дахиад л дайрч, доромжилсон. Би сүүлдээ “явчих” гэж гуйсан. Тэр хооронд намайг түлхэж арай дэндүү байсан юм. Тэгээд л нэг мэдэхэд тийм зүйл болсон. Нэг л мэдэхэд би эхнэрээ алсан гэдгээ мэдсэн. Надад маш их хэцүү байсан. Би маш их балмагдаж, айсан. Сэтгэл санаа минь цочрон давчидсан. Би яахаа мэдээгүй. Нэгэнт ийм зүйл болсон гэж үхмээр санагдсан болохоор өөрийгөө хутгалсан байх гэж бодож байна. Би маш их гэмшиж, маш их харамсаж байна. Миний хүүхдүүд нас бага байна. Ийм зүйл болно гэж ерөөсөө бодоогүй гэнэт л болсон зүйл...” гэх мэдүүлэг,

7. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.Талийгаачид хүзүү, хоолойны гүн зүсэгдэж, нэвтэрсэн ил шарх, төвөнхийн нэвтэрсэн ил шарх, цээжний хөндийд нэвтэрсэн шарх. Хурц цус алдалт. Цээжний баруун хажуу хэсэгт цээжний хөндийд нэвт хатгагдсан шарх. Цээжний арын хэсэг баруун далны доод хэсэгт нэвтэрсэн шарх. Зүүн далны дор ташуу хэлбэрийн зүсэгдэж няцарсан шарх. Уушиг нэвт хатгагдсан шарх. Толгойн орой хэсэг хуйхны дотор хэсэг, гавал ясны оройн хэсгийн дээрх цус хуралт, зүүн сарвуун дээр зүсэгдэж няцарсан шарх, шөрмөс тасарч ил гарсан, зүүн I, II, IV –р хуруунд зүсэгдэж няцарсан шарх, баруун өвдөгний урд болон дотор хэсэгт цус хуралт, зулгаралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болон олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3. Талийгаачид учирсан хоолой зүсэгдэж няцарсан, цээжний хөндий 2 хэсгээс нэвтэрсэн шарх, уушиг нэвт хатгагдсан шархууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9, 3.1.10 болон 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай “Хүнд” гэмтлийн зэрэгт хамаарна. 4. Талийгаач хутгалагдсан шархны улмаас хурц цус алдалт, шокийн хүндрэл, амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. 5. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илэрсэнгүй. 6. Талийгаачийн цус А/II/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн  зөрчлийн мэдээллийн санд бүртгэгдсэн зөрчлийн жагсаал, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нээсэн Зөрчлийн хэргийн материал, зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар  тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Отгонбаярыг гэр бүлийн хамаарал бүхий эхнэрээ бага насны хүүхдүүдийн дэргэд, хохиорогчид олон тооны шарх гэмтэл үүсгэн  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу  “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр” алах гэмт хэргийг үйлдсэн байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын талаар: Сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэрэг нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу бие махбодийн хувьд хүчирхийлэлд өртсөн, хохирогчийн  доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ тараах зэрэг хэлбэрээр илэрдэг, хохирогчийн  хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас хохирогч амиа алдсан байх, хохирогчийн хууль бус халдлагын улмаас  өөрт нь болон түүний ойр дотных нь хүмүүст хүнд хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан шинжээрээ хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгагддаг.

            Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдлын урьдчилсан нөхцөл нь хохирогчийн зүгээс  нэг удаагийн төдийгүй байнгын /давтагдах/ шинжтэй хүч хэрэглэн дарамтлах, хүндээр доромжлох хууль бус үйлдлийн  хариу болж үүссэн, цочрон давчдах шууд шалтгаан нь  хохирогчийн хууль бус үйлдэлтэй  холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдалд үүсэж, түргэн зуур болдог онцлогтой.

Түүнчлэн хохирогчийн байнгын шинжтэй хууль бус, ёс суртахуунгүй үйлдлүүд нь гэмт этгээдийн хувьд удаан хугацааны сэтгэл зүйн эмгэг байдлыг үүсгэж, тийм нөхцөл  байдалд орсон шүүгдэгчийн сэтгэл зүйн ачаалал аажмаар нэмэгдсээр эцэстээ сэтгэл зүйн тэсрэлт явагдан, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг.

Тус хэргийн хохирогч Б.Зулаагийн  зүгээс хоорондоо маргасан байж болох боловч шүүгдэгч Х.Отгонбаярын сэтгэл санаанд хүчтэй цочролд нөлөөлөхөөр хууль бус үйлдэл гаргасан байж болох нөхцөл байдал тогтоогддоггүй бөгөөд харин шүүгдэгчийн 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Зулааг айлгая гэж бодоод гал тогооны тавилга дээр байсан хутганы комноос улаан иштэй том хутга аваад Зулаагийн араас байшингаас гарсан. Тэгсэн чинь Зулаа над руу дайраад зууралдаад бид хоёр газар унаад би Зулаагийн хоолой руу хутгалсан, тэгээд баруун гар, суга орчимд хутгалсан...” гэсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1. Х.Отгонбаяр нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан байна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар  шүүгдэгчийг хэрэг үйлдэх үедээ  өөрийн үйлдлээ хянах чадвартай байсан болохыг тодорхойлж байна гэж үзлээ.

Харин  насанд хүрээгүй гэрч О.Аминагийн мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангаагүй өөрөөр хэлбэл  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т "...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх..." эрхтэй гэтэл гэрчид эрхийг сануулаагүйгээр эцгийнх нь эсрэг мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн гэсэн гомдлын хувьд:

Насанд хүрээгүй гэрч О.Амина нь 11 настай шүүгдэгч, хохирогч нарын төрсөн охин бөгөөд тухай гэмт хэрэг гарах үед дэргэд нь байсан гэрчийн нэг боловч  тухайн хэргийг харснаар хүүхдийн  сэтгэл зүйн хувьд цочролд орсон байдлыг нь харгалзан  насанд хүрээгүй гэрчээс  тодорхой хугацааны дараа  түүний хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч нарыг оролцуулан  мэдүүлэг авсан байна.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д заасны дагуу түүнд төрсөн эцгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх талаар тодорхой тайлбарлалгүй мэдүүлэг авсан тул насанд хүрээгүй гэрч О.Аминаагийн мэдүүлгийг давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн  хохирогч эрхээ хэрэгжүүлж тохиролцоо хийсний эрх зүйн үр дагавар буюу өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг,  талийгаачийн банкны төлөгдөөгүй зээл 5.252.067 төгрөгийг  шүүгдэгчээр хариуцуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд ойлгомжгүй гэж тайлбарладаг бөгөөд хохирогчийн амь нас хохирсонтой холбоотойгоор  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талийгаачийн төрсөн эх Л.Тунгалаг нь хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар   “Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”  хийсэн нь хэдийгээр талуудын сайн дурын хүсэл зоригийн илэрхийлэл мэт  боловч шүүгдэгч Х.Отгонбаярын гэм буруутай үйлдлээс талийгаачийн бусдын өмнө хүлээсэн үүрэг биелэгдэхгүй байдал үүссэн, хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах  шаардлага  хохирогч Л.Тунгалагт үүссэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцон  өмгөөллийн зардал 2.000.000 /хоёр сая/ төгрөг, зээлийн үлдэгдэл 5.252.067 /таван сая хоёр зуун тавин хоёр мянга жаран долоо/-н төгрөгийг шүүгдэгч Х.Отгонбаяраас гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хохирогчийн шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн гэсэн давж заалдах гомдлын хувьд: Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Х.Отгонбаярт  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй тул хохирогч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд нарын Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Отгонбаяр түүний өмгөөлөгч У.Түвшин, хохирогч Л.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Отгонбаяр түүний өмгөөлөгч У.Түвшин, хохирогч Л.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй  болгосугай.

 

2. Шүүгдэгч Х.Отгонбаяр нь давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Л.Тунгалагт 7.500.000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

 

                       ШҮҮГЧИД                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН