Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 635

 

 

МАГАДЛАЛ

 

2019.04.10                                                 Дугаар 635                                      Улаанбаатар хот

 

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00317 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ү.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.О нь М.Б-д 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр               10 000 000 төгрөгийг Хаан банкны 5045392012 тоот дансаар 2 тасалж шилжүүлэн зээлдүүлсэн. Миний мөнгийг аваад Ланд 200 маркийн автомашиныг барьцаанд тавихаар харилцан тохиролцсон боловч барьцааны автомашинаа аваад явсан учир цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан боловч иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлэх хэрэгтэй хэмээн хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед зээлийн гэрээг байгуулаагүй байсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нотариат дээр төлбөр барагдуулах тухай гэрээг байгуулан 5 хувийн хүүтэйгээр гэрээнд 01 сар гэж алдаатай бичсэн, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангитай харилцан тохиролцсон. Харин гэрээний хугацаа дууссан боловч нэг ч төгрөг өгөөгүй, өдөр хоног өнгөрөөсөөр өнөөдрийг хүрлээ. Иймээс 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан байгаа. Гэрээний дагуу зээлүүлсэн 10 000 000 төгрөг болон 5 000 000 төгрөгийн алданги, нийт 15 000 000 төгрөгийг хариуцагч М.Б-гаас гаргуулахаар нэхэмжилж байна. Хамтран хариуцагч Э.Г-ээс татгалзсан гэжээ.  

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.О-т зуучилж өгөөд 10 000 000 төгрөгөө Э.Г-ийн дансруу шилжүүлээд Э.Г авчирч өгсөн. Тэгээд зээлсэн мөнгөөрөө тоглоод алдсан. Дараа нь машинаа ав, 10 000 000 төгрөгөө төл гэхэд машинаа авах нөхцөл бүрдэхгүй байсаар байгаад Д.О гадагшаа явсан байсан. Гэтэл цагаан сарын өмнө ирээд машинаа аваад явсан байсан. Та яагаад машинаа аваад явсан бэ гэхэд миний машин тоос шороонд дарагдаад байгаад байна. Д.О-тэй холбогдож болохгүй байна гэсэн. Тэгвэл та мөнгийг нь өг гэхэд надад 7 000 000 төгрөгийг өгсөн. 3 000 000 төгрөгийг яах гэж байна вэ гэхэд н.М  ах миний дүү аргалаад өгөөч 3 000 000 төгрөг байхгүй. Үүний дараа би н.Ч-д  20 000 000 төгрөг зээлүүлээд, тэр мөнгийг нь төлөөд өгчхөөч гэхэд за гэсэн. Би 7 000 000 төгрөгийг нь Д.О-т өгөх гэтэл утас нь холбогдохгүй байхгүй байсан. Тухайн зээлийг авахад н.Ч , н.М  2 хамт байсан, хамт үрсэн. Тэгээд би 20 000 000 төгрөгөө авъя, 10 000 000 төгрөгөө өгье гэхэд дараа нь н.Ч  хэрэгт ороод шоронд явсан. Нэгэнт ийм асуудал үүссэн учраас 10 000 000 төгрөгийг төлье гэсэн. Тэгээд надад ямар ч бичиг цаас байгаагүй учраас бичиг бичиж өг гээд нотариат дээр очиж учраа хэлээд төлбөр барагдуулах гэрээг хийсэн. Иймээс 7 000 000 төгрөг авсан, нөхцөл байдлаас болоод 10 000 000 төгрөгийг нь төлье гэсэн байр суурьтай байна. 15 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б-аас 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Өөрийн гүйцэтгэх ёстой үүргээ хүлээн зөвшөөрч бусадтай байгуулсан төлбөр барагдуулах гэрээ нь хүчин төгөлдөр юм. Нэгэнт уг гэрээ хүчин төгөлдөр бол түүний дагуу алданги тооцох эрх нь нэхэмжлэгчийн хувьд нээлттэй байх ёстой. Гэтэл шүүх алданги нэхэмжилсэн шаардлагыг хангаагүй нь үндэслэлгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжилж буй шаардлагаас шүүхийн хүчингүй болгосон хэсэг болох төлбөр барагдуулах гэрээний алданги болох 5 000 000 төгрөгийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулбал зохих мөнгөн дүнг буруу тооцсон, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч М.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 10 000 000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх 5 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр амаар байгуулсан хэлцлийн дагуу авсан 10 000 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны дотор төлөх, гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлбөр барагдуулах тухай гэрээгээр тохиролцсон байна. /хх 4/

2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулагдсан, уг гэрээнээс үзэхэд зээлийн гэрээг бичгээр баримтжуулсан байх ба уг гэрээнд заасан мөнгийг ХААН банк дахь хариуцагчийн дансаар шилжүүлэн өгсөн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймд зээлдүүлэгч гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байх тул зээлдэгч “10 000 000 төгрөгийг өөртөө хүлээн аваагүй” гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн алдангийн 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт хуульд нийцээгүй гэж үзнэ.

Талуудын хооронд хийгдсэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын тохиролцоо нь бичгээр хийх хуулийн шаардлагыг хангажээ. Хариуцагч тал алдангийн тохиролцоог зөвшөөрч гарын үсэг зурж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болно. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ “бусдад зээл авч өгсөн, нэхэмжлэгч мэдэж байсан” гэж тайлбарлаж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Төлбөр барагдуулах тухай гэрээний 1.2-т “заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, хэтрүүлсэн хоног тутамд үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлнө” гэж тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хугацаа хэтрүүлсэн алдангийг шаардах эрхтэй байх бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээл 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Б-гаас 15 000 000 төгрөгийг гаргуулан Д.О-т олгосугай.” гэж,

2 дахь заалтын “174 950” гэснийг “232 950” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                  ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

        М.НАРАНЦЭЦЭГ