Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/169

 

 

 

 

 

 

2025          06             20                                       2025ЦТ/169

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам 

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ийн ****д холбогдох эрүүгийн 2539001850164 дугаартай хэргийг  2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ц.Х нь Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар баг ****ийн 12-05а тоотод байрлах монгол гэрт 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ****тай маргалдаж, улмаар хохирогчийн зүүн бугалга хэсэгт хагарсан архины шилээр зүсэж, түүний эрүүл мэндэд зүүн бугалганд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Х нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч **** овогт ****ийн **** нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар баг ****ийн 12-05А тоотод байрлах монгол гэрт ****тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн зүүн бугалга хэсэгт хагарсан архины шилээр зүсэж эрүүл мэндэд нь “зүүн бугалгад зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Ц.Хын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг  (хх-ийн 63-64),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****ын “...2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би өөрийн найз ****ын гэрт очоод **** болон түүний эхнэр ****гийн хамт архи уугаад хоносон юм. Маргааш өглөө нь бид 3 сэрээд үргэлжлүүлээд дахиад архи уусан. Тэгээд архи уугаад гадаа нэлээн ч орой болсон байсан ба **** унтаад **** бид 2 архи уугаад сууж байтал гаднаас **** ах нэлээн согтуу орж ирсэн. Тэгээд бид 4 нийлээд архи уугаад сууж байтал **** ах надад хандан "Чи манай гэрээр согтуу ирсэн. Чи муу хулгайч" гэх мэтээр намайг хэл амаар доромжлоод байсан ба улмаар бид 2 маргалдаад муудалцсан. Тэгээд бид 2 муудалцаад барьцалдаж авч ****ын гэрт зодолдож байгаад нэг мэдсэн **** “Хүн аллаа шүү дээ. **** ахаа та ****ыг хутгалчихлаа” гээд **** ах бид хоёрыг салгасан. Тэгээд би гар луугаа харсан чинь миний зүүн гарын ар хэсгээс цус гарч байсан ба нэлээн том ангайсан шарх үүссэн байсан. Тухайн үед яг юунд гараа зүссэн талаар мэдэхгүй байна. Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор болсон явдлыг сайн санахгүй байна ... Тухайн цаг үед **** над руу агсарч надтай зодолдох үедээ архины шил хагалж чамайг ална гэж байсан. Тухайн үед архины шилийг хагалж гартаа барьсан байхаар нь миний бие өөрийгөө хамгаалах зорилгоор тэвэрч аваад газарт унасан юм. Тэгээд нэг мэдсэн гараас цус гараад байсан. Тухайн цаг үед архины шилийг **** ах гал түлдэг зуухны ирмэгт цохиж хагалж харагдсан. Тухайн үед бид хоёрыг **** салгаагүй бол намайг алах байсан байх...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12, 15-16),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч ****н “...Хохирогч **** нь хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 260,047 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн **** дугаарын данс руу шилжүүлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 75-76),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.****гийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө 01 цаг өнгөрч байхад ажлаасаа буугаад гэртээ өмнө нь хамт амьдарч байсан манай нөхөр болох **** болон хүүхдийнхээ хамт амарч байтал шөнө 02 цаг өнгөрч байхад манай нөхрийн найз гээд **** гэх манайд халамцуу орж ирээд тэгээд манайд амарсан юм. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө намайг сэрэхэд манайд нөхрийн хуурай ах нь гээд **** ах орж ирээд тэгээд манай нөхөр болон ****, **** ах энэ гурав манай гэрт 0,75 литрийн “Хараа” нэртэй 3 шил архи хувааж ууцгаасан юм. Тэгээд манай нөхөр бид хоёр 4 настай хүүхэдтэйгээ хамт унтаад өгсөн. Харин ****, **** ах энэ тэр юм яриад суугаад үлдсэн юм. Тэгээд намайг нэг сэрсэн чинь ****, **** нар нь хоорондоо зодолдоод манай гэрийн зуух энэ тэрийг хажуу тал руу нь харуулчихсан архины шил энэ тэр хагалчихсан байсан юм. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдоод байхаар нь би очиж салгах гэтэл ****ын зүүн гарын бугалга хэсэгт нь нэлээн зүсэгдсэн цус гарч байхаар нь би “Та нар чинь нэг нэгнийгээ аллаа ш дээ” гээд тэр хоёрыг салгаж орхиод, би гарч яваад хажуу айл руугаа ороод утсыг нь гуйж цагдаагийн байгууллагад мэдэгдээд эргээд гэртээ орж иртэл **** ах гараад явчихсан байсан. Харин **** манай гэрт сууж байсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 123 дугаартай “...1.2. ****ын биед зүүн бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хурц зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 28-29), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7), гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаа (хх-ийн 71), хохирогч ****ын Хэнтий аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 83), шүүгдэгч Ц.Хын Хэнтий аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 84) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ц.Хын үйлдлийн улмаас хохирогч ****ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Ц.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Ц.Х нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ****ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг Хэнтий аймгийн прокурорын газарт гаргасан байх тул шүүгдэгч Ц.Хыг хохирогч ****д төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч **** нь биедээ хөнгөн гэмтэл авч улмаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч, түүний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 260,047 төгрөгийг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч ****н мэдүүлэг, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ц.Х нь дээрх хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 260,047 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэв.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Хд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Х нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ийн ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн ****д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Хаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 260,047 (хоёр зуун жаран мянга дөчин долоо) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдоогүй, хохирогч ****д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Э.ХОСБАЯР