Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/175

 

 

 

 

 

 

 

 

 2025          06          30                                          2025/ШЦТ/175

 

 

                               

              

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Хосбаяр даргалж, шүүгч П.Пагма, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул

Иргэдийн төлөөлөгч Н.Э

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****овогт ****гийн ****т холбогдох эрүүгийн 2439000000426 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ц.Э нь Хэнтий аймгийн **** сумын 4 дүгээр баг, мал эмнэлгийн зүүн талын хашаанд байрлах монгол гэрт 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ****тэй “Улаанбаатар хот явна” гэсэн шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, цээжний нэвтэрсэн шархны улмаас үнхэлцэг хальс, зүрхийг нэвтэлж баруун ховдлоос зүүн ховдол руу чиглэсэн зүрхний зүүн ховдлын хөхлөг булчин зүсэгдсэн гэмтэл учруулж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би сайхан хүүгийнхээ амийг алдсандаа гомдолтой байна. Ард нь 4, 9 дүгээр ангийн хүүхдүүд байгаа. Ямар ч харах хүн байхгүй. Эх нь өөрийн ухаангүй, сэтгэцийн өвчтэй. Би гомдолтой байна. Тэр хоёр хүүхдэд тэтгэмж авна. Энэ хүний ар гэрээс ажил явдалд нь оролцоогүй. Асууж байгаагүй. Ээж нь гээд хүн, нэг өндөр залуутай ирээд гарсан. Одоог хүртэл хохирлын мөнгийг ч олж аваагүй. Оршуулгын зардал ч олж аваагүй. Би 3 хүүтэй байсан. Өөрийнхөө тэтгэвэр, хүүхдүүдийнхээ мөнгөөр ажил явдлыг нь өнгөрөөсөн. ...Хүүхдүүдэд нь тэтгэлэг гаргуулмаар байна, мөн оршуулгын зардал нэхэмжилнэ, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруугүй гэж үзэж байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай хүү **** Хэнтий аймгийн **** сумаас гэртээ найз охин **** гэх хүний хамт ирсэн юм. ****ийг ирсний дараахан 20-30 минутын дараа байх би ****т хувийн ажил гараад явсан юм. Тэгээд **** суманд очоод 2-3 хоноод байж байхад манай хүү **** нас барсан талаар манай хүү надад хэлсэн юм. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулахгүй...” гэжээ. (1-р хх-ийн 81-82, 85),

 

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 10 цагийн үед ****ийн дүү **** намайг үхрийн гэдэс ажиллаад өг гээд намайг дуудсан юм. Тэгээд би нөхрийн хамт гэрт нь яваад очтол **** болон ах нь ****, хамтран амьдардаг гэх эмэгтэй, бас манай танил **** гэх хүмүүс тухайн гэрт байсан. Нөхөр бид хоёрыг очиход ****, **** болон ****ийн хамтран амьдардаг гэх эмэгтэй нар пиво уугаад сууж байсан. Тэгээд нөхөр бид хоёрыг гэрт нь ороод сууж байтал **** манай нөхрийг нэг юманд явчихаад ир гэсэн юм. Тэгээд манай хүн ****гийн дүүгийн хүүхэд буюу ****ыг дагуулаад явсан. Тэгээд манай нөхөр 0,75 литрийн “Хараа” гэх архи авчраад **** манай нөхөр **** хамтран амьдрагчийн хамт тэр дөрвүүлээ уусан. Тэр архийг ууж байхдаа надад архи хийж өгөхөөр нь би уугаагүй. Авчирсан архийг нь уугаад би ч гэдэсээ арилгаж дуусаад гэдсийг **** чанаад бид нар идээд байж байтал 11 цагийн үед **** гэх эмэгтэй **** гэх эрэгтэйн хамт тухайн айлд ирсэн. Тэгээд тэр айлд сууж байгаад **** болон хамтран амьдрагч эмэгтэй нарыг **** манай гэрээр очооч гээд аваад явсан. Тэгээд би, ****, ****, манай нөхөр **** бид нар гэрт нь үлдсэн. Тэгээд бид нар тэр айлд байж байтал 13 цаг өнгөрч байхад **** хамтран амьдрагч гэх эмэгтэйн хамт буцаад гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ **** тэр хоёр хоёулаа нэлээн согтуу ирсэн. Тэр хоёрыг ****, **** хоёр хүргэж ирсэн. Тэгээд тэр хёр гэртээ ирэхээр нь нөхөр ****, **** бид хоёр гэрээс нь зөрөөд гарсан. Нөхөр бид хоёр гэрлүүгээ явах гээд, ****, **** ****ы 1 дүгээр эгнээнд байх эгчийндээ очино гээд явсан. Гэрт **** **** болон хамтран амьдрагч гэх эмэгтэй нар үлдсэн...” гэжээ. (1-р хх-ийн 88-89),

 

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн орой 18 минутын үед **** өөрийн **** гэх дугаараас миний гар утас руу залгаад “Би Хэнтий аймагт байна. Би ****д өчигдөр зодуулаад, өнөөдөр зодуулаад ийм орчинд байна. Та надад Хэнтийгээс Улаанбаатар хот руу явах унаа олоод өг” гэсэн. Тэгээд би фэйсбүүк хаягаасаа “Хэнтий зар” гэх зарын групп хаяг руу ороод унаа хайж байгаад **** гэсэн дугаарыг олоод залгахад эрэгтэй хүн авсан. Би тухайн хүнд хандан “Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу нэг хүн аваад ирээч” гээд ****ийн **** гэх дугаарыг өгөөд энэ дугаар луу залгаад наад хүнээ очоод аваарай гэсэн. Тэгж хэлээд удаагүй байтал нөгөө таксины дугаар над руу удалгүй залгаад “таны өгсөн уг дугаар холбогдохгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би **** гэх хүний дугаарыг тухайн таксины жолоочид өгсөн юм. Тэгсэн удалгүй таксины жолооч над руу дахин залгаад “энэ дугаар дээр **** гэх хүн байхгүй гэж байна” гэсэн. Тэгэхээр нь Би 18 цаг 32 минутанд Хэнтий аймгийн цагдаагийн газрын 7056102 дугаар луу залгаад **** гэх хүний дугаарыг өгөөд “Манай дүү энэ хүнтэй хамт Хэнтий аймагт байгаа. Хаана байгаа талаар нь мэдэхгүй байна. Утасны эзэн утсаа авахгүй байна” гэж хэлсэн юм. Тэгсэн Хэнтий аймгийн жижүүрийн цагдаа энэ дуудлагыг маань хүлээн аваад мөн **** гэх дугаарыг өгөөд энэ дугаар луу одоо залгаад нөгөө хүнийхээ дугаарыг өгчих гэсэн. Тэгээд би уг дугаар луу залгаад дээрх үйл явдлыг утасны дугаартай нь хэлж өгөөд “**** гэх хүнийг олоод **** луу залгаад хотын унаанд суулгаад өгчих” гэсэн. Цагдаад мэдэгдчихээд байж байтал 19 цаг өнгөрж байхад **** дугааapaac над руу залгаад болсон үйл явдлын талаар хэлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 92-93),

 

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би 24 цагийн жижүүрийн ээлжтэй байсан юм. 20 цагийн үед манай цагдаагийн байгууллагын жижүүрийн утаснаас над руу “Энэ хүнтэй холбогдчих. Энэ хүний дүү аймгийн төв дээр айлд байгаа юм байна. Нөгөө айлынх нь хүн явуулахгүй байгаа юм байна” гээд **** дугаарыг өгөөд энэ дугаар луу ярь гэсэн. Тэгээд би уг дугаар луу ярьтал “Манай дүү Хэнтий аймагт айлд байгаа, яг хаана гэдгийг нь мэдэхгүй байна. Тэр айлаасаа Улаанбаатар хот руу явах унаанд суух гэсэн нөгөө хүн нь явуулахгүй байна. Чи тэр айлаас нь очиж аваад Улаанбаатарын унаанд суулгаад өгөөч” гээд надад ****, **** гэх дугаарыг өгсөн. Тэгээд би дээрх дугаарын нэг рүү нь эхлээд залгахад уг дугаар нь холбогдохгүй байсан. Нөгөө рүү нь залгахад эмэгтэй хүн уг гар утсыг авахаар нь “Амрыг эрье. Би цагдаагаас ярьж байна” гээд юу болсон, хаана байгаа талаар асуухад “Би энэ хүнийг хутгалчихлаа. Энэ хүн унтаад сэрэхгүй байна” гэхээр нь би хаягийг нь тодруулж асуутал “Нарийн гол гэх газар байна” гэхээр нь би зүүн урагшаа яваад тэр хавиар хайгаад олдохгүй байхаар нь хаягийг нь дахин тодруулж асуугаад ойр хавьд чинь ямар хаяг байна гэхэд баруун талд маань мал эмнэлэг байна гэсэн. Тэгээд мал эмнэлгийн тэнд очоод мал эмнэлэгийн хойгуур нь тойроод мал эмнэлгийн зүүн талд байх хашаа руу очтол урт хар өнгийн куртиктэй, шаргал өнгийн үстэй эмэгтэй хашааны хаалганыхаа гадаа уйлаад зогсож байсан. Уг хашаа нь зүүн талдаа хаалгатай дотроо ганц монгол гэртэй хашаа байсан. Би хашааны гадаа очоод уг эмэгтэйтэй уулзаад юу болсон талаар асуухад “Гэрт байгаа” гэхээр нь гэр лүү ортол гэрийн баруун орон дээр толгой хэсэг нь баруун урагш харсан бие нь дээшээ харсан эрэгтэй хүн цээжний зүүн дээд хэсэгтээ шархтай нас барсан байдалтай хэвтэж байсан...” гэжээ. (1-р хх-ийн 96-97),

 

Гэрч Д.**** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай ээжийн эгч Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар баг ****ы 1-3 тоотод амьдардаг ба эгчийн бие тааруу байгаа гэхээр нь би өнөөдөр 14 цаг 30 минутын үед эгчийн гэр лүү явсан юм. Намайг явахад манай ах, хамтран амьдрагч ****ийн хамт гэрт үлдсэн юм. Тэгээд би ээжийн эгчийнд байж байхад орой 19 цагийн үед манай дүүгийн утсаар ахын хамтран амьдрагч эмэгтэй над руу залгаад “Танай гэрийн хаяг юу билээ. Би хот явах такси дуудах гэсэн юм” гэж залгасан. Тэгээд би “Мал эмнэлгийн зүүн талын хашаа, тодорхой хаяггүй” гэж хэлсэн. Тэрнээс хойш 19 цаг 30 минутын үед манай ах над руу өөрийн утаснаас залгаад “Ахын дүү ирэх юм уу? гэж асуусан. Мөн манай хамтран амьдрагчид болон өөр ямар ч хүнд дахиж гэрийнхээ хаягийг битгий хэлээрэй. Манай хамтран амьдрагч **** явах гээд байна гэсэн. Тэгэхээр нь би “Заа” гэж хэлээд тэрнээс хойш ахтайгаа яриагүй...” гэжээ. (1-р хх-ийн 99-101),

 

Шүүгдэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө **** бид хоёр гэрт нь 2,5 литрийн 2 том пиво уугаад байж байтал шөнө 02 цагийн үед миний утсанд чат ирсэн чинь **** уг асуудлаас болж намайг хардаж намайг үсдэж байгаад миний толгойны ар хэсгээр модон орны толгой мөргүүлээд орны хөндий рүү миний толгой хэсгээр шидэж унагасан. Мөн намайг орон дээр хэвтүүлж байгаад миний толгойг доошоо унжуулж байгаад намайг боосон. Тэгтэл ****ийн дүү **** болон **** нар “**** ах аа болиоч ээ” гэсэн чинь больсон. Тэгээд тухайн өдөр бид хоёр амарцгаасан. Маргааш өглөө нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө **** бид хоёр **** сум руу явах байсан юм. Тэгтэл **** гэнэт явахаа болиод 10 цагийн үед дэлгүүр орж нэг том 2,5 литрийн пиво авчирсан юм. Тэгээд тэрийг уух гээд байж байтал таньдаг 3 хүн нь ирээд бид нар бөөндөө уг пивыг уусан ба ирсэн танихгүй нэг ах ирэхдээ нэг том пиво авчирсан ба пивонуудаа ууж дуусаад тэр ах дэлгүүр орж дахин нэг шил 0,75 литрийн “Хараа” гэх архи авчирсан. Тэгээд бид нар уг архийг ууж дуусаад 15 цаг өнгөрч байхад хамаатны гэх айлд нь очиж үргэлжлүүлж архи уусан. Би тэр хүмүүсийн нэрийг сайн мэдэхгүй байна. Хэнтий аймгийг сайн мэдэхгүй болохоор гэрийг нь зааж мэдэхгүй байна. Бид нарыг тэр айлд очиход тухайн айлд хоёр жоохон хүүхэд нэг өвөө байсан. Бид нарын очсон ****ийн хамаатны гэх айлын эзэн толгой барьдаг хүн гэсэн. Миний толгойг бариулах гэж тухайн айлд бид нар очсон. Бид нар тэр айлд очоод 0,75 литрийн “Хараа” гэх архи дахин нэг шилийг уусан. Тэгээд **** бид хоёр 17 цагийн үед нөгөө цуг явсан хоёр хүнээрээ гэртээ буулгуулсан. Гэртээ яг орж ирээд байж байхад ****ийн ****т хамт амьдардаг гэх дүү нь нөхөр хүүхдийн хамт ирсэн. Тэр хоёр гэрт нь ирээд гэрээр нь орчихоод гараад явчихсан. Тэгээд **** бид хоёр хоёулаа гэртээ үлдээд бид хоёр нэлээн согтсон байсан тул унтацгаасан. Би орой 18 цаг өнгөрч байхад сэрээд хот явахаар шийдээд хот явах таксины дугаар “Хэнтий зар” дээрээс хайсан. Тэгээд такси олчихоод нөгөө таксиндаа хаягаа зааж өгөх гэхэд би тухайн газрын хаягийг мэдэхгүй байсан юм. Тухайн үед **** гэрт байсан ба ****оос гэрийн хаягийг асуухад мал эмнэлгийн зүүн талын хашаа гэж хэлсэн. **** надад гэрийн хаягаа хэлээд байж байтал Энхтуяа гаднаас гэрт орж ирээд ****ыг аваад айлд хонохоор явсан. Тэгээд би уг хаягийг таксины жолоочид утсаар яриад хэлээд байж байтал **** сэрээд “Чи хэнтэй яриад байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би “Би хот явлаа” гэж хэлтэл **** намайг явуулахгүй гээд миний гар утсыг булааж аваад галд хийгээд шатаагаад миний баруун хацар луу нэг удаа, зүүн хацар луу нэг удаа тус тус алгадсан. Би “Ёооё” гэж хэлээд ****ээс холдоод орон дээр суутал **** миний араас ирээд миний хоолойг боогоод орон дээр намайг дараад унагаасан. Би тухайн үед боолгосон байсан болохоор орилж хашгирч чадахгүй байсан. Би ****ийн гарыг нь гараараа цохиод цээж рүү нь түлхэж байгаад босоод ****ээс айсан. **** өмнө нь надад хүн амины хэргээр шоронд олон жил явж байсан гэж хэлж байсан болохоор нь улам айгаад шүүгээн дээр ил байсан хутга аваад эргэж хартал **** зодох гээд над руу зуухны урдуур алхаад ирэхээр нь би баруун гартаа байсан хутгаараа зуухны урд ****ийн цээжин хэсэг рүү хутгатай гараа савсан. Тэгтэл ****ийн бие нь сонин болоод орон дээр суусан. Би тухайн үед ийм зүйл болсон талаар мэдээгүй. ****ийг “Яагаад маяглаад байгаа юм бэ?” гээд ойрттол цээжнээс нь цус гараад арагшаа унасан. Тэгэхээр нь очоод цээжнээс нь гарч байгаа цусыг гараараа дараад цус нь тогтохгүй байхаар нь цус болсон гараа ****ийн хэвлий хэсэгт арчаад ****ийн гар утсыг аваад ээж рүү нь болон цагдаа, эмнэлэг рүү ярьж дуудлага өгсөн. Цагдаа манай гэрийг олохгүй байсан ба би цагдаатай гар утсаар яриад гэрийнх нь гадаа зогсож байгаад цагдаад гэрийг нь зааж өгсөн...” гэжээ. (1-р хх-ийн 104-107),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаартай “...1.2. Талийгаачийн цогцост цээжинд өвчүүний их биеийн зүүн талын 4,5-р хавиргатай бэхлэгдэх хэсэг болон зүрхний үнхэлцгийн хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээж зүрхний баруун ховдлоос зүүн ховдол руу чиглэсэн зүрхний зүүн ховдлын хөхлөr булчинд төгссөн хутгалагдсан шарх, үнхэлцэгт 300 гр бүлэн, духанд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс цээжинд өвчүүний их биеийн зүүн талын 4, 5 дугаар хавиргатай бэхлэгдэх хэсэг болон зүрхний үнхэлцгийн хөндий рүү нэвтэрч зүрхний баруун ховдлоос зүүн ховдол руу чиглэсэн зүрхний зүүн ховдлын хөхлөг булчинд төгссөн хутгалагдсан шарх, үнхэлцэгт 300 гр бүлэн гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Духанд зулгаралт, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ буюу 24 цагийн дотор үүссэн гэмтэл байна. Эдгээр гэмтлүүдээс цээжинд өвчүүний их биеийн зүүн талын 4,5-р хавиргатай бэхлэгдэх хэсэг болон зүрхний үнхэлцгийн хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээж зүрхний баруун ховдлоос зүүн ховдол руу чиглэсэн зүрхний зүүн ховдлын хөхлөг булчинд төгссөн хутгалагдсан шарх, үнхэлцэгт 300 гр бүлэн гэмтэл нь үхэлд хүргэсэн байна.

3. Үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Цусанд спиртийн зүйл илрээгүй, ходоодны шингэнд 5.6 промилли спиртийн зүйл илэрсэн. Согтолтын хүнд зэрэг

5. Цээжний нэвтэрсэн шархны улмаас үнхэлцэг хальс, зүрхийг нэвтэлж баруун ховдлоос зүүн ховдол руу чиглэсэн зүрхний зүүн ховдлын хөхлөг булчин зүсэгдэж үнхэлцэгт цусан хураа үүсч зүрх чихэлдэж нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 127-131, 135-141),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн бариултай хутга дээрээс гарын мөр илрээгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн 10 ширхэг гарын мөрийн “4,7” гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Харин “1,2,3,5,6,8,9,10” гэж дугаарласан 8 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн “4,7” гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь санд бүртгэлтэй гарын дардас, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 154-156, 157-159),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай “...1. Ц.Э нь тэмбүүгийн халдваргүй эмчлэгдсэн. Дох, Заг хүйтэн, Трихомониаз илрээгүй.

2. Эр бэлгийн эс илэрсэн...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 112-113),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай “...1 Ц.Эийн биед баруун хацар, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, хүзүү баруун мөр, цээж, баруун зүүн бугалга, нуруу, хэвлий, баруун гуянд цус хуралт баруун шанаа, хүзүү, цээж, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт 2 хацар толгойн дагз, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүдээс баруун шанаа, хүзүү цээжинд зулгаралт, баруун хацар, зүүн чихний дэлбэн, хүзүү, баруун мөр, цээж, баруун зүүн бугалганд цус хуралт, 2 хацар толгойн дагз зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь шинэ буюу 24 цагийн дотор үүсгэгдсэн гэмтлүүд байна. Зүүн шанаа, нуруу, хэвлий, баруун гуянд цус хуралт, баруун сарвуу зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд нь хуучин буюу 48-72 цагийн өмнө үүсгэгдсэн гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 120-122),

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 1),

            Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 12-13),

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 53-55, 45-52),

            Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 60-61, 56-59),

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 68-70, 62-67),

            Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 163-164),

            Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1-р хх-ийн 71),

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 217),

            ****ийн Хэнтий аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 173-174, 175-177),

            Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөчийн хуулбар (1-р хх-ийн 196-202),

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 28),

            Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (1-р хх-ийн 214),

            Ц.Эийн төрөл садангийн лавлагаанууд, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 166, 168, 169, 167, 170, 172) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн гар утас 1 ширхэг зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ц.Эт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ****овогт ****гийн **** нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мал эмнэлэг”-ийн зүүн талын хашаанд байх монгол гэрт ****тэй хувийн таарамжгүй харьцааны маргалдаж, улмаар түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж  “цээжний нэвтэрсэн шархны улмаас үнхэлцэг хальс, зүрхийг нэвтэлж баруун ховдлоос зүүн ховдол руу чиглэсэн зүрхний зүүн ховдлын хөхлөг булчин зүсэгдэж үнхэлцэгт цусан хураа үүсч зүрх чихэлдүүлж” алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Ц.Эийн “...**** бид хоёр хоёулаа гэртээ үлдээд бид хоёр нэлээн согтсон байсан тул унтацгаасан. Би орой 18 цаг өнгөрч байхад сэрээд хот явахаар шийдээд хот явах таксины дугаар “Хэнтий зар” дээрээс хайсан. Тэгээд такси олчихоод нөгөө таксиндаа хаягаа зааж өгөх гэхэд би тухайн газрын хаягийг мэдэхгүй байсан юм. Тухайн үед **** гэрт байсан ба ****оос гэрийн хаягийг асуухад мал эмнэлгийн зүүн талын хашаа гэж хэлсэн. **** надад гэрийн хаягаа хэлээд байж байтал Энхтуяа гаднаас гэрт орж ирээд ****ыг аваад айлд хонохоор явсан. Тэгээд би уг хаягийг таксины жолоочид утсаар яриад хэлээд байж байтал **** сэрээд “Чи хэнтэй яриад байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би “Би хот явлаа” гэж хэлтэл **** намайг явуулахгүй гээд миний гар утсыг булааж аваад галд хийгээд шатаагаад миний баруун хацар луу нэг удаа, зүүн хацар луу нэг удаа тус тус алгадсан. Би “Ёооё” гэж хэлээд ****ээс холдоод орон дээр суутал **** миний араас ирээд миний хоолойг боогоод орон дээр намайг дараад унагаасан. Би тухайн үед боолгосон байсан болохоор орилж хашгирч чадахгүй байсан. Би ****ийн гарыг нь гараараа цохиод цээж рүү нь түлхэж байгаад босоод ****ээс айсан. **** өмнө нь надад хүн амины хэргээр шоронд олон жил явж байсан гэж хэлж байсан болохоор нь улам айгаад шүүгээн дээр ил байсан хутга аваад эргэж хартал **** зодох гээд над руу зуухны урдуур алхаад ирэхээр нь би баруун гартаа байсан хутгаараа зуухны урд ****ийн цээжин хэсэг рүү хутгатай гараа савсан. Тэгтэл ****ийн бие нь сонин болоод орон дээр суусан. Би тухайн үед ийм зүйл болсон талаар мэдээгүй. ****ийг “Яагаад маяглаад байгаа юм бэ?” гээд ойрттол цээжнээс нь цус гараад арагшаа унасан. Тэгэхээр нь очоод цээжнээс нь гарч байгаа цусыг гараараа дараад цус нь тогтохгүй байхаар нь цус болсон гараа ****ийн хэвлий хэсэгт арчаад ****ийн гар утсыг аваад ээж рүү нь болон цагдаа, эмнэлэг рүү ярьж дуудлага өгсөн. Цагдаа манай гэрийг олохгүй байсан ба би цагдаатай гар утсаар яриад гэрийнх нь гадаа зогсож байгаад цагдаад гэрийг нь зааж өгсөн...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эийн “...2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай хүү **** Хэнтий аймгийн **** сумаас гэртээ найз охин **** гэх хүний хамт ирсэн юм. ****ийг ирсний дараахан 20-30 минутын дараа байх би ****т хувийн ажил гараад явсан юм. Тэгээд **** суманд очоод 2-3 хоноод байж байхад манай хүү **** нас барсан талаар манай хүү надад хэлсэн юм...” гэх, гэрч ****ын “...Тэгээд би, ****, ****, манай нөхөр **** бид нар гэрт нь үлдсэн. Тэгээд бид нар тэр айлд байж байтал 13 цаг өнгөрч байхад **** хамтран амьдрагч гэх эмэгтэйн хамт буцаад гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ **** тэр хоёр хоёулаа нэлээн согтуу ирсэн. Тэр хоёрыг ****, **** хоёр хүргэж ирсэн. Тэгээд тэр хёр гэртээ ирэхээр нь нөхөр ****, **** бид хоёр гэрээс нь зөрөөд гарсан. Нөхөр бид хоёр гэрлүүгээ явах гээд, ****, **** ****ы 1 дүгээр эгнээнд байх эгчийндээ очино гээд явсан. Гэрт **** **** болон хамтран амьдрагч гэх эмэгтэй нар үлдсэн...” гэх, гэрч ****ийн “...Тухайн орой 18 минутын үед **** өөрийн **** гэх дугаараас миний гар утас руу залгаад “Би Хэнтий аймагт байна. Би ****д өчигдөр зодуулаад, өнөөдөр зодуулаад ийм орчинд байна. Та надад Хэнтийгээс Улаанбаатар хот руу явах унаа олоод өг” гэсэн. Тэгээд би фэйсбүүк хаягаасаа “Хэнтий зар” гэх зарын групп хаяг руу ороод унаа хайж байгаад **** гэсэн дугаарыг олоод залгахад эрэгтэй хүн авсан. Би тухайн хүнд хандан “Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу нэг хүн аваад ирээч” гээд ****ийн **** гэх дугаарыг өгөөд энэ дугаар луу залгаад наад хүнээ очоод аваарай гэсэн. Тэгж хэлээд удаагүй байтал нөгөө таксины дугаар над руу удалгүй залгаад “таны өгсөн уг дугаар холбогдохгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би **** гэх хүний дугаарыг тухайн таксины жолоочид өгсөн юм. Тэгсэн удалгүй таксины жолооч над руу дахин залгаад “энэ дугаар дээр **** гэх хүн байхгүй гэж байна” гэсэн. Тэгэхээр нь Би 18 цаг 32 минутанд Хэнтий аймгийн цагдаагийн газрын 7056102 дугаар луу залгаад **** гэх хүний дугаарыг өгөөд “Манай дүү энэ хүнтэй хамт Хэнтий аймагт байгаа. Хаана байгаа талаар нь мэдэхгүй байна. Утасны эзэн утсаа авахгүй байна” гэж хэлсэн юм. Тэгсэн Хэнтий аймгийн жижүүрийн цагдаа энэ дуудлагыг маань хүлээн аваад мөн **** гэх дугаарыг өгөөд энэ дугаар луу одоо залгаад нөгөө хүнийхээ дугаарыг өгчих гэсэн. Тэгээд би уг дугаар луу залгаад дээрх үйл явдлыг утасны дугаартай нь хэлж өгөөд “**** гэх хүнийг олоод **** луу залгаад хотын унаанд суулгаад өгчих” гэсэн. Цагдаад мэдэгдчихээд байж байтал 19 цаг өнгөрж байхад **** дугааapaac над руу залгаад болсон үйл явдлын талаар хэлсэн...” гэх, гэрч ****гийн “...2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би 24 цагийн жижүүрийн ээлжтэй байсан юм. 20 цагийн үед манай цагдаагийн байгууллагын жижүүрийн утаснаас над руу “Энэ хүнтэй холбогдчих. Энэ хүний дүү аймгийн төв дээр айлд байгаа юм байна. Нөгөө айлынх нь хүн явуулахгүй байгаа юм байна” гээд **** дугаарыг өгөөд энэ дугаар луу ярь гэсэн. Тэгээд би уг дугаар луу ярьтал “Манай дүү Хэнтий аймагт айлд байгаа, яг хаана гэдгийг нь мэдэхгүй байна. Тэр айлаасаа Улаанбаатар хот руу явах унаанд суух гэсэн нөгөө хүн нь явуулахгүй байна. Чи тэр айлаас нь очиж аваад Улаанбаатарын унаанд суулгаад өгөөч” гээд надад ****, **** гэх дугаарыг өгсөн. Тэгээд би дээрх дугаарын нэг рүү нь эхлээд залгахад уг дугаар нь холбогдохгүй байсан. Нөгөө рүү нь залгахад эмэгтэй хүн уг гар утсыг авахаар нь “Амрыг эрье. Би цагдаагаас ярьж байна” гээд юу болсон, хаана байгаа талаар асуухад “Би энэ хүнийг хутгалчихлаа. Энэ хүн унтаад сэрэхгүй байна” гэхээр нь би хаягийг нь тодруулж асуутал “Нарийн гол гэх газар байна” гэхээр нь би зүүн урагшаа яваад тэр хавиар хайгаад олдохгүй байхаар нь хаягийг нь дахин тодруулж асуугаад ойр хавьд чинь ямар хаяг байна гэхэд баруун талд маань мал эмнэлэг байна гэсэн. Тэгээд мал эмнэлгийн тэнд очоод мал эмнэлэгийн хойгуур нь тойроод мал эмнэлгийн зүүн талд байх хашаа руу очтол урт хар өнгийн куртиктэй, шаргал өнгийн үстэй эмэгтэй хашааны хаалганыхаа гадаа уйлаад зогсож байсан. Уг хашаа нь зүүн талдаа хаалгатай дотроо ганц монгол гэртэй хашаа байсан. Би хашааны гадаа очоод уг эмэгтэйтэй уулзаад юу болсон талаар асуухад “Гэрт байгаа” гэхээр нь гэр лүү ортол гэрийн баруун орон дээр толгой хэсэг нь баруун урагш харсан бие нь дээшээ харсан эрэгтэй хүн цээжний зүүн дээд хэсэгтээ шархтай нас барсан байдалтай хэвтэж байсан...” гэх, гэрч Д.****гийн “...Манай ээжийн эгч Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар баг ****ы 1-3 тоотод амьдардаг ба эгчийн бие тааруу байгаа гэхээр нь би өнөөдөр 14 цаг 30 минутын үед эгчийн гэр лүү явсан юм. Намайг явахад манай ах, хамтран амьдрагч ****ийн хамт гэрт үлдсэн юм. Тэгээд би ээжийн эгчийнд байж байхад орой 19 цагийн үед манай дүүгийн утсаар ахын хамтран амьдрагч эмэгтэй над руу залгаад “Танай гэрийн хаяг юу билээ. Би хот явах такси дуудах гэсэн юм” гэж залгасан. Тэгээд би “Мал эмнэлгийн зүүн талын хашаа, тодорхой хаяггүй” гэж хэлсэн. Тэрнээс хойш 19 цаг 30 минутын үед манай ах над руу өөрийн утаснаас залгаад “Ахын дүү ирэх юм уу? гэж асуусан. Мөн манай хамтран амьдрагчид болон өөр ямар ч хүнд дахиж гэрийнхээ хаягийг битгий хэлээрэй. Манай хамтран амьдрагч **** явах гээд байна гэсэн. Тэгэхээр нь би “Заа” гэж хэлээд тэрнээс хойш ахтайгаа яриагүй...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаартай, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай дүгнэлтүүд болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч Ц.Э нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгч Ц.Э нь амь хохирогч ****ийн цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, цээжний нэвтэрсэн шархны улмаас үнхэлцэг хальс, зүрхийг нэвтэлж баруун ховдлоос зүүн ховдол руу чиглэсэн зүрхний зүүн ховдлын хөхлөг булчин зүсэгдэж үнхэлцэгт цусан хураа үүсч зүрх чихэлдүүлж алсан болох нь дээр дурдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгч гэм буруугүй байна” гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н нь шүүх хуралдаанд “...шүүгдэгч Ц.Э нь 2-3 хоног талийгаачийн хүчирхийлэлд байсан, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргээр зүйлчилж өгнө үү, эсхүл аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх саналыг гаргасан.

Амь хохирогчийн зүгээс гэмт этгээд болон түүний ойр дотны хүмүүсийн эсрэг чиглэсэн бие махбодийн хийгээд сэтгэл санааны хүчирхийлэл хийх, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжлох, төрөлхийн ба жам ёсны эрхийг нь хязгаарлах, хориглох, дураараа аашлах, гүтгэх зэрэг хууль бус бусад үйлдэл хийсэн нь санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж билээ.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болгохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал болно.

Шүүгдэгч Ц.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед боолгосон байсан болохоор орилж хашгирч чадахгүй байсан. Би ****ийн гарыг нь гараараа цохиод цээж рүү нь түлхэж байгаад босоод ****ээс айсан. **** өмнө нь надад хүн амины хэргээр шоронд олон жил явж байсан гэж хэлж байсан болохоор нь улам айгаад шүүгээн дээр ил байсан хутга аваад эргэж хартал **** зодох гээд над руу зуухны урдуур алхаад ирэхээр нь би баруун гартаа байсан хутгаараа зуухны урд ****ийн цээжин хэсэг рүү хутгатай гараа савсан. Тэгтэл ****ийн бие нь сонин болоод орон дээр суусан...” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Ц.Э нь сэтгэцийн ердийн ухамсарт байдлаас гарч, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болж, сэтгэцийн түр зуурын сааталд орсны улмаас ****ийг алсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, мөн өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Эт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Эийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ц.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Эийн үйлдсэн гэмт хэргийн улмаас ****ийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э нь хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э нь амь хохирогч **** нь хоёр хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдэд нь тэтгэлэг гаргуулна, мөн оршуулгын зардал нэхэмжилнэ гэж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э нь өөрт учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Ц.Эээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийн цагдан хоригдсон 76 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн гар утас 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****овогт ****гийн ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн ****т 5 (тав) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  5.6  дугаар  зүйлийн  4  дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 5 (тав) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийн цагдан хоригдсон 76 (далан зургаа) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э нь өөрт учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Ц.Эээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн гар утас 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Эт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ХОСБАЯР

 

                                                     ШҮҮГЧИД                          П.ПАГМА

 

                                                                                                А.ЭНХБААТАР