2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1261

 

 

 

 

 

 

2025           05         14                                     2025/ШЦТ/1261

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Э.Б, Р.М,

нарийн бичгийн даргаар Ц.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан эрүүгийн 2502000240025 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ж овогт Э.Б

          Монгол Улсын иргэн, ......... эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмээ, эх, дүү нарын хамт амьдардаг, Улаанбаатар хот, ..........  оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч: Б овогт Р.М

Монгол Улсын иргэн, .......... эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, .............., ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, ................ оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Э.Б, Р.М нар нь бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ........ орцонд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 0.0317 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

          Шүүгдэгч Э.Б, Р.М нар нь бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ........... орцонд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 0.0317 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Б нь өөрийн биедээ хадгалаж байгаад Р.Мт дамжуулан өгч, улмаар халаасанд хийн худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

          - шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Р.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Б ахтай уулзаад тамхийг нь өгөөд орцонд нь тамхилж зогсож байхад Б ах өөрийнхөө өмссөн куртикний баруун талын халааснаас хөх өнгийн цахилгаантай нүдний шилний хайрцаг гаргаж ирээд надад өгөөд түр халаасанд хийчих гэснийг би аваад куртикнийхээ халаасанд хийчхээд Б ахаас салаад 8 давхраас шатаар бууж буутал эргүүлийн 2 цагдаа орж ирээд Б ах бид хоёрыг дуудаж биед нэгжлэг хийгээд сэжигтэй байна гээд цагдаагийн алаг машинд суулгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү авч яваад Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид ирсэн. Тэгээд миний биед үзлэг хийхэд Б ахын надад өгсөн хөх өнгийн цахилгаантай нүдний шилний хайрцаг дотор бөөрөнхий шилтэй соруул, хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, цустай тариур, зүү гарч ирсэн...Одоогоос 1 сарын өмнө мөс гэх бодисыг сорж үзсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас),

- шүүгдэгч Р.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдөр .......... орцонд хуурай ах Бийн хамт байхад Б ах 2024 оны 12 дугаар сарын 18-ний өдөр байрныхаа орцноос "Мөс" гэх нэршилтэй мансууруулах бодис олсон талаар надад хэлээд үзүүлсэн. Тухайн бодисыг өмнө нь интернэтээс харж байсан тул, "Мөс" гэх бодис байна гээд хараад мэдсэн. Б ах тухайн зүйлийг олохдоо хэрэглүүр болох соруул, шанагатай нь цуг олсон гэсэн ба бид хоёр сонирхоод уг байрны 8 давхарт мөснөөс шанаганд хийж халаагаад, соруулаар нь сорж хэрэглэсэн. Би анх удаа "Мөс" гэх нэршилтэй бодис хэрэглэж үзсэн тул, ямар нөлөө үзүүлснийг сайн мэдээгүй. Бид хоёр нэг нэг сорчхоод байж байтал, нүдний шилний хайрцгийг нь би бариад зогсож байтал орцны хаалгаар цагдаа орж харагдахаар нь Б ахын нүдний шилний хайрцагт байсан уг "Мөс" гэх бодис болон түүний хэрэглүүрийг хайрцагтай нь цуг халаасандаа хийсэн. Тэгээд зөрөөд гарах гэтэл цагдаа нарт баригдаж, биедээ үзлэг хийлгүүлж, сайн дураараа уг мансууруулах бодисыг гаргаж өгсөн юмаа... гэм буруугаа ухаарч, гэмшиж байна. ..” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас),

- шүүгдэгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний өмссөн куртикний халааснаас натрийн хлорид шингэн, 7 ширхэг ...... эм, тариур зүү, шил зэрэг хураагдсан Мын халаасанд нүдний шилний хайрцагтай, шанаган шил, гуурс, зиплок уутны булангаар мөс гэх нэршилтэй мансууруулах бодис, хуйлсан мөнгө зэрэг нь минийх байгаа юм. Би тэдгээрийг өөрийнхөө амьдардаг 22а байрны 5-р орцны 8 давхрын цахилгааны хайрцаг дотроос 2024 оны 12-р сарын 18-ны өдөр олсон байсан юм тэгээд мөснөөс нь бага зэргийг хэрэглээд үлдэгдлийг халаасандаа хийгээд явж байсан, тэгээд өнөөдөр өглөө Мтой уулзаж байж байгаад юм бодолгүй Мт нүдний шилний хайрцагтай зүйлээ өгчихсөн юм. Уг гялгар ууттай мөснөөс М хэрэглээгүй, би өөрөө ганцаараа шилэн шанагандаа мөснөөс бага зэргийг хийгээд доороос нь шатаагаад утааг сорсон. Намайг олоход угаасаа бага зэрэг л байсан одоо байгаа хэмжээтэй ижил 1 дахин их байсан түүнээс нь бага зэргийг хэрэглээд үлдсэн нь энэ хураагдсан байгаа юм. Би энэ мөсний тухай мэдээллийг интернэт орчноос харж, бичлэг үзэж байсан учраас мэднэ. Би ........ гэх өвчин намдаах эмийг бол 2023 оноос хойш натрийн устай хольж судсандаа тарьж хэрэглэж байгаа. Нэг удаа 2-3 ширхэг ...... эмийг натрийн устай хольж судсандаа тарьж хэрэглэдэг. Ингэж хэрэглэхээр миний бие тайвширч стресс буурч, нурууны өвчин намдах мэдрэмж төрдөг..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас),

- шүүгдэгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... 2024 оны 12 дугаар сарын 18-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 22а байрны 5 дугаар орцноос олсон мансууруулах бодис болон хэрэглүүрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл биедээ авч явсан ба, уг зүйлээс сонирхож, 1 удаа л сорж хэрэглэсэн. 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл өөрийн биедээ авч яваад 14 дүгээр байрны 4 дүгээр орцонд дүү Мыг дуудаад сонирхож бид хоёр анх удаа л хэрэглэсэн. Зиплок ууттай, талстлаг цагаан зүйлийг гаргаж шилэн шанаганд хийгээд доороос нь халааж, соруулаар сорсон. Би анх удаа хэрэглэж үзсэн ба, намайг сэргээж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Уг мансууруулах бодис болон хэрэглүүрийг М халаасандаа хийсэн ба, цагдаагийн албан хаагчид нэгжлэг хийхэд Моос гарсан нь тийм учиртай юмаа...Би буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна, дахин алдаа гаргахгүй..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас),

- шүүгдэгч Р.Мын биед нэгжлэг хийсэн тухай “...Р.Мт "Таны биед ямар нэгэн хориотой эд зүйл, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис байна уу, хэрэв байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү" гэхэд тэрээр "Миний өмссөн хар өнгийн куртикний баруун халаасанд нүдний шилний хайрцагтай гялгар ууттай мөс, соруул, тариур, тарианы шил, хуйлсан мөнгөн дэвсгэрт зэрэг байгаа, энэ надтай хамт явсан Б ахынх байгаа юм, миний халаасанд түр хийсэн юм, сайн дураараа гаргаж өгнө" гэсний дагуу гадуур өмссөн хар өнгийн куртикний гадна баруун халааснаас хөх өнгийн цахилгаантай нүдний шилний хайрцаг гаргаж өгөх ба цахилгааныг нээж үзэхэд үзүүр хэсэгтзэ цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн бортого /шанага мэт/-той нөгөө үзүүр хэсэгтээ хар өнгийн соруул мэт зүйлийг гар аргаар хийсэн, цагаан өнгийн гуурс, цус мэт зүйлээр бохирлогдсон тариур 1 ширхэг, зүү 1 ширхэг, хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, ...... гэсэн бичиглэлтэй улбар шар өнгийн капсултай эм мэт зүйл 2 хэсэг нийт 9 ширхэг, хоосон капсул 2 ширхэг, зиплок түгжээтэй гялгар уутны хэсэгт цагаан өнгийн талстлаг зүйл байхыг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авч, албаны цахилгаан жингээр жинлэхэд зиплок түгжээтэй гялгар уутны хамт 0,2 грамм жинтэй байсныг өөрт нь харуулж, тэмдэглэлд тусган шинжилгээнд хүргүүлэхээр тогтов...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас),

- шүүгдэгч Э.Бийн биед үзлэг хийсэн тухай 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “...Э.Бийн биед үзлэг эхлэхийн өмнө нь түүнд ямар хэрэгт сэрдэгдэн цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирсэн талаар нь тайлбарлаж түүнд өөрийн биед байгаа хууль бус эд зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг сайн дураараа гаргаж өгөхийн ач холбогдлыг тайлбарлан өгөхөд Э.Б нь куртикний дотор талын энгэрийн карманаас натри, цустай тариур, 2 ширхэг хоосон капсул, 7 ширхэг ...... гэх нэршилтэй эм мэт зүйл, хоосон зиплок уут зэргүүдийг эд мөрийн баримтаар хурааж авав... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас),

- шүүдэгч Э.Бийн мэдүүлгийг 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 63-65 дугаар хуудас),

- гэмт хэргийн талаарх мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 40 минутад хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар хуудас),

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн “...3. Р.М нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх 159 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас),

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн ...Э.Б нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх 158 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас),

- Хүний биеэс биологийн дээж буюу шээс авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн “...Э.Б...2 дугаар багананд 1 улаан зураас тодорч тухайн бодисыг хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгаж...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас),

- Хүний биеэс биологийн дээж буюу шээс авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн “...Р.Мын...2 дугаар багананд 1 улаан зураас тодорч тухайн бодисыг хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгаж...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас),

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 03-ний өдрийн “...1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Г-384 Р.Моос хураан авсан соруул тариур эм х/ч Н 2024.12.20." гэж хаягласан зиплок ууттай үзүүр хэсэгтэй хар өнгийн хуванцар болон цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон гаанс мэт зүйл холбосон цагаан өнгийн соруул мэт зүйл, "Р.М мөс х/ч Н 2024.12.20" гэж хаягласан зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйл тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно. Хэрэглэсэн тариур, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон зүү, улбар шар, шар өнгийн 2 ширхэг хоосон капсул, "...... 300мг" гэсэн шошготой улбар шар, шар өнгийн капсултай 9 ширхэг эм мэт зүйл Монгол Улсын AL4400819 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. 3. Шинжилгээнд ирүүлсэн зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.0317 грамм...” гэх 595 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 27-32 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Р.Нандинцэцэгийн 2025 оны 1 дүгээр сарын 06-ний өдрийн "...1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Э.Б 12.21" гэж хаягласан шээс, "Р.М 12.21 " гэж хаягласан шээс зэргээс Метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад хамаарна...” гэх 594 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас),

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Р.Нандинцэцэгийн 2024 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн “...1.2.4. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "Натрийн хлорид 0,9% 100 мл гэсэн бичиглэлтэй өнгөгүй шингэн зүйл, бор шаргал өнгийн капсултай эм мэт зүйл, "1" гэж дугаарласан шил мэт зүйл, "2" гэж дугаарласан шил мэт зүйл зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. "Натрийн хлорид 0,9% 100 мл гэсэн бичиглэлтэй өнгөгүй шингэн зүйл, бор шаргал өнгийн капсултай эм мэт зүйл, " 1" гэж дугаарласан шил мэт зүйл зэргээс (Gabapentin lactam) илэрч байна. Зиплок гялгар ууттаас метамфетамин (methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх 603 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

           Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм. Уг бодисыг хүн хэрэглэснээр хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний биед улиг муу зуршил бий болгодгоороо нийгэмд үзүүлэх хор уршиг өндөртэйд тооцогдон нийгэмд аюултай гэм үйлдэл гэж үздэг. Тиймээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч хуульчилжээ. Энэ гэмт хэргийг үйлдэж буй хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг мансуурах зорилгоор шууд санаатайгаар хууль бусаар олж авч, хадгалж хэрэглэснээр хэргийн бүрдэл хангагдаж уг гэмт хэрэг төгссөнөөр тооцогддог.

          Иймд шүүгдэгч Э.Б, Р.М нар нь бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ............ орцонд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 0.0317 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг санаатайгаар өөрсдөө хэрэглэж, улмаар  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар тус тусын биедээ хадгалсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл болох үйлдэл оролцоо, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, удаан хугацаанд мансууруусан зуршлаас ангижруулах, хийж буй нийгэмд аюултай үйлдэл, бусдыг татан оруулах үйлдлийг таслан зогсоож дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, ухамсарлуулан хүмүүжүүлэх зорилгоор нийгмээс тусгаарлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Р.Мт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох үйлдэл оролцоо, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн нөхцөл байдал, 18 настай ахлах ангийн сурагч болох хувийн байдлыг нь тус тус харгалзан цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрхийг нь хязгаарлахгүйгээр гэр бүлийн орчиндоо ухамсарлан хүмүүжих боломжтой гэж үзэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

          Шүүгдэгч Р.Мийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, түүний биеэс олдсон сэтгэцэд нөлөөлөх бодисын төрөл, хэмжээ, сурч боловсрох нөхцөл байдлыг нь тасалдуулахгүй байх зэргийг тус тус харгалзан зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусдаар түүний сургууль, байнга оршин суудаг газар болох Улаанбаатар хотын ................ дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр зорчих эрхийг 2 жилийн хугацаагаар хязгаарлаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. 

 

          Бусад асуудлын талаар

 

          Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “цагаан өнгийн гуурс, цус мэт зүйлээр бохирлогдсон тариур 1 ширхэг, зүү 1 ширхэг, хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, капсултай эм 9 ширхэг, хоосон капсул 2 ширхэг, зиплок түгжээтэй гялгар уут, натрийн хлорид гэсэн бичигтэй ууттай шингэн, 7 ширхэг капсултай эм, цус мэт зүйлээр бохирлогдсон зүү тариур, хоосон зиплок уут, 2 ширхэг шил, 0.0317 цэвэр жинтэй талстлаг зүйл” зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Э.Б, Б овогт Р.М нарыг бүлэглэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бт 1 /нэг/ жил хорих ял,

Шүүгдэгч Р.Мт 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Р.Мт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар эдлүүлж, Улаанбаатар хотын .......... дүүргийн нутаг дэвсгэр хооронд зорчих, яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусад газар руу зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Э.Б, Р.М нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн гуурс, цус мэт зүйлээр бохирлогдсон тариур 1 ширхэг, зүү 1 ширхэг, хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, капсултай эм 9 ширхэг, хоосон капсул 2 ширхэг, зиплок түгжээтэй гялгар уут, натрийн хлорид гэсэн бичигтэй ууттай шингэн, 7 ширхэг капсултай эм, цус мэт зүйлээр бохирлогдсон зүү тариур, хоосон зиплок уут, 2 ширхэг шил, 0.0317 цэвэр жинтэй талстлаг зүйл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Р.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ