2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1162

 

 

 

 

 

 

2025         05          06                                    2025/ШЦТ/1162

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Г.Ууганбаатар, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэйгээр

улсын яллагч Б.Очгэрэл,

иргэдийн төлөөлөгч Д.О,

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Г.Булгамаа, Б.Батзаяа,

шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч С.Солонго,

нарийн бичгийн даргаар Б.Цэнд-Аюуш, Х.Сүххуяг нарыг оролцуулан эрүүгийн 2102000000191 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: И овогтой Н.У

          Монгол Улсын иргэн, ........... эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ................. тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

          Шүүгдэгч: С овогтой А.Э

Монгол Улсын иргэн, ........... эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой зжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

I.  Шүүгдэгч А.Э нь бусдын нэр, оршин суух хаягийг ашиглан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтсан метамфетамины” агууламжгай, “мөс” гэх нэршилтэй, 3 хэсэг уутны хамт нийт 951,9 грамм, 36,5 (36,5028) грамм тус тус жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Малави Улсын иргэн .............,  Англи улсын иргэн ............ гэгчид тус тус захиалж, Төв аймгийн Сэргэлэн сум, "Чингис Хаан” олон улсын агаарын замын боомтоор 2021 оны 8 дугаар сарын 04,  2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрүүдэд Монгол Улсын хилээр тус тус нэвтрүүлсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт,

- НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтдаг Метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 3,5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд ........... тоот орон сууцанд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан;

- шүүгдэгч Н.Утай бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine)-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 2,8 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Дын эзэмшлийн Хаан банкны .......... тоот дансны виза картыг өөрийн эзэмшилд авч, улмаар уг дансаар дамжуулан 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг нийт 5,500,000 төгрөгийг Э.Даар дамжуулан иргэн Д.Г шилжүүлүүлэн авч, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа Хаан банк нисэх тооцооны төв, Анар хотхон, 801 дүгээр байранд байрлуулсан ATM (бэлэн мөнгөний машин)-аас 2.500.000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудалд байрлах ATM (бэлэн мөнгөний машин)-аас 3,000,000 тетрөгийг тус тус бэлнээр гарган авч, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар иргэн Д.Г худалдсан тус тус үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

II. шүүгдэгч Н.У нь ................... тоотод 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хамтран амьдрагч А.Эын илгээмжид нуун Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг, метафетамин (methamphetamine)-ийн агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, нийт 33 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан,

-2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр .......... тоот өөрийн гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг, метафетамин /methamphetamine)-ийн агууламжтай, “мөс" гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт 1 грамм (1,073) бодисыг өөрийн найз Ч.Ононд өгсөн буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн тус тус үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

- үргэлжилсэн үйлдлээр тухайн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’ -ын II жагсаалтад  багтдаг, метафетамин  (methamphetamine)-ийн агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисоос 10 грамм бодисыг Х.Дд 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 6 удаагийн гүйлгээгээр 9,150,000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

-2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр .......... НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг, метафетамин (methamphetamine)-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт 0,6 (0,646) грамм жинтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

- шүүгдэгч А.Этой бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine)-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 2,8 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Дын эзэмшлийн Хаан банкны .............. тоот дансны виза картыг өөрийн эзэмшилд авч, улмаар уг дансаар дамжуулан 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг нийт 5,500,000 төгрөгийг Э.Даар дамжуулан иргэн Д.Гоор шилжүүлүүлэн авч, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа Хаан банк нисэх тооцооны төв, Анар хотхон, 801 дүгээр байранд байрлуулсан ATM (бэлэн мөнгөний машин)-аас 2.500.000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудалд байрлах ATM (бэлэн мөнгөний машин)-аас 3,000,000 тетрөгийг тус тус бэлнээр гарган авч, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар иргэн Д.Гт худалдсан тус тус үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

А. 1-1. Шүүгдэгч А.Э нь иргэн Д.Батболдын нэр, оршин суух хаягийг ашиглан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтсан метамфетамины агууламжгай, “мөс” гэх нэршилтэй, 3 хэсэг уутны хамт нийт 951,9 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Бүгд Найрамдах Малави Улсын иргэн ...........-д захиалж, Төв аймгийн Сэргэлэн сум, “Чингис Хаан” олон улсын агаарын замын боомтоор 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт нь дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Миний төрсөн эгч .... төрсөн хүү А.Э одоогоос 1 сарын өмнө байх манай гэрт ирсэн. Би гэртээ ганцаараа амьдардаг юм. Тэр үед Э миний иргэний үнэмлэхийг аваад манай гэрийн хаяг, миний регистрийн дугаар зэрэг миний мэдээллийг цаасан дээр тэмдэглэж аваад сууж байсан. Тухайн үед би Эоос “яах гэж байгаа юм” гэж асуухад “зүгээр, зүгээр, таны нэр дээр илгээмж ирж магадгүй шүү” гэж хэлж байсан. Тэгээд би нээх тоогоогүй орхисон. Тэгсэн өчигдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 10-ны өглөө миний ........... дугаарын утас руу шуудан илгээмжийн газраас залгаад “таны нэр дээр илгээмж ирлээ” гэж хэлсэн. Тэгсэн удалгүй Э өөрийнхөө ............ дугаарын утаснаас над руу залгаад “юу байна, хаана байна” гэж асуухад нь би “ажилд орсон, ажил дээрээ байна, чиний хэлээд байсан нөгөө илгээмж чинь ирсэн байна лээ, шуудан илгээмжийн газраас над руу залгасан” гэж хэлсэн. Тэгсэн Э “DHL-ээр ирсэн үү, хаана ирсэн юм” гэж асуусан. Тэгэхээр нь би “үгүй ээ Туушингийн ачаа тээвэрт ирсэн, өглөө ажлаас буугаад очиж авна” гэж хэлсэн чинь Э “аваад гэртээ байлгаж бай, би очоод авна” гэж хэлээд утсаа салгасан, Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 11-ний өглөө 11 цагийн үед байх Э над руу залгахаар нь би “одоо авах гээд явж байна” гэж хэлсэн чинь Э “за та аваад гэртээ байлгаж бай би очоод авна” гэж хэлсэн. Би энэ ачааны талаар огт мэдэхгүй Э надад ямар ачаа ирэх талаар юу ч хэлээгүй. Энэ ачаа бол Э миний нэрээр, хаягаар ирүүлсэн ачаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх хуудас),

- гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...А.Э миний гэрийн хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах гэж байгаагаа огт хэлээгүй, надаас зөвшөөрөл аваагүй гэрийн ширээн дээр байсан миний түрийвчээс миний иргэний үнэмлэхийг дур мэдэн аваад цаасан дээр тэмдэглэж байсан. Би А.Эыг миний иргэний үнэмлэхийг авчихсан миний мэдээллийг тэмдэглээд бичиж байх үед нь мэдсэн. Тэгээд Эоос юу байгаа талаар, яах гэж байгаа талаар асуухад надад ямар нэгэн зүйл хэлээгүй, зүгээр зүгээр гэж хэлсэн. Харин тэр өдөр манай гэрээс явахдаа танд илгээмж ирж магадгүй шүү гэж хэлээд гараад явсан. Энэ шуудан илгээмжтэй холбоотой Э бид хоёрын хооронд ярилцаж, тохирсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх хуудас),

- Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ФэдЭкс” (Fedex) улс хоорондын шуудан илгээмжийн газраар дамжин Малави улсын Блантир хотоос 2021 оны 8 дугаар сарын 5-ны едөр улсын хилээр “774340317280 дугаартай “.............” гэсэн хаягтай ирсэн ачааг хүлээн авагч Д.Б хүлээн авах үед үзлэг хийж, 2 хэсэг төмөр дотроос уутны хамт 989,2 грамм жинтэй мөс мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хураан авсан талаарх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 5-11 дэх хуудас),

- ................. биед үзлэг хийж, биеэс биологийн дээж болох шээс авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестэлж шалгасан талаарх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 12-16 дахь хуудас),

- А.Эын биед үзлэг хийж, биеэс ............ гэсэн дугаар бичиж тэмдэглэсэн цаас зэрэг эд зүйл хураан авсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 3681 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн мөс мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ. 1 гэж дугаарласан гялгар ууттай 492,3 грамм жинтэй цагаан өнгийн талстлаг бодис, 2 гэж дугаарласан 458,4 грамм жинтэй цагаан өнгийн талстлаг бодис, зиплок түгжээ бүхий уутанд хийж ирүүлсэн цагаан өнгийн талстлаг зүйл уутны хамт жин нь 1,2 грамм дээжүүдэд метамфетамин (Methamphetmine) тус тус илрэв. Метамфетамин (Methamphetmine) нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 44-48 дахь хуудас),

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 666 дугаартай “...А.Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дахь хуудас),

- Туушин ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 3/549 дугаартай “...нэр дээр 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр ОМ7304 дугаартай нислэгээр 289-5293 5175 тээврийн баримттай 774340317280 ачаа дугаартай 40 ам.доллар бүхий 3.95 кг ........... нэртэй илгээмж ирснийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гаалийн хяналтаар оруулж, 2021 оны 8 дугаар сарын 11- ний өдөр хаягт эзэнд нь гардуулсан болно...” гэх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 111-114 дэх хуудас),

- гэрч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн ачааны хувьд 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нислэгээр орж ирээд Монгол улсын хилээр нэвтэрч, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын хилийн гаалийн хяналтын бүсэд орж гаалийн хяналтад орж хуваарилалт хийгдээд Олон улсын шуудан илгээмжээр ирсэн ачаа, бараа нь ангилагдаад манай Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын DHL дэх гаалийн хяналтын бүсийн хяналтад ирсэн. Уг барааг хууль бус гэдгийг илрүүлэх ажиллагаа дэх гаалийн хяналтын бүс болох Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, хуучин Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын баруун хойд талд байрлах хяналтад бүсэд явагдсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 16-17 дахь хуудас),

- 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр А.Эын унаж байсан Тоёота Приус-20 маркийн 10-81 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж нокиа, I Phone маркийн тус бүр нэг нэг гар утас, пос машин, 2.980,000 (хоёр сая, есөн зуун наян мянга) төгрөг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 175-181 дэх хуудас),

- ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж 2,980,000 төгрөгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 209-214 дэх хуудас) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

1-2. Шүүгдэгч А.Э нь найз Б.Энхтөгсийн нэр, оршин суух хаягийг ашиглан, Англи улсын “ФэдЭкс” (Fedex) олон улсын буухиа шуудангийн салбараар дамжуулан 272171823460 дугаарын бүртгэлтэй илгээмж дотор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтдаг Метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй нийт 36,5 (36,5028) грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Англи улсын иргэн ............. гэгчид захиалж, Төв аймгийн Сэргэлэн сум, “Чингис Хаан” олон улсын агаарын замын боомтоор 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт нь дараах:

-  шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 сарын эхээр шиг санаж байна Э надтай утсаар яриад .............. пабыг түрээсэлж байхдаа намайг дуудаад бид хэд архи уугаад салцгаасан. Дахиж уулзаагүй байж байгаад 2022 оны 3 сарын сүүлээр шиг санаж байна өдрийг нь санахгүй байна Э өөрийнхөө утасны дугаараас миний ............ дугаарт залгаад Чи урьд өмнө нь Туушинд ажиллаж байсан бас гэр чинь хотын төвд ойрхон юм чинь Туушингийн олон улсын буухиа шуудан илгээмжээр гутал хувцас, тэлээ, цамц авах гэсэн юм гэрийнхээ хаягийг өгчих гэхээр нь би одоогийн амьдарч байгаа хаяг буюу ............. тоот хаягийг өгсөн. Э удахгүй чиний нэр дээр илгээмж ирэх байх шүү гэхээр нь юу ирэх юм бэ гэж асуухад гутал хувцас, цамц, тэлээ ирнэ гэж хэлж байсан. Хаанаас ирнэ гэдгийг хэлээгүй. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд Э над руу залгаад Туушингийн Fedex дээр ачаа ирсэн байна би завгүй байна ажил дээр хүнгүй байна. Чи илгээмжийг аваад ............. түц дээр аваачаад өгөөч гээд таксины 20.000 төгрөг над руу шилжүүлсэн. Тэгэхээр нь би Туушин ХХК-ны Fedex олон улсын буухиа шуудангийн газарт очоод миний нэр дээр ирсэн байсан дөрвөлжин хайрцагтай 1 ширхэг илгээмжийг аваад такси бариад ............ Эын хэлсэн ............. зардаг газарт очоод нэг настай эгч байхаар нь энэ хайрцагтай зүйлийг Э танд үлдээчих гэсэн гэж хэлээд үлдээсэн ба энэ тухайгаа Эт утсаар нөгөө зүйлийг чинь түцэнд үлдээсэн шүү гэж хэлээд тасалсан би өөрөө автобусаар гэртээ харьсан. Энэ өдрөөс хойш Этой утсаар яриагүй уулзаагүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хаютаст хэргийн 71-73 дахь хуудас),

- Ц.Б гаргаж өгсөн баримтууд (3 дугаар хавтаст хэргийн 108-112 дахь хуудас),

- гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...“ФэдЭкс” (Fedex) нь Америкийн нэгдсэн улсад төвтэй дэлхийн 220 улсад салбартай олон улсын сүлжээ буухиа шуудангийн компани юм. Туушин ХХК-ны харьяа ба Монгол улсад 1995 онд байгуулсан юм. “Туушин” ХХК-ны олон улсын тээврийн албаны харьяанд үйл ажиллагаа явуулдаг юм. Одоогоор Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байна. ...2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Англи улсын “ФэдЭкс” (Ребех)-ийн олон улсын буухиа шуудангийн салбараар дамжуулж илгээгч нь .............. гэх хүнээс ............ дугаарын бүртгэлтэй 4,28 кг жинтэй дөрвөлжин хайрцагтай, дотор нь эрэгтэй хүний цамц, гутал, малгай, футболк, мэндчилгээний карт, савтай хиймэл цэцгийн баглаа байгаа гэсэн мэдүүлэгтэй эд зүйл илгээснийг БНХАУ-ын Гуанжу боомтоор дамжуулж Солонгос улсын Инчон боомтод хүлээн авч Монгол улсад Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр газардсан ба илгээмж нь тухайн өдөртөө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр хуучин Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын (DHL) ХХК-ны терминалаар дамжиж гаалийн шалгалтаар шалгуулаад 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хороо “Туушин” ХХК-ны төв байранд ирсэн. Илгээмжийн Монгол улс дахь хүлээн авагч нь ........... гэх хүний нэр дээр илгээмж ирсэн байсан. Ингээд уг илгээмжийг ............ дугаар бүртгүүлсэн ............. гэх хүн өөрөө манай төв байрнаас ирээд гарын үсэг зураад аваад явсан тухай бүртгэгдсэн байгаа...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 115-116 дахь хуудас) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

1-3. Шүүгдэгч А.Э нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтдаг Метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 3,5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд ........... тоот орон сууцанд хадгалсан үйл баримт нь дараах:

-  шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- ............. тоотод нэгжлэг “хөргөгчөөс хураагдсан №1 гэж дугаарласан зиплок ууттай "Мөс" албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 4.7 грамм жинтэй, №2 гэж дугаарласан саарал өнгөтэй цахилгаан жин 1 ширхэг, №3 гэж дугаарласан жорлонгийн өрөөний сүултуурын арын хоолой доороос хураагдсан зиплок ууттай "Мөс" албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 1.4 грамм жинтэй” зэргийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 215 дахь хуудас),

- 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ...........тоот орон сууцанд нэгжлэг хийсэн “...А.Э манай аавын гэрийн хөргөгчинд хар тамхи байгаа гээд өөрийн дураар хөргөгчийн хаалгыг онгойлгоод хөргөгчийн хаалганы дотор талд байх тавцангийн дээд хэсгээс зиплок ууттай мөс мэт зүйлийг гаргаж ирснийг 1 гэж дугаарлан цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 4.7 грамм, мөн цахилгаан жин гарч ирснийг 2 гэж дугаарлан хурааж авлаа. ...угаалгын нойлын өрөөнд үзлэг хийхэд нойлын суултуурын хажуу талын бохирын хоолой (шугам) хайрцгийн хэсгээс зиплок ууттай мөс мэт зүйл гарч ирснийг цахилгаан жин дээр 3 гэж дугаарлан жинлэж үзэхэд 1,4 грамм байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 182-191 дэх хуудас),

- ............ тоот орон сууцанд нэгжлэгээр хураан авсан зүйлсэд шинжилгээ хийсэн: Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 3107 дугаартай “...2.1 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн цэвэр жин 2,5554 гр, 3 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн цэвэр жин 0,9474 гр байсан. 3, 1 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл, 3 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлүүд тус бүрээс Метамфетамин (Methamphetmine) илрэв. Метамфетамин (Methamphetmine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 62-63 дахь хуудас) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

 2-1. Шүүгдэгч Н.У нь .............. тоотод 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хамтран амьдрагч А.Эын илгээмжид нуун Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг, метафетамин (methamphetamine)-ийн агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, нийт 33 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан үйл баримт нь дараах:

-  шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- гэрч М.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээр ажлаа хийж байтал У эгч надад хэлэхдээ .......... зардаг газраас хайрцагтай юм аваад ир гэж хэлээд надад таксины мөнгө 10.000 төгрөг өгсөн. Ингээд би ажлаасаа ганцаараа гараад ........... зардаг түцээс очиж нэг нүдний шилтэй эгчээс У эгч юм аваад ир гэж байна гэж хэлэхэд бор өнгийн цаасан дөрвөлжин хайрцагтай нэг ширхэг хүнд жинтэй зүйлийг аваад буцаад такси бариад ажил дээрээ очоод У эгчид өгсөн. У эгч надад хэлэхдээ дотор нь машины сэлбэг байгаа гэж хэлсэн боловч намайг аваад очиход дотор нь хагарах эд зүйл байсан юм чи хагалаад хаячихсан юм уу гэж хэлсэн. Тэгээд дотор нь юу байгаа юм бэ гэхэд надад юу ч хэлээгүй. ...У эгч ганцаараа байсан, Э ах байгаагүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр хуудас),

- гэрч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10-11 цагийн орчимд байхаа намайг ажил дээрээ ганцаараа байж байтал У нь ............. дугаарт залгаад /одоо ямар дугаараас залгасныг мэдэхгүй байна/ А эгчээ би хөдөө явж байна, хүнээс хайрцагтай эд зүйл авах гэсэн юм аа танай түц дээр удахгүй нэг хүн хайрцагтай эд зүйл аваачиж өгнө, та авчих, удахгүй хүн очиж авна гэж хэлсэн тэгээд утсаар яриад удаагүй байтал нэг залуу ямар хүн байсныг одоо сайн санахгүй байна, царай зүсийг нь сайн хараагүй, цаасан хайрцагтай гадуур нь скочидсон 1 ширхэг эд зүйлийг авчирч өгсөн тэгээд би түц дотроо байж байтал удалгүй 30 гаран минутын дараа нэг намхан нуруутай залуухан охин ирээд тэр хайрцагтай эд зүйлийг нь У эгч аваад ир гэсэн гээд надаас аваад явсан. Ийм асуудал болсон...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

2-2. Шүүгдэгч Н.У нь 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ......... орчимд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг, метафетамин (methamphetamine)-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт 0,6 (0,646) грамм жинтэй бодисыг өөрийн биедээ хадгалсан, улмаар ............. тоот өөрийн гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг, метафетамин /methamphetamine)-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт 1 грамм (1,073) бодисыг өөрийн найз Ч.Ононд өгсөн, тухайн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ын II жагсаалтад багтдаг, метафетамин (methamphetamine)-ийн агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисоос 10 грамм бодисыг Х.Дд 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 6 удаагийн гүйлгээгээр 9,150,000 төгрөгөөр худалдсан үйл баримт нь дараах.

-  шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- .......... тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 12-16 дугаар хуудас),

- шүүгдэгч Н.Угийн эзэмшлийн Хаан банк дахь .......... дугаарын дансны 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртлэх хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 59-68 дугаар хуудас),

- 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Н.Угийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (6 дугаар хавтаст хэргийн 186-188 дугаар хуудас),

- 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Н.Угийн биеэс биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 189 дүгээр хуудас),

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3094 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Н.У 2022.6.4" гэж хаягласан шээсэнд метамфетамин /methamphetamine/ илрэв. Метамфетамин /methamhetamine/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн II жагсаалтад багтдаг...” гэх шинжээчийн дүгнэлт (6 дугаар хавтаст хэргийн 238-239 дүгээр хуудас),

- .......... загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (10 дугаар хавтаст хэргийн 24-30 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

3. Шүүгдэгч Н.У, А.Э нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисьн тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг, метамфетамин (methamphetamine)-ний агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 2,8 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Дын эзэмшлийн Хаан банкны ...........тоот дансны виза картыг авч ашиглан, улмаар уг дансаар дамжуулан 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг нийт 5,500,000 төгрөгийг Э.Др дамжуулан иргэн Д.Гоор шилжүүлүүлэн авч, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа Хаан банк нисэх тооцооны төв, Анар хотхон, 801 дүгээр байранд байрлуулсан ATM (бэлэн мөнгөний машин)-аас 2.500.000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудалд байрлах ATM (бэлэн мөнгөний машин)-аас 3,000,000 төгрөгийг тус тус бэлнээр гарган авч, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Д.Гт худалдсан үйл баримт нь дараах:

-  шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- гэрч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Н.У өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. “...би өмнө нь холбогдсон хэрэг дээр нь бас ирж мэдүүлэг өгч байсан. Хэзээнээс хар тамхи хэрэглэдэг болсон талаар мэдэхгүй байна. Угаас юу болоод байгаа юм бэ? гэж асуухаар миний эгч болохоор за за гээд нэг их зүйл ярьж байгаагүй ..." гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 135-137 дугаар хуудас),

- гэрч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Одоо ямар нэгэн ажил хийхгүй байна. 2021 оны зун ахад Африкаас их хэмжээний хар тамхи ирсэн гээд хэрэгт холбогдсон. Би бодохдоо урд хамт хоригдож байсан хүмүүс нь ахад санал тавьж тархи толгойг эргүүлээд энэ хэрэгт орооцолдуулсан юм болов уу л гэж бодоод байгаа. Түүнээс биш 10 жил шоронд сууж байгаад гарч ирээд шууд хүмүүстэй холбогдоод хар тамхины хэрэг хийсэн гэдэгт итгэхгүй байгаа. Миний л хувийн бодол байгаа юм. “... Э нь У гэх эмэгтэйтэй 2019 оноос хойш хамт амьдарч байгаа. ”... Э ах одоо ямар нэгэн ажил төрөл хийхгүй байгаа. Ямар нэгэн орлого байхгүй байгаа. У эгчтэй нийлж дэлгүүр ажиллуулах гээд байгаа гэж ярьж байсан. Ах Э нисэхэд У эгчийнд амьдарч байгаа ...” гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 139-141 дэх хуудас),

          - Д.Гоос хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (10 дугаар хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас)г

          - гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Улаанбаатар Багануур дүүргийн хооронд такси үйлчилгээнд 10 гаруй жил явж байна. 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 21 цагийн үед Багануур дүүргээс Улаанбаатар хот орж Тэнгэр плазагийн талбай дээр зогсож хүмүүсээ буулгаад тэндээсээ Багануур дүүрэг явах хүн, ачаа тээшийг авч эхэлсэн. Тэгтэл намайг дөнгөж очиж зогсоод хүмүүсээ буулгаад удаагүй байж байтал хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй 30 гаруй насны эрэгтэй хүн ирээд дайвар авах уу? гэж надаас асуусан. Тэгэхээр нь дайвар авна гэхэд тэр залуу аяга явуулах гэсэн юм гээд боогоод өгье гэж хэлсэн. Тэгээд би Багануур явах 2-3 машинтай хүмүүстэй уулзаад байж байтал нөгөө залуу аягаа хар өнгийн гялгар уутанд боож өгсөн Тэгээд дээр нь утасны дугаарыг нь тавьчих гэсэн чинь тэр залуу бал байхгүй гэхээр нь надад өөрт байсан маркерыг гаргаж өгөхөд тэр залуу өөрөө ......гэсэн дугаарыг бичсэн. Тэгээд сүүлийн хоёр тоо нь гаргагдахгүй болохоор нь би өөрөө тэр зүйл дээр тодруулаад доод хэсэгт дахин .......... гэсэн дугаарыг бичсэн. Ингээд машиныхаа урд салон дээр тавьсан. Тэгээд дайвар хэдээр авч явах уу? гэхээр нь надад данс байгаагүй учир эгч Будсүрэнгийн хаан банкны ......... гэсэн дансыг өгөөд 5000 төгрөг хийчих гэсэн чинь тэр залуу 10000 төгрөг хийчихлээ шүү илүүгээр нь тамхи аваад татчихаарай гэж хэлсэн. Ингээд Улаанбаатар хотоос хүн олдохгүй болохоор нь орой цагийг нь санахгүй байна харанхуй болсон байхад гараад Багануур дүүрэгт 00 цаг өнгөрч байхад орж ирээд Хэрлэн худалдааны төвийн автозогсоол дээр зогсоод дайвар дээр байсан ........... дугаар луу залгаж Улаанбаатар хотоос дайвар ирсэн ирж ав гэдгийг хэлсэн. Тэгтэл жоохон махлагдуу залуу ирээд дайвараа авсан. Энэ үед тэр залуу цагдаад баригдсан. Тэр дайвар дотор юу байсан талаар мэдээгүй. Гадна талаар нь хар өнгийн гялгар уутанд боосон байсан. Гадна талаас барьж үзэхэд бол аяга шиг зүйл мэдэгдэж байсан...” гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 107 дугаар хуудас),

                 - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4816 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. "1" гэж дугаарласан мөс мэт зүйл, хагархай тарианы бохир шил, хуйлсан ZN8773203 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, шар өнгийн асаагуур, цагаан өнгийн асаагуур зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн хоёрдугаар жагсаалтад хамаарна. Мөс мэт зүйлийн ууттай жин нь 3,1000 гр, цэвэр жин нь 2,8805 гр байна...” гэх шинжээчийн дүгнэлт (10 дугаар хавтаст хэргийн 205-207 дугаар хуудас),

                 - 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Н.Угийн биед үзлэг хийсэн тэмдэглэл (10 дугаар хавтаст хэргийн 82 дугаар хуудас),

                 - 2022 оны 9 дүгээр-сарын 30-ны Н.Угийн биеэс биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (10 дугаар хавтаст хэргийн 83-87 дугаар хуудас),

                 - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын ний өдрийн 4894 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Н.У 2022.9.30” гэж хаягласан шээсний дээжинд метамфетамин (МАМР) илрэв. Метамфетамин (МАМР) нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг...” гэх шинжээчийн дүгнэлт (10 дугаар хавтаст хэргийн 168-170 дугаар хуудас),

                 - Хаан банкны 2022 оны 10 дүраар сарын 10-ны өдрийн 29/7376 дугаартай албан бичгээр ирүүлсэн Э.Дын эзэмшлийн ......... дугаартай дансны хуулга (9 дүгээр хавтаст хэргийн 151-154 дүгээр хуудас),

                  - 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа Хаан банк нисэх тооцооны төв Анар хотхон 801 дүгээр байранд байх Хаан банкны ATM бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...тус АТМ-ээс А.Э нь ногоон өнгийн картыг зүүн гараараа карт хийх хэсэг рүү хийж байгааг харуулав, А.Э АТМ-ээс мөнгө авах гээд чадахгүй байсан тул Н.У картыг нь авч байгааг харуулав, Н.У ATM рүү картаа хийж пин кодыг оруулж байгааг харуулав, Н.Уг АТМ-ээс их хэмжээний мөнгө авч байгааг харуулав, Н.У АТМ-ээс авсан мөнгөө А.Эт өгч байгааг харуулав, А.Э тус банкны өөртөө үйлчлэх банкаар гүйлгээ хийж байгааг харуулав. Н.Угаас авсан бүх мөнгийг өөр картанд хийж байгааг харуулав, Мөнгө хийж байх үедээ хоорондоо ярилцаж байгааг харуулав, Тус ATM ээр үйлчлүүлээд гарч байгааг харуулав...

2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 25 дугаар эмийн сан автобусны буудлын зүүн талд KFC-тэй байранд байх АТМ-ын бичлэгт үзлэг хийсэн “...А.Э түрийвчнээсээ карт гаргаж байгааг харуулав, Картын пин кодыг Н.У хийж байгааг харуулав, А.Э нь ATM түшин зогсож байгааг харуулав, Н.У их хэмжээний мөнгө авч байгааг харуулав, Н.У өөр картад мөнгөө хийж байгааг харуулав, АТМ-ээр үйлчлүүлээд гарч байгаа байдлыг харуулав... үзлэгийг гэрэл зургаар бэхжүүлж тайлбарыг бичиж үзлэгийг хийв ...” хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (10 дугаар хавтаст хэргийн 100-105 дугаар хуудас),

- Эрүүгийн 2202002380351 дугаартай хэрэгт Д.Гийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн “... Хамгийн анх 2022 оны 7 дугаар сарын сүүлээр Дтай чаталсан чинь мөс зараад өгөөч гэсэн хүмүүстэй учирчихаад намайг дарамтлаад байна гэж ярьж байсан. Би тухайн үед ажилтай байсан болохоор чиний яриад байгааг ойлгохгүй байна тийм зүйлийг зардаг үе өнгөрсөн ш дээ аюултай гэдгийг хэлсэн. Д өөрөө ч гэсэн тийм зүйлтэй холбогдохгүй баймаар байна гэж хэлсэн. Тэгээд орхичихсон юм. Ингээд холбоогүй байж байгаад 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр нуруу өвдөөд болохгүй болохоор нь Дтай холбогдоод нөгөө асуудал чинь юу болсон бэ? гэсэн чинь байж л байгаа даа гэж хэлсэн. Тэгээд миний нуруу өвдөөд байна аа нөгөө хүмүүсээсээ мөс байгаа эсэх талаар асуугаад өгөөч гэхэд Д за би асуугаад өгье гэж хэлсэн. Болохоор бол эргээд холбоно гэж хэлээд утсаа салгасан тэгээд 1 цаг орчмын дараа чатаар холбогдоод чамд хэдэн төгрөг байгаа юм бэ? гэж асуусан тэгэхээр нь надад их мөнгө байхгүй бэлнээр 2 сая гаруй төгрөг байгаагаа хэлсэн. Тэгээд тэр өдрөө буюу 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,600,000 төгрөгийг Д гэсэн нэртэй хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд Дт мөнгөө шилжүүлсэн талаар хэлэхэд за би болчхоод хэлье гээд 2 хоносон. Тэгтэл 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Д над руу чатаар залгаад одоо уулзах гэж байна үлдэгдэл мөнгөө хийчих гэхээр нь Дын данс руу 3,050,000 мянган төгрөгийг хийсэн. Тэгээд болчхоод хэлье гэж хэлсэн. Тэгээд орой нь болчихлоо Багануурын машинд хийсэн. Машинд хийхдээ цайны аяганд хийгээд гадна талаар нь хар гялгар уутаар ороогоод скочдоод чиний ......... гэсэн дугаарыг тавьсан байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд Багануурт хүлээгээд байж байтал 00 цагийн үед над руу дайвраа аваарай гээд ярихаар нь Хэрлэн төв дээр очоод дайвраа аваад машиндаа суух гэтэл цагдаад баригдсан ...” гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 222-223 дахь хуудас),

- Эрүүгийн 2202002380351 дугаартай хэрэгт Э.Дын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн “... Би бусдын эрхшээлд орж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдан борлуулж, хууль бусаар эргэлтэд оруулж байж болзошгүй гэмт этгээдүүд болох Б, У нарын хууль бус үйлдлийг шалгуулах, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, энэхүү мэдүүлгийг өгч байна. Анх 2022 оны зун наадмын дараа над руу танихгүй дугаараас нэг эмэгтэй залгаад "Д уу" гэж асуусан тэгээд би тийм байна хэн бэ? хэнээс миний дугаарыг авсан бэ? гэхэд найзаас чинь дугаарыг чинь авсан юм аа уулзаж ярилцах юм байна завтай юу гэж асуусан. Тухайн үедээ танихгүй хүнтэй уулзахгүй гэхэд дараа нь хэд хэд залгаад дуудаад байхаар нь би гэртээ байна хүүхдээ хараад гарч чадахгүй байна уулзахаар бол ирээд уулз гэхэд манай гэрийн гадаа буюу ........... байрны гадна ирээд надтай уулзсан. Тэгээд нэг цагаан өнгийн 30 приус дотор эмэгтэй хүн ганцаараа сууж байсан ба машинд суучих гэхээр нь суусан чинь өөрийгөө У гэж танилцуулаад надад зиплок түгжээтэй ууттай мөс гэх бодисыг өгсөн. Би өмнө нь энэ төрлийн хэрэгт холбогдон ял шийтгэгдэж байсан учраас тухайн бодисыг хараад таньсан ба юу болоод байна аа гэхэд найдвартай хүнээс дугаарыг чинь авсан чи нэг хэрэглээд үзчих гэж хэлсэн. Би тухайн үед их балмагдаж хэрэв авахгүй үлдээгээд явчихвал энэ эмэгтэй дараа нь надаас мөс авсан гэж хэлбэл яана аа аваад үлдчихвэл цагдаа сэргийлэх ирээд шалгавал яана аа гэх зэргээр маш их бодож байгаад мөсийг авч үлдсэн. Тэгээд нөгөө мөсийг нь хэрэглэснээс 7 хоног орчмын дараа У нь дахин залгаад чи хэрэглэж үзсэн үү дажгүй байгаа биз дээ надад жоохон юм байна чи найдвартай хүмүүс олоод өг гэх болсон ба миний хувьд зөвшөөрөөгүй. Энэнээс хойш У нь чи хүний юм хэрэглэчихээд тус ч болохгүй ганц нэг хүн олоод өгчихгүй нэг бол чи анх надаас авсан юмныхаа мөнгийг өг гэх зэргээр дарамтлаад байсан ба энэ хугацаанд түүний нөхөр Бтэй танилцаж байсан. Б, У нар нь намайг өмнө нь эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан талаар мэдчихээд анхнаасаа надаар гэмт хэрэг үйлдүүлэх санаа зорилготойгоор танилцсан байсан ба намайг хүн олж өг, үгүй бол чамайг надаас худалдаж авсан гэж цагдаад өгнө би угаасаа шалгагдаж байгаа хүн шүү гэх зэргээр ярих болсон. Миний хувьд өөрийн энэхүү байдлаа зарим нэг найз нөхөддөө хэлж байсны нэг нь Д.Г юм. Тухайн үед би Гт намайг нэг хүмүүс өмнө нь хэрэгт холбогдож байсныг мэдээд дарамтлаад байна чи юм зарах хүн олоод өг гээд байна гэх талаар хэлж байсан. Тэгсэн чинь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Д.Г над руу залгаад найзынх нь нуруу өвдөөд болохоо байлаа чи нөгөө хүмүүстэйгээ яриад жоохон юм олоод өгчихөөч гэж хэлсэн. Нэг талаас Д.Г юм олоод өгөөч гээд нөгөө талаас Б болон У нар нь хүн олоод өг гээд байсан болохоор нэг удаа Б, У нарт туслаад өмнө нь надад анх танилцахдаа өгсөн юмныхаа өрнөөс гаръя гэж бодоод Б руу залгасан. Тэгээд чамд юм байгаа юм уу хүн авъя гэж байна гэсэн чинь асуудалгүй чи харин мөнгөө яаж өгөх юм гэхээр нь би тантай уулзвал өгчихье гэсэн чинь бэлнээр, дансаар авахгүй чи нэг дансандаа хийгээд, картаа өгчих гээд байсан ба түүний хэлсний дагуу өөрийн Хаан банкны ........... дугаартай дансныхаа картыг Уд өгсөн. Тэгээд Д.Г луу залгаад асуусан юм чинь олдох юм байна гэхэд Д.Г нь найз нь 5 сая орчим байгаа энэндээ авна шүү эхлээд байгаагаа шилжүүлье гээд миний хаан банкны ........ дугаартай данс руу шилжүүлэхээр нь би интернэт банкаараа Уд өгсөн данс руугаа шилжүүлээд мөнгө шилжүүлсэн гэдгээ хэлсэн. Үүний дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын 27- ны орой Б нь залгаад Сонсголонгийн петровисын автобусны буудлын ард талд байрлах түцний ард талд майлд тамхины хайрцаг дотор хийгээд дээр нь чулуу тавиад орхисон байгаа чи очоод аваарай гэж хэлсэн. Тэгээд Бгийн заасан газар луу явж байхад эхнэр У нь мессежээр би 1 граммыг нь авчихсан 4 байгаа шүү Бд битгий хэлээрэй гэх утгатай мессеж илгээсэн байсан. Би тухайн мөсийг байсан газраас нь аваад 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Г руу явуулаад дараа өдөр нь цагдаад баригдсан. Миний хувьд хар тамхи сэтгэцэд нөлөөт бодис бусдаас олж авах боломжгүй ба өмнө нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байснаасаа шалтгаалан Б болон У нарын эрхшээлд автаж, ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Э.Д миний нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ......... дугаартай дансны карт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш Б, У нарт байгаа бөгөөд энэ дансанд миний өөрийнхөө ........ дугаартай данснаасаа шилжүүлсэн 2,500,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг Б, У нар нь миний банкны картыг ашиглан бэлэн мөнгөний машинаас авсан байх ёстой бөгөөд бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэгт эдгээрийн дүрс бичигдсэн байх ёстой юм. Би Хаан банкнаас тодруулж асуухад аль АТМ-ээс мөнгө авсан талаарх кодыг болон АТМ-ны камерын бичлэгийг хувьд хүнд гаргаж өгөх боломжгүй цагдаа, хууль хяналтын байгууллагаас албан ёсоор хүсэлтээ гаргуулаад авч болдог гэх талаар хэлсэн. Б, У нар бэлэн мөнгөний машинаас мөнгийг авсан байсан тул энэхүү бэлэн мөнгөний машинууд хаана байрладаг талаарх баримтыг болон 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагаас 24 цаг хүртэл хугацааны хяналтын камерын бичлэг, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 23 цагаас 24 цаг хүртэлх хугацааны хяналтын камерын бичлэгийг тус тус баримтаар хуулбарлан авснаар гэмт этгээдүүд болох Б, У хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрсдөө болон бусдаар дамжуулан хууль бусаар эргэлтэд оруулж, худалдан борлуулж байгаа гэмт үйлдлийг илрүүлэх таслан зогсоох боломжтой гэж үзэж байна ...” гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 237-239 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэв.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм. Уг бодисыг хүн хэрэглэснээр хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний биед улиг муу зуршил бий болгодгоороо нийгэмд үзүүлэх хор уршиг өндөртэйд тооцогдон нийгэмд аюултай гэм үйлдэл гэж үздэг. Тиймээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч хуульчилжээ. Энэ гэмт хэргийг үйлдэж буй хүн санаатайгаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, худалдсанаар хэргийн бүрдэл хангагдаж уг гэмт хэрэг төгссөнөөр тооцогддог билээ.

 

Б. 1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Эын хоёр удаагийн сэтгэцэт нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт үйлдлийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг нь журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт, өөрийн амьдардаг орон сууцандаа сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, Н.Утай бүлэглэн сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдад худалдсан гэмт үйлдлийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг субьектив талаар нь  буюу худалдаалах зорилгогүйгээр, худалдаалах зорилгоор гэж ялгамжтайгаар хуульчилжээ. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг:” гээд 3.3 дахь заалтад “улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол...”  гэх онцлон хүндрүүлэх шинжийг хуульчилсан байна. Тус гэмт хэргийн хуульчилан тогтоосон үндсэн шинж, хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий хууль зүйн ойлголт байна. Эрүүгийн хуульд аливаа гэмт хэргийг эрүүжүүлэн системчлэхдээ үндсэн, хүндрүүлэх, онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр ангилж ял шийтгэлийн төрөл, хэмжээг хөнгөнөөс хүнд рүү шилжүүлсэн нийтлэг хууль зүйн техникийн хэрэглэдэг болно. Шүүхийн практикт уг хууль зүйн техникийг хэрэглэдэг нь хэвшмэл болсон нэгэнт тогтсон ойлголт. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Эын гэмт үйлдлүүдийг тусад нь зүйлчилж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдснийг үндсэн гэмт хэргийнх нь шинж нь хүндрүүлэх гэмт хэрэгтээ хамааран багтах тул нэгтгэн хүндрүүлэх шинжээр нь буюу түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтанд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн зөвтгөн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд шүүгдэгч А.Эын бусдын нэр, оршин суух хаягийг ашиглан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтсан метамфетамины” агууламжгай, “мөс” гэх нэршилтэй, 3 хэсэг уутны хамт нийт 951,9 грамм, 36,5 (36,5028) грамм тус тус жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Малави Улсын иргэн ...........  Англи улсын иргэн ........... гэгчид  тус тус захиалж, Төв аймгийн Сэргэлэн сум, “Чингис Хаан” олон улсын агаарын замын боомтоор 2021 оны 8 дугаар сарын 04,  2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрүүдэд Монгол Улсын хилээр тус тус нэвтрүүлсэн, “мөс” гэх нэршилтэй, 3,5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд ..........тоот орон сууцанд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, шүүгдэгч Н.Утай бүлэглэн “мөс” гэх нэршилтэй, 2,8 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдын Хаан банкны ............ тоот дансны виза картыг авч ашиглан, улмаар уг дансаар дамжуулан 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг нийт 5,500,000 төгрөгийг шилжүүлүүлэн, бэлнээр гарган авч, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар иргэн Д.Гт худалдсан тус тус гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтанд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг субьектив талаар нь  буюу худалдаалах зорилгогүйгээр, худалдаалах зорилгоор гэж ялгамжтайгаар хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Н.Угийн 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ............ тоот өөрийн гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг, метафетамин /methamphetamine)-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт 1 грамм (1,073) бодисыг өөрийн найз Ч.Ононд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг,

- Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........... тоотод 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хамтран амьдрагч А.Эын илгээмжид нуун Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг, метафетамин (methamphetamine)-ийн агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, нийт 33 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, үргэлжилсэн үйлдлээр тухайн сэтгэцэд нөлөөт бодисоос 10 граммыг Х.Дад 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 6 удаагийн гүйлгээгээр 9,150,000 төгрөгөөр хууль бусаар худалдсан, 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ............ орчимд сэтгэцэд нөлөөт 0,6 (0,646) грамм жинтэй бодисыг худалдаалах зорилгоор өөрийн биедээ хадгалсан, мөн шүүгдэгч А.Этой бүлэглэн 2,8 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг иргэн Д.Гт 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрүүдэд 5.500.000 төгрөгөөр худалдсан тус тус гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус бүрэн агуулсан тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

В. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гэм буруугийн дүгнэлтдээ: “Нотлох баримтууд байна. Монгол Улсын хилээр оруулж ирсэн, хадгалсан, зарим хэсгийг худалдсан байна. Иймд гэм буруутай гэж үзэж байна. Шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Н.Угийн хувьд борлуулахад нь хамт оролцсон учир гэм буруутай гэж үзэж байна. Өөрөө гэм буруугаа хүлээсэн” гэв.

Дээрхи дүгнэлт нь шүүгдэгч А.Э, Н.У нарын гэм буруугийн талаар шүүхээс хийсэн дүгнэлттэй тохирч байх тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч А.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн үйлдэл оролцоо, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх хорих ялыг нээлтэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Н.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн үйлдэл оролцоо, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны хүүхэдтэй болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцлийг хангаж байна гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг нээлтэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

          Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа дээд хэсгийг нь тасалж онгойлгосон 2 хэсэг төмөр сав, зиплок түгжээтэй гялгар ууттай 1,2 грамм, цагаан өнгийн гялгар уутны хамт 517,9 грамм, 486,9 грамм мөс мэт зүйл, ............ гэсэн иргэний цахим үнэмлэх, .......... тоотод нэгжлэг “хөргөгчөөс хураагдсан №1 гэж дугаарласан зиплок ууттай "Мөс" албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 4.7 грамм жинтэй, №3 гэж дугаарласан жорлонгийн өрөөний суултуурын арын хоолой доороос хураагдсан зиплок ууттай "Мөс" албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 1.4 грамм жинтэй” бодис зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч А.Э нь энэ гэмт хэргийг үйлдэж нийт 2.750.000 төгрөгийн орлого олсон, шүүгдэгч Н.У нь энэ гэмт хэргийн улмаас 11.900.000 төгрөгийн орлого олсон тус тус болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Тиймээс шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгохоор шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нарын зүгээс 5 хоногийн завсарлага авч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 100900005406 тоот дансанд шүүгдэгч Н.Угийн 11.900.000 төгрөг, шүүгдэгч А.Э 2.750.000 төгрөгийг тус тус байршуулсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Эоос нийт 2.980.000 төгрөгийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан байх тул  Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 2.980.000 төгрөгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Эт буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Н.У нь У.А гэх бага насны буюу 11 настай, эрэгтэй  хүүхэдтэй болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх ба хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх хэлэлцэхгүй орхиж Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу оршин суугаа газрынхан харьяа дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хүүхдийн асрамжийн асуудлыг  шийдвэрлэхийг даалгав.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааны явцыг бэхжүүлэн авсан дүрс бичлэг бүхий 6 ширхэг Сиди /1 ширхэг Сиди нь уншигддаггүй/, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 1 хавтас, 12 хуудас материал, бичлэг бүхий 1 ширхэг Сиди зэргийг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий гэж үзэн хэрэгт үлдээв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Э нийт 409 хоног, шүүгдэгч Н.У нийт 122 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч С овогт А.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч С овогт А.Эийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусадтай бүлэглэж  худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч И овогт Н.Уг сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бусдад өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, дангаар болон бусадтай бүлэглэж худалдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Шүүгдэгч А.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ жил хорих ял шийтгэсүгэй.

5. Шүүгдэгч Н.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйүлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Н.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жилээр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан А.Эын цагдан хоригдсон нийт 409 /дөрвөн зуун ес/ хоногийг, Н.Угийн цагдан хоригдсон нийт 122 /нэг зуун хорин хоёр/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад, Н.Уд оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 

9. Шүүгдэгч Н.Уд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа дээд хэсгийг нь тасалж онгойлгосон 2 хэсэг төмөр сав, зиплок түгжээтэй гялгар ууттай 1,2 грамм, цагаан өнгийн гялгар уутны хамт 517,9 грамм, 486,9 грамм мөс мэт зүйл, ............ гэсэн иргэний цахим үнэмлэх, ............. тоотод нэгжлэг “хөргөгчөөс хураагдсан №1 гэж дугаарласан зиплок ууттай "Мөс" албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 4.7 грамм жинтэй, №3 гэж дугаарласан жорлонгийн өрөөний суултуурын арын хоолой доороос хураагдсан зиплок ууттай "Мөс" албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 1.4 грамм жинтэй” бодис зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 100900005406 тоот дансанд байршуулсан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шүүгдэгч Н.Угийн 11.900.000 /арван нэгэн сая есөн зуун мянга/ төгрөг, шүүгдэгч А.Эын байршуулсан 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 2.980.000 /хоёр сая есөн зуун наян мянга/ төгрөгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Эт буцаан олгосугай.

 

14. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3 дахь заалт,  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.Угийн бага насны хүүхдийн асран хамгаалагч тогтоохыг түүний харьяа .......... дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааны явцыг бэхжүүлсэн авсан дүрс бичлэг бүхий 6 ширхэг Сиди, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 1 хавтас, 12 хуудас материал, бичлэг бүхий 1 ширхэг Сиди зэргийг хэрэгт үлдээсүгэй.

 

16. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

17. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Э, Н.У нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.БАТГЭРЭЛ

 

                                                     ШҮҮГЧИД                            Г.УУГАНБААТАР

 

                                                                                                  М.ТҮМЭННАСТ