Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2022/00664

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2022/00664

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт байрлах, ******* ХЗҮАЭХ -ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух,******* -д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8.638.080 төгрөг, өмгөөллийн хөлс 860.000 төгрөг, нийт 9.733.040 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах, барьцааны гэрээний 2.1-д заасан газрын үнэ 8.000.000 төгрөг гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч Г.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, А.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХЗҮАЭХ нь*******од холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 8.638.080 төгрөг, өмгөөллийн хөлс 860.000 төгрөг, нийт 9.733.040 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны гэрээний 2.1-д заасан газрын үнэ 8.000.000 төгрөг гэсэн хөрөнгийн үнэлгээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Тус байгууллага хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Нийслэлийн бичил бизнесийг дэмжих хүрээнд хэрэгжүүлж байгаа төслийн зээлээс дамжуулан зээлдэж, хариуцагч*******од 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 5.000.000 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Мөн өдрөө барьцааны 61 тоот гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Цагаан чулуутын 84 дүгээр гудамж, 3057 тоотод байрлах 500 мкв газрыг барьцаалж гэрээ байгуулсан. Ингээд******* гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1 жилийн хугацаатай сунгаж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 22 тоот 5.500.000 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулсан. Ингэж байгуулахдаа өмнөх зээлийн хүүгийн үлдэгдлийг нэмж 5.500.000 төгрөгөөр гэрээг хийсэн. Гэтэл******* гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэхгүй, утсаар ярихаар шүүхдээ өгөөч гэдэг. Зээлийг төлөхгүй мэтээр ярьдаг.

Иймд хариуцагч*******оос 2022 оны 01 дүгээр сарын 26-ны байдлаар тооцон үндсэн зээл 5.500.000 төгрөг, 1281 хоног хэтэрсэн хүү 2.816.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 557.040 төгрөг, нийт 8.873.040 төгрөг гаргуулна. Мөн хоршоонд учирсан хохирол гэж үзэн өмгөөллийн хөлсөд төлсөн 860.000 төгрөг, нийт 9.733.040 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцаа болох Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Цагаан чулуутын 84 гудамж, 3057 тоотод байрлах 500 мкв үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцэхгүй гэж үзэж байгаа тул бусад хөрөнгөнөөс хангуулж өгнө үү. Хариуцагч анх хоршооны гишүүнээр элсэх, зээл олгохол шимтгэл авсан нь үнэн ч зээлээс хасч тооцох үндэслэлгүй.

1.2.Мөн Г.Ариунболдтой 2017 оны 6 сарын 8-ны өдөр байгуулсан 61 тоот Барьцаа гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан барьцааны газрын үнийг 8.000.000 төгрөг гэсэн хэсгийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байна.

Анх зээлийн гэрээ байгуулагдах үед барьцаа хөрөнгийн үнэлгээ яригдаж******* барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Цагаан чулуутын 84 гудамж, 3057 тоотод байрлах 500 мкв гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газрын хамт өөрийн эзэмшлийн автомашиныг нэмж тавья гэж орж ирж байсан. Учир нь уг газар Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ, зам харилцаанаас алслагдсан газарт байрласнаас гадна 700 мкв хүрэхгүй 500 мкв байсан. Тэр үед төрөөс олгосон үнэгүй өмчлөлийн газрын суурь үнэлгээ******* зээлдэгчийн авахыг хүссэн зээлийн нийт дүнгийн хувьд ч хүрэхгүй мөн төслийн зээлийн санхүүжүүлэгч Нийсэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас манайд төслийн санхүүжилтийн зээл олгохдоо тавьсан шаардлага, зээл олгох, барьцаа хөрөнгийн үнэлгээний журмын шаардлагуудыг түүний барьцаанд тавьж буй өмчлөлийн газар хангахгүй учраас барьцаа хөрөнгийн үнэлгээний тооцооллыг хийхдээ үнэлгээг үндэслэлгүйгээр нэмж барьцааны гэрээнд оруулсан юм. Үүнийг манай зүгээс барьцаа хөрөнгийн үнэлгээний тооцоолол хийхдээ илэрхий алдаа гаргасан гэж үзэхгүй байна. Засгийн газрын 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 103 дугаар "Аргачлал, үнэлгээ батлах тухай" тогтоолоор баталсан газрын үнэлгээ маш бага байсан. Одоо энэ тогтоол хүчингүй болж МУ-ын Засгийн газрын 2019.08.14-ний өдрийн 324 тоот тогтоолоор иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээний аргачлал батлагдаж түүнийг ашигласан ч газрын үнэлгээ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй, түүний бусад эд хөрөнгөнөөс гаргуулахаар байна.

Барьцааны гэрээний 2.1-д заасан барьцаа хөрөнгийн үнэлгээний дүн хэт нэг талын эрх, хууль ёсны эрх ашгийг барьсан, хоршооны бусад гишүүдээс илүү давуу эрх олгосон, гэрээний эрх зүйн хоёр талын тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Барьцаанд тавигдсан газрын байршлаар газрын нөхцөл байдалд үнэлгээ хийхээр манайхаас хүмүүс 2021 онд явсан ч******* газраа зааж мэдэхгүй, Партизаны сангийн аж ахуйгаас нааш цааш гэсээр дэмий зардал гаргаад ололгүй ирцгээсэн.

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас*******од зээл олгох, газрыг 8.000.000 төгрөгөөр тооцох шаардлагыг тавьсан нь манай дотоод үйл ажиллагааны шийдвэрт шууд нөлөөлсөн.******* энэ бүгдийг буруугаар ашиглаж, зээлээ төлөхгүй байсан ч болно гэсэн ойлголттой болоход Нийслэлийн хөдөлмөр эрхлэх газрын түүнтэй холбоотой хүмүүс нөлөөлсөн. Зээлдэгч хэт өндөр үнэлгээтэй газрыг үүргийн гүйцэтгэлийн нийт дүнд шууд тулж өгнө гэсэн хүсэл зоригийг гэрээ байгуулах үед л шийдсэн байсныг удаа дараа зээлээ төл гэсэн шаардлага тавихад наад газраараа аваад хаахгүй юу гэж хэлж байснаар илэрхий тодорхой байна.

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас түүний зээлийг сунга гэсэн шаардлагын дагуу 2018 онд 22 тоот гэрээг шинэчлэн байгуулсан. Иймд барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан барьцаа хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хууурч мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

2.1.Миний бие Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршооноос зээлийн гэрээний дагуу 5,0 сая төгрөгийн зээл аваад эхний нэг сарын төлбөр 526,533 төгрөгөөс бусад төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн нь үнэн. Төлбөрөө төлөөгүй шалтгаан: Нэг.Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд бичил бизнесийг дэмжих 24 сарын хугацаатай 5-10 сая төгрөг хүртлэх хөнгөлөлттэй зээлийг бага дүнгээр, богино хугацаатай 12 сарын хугацаатай зээлдүүлснээс Эргэн төлөлтийн графикийг санаснаас хоёр дахин өндөр төлөлттэй гарсан. Хоёр.Төслийн хүрээнд зээл авахийг хүсэгч иргэн үйл ажиллагаа явуулдаг ажлын байртай байх шаардлага тавьснаар ажлын байр тохижуулах, түрээслэх төлбөр дарамтанд орох шалтгаан болсон. Өмнө нь хяналтын камер засвар, суурилуулалт үйлчилгээний ажил хийдэг байхад ажлын байрны түрээсийн дарамтгүй байсан. Мөн Орон сууц түрээслэн амьдардаг байсан. Одоо ч түрээсийн байранд амьдарч байгаа. Гурав.2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн хөдөлмөр халамжийн газарт дуудаж уулзалт хийн гэрээг нэг жилийн хугацаатай сунгах шийдвэр гаргахдаа зээлийн хүү болон хугацаа хэтэрсний хувь дээр өр барагдуулах албанд төлсөн гэх 500.000 төгрөг нэмж төлөх шаардлага тавьж үл ойлголцол үүссэн.

2.2.Сүүлийн гэрээнд нэмж тусгасан 500.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Өмгөөлөгч хөлсөлсөн 860.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна.

Мөн 2017 онд зээл авахад хоршооны гишүүнээр элсэх гэх мэт зээлтэй холбоотой хураамжуудад 300.000 орчим төгрөг төлсөн. Гишүүнээсээ татгалзаж, энэ мөнгийг зээлийн төлбөрөөс хасуулах хүсэлтэй байна.

2.3. Барьцаанд тавьсан өмчлөх эрхийн гэрчилгээтэй газраа өөрийн зүгээс 15 сая төгрөгөөр үнэлж байна. Газрын байршлийн давуу талууд Ар гүнт шинэ зуслангийн бүсэд байрлалтай, Засмал замтай ойрхон, Төмөр замын буудалтай ойрхон, Үржил шимтэй хар шороон хөрстэй, Алсын харууц сайтай өдрийн турш нар тусах байршилтай, цахилааны шугам сүлжээнд ойрхон, гудамж зохион байгуулалтын зураг төслийн дагуу нүүрний эгнээнд төв зам дагуу байршилтай. Өнгөрсөн хугацаанд тооцоолоогүй хүндрэл бэрхшээлүүдийн улмаас хурааж цуглуулсан мөнгө, өмч хөрөнгө байхгүй учир зээлийн барцаанд тавьсан газрыг зээлийн төлбөртөө суутгуулан төлбөрөө барагдуулах, зээлээ хаалгах хүсэлтэй байна. Нийслэлийн хөдөлмөр эрхлэх газарт очиж зээлтэй холбоотой мэдээлэл авч байсан. Зээл авах, өгөх үйл явц гэрээнд ямар нэгэн давуу байдал үүсгэж нөлөөлсөн гэдэгтэй санал нийлэхгүй гэв.

 

3.Гуравдагч этгээд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас нэхэмжлэлд ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17/16 дугаар тогтоолоор Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн санг үүсгэн байгуулж, тус сангийн журам болон Бичил бизнесийг дэмжих зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээг тус тус баталсан. Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан нь нэхэмжлэгч *******-той 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 100,000,000 төгрөгийг жилийн 1 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай олгохоор харилцан тохиролцсоны дагуу Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээг байгуулж, гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Хаан банк дахь хариуцагчийн дансаар шилжүүлсэн. Харин нэхэмжлэгч ******* нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дахь хэсэгт Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно гэж зааснаар хоршооны гишүүн болох иргэн*******од зээл олгожээ. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ-ний харилцаа үүссэн. Хэрэв зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул энэ хэрэгт манай байгууллага хамааралгүй, тус тусдаа зээлийн харилцаа үүссэн.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар хариуцагч*******од зээл олгох шаардлагыг тавьсан манай дотоод үйл ажиллагааны шийдвэрт шууд нөлөөлсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь манай газар нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй бөгөөд Хадгаламж зээлийн хорооны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8.2 дахь хэсэгт зааснаар Зээлийн хороо нь хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол зээл авахаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах, хянах, олгох эсэх асуудлыг шийдвэрлэх, зээлийн гэрээ байгуулах эрхтэй хоршооны гишүүдээс бүрддэг.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 135 дугаар тогтоолоор Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас хадгаламж зээлийн хоршоодод олгосон зээлийн авлагатай холбоотой Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын буюу сангийн шаардах эрхийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газартай байгуулсан ба энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтад дурдсан шилжүүлсэн авлагын жагсаалтын 109 дугаарт ******* багтсан ба ингэснээр нэхэмжлэгч Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын шаардах эрх үүссэн. Улмаар Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас *******-нд 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр олгосон 100.000.000 төгрөгийн зээлтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа явуулж байгаа. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын нэхэмжлэлтэй *******-нд холбогдох иргэний хэрэг нь *******-ны нэхэмжлэлтэй хариуцагч*******од холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тусдаа тул энэ хэрэгт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй гэж үзэж байна.

Манайхтай байгуулсан гэрээнд барьцаа хөрөнгийн үнэлгээг хэрхэн тооцох талаар тусгагдсан ч энэ нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондох гэрээний үнэлгээнд хамааралгүй. Барьцааны гэрээнд үнэлгээг хэдээр тогтоох асуудал талуудын хоорондох тохиролцоо бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талуудын гэрээний чөлөөт зарчим болно. Манай зүгээс нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан барьцааны гэрээнд газрын үнэлгээг 8 сая төгрөг гэж заахаар шахсан, дарамталсан аливаа зүйл байхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар:*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2017оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 61 тоот зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, гэрэл зургууд,*******ын гаргасан хүсэлт хуулбараар, хаяг тогтоосон тухай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зээлийн тооцоолол, өмгөөллийн үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэл, Хаан банкны хуулга, хэргийг хэрэгсэхгүй болгосон тус шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамж, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамж,*******ыг эрэн сурвалжилсан тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүхийн шийдвэр, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээл төлөх тухай мэдэгдэл, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гэрээ, эргэн төлөх хуваарь зэргийг ирүүлжээ. /хх 4-30, 44-46, 56-60, 68-94/

Гуравдагч этгээдээс нотлох баримтаар: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17/16 тоот тогтоолоор батлагдсан Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, сангийн журам, шаардах эрх шилжүүлэх гэрээ зэргийг хуулбараар ирүүлжээ. /хх 103-124/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч ******* ХЗҮАЭХ-с*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8.638.080 төгрөг, өмгөөллийн хөлс 860.000 төгрөг, нийт 9.733.040 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах, барьцааны гэрээний 2.1-д заасан газрын үнэ 8.000.000 төгрөг гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ зээл олгосон, зээлийг бүрэн төлөөгүй тул зээлийн үлдэгдлийг гаргуулна, барьцаа хөрөнгө зээлийг төлөхөд хүрэлцэхгүй, барьцааны гэрээ байгуулахад Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас шаардаж дарамталсны дагуу хөрөнгийн үнийг хууран мэхлэгдэж илт өндрөөр заасан тул холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулна, гэрээнээс учирсан хохиролд өмгөөллийн зардлыг төлүүлнэ гэж тайлбарлав.

2.Хариуцагч зээлийг хүлээн авсанд маргаагүй ч гэрээний хугацааг сунгахдаа 500.000 төгрөг нэмсэн, хоршооны гишүүний татвар, зээлийн шимтгэл хураамжид төлсөн 300.000 төгрөгийг зээлээс хасч тооцуулна, өмгөөллийн зардлыг төлөхгүй, мөн барьцааны газрыг төлбөрт тооцон шилжүүлж зээлийг хаах хүсэлтэй гэж тайлбарлав.

Гуравдагч этгээдийн зүгээс энэ хэрэгт хамааралгүй, нэхэмжлэгч хариуцагч нарын хоорондох зээлийн болон барьцааны гэрээг байгуулахад дарамт шахалт үзүүлээгүй гэж тайлбарлав.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1. нэг талаас ******* ХЗҮАЭХ, нөгөө талаас******* нар 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 5.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч сарын 1,2 хувийн хүүтэй эргүүлэн төлөхөөр тохиролцож 61 тоот зээлийн гэрээг байгуулжээ. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2201043089 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18627338669614 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Цагаан чулуутын 84 дүгээр гудамж, 3057 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний 500 мкв газраас хангуулахаар мөн өдрөө 61 тоот барьцааны гэрээг тус тус байгуулжээ. /хх 16-19, 20-22, 25-26/

Дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна. Зээлийн мөнгөн хөрөнгө болох 5.000.000 төгрөгийг хүлээн авсанд зохигчид маргаагүй.

3.2.Мөн зохигчид 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 5.500.000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч сарын 1,2 хувийн хүүтэй эргүүлэн төлөхөөр 22 тоот зээлийн гэрээг байгуулжээ. /хх 12/ Энэ гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг олгоогүй, харин өмнөх 61 тоот гэрээний зээлийн үлдэгдлийг тооцож хугацаа сунгасан гэрээ гэж тайлбарлан талууд маргаагүй.

4.Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

4.1.Хариуцагч зээлээс эхний нэг сард 526.533 төгрөг төлсөн гэж шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа дурдсан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч эхний нэг сарын зээл, хүүнд 476.667 төгрөг хүлээн авсан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй болно. Иймд шүүх нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр зээлээс 476.667 төгрөгийг төлсөн гэж үзнэ.

4.2.Зохигчдын хооронд байгуулагдсан 61 тоот гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваариас үзвэл хариуцагчийн төлсөн 476.667 төгрөгийг үндсэн зээлд 416.667 төгрөг, хүү 60.000 төгрөгийг хасвал үндсэн зээлийн үлдэгдэл 4.583.333 төгрөг үлдэхээр байна. Нэхэмжлэгч эхний нэг сард графикийн дагуу хариуцагчийн төлсөн мөнгийг хассан гэж тайлбарласан тул гэрээний хугацаа дууссан 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4.583.333 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 330.000 төгрөг, зээлийн нийт үлдэгдэл 4.913.333 төгрөг байжээ.

Зохигчдын хоорондох 61 тоот гэрээний нэг дэх хэсэгт заасан ерөнхий нөхцөлд зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хуваарьт хугацаа дууссан өдрөөс эхлэн ... төлөгдөөгүй зээлд ногдох үндсэн хүүгийн хувиар нэмэгдүүлсэн хүү 0,2 хувь тооцно гэж заасан, харин гэрээний хавсралтад хоног тутамд 0,2 хувийн алданги төлнө гэж зааснаас үзвэл шүүх талууд энэ гэрээгээр Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцоогүй гэж үзэв. Иймд энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй.

4.3.Талууд 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22 тоот гэрээгээр хугацааг 12 сараар сунгахдаа өмнөх зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон үндсэн зээл 5.500.000 төгрөг гэж гэрээнд тусгасан талаар маргаагүй. Хугацааг сунгасан 22 тоот энэ гэрээний 1.14-т хугацаандаа зээл, хүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байх тул нэхэмжлэгч 2018 оны 7дугаар сарын 25-ны өдрөөс хойш хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхтэй.

4.4.Шүүх бодитоор зээлийн үлдэгдэл 4.913.333 төгрөг /үндсэн зээлийн үлдэгдэл 4.583.333 төгрөг, хуримтлагдсан хүү 330.000 төгрөг/ байсан гэж үзсэн тул энэ дүнгээс гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцвол нийт 7.685.331 төгрөг байх тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 1.187.709 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

/үндсэн зээлийн үлдэгдэл 4.583.333 төгрөг, хуримтлагдсан хүү 330.000 /2017.06.08-наас 2018.06.08 хүртэлх/ төгрөг + 42 сарын хүү 2.309.999 төгрөг /4.583.333 * 1,2% * 2018.07.25-наас 2022.01.26 хүртэлх 42 сар/, нэмэгдүүлсэн хүү 461.999 төгрөг /2018.07.25-наас 2022.01.26 хүртэлх/ байна.

4.5.Хариуцагчаас хоршоонд гишүүнээр элсэхэд төлсөн хураамж, зээл олгоход төлсөн шимтгэл хураамжид нийт 300.000 төгрөг төлсөн, уг мөнгийг зээлээс хасч тооцуулна гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна талуудын хоорондох 61 тоот гэрээнд зээл авахтай холбогдон гарах бүх зардлыг зээлдэгч хариуцна гэж заасан байх тул энэ тайлбар үндэслэлгүй.

5.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан, хариуцагч зээлээ хугацаандаа төлөөгүйгээс нэхэмжлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй хэдий ч нэхэмжлэгч бусдаас хууль зүйн туслалцаа авсны хөлсөд төлсөн мөнгийг талуудын хоорондох гэрээнээс учирсан шууд бодит хохирол гэж үзэхэд учир дутагдалтай. Иймд өмгөөллийн зардалд нэхэмжилсэн 860.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

6.Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан, ******* ХЗҮАЭХ нар 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах 016 тоот гэрээг байгуулжээ. Энэ гэрээний дагуу ******* ХЗҮАЭХ мөнгөн хөрөнгийг бичил бизнес эрхлэгч гишүүдэд нэг зээлдэгчид 5 сая төгрөг хүртэлх хэмжээгээр жилийн 14,4 хүртэл хувийн хүүтэй, 24 хүртэл сарын хугацаатай зээлүүлэх зориулалттайгаар нэхэмжлэгчийн өмчлөлд 100.000.000 төгрөгийг шилжүүлэхээр, Зээлдэгч Хоршоо жилийн нэг хувийн хүүтэйгээр эргүүлэн Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн санд төлөх үүргийг хүлээхээр тохиролцсон, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 91 тоот нэмэлт гэрээгээр хугацааг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгажээ. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас шаардах эрхийг шилжүүлж авсан үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 247 тоот мэдэгдлээр нэхэмжлэгчээс зээл буцаан төлөхийг шаардсан үйл баримтууд тогтоогдож байна. /хх 88-94 /

Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан, ******* ХЗҮАЭХ нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүссэн, талуудын хоорондох энэ гэрээний 4.2-т Сангаас олгосон хөрөнгийг гишүүнд дамжуулан зээлдүүлэхдээ зээлийн эрсдэлийг 100 хувь бие даан Хоршоо өөрөө харицах-аар заасан, нэхэмжлэгч сангаас олгосон мөнгөн хөрөнгийн тодорхой хэсгийг гэрээнд заасан зориулалтын дагуу гуравдагч этгээдэд олгосон тул ******* ХЗҮАЭХ,******* нарын хоорондох зээлийн гэрээний харилцаанд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар хамааралгүй, энэ тухай гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлтэй.

7.Талуудын хоорондох барьцааны гэрээг шүүх дээр дурдснаар хүчин төгөлдөр гэж үзсэн тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах нь зүйтэй.

8.Хариуцагч барьцаа хөрөнгийг шилжүүлж зээлд бүхэлд нь тооцон гэрээг дуусгавар болгоно гэж, нэхэмжлэгч тухайн барьцааны газар зээлийн үүргийг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй гэж тайлбарлан маргасан. Улмаар нэхэмжлэгч барьцааны гэрээний 2.1-д заасан үнэлгээ 8 сая төгрөг гэсэн хэсгийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж тайлбарлан гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т гуравдагч этгээд хууран мэхэлсэн тохиолдолд уг хэлцлээс ашиг олж байгаа этгээд ийнхүү хууран мэхэлснийг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол мэхлүүлсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж болно гэж заажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан барьцааны гэрээнд хөрөнгийн үнийг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар тохиролцож тогтоосон, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас нэхэмжлэгчийг дарамталсан, хууран мэхэлсэн, шахалт үзүүлсэн гэж үзэх нөхцөл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн хариуцагч нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн гэж үзэх нөхцөл мөн тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ барьцаа хөрөнгийн үнэ цэнэ төлбөл зохих төлбөрийг төлөхөд хүрэлцэх эсэх асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга журмын дагуу тодорхойлж гүйцэтгэгдэх тул хариуцагчийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийг дуусгавар болгох, нэхэмжлэгчийн гаргасан барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй талаарх тайлбарууд хэрэгт хамааралгүйг дурдав.

9.Дээрхийг нэгтгээд хариуцагч*******оос нийт 7.687.331 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХЗҮАЭХ-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. Мөн тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар*******оос 7.687.331 /долоон сая зургаан зуун наян долоон мянга гурван зуун гучин нэгэн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХЗҮАЭХ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.045.709 төгрөгийг болон Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан үндэслэлгүй тул барьцааны гэрээний 2.1-д заасан үнэлгээ 8.000.000 төгрөг гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2201043089 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18627338669614 дугаартай, Сонгинорхайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Цагаан чулуутын 84 дүгээр гудамж, 3057 тоотод байрлах 500 мкв газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  307.228 /153.159+154.069/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 137.947 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ