| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/1173/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1419 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1419
2025 05 27 2025/ШЦТ/1419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Одонтуяа,
шүүгдэгч Б.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэмболор,
нарийн бичгийн даргаар Х.Сүххуяг нарыг оролцуулан эрүүгийн 2403004220433 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Б.Б
Монгол Улсын Иргэн, ............... эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .............. тоотод ам бүл 5, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.Б ........... тоот хашааны урд тээврийн хэрэгсэл зорчих замд 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг 40 минутын орчимд ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 10.1 заалтуудыг зөрчсөны улмаас хохирогч И.Бг дайрч амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч Б.Б ............. тоот хашааны урд тээврийн хэрэгсэл зорчих замд 2024 оны 06 дугаар сарын 18-ны едөр 21 цаг 40 минутын орчимд ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зам дээр согтуу хэвтэж байсан хохирогч И.Бг дайрч амь насыг нь хохироосон үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Зын гаргасан 2024 оны 07 дугаар сарын 01- ний өдрийн №3682 дугаартай “1.2.Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Б” гэж хаягласан хуруу шилтэй цуснаас спиртийн агууламж илрээгүй. З.Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж тодорхойлох шинжилгээг хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна.” гэх химийн шинжилгээний дүгнэлт,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн Биологийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч П.Ундрахын гаргасан 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №3683 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн Б.Бын биеэс цэвэр тариураар авсан 001427607 дугаартай 5 мл битүүмжилсэн хуруу шилтэй цусны дээж нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Жолооч Б.Бын гэх цус нь 0(1) бүлгийн харьяалалтай байна” гэх биологийн шинжилгээний дүгнэлт,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Бын гаргасан 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №2232 дугаартай “1.Амь хохирогчийн биед хоёр талын олон хавирганы шууд болон шууд бус хугарал, хоёр уушгины няцрал, цус хуралт, цээжний хөндий дэх цус хуралдалт /500 мл/, элэгний эсийн холимог хэлбэрийн өмөн, өмөнгийн задрал, цус алдалт /1000 мл/, дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт /зүрх, өрц, бөөр, уушги/, баруун хөмсөг, хамар, уруул, ооч, чамархай, хацар, цээж, шуу, мөр, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас дайрагдах үед үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4.Амь хохирогч нь цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 5.Амь хохирогчид хийсэн 2024.06.19-ний 00 цаг 29 минутын цогцсын анхны гадна үзлэгээр нас бараад 2-3 цаг болсон байжээ. б.Амь хохирогч нь элэгний эсийн холимог хэлбэрийн өмөн өвчтэй байжээ. 7.Нэгдүгээр бүлгийн цус байжээ. 8.Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.” цогцост хийсэн шинжилгээний дүгнэлт,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Хэргийн газрын сэргээн дүрслэх лабораторийн эрхлэгч Э.Дын гаргасан 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №43 дугаартай “1 .Хавтаст хэрэгт авагдсан материал, “Ch02-20240618-212228” гэсэн нэртэй дүрс бичлэгийн файл зэрэгт үндэслэн хэргийн газрын дүрсдэлийг үүсгэж зургаар харуулав. Зураг №6,7 2,Осол болсон гэх газар зам, орчин, тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн 3D загварчлалыг босгож тээврийн хэрэгсэл дотроос харагдах байдлыг гэрэл зургаар гаргав. Зураг №8-10 3.......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь явган зорчигчийг зүүн талаараа мөргөсөн байна. Зураг №11 4.0сол болоход зам, орчин, цаг агаар нөлөөлсөн эсэхийг тогтооход щинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй. б.Шинжилж буй дүрс бичлэг, Хавтаст хэрэгт авагдсан материал зэрэг дээр тулгуурлан ослын шалтгаан нөхцлийг тогтоох боломжгүй байна.” хэргийн газрыг сэргээн дүрслэх шинжилгээний дүгнэлт,
- Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №1000263 дугаартай ............ УБЧ улсын дугаартай “1.Уг тээврийн хэрэгсэл нь өнгө үзэмж, гэрэл, зэрэг үзүүлэлтээр техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2.Ерөнхий байдал өнгө үзэмжийн хувьд урд бупер доод хэсгээрээ хагарсан, зүүн хойд гэрлийн шинж байхгүй гэрэл сул зэрэг эвдрэл гэмтэлтэй. Үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 10000cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 6200cd, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1200cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1800cd, (стандарт 10000-225000cd) гэрлийн хүч тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. З.Уг тээврийн хэрэгсэл нь хий-шингэн дамжуулгатай ABS тоормросны системтэй. Үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгахад урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.11 кН, баруун талдаа 2.46кН, зөрүү нь 14.2% (стандарт <30%) автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. тоормосны системийн ажиллагаа хэвийн. Зогсоолын тоормос зогссон. 4. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй.” гэх автомашины дүгнэлт.
- шинжээч Т.Тын гаргасан 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 46-61/131 дугаартай “1.Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад ........... улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн /урд гэрлийн тусгал бүрэн бус/ байдлыг хангах; мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Явган зорчигч И.Бг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. З.Уг осол нь ......... улсын дугаартай автомашины жолооч Б.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.А, 10.1 дүгээр заалтыг зөрчсөний улмаас гарсан байх үндэслэлтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт
- Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас,
- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн тус тус заалтуудыг ягштал баримтлах ёстой ба хэрэв баримтлахгүй бол осол аваар гаргаж хүний амь насыг хохироох боломжтой гэдгээ ухамсарлаж байсан боловч хайхрамжгүй хандаж дээрх замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироосон хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Б ........... хашааны урд замд 2024 оны 06 дугаар сарын 18-ны едөр 21 цаг 40 минутын орчимд .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 10.1 дэх заалтуудыг зөрчиж хохирогч И.Бг дайрч амь насыг нь хохироосон гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдэл, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор 5 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэнж, тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О нь: “амь хохирогч И.Б нь орон гэргүй, ар гэрийн хүн байдаггүй. Архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, архины хамааралтай, энд тэнд тасраад хэвтэж байдаг байсан. Би 2020 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ............. байхаас нь эхлээд хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд амь хохирогчийн 2011 оны үеэс хойш мэддэг болсон, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “хохирол төлбөр төлөх гээд араас нь явсан боловч ар гэрийн хүн байдаггүй, хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлэхгүй гээд байсан. Тэгээд яахаа мэдэхгүй Гандан орж ном уншуулсан. Өөр хийж чадах зүйл байгаагүй миний буруу” гэв.
Дээрх мэдүүлгүүдийг үндэслэн шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Мөн хэрэгт шүүгдэгч Б.Бын жолооны үнэмлэх болон бусад бичиг баримт хэрэгт хавсарган ирээгүй болохыг дурдав.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Бд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэг үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан эрх хасах ялыг, ял оногдуулсан үеэс тооцож, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ