2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1459

 

   

 

 

 

 

 

 

 

    2025         05         29                                   2025/ШЦТ/1459

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Марал,

хохирогч Д.Г, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож,

шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар,

нарийн бичгийн даргаар Х.Сүххуяг нарыг оролцуулан эрүүгийн 2503000000261 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: О овогт А.С

Монгол Улсын иргэн, ................ эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, ..............., ам бүл 5, ээж 3 дүүгийн хамт ............. тоотод байнга оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ................ тоот хашааны урд тээврийн хэрэгсэл зорчих замд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 02 цаг 05 минутын орчимд ........... маркийн ........... улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7, -т заасаныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Д.Гыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дах заалтад заасан, мөн  авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрын зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

Шүүгдэгч А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...... .......... тоот хашааны урд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн замд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 02 цаг 05 минутын орчимд .......... улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Д.Гыг мөргөж, бие махбодид нь “...баруун дунд чөмөгт ясны доод 1/3, шилбэний шаант, тахилзуур ясны бяцарсан зөрөөтэй ил хугарал, баруун гуяны том хэмжээний эдийн дутагдал бүхий шарх, зүүн бугуйн ил хугарал, зулгаралт, баруун дунд чөмөгт ясыг тайрах мэс заслын дараах байдал...” бүхий  хүнд  гэмтэл учруулсан, мөн  осол аваарь гарсан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан зэрэг тус тус үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Д.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... М5 чиглэлийн автобусанд суугаад ботаникт буух гээд явсан. Тэгээд ботаникын автобусны буудал дээр бууж байснаа санаж байгаа, цааш юу болсныг санахгүй байна... Хуулийн дагуу шийдүүлэхийг хүсэж байна." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

- иргэний нэхэмжлэгч С.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Дармаагийн Г нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 9,177,478 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч А.Сээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Ганзоригийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2250 дугаартай: 1. Д.Гын биед баруун дунд чөмөгт ясны доод 1/3, шилбэний шаант, тахилзуур ясны бяцарсан зөрөөтэй ил хугарал, баруун гуяны том хэмжээний эдийн дутагдал бүхий шарх, зүүн бугуйн ил хугарал, зулгаралт, баруун дунд чөмөгт ясыг тайрах мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.25-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдоно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 12.95.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулна." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Эын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 518 дугаартай: Д.Гын биед зүүн 5-р хурууны алганы шивнүүрийн ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Урд гаргасан дүгнэлтийн хохирлын зэрэгт өөрчлөлт орохгүй. 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ЭМЖЖ эмнэлгийн үзлэгт хоёр чихний хүндэвтэр зэргийн дуу хүлээх хэлбэрийн сонсгол бууралт нь гэмтлийн шалтгаант холбоогүй байна. Тархи доргилтын дараах үлдэц уршиг тогтоогдсонгүй. Зүүн 5-р хурууны алганы шивнүүрийн ил хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 89-92 дугаар хуудас/,

- Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 136215 дугаартай: Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ буюу тэнхлэгийн тохиргоо, дугуйн хээний гүний хэмжээ, зүүн болон баруун гар талын урд их гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд буфер баруун гар талын дугуйрсан хэсэгтээ бага зэрэг сэвтэй /хуучин/, баруун гар талын их гэрэл хагарсан /шинэ/, баруун гар талын урд крыло бага зэрэг нугларсан /шинэ/, баруун гар талын арыг харах толь сууриараа сугарч байхгүй болсон /шинэ/, хид буфер баруун гар талын дээд булан хэсэгтээ хагарсан /хуучин/, баруун гар талын урд оврын гэрэл асахгүй /шинэ/, баруун гар талын дугаарын гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Урд буфер баруун гар талын дугуйрсан хэсэгтээ бага зэрэг сэвтэй, баруун гар талын их гэрэл хагарсан, баруун гар талын урд крыло бага зэрэг нугаларсан, баруун гар талын арыг харах толь сууриараа хугарч байхгүй болсон, хойд буфер баруун гар талын дээд булан хэсэгтээ хагарсан, баруун гар талын урд оврын гэрэл асахгүй, баруун гар талын дугаарын гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.  Урд буфер баруун гар талын дугуйрсан хэсэгтээ бага зэрэг сэвтэй /хуучин/, баруун гар талын их гэрэл хагарсан /шинэ/, баруун гар талын урд крыло бага зэрэг нугаларсан /шинэ/, баруун гар талын арыг харах толь сууриараа хугарч байхгүй болсон /шинэ/, хойд буфер баруун гар талын дээд булан хэсэгтээ хагарсан /хуучин/, баруун гар талын урд оврын гэрэл асахгүй /шинэ/, баруун гар талын дугаарын гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.  Авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Тээврийн хэрэгслийн суваг дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хэмжилт хийхэд тоормосны аппаратын битүүмжлэл, тоормос бүрэн ажиллагаатай байна. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай ABS тул уг тээврийн хэрэгслийг тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, тээврийн хэрэгслийн хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ. ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээрээ стандартын шаардлага хангаж байна.  Уг тээврийн хэрэгсэл нь 2024-09-11 нд Монгол улсад бүртгэгдэж, 2024-09- 25 нь техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-37 дугаар хуудас/,

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2025 оны 02 дугаартай 03-ны өдрийн 0000235 дугаартай: "1. Жолооч А.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7- т заасны дагуу "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг..... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалт, мөн дүрмийн 1.3-т заасны дагуу "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." гэсэн заалт, мөн дүрмийн 3.5-т заасны дагуу "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах...." гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-т "Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна." гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна..." гэх магадлагаа /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

- Жолооч А.Сийн жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 46-49 дүгээр хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02-08 дугаар хуудас/,

- Жолоочийн согтуурсан эсэхийг шалгасан "Quen Alcodetect Pro" маркийн драгер төхөөрөмжийн баримт, /2.368/ /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч А.С нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлах ёстой ба хэрэв баримтлахгүй бол осол аваар гаргаж хүний эрүүл мэндийг хохироох боломжтой гэдгээ ухамсарлаж байсан боловч хөнгөмсөгөөр найдан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явган зорчигчийг мөргөж бие махбодод нь хүнд гэмтэл учруулсан хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн мөн осол гаргасан хэргийн газрыг зориуд санаатайгаар орхиж зугтаасан гэмт үйлдлүүдийг хийсэн байна.    

Иймд шүүгдэгч А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............. хашааны урд тээврийн хэрэгсэл зорчих замд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 02 цаг 05 минутын орчимд " ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасны дагуу "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалт, мөн дүрмийн 1.3-т заасны дагуу "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Д.Гыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт үлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн, мөн  түүний осол аваар гарсан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тус тус бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангасан, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

 

Хохирогч Д.Гын шөнийн цагаар явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан заалтыг зөрчсөнийг, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад: “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн;” гэж заасанд хамруулан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 Шүүгдэгч А.Сэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардал, бусад гэм хорын хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн талаас гаргасан саналыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор түүнийг нийгмээс тусгаарлан хүмүүжүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд хохирогчид учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хйилгэх ял  оногдуулж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж хохирогчид нөхөн төлбөр төлөх нөхцөлийг харгалзан  өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Сийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэгт тооцогддог ба мөн түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатай үйлдсэнд тооцогдоно. Гэмт этгээдийн үйлдсэн нэг болгоомжгүй, нэг санаатай гэмт хэргүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тус тусад нь авч үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан нөхцөлийг харгалзан ял шийтгэх зарчим үйлчлэх хуулийн зохицуулалттайгаас гадна ингэхдээ болгоомжгүй үйлдсэн нэг гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэж болохгүй гэсэн хориглосон хуулийн хэм хэмжээ байхгүйг дурдах нь зүйтэй. Тиймээс А.Сийн үйлдсэн болгоомжгүй гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол шаардлагыг хангасан гэж шүүх үзэн түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн болно.

Түүнчлэн шүүгдэгч А.Сийн гэмт үйлдлүүдэд шүүхээс санаатай үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулж, болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэгт нь эрх хасах ялыг заавал оногдуулахаар хуульчилсан тул 4 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж, шүүхэд олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд үндсэн ял болох хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв. Учир нь Эрүүгийнн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “ Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно:” гэж хуульчилсан байна. Гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс хорих ял оногдуулахгүй тэнсэж байгаа нь  ял оногдуулсан гэж үзэхгүй ба Хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар бүлэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго төрөл”, 7 дугаар бүлэгт “Тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж ялгамжтайгаар тусад нь бүлэгт хамруулан хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч А.С нь тэнсэнгийн хугацаандаа шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаа эдэлж биелүүлэхэд харшлах зүйлгүй, боломжгүй нөхцөл байдал үүсэхгүй гэж шүүх үзэв. 

 

Шүүгдэгч А.Сэд оногдуулсан эрх хасах ялыг, тэнсэн оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Д.Гын эмчилгээний зардалд зарцуулсан 9.177.487 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн ба шүүгдэгч А.Сээс гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгчийн орлого олох боломжыг харгалзан 10 сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г нь нийт 15.000.000 сая төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч А.С нь хүлээн зөвшөөрч, шүүхийн шатанд 10.000.000 төгрөгийг төлж, үлдэх 5.000.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.  

Дээрх шүүхээс тогтоож шийдвэрлэсэн үлдэх хохирол 5.000.000 төгрөгийн төлбөрийг хэн аль нь хүлээн зөвшөөрч, шүүгдэгч нь нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулж, уг хохирлыг А.Сийн өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг харгалзан 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх хэргийн хамт шүүхэд ирээгүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч О овогт А.Сийг согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу тус хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар тэнсэнгийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Сэд оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сэд оногдуулсан эрх хасах ялыг, тэнсэн оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сээс нийт 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулан, хохирогч Д.Г-т олгож, 3 /гурав/ сарын хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сээс 9.177.487 /есөн сая нэг зуун далан долоон мянга дөрвөн зуун наян долоон мянган/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 10 /арав/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Хохирогч Д.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмт хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

         

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг дурдсугай.

 

11. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

12. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Сэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ