2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1417

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025        05         27                                         2025/ШЦТ/1417

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг тус дүүргийн шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Э.Чингис, шүүгч М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэйгээр

иргэдийн төлөөлөгч Г.П,

улсын яллагч М.Ариунцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ү, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Д.С, Д.С, тэдгээрийн өмгөөлөгч Б.Болортуяа,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Ө.Учрал,

нарийн бичгийн даргаар Х.Сүххуяг нарыг оролцуулан эрүүгийн 2206025820947 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Ө овогт Т.М

Монгол Улсын иргэн, ............... эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “........... ажилтай, ам бүл 5, эмээ, ээж, дүү нарын хамт амьдардаг, ................ түр оршин суух,

урьд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/509 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангйин 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

Шүүгдэгч: С овогт О.Б

Монгол Улсын иргэн, ................. эрэгтэй, тусгай дунд боловсролтой, .........., ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр хүүхдийн хамт ........... тоотод оршин суух,

урьд: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2019/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн,

Шүүгдэгч: Э овогт Д.С

Монгол Улсын иргэн, ................. эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .............. ажилтай, ам бүл 5, ээж эгч нар, ихэрийн хамт амьдрах, .................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .........тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй,

 

Шүүгдэгч: Э овогт Д.С

Монгол Улсын иргэн, ................ эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хувцасны дизайнер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эгч нар, ихрийн хамт амьдрах, ................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ...........тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Т.М, О.Б, Д.С, Д.С нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2022 оны 05 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..............”  гэх нэршилтэй амралтын газарт хохирогч А.Ны эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон.

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 05 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “............” амралтын газраас А.Ны унаж явсан хохирогч А.Үгийн эзэмшлийн ............. улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, хохирогч А.Үд нийт 1,592,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн дүгнэлт

 

 А. 1. Шүүгдэгч Т.М, О.Б, Д.С, Д.С нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.............” гэх нэршилтэй  амралтын газарт “Т.М, О.Б нарын найз охидыг хохирогч А.Н нь амралтын газарруу авч явсан, түүнчлэн явуулахгүй хоргоосон” гэх шалтгаанаар, насанд хүрээгүй гэрч Б.Эний “бид хэдийг ирж ав” гэж дуудсаны дагуу тус амралтын газар хүрч очин, улмаар хохирогч А.Ны нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож бие махбодид нь “зүүн хөмсөгний гадна доор няцарсан шарх, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, уушгины авчилт, цээжний хөндийн хий хуралдалт, зүүн хөмсөгний гадна доор няцарсан шарх, баруун хөмсөг, баруун шанаа, баруун дээд зовхи, духны зүүн дээр, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнгийн ар болон урд хэсэг, хүзүү, шуу, тохой, шилбэ, шагайн үенд зулгаралт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн, хүнд гэмтэл учруулсан үйл баримт нь дараахь:

- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

- хохирогч А.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр миний фэйсбүүк чат руу “......” гэсэн фэйсбүүк хаягтай уулзах саналыг тавьсан. Тэрний дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр ... уулзсан. С гэх эмэгтэй ... Д, А гэдэг 2 найзтайгаа байсан. Тэгээд бид нар танилцаад ... тэр охидууд 3 дугаар хорооллын тэнд заал авна гэхээр... би машинтай явж байсан болохоор хүргэж өгөх гээд явах замдаа салхинд гарах талаар ярилцсан. Тэр охидууд төгсөлтийн зугаалгатай тэгэхдээ төгсөлтийн зугаалгаар явмааргүй байна, манай ангийнхан архи хэрэглэдэггүй болохоор уйтгартай гэж ярьж байсан. Тэгээд бид нар Гачуурт явж салхинд гарахаар болоод би тэднийг хүргэж өгөөд салсан. Маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би 15:00 цагийн үед “Таван Богд” дээр очоод С, Д, Х 3 байсан ба бид нар миний машинд суугаад замаасаа С гэдэг манай найзыг авсан. Гачууртад очоод ... 2,5 граммын 1 ширхэг пивыг Саас бусад нь хувааж уусан. ... Би Б гэх найз руугаа залгатал Е гэдэг найзтайгаа цуг явж байна гэхээр нь би С, Д, Х нараас 2 найзыгаа дуудчихуу гэж асуухад тэд нар “тэгэлдээ” гэж хэлсэн. ... би 2 найзыг дуудсан. Тэр хоёр 19:00 цаг өнгөрч байхад ирсэн. Д, С хоёрын утас нь байн байн дугаараад байсан ба тэр хоёр бид нараас холдож байгаад яриад байсан... Бид нар бүгдээрээ ярилцаад Гачууртын “.......” гэдэг амралт руу ... 21:00 цагийн үед очсон. Амралтын газрын хамгийн баруун талын гэрт орсон дөнгөж ороод байж байтал Д нь манай хуучин найз залуу ирж намайг авах юм байна гэж хэлсэн. Бид нар за ойлголоо тэг тэг гэж хэлсэн. Д гэнэт байхгүй болсон байсан. Х гэдэг охин бид нарыг зугтаая Дөө Б эд нарыг дуудсан байна гэж хэлсэн. Бид нар бүгд гэрийн үүдэнд гарч, харж байтал нэг эрэгтэй нь бид нар луу хурдтай, наадах чинь миний найз охин гэж дайран ирж байсан. Цаанаас 6-7 хүн байгаа харагдсан, дунд нь Д байсан. Би цуг байсан хэдээсээ арай урд зогсож байсан болохоор хамгийн түрүүнд гүйж ирсэн эрэгтэй нь над руу үгийн зөрүүгүй цохих гэж оролдсон, би бултсан. Тэр эрэгтэй хар өнгийн хувцастай байсан. Цаанаас бас нэг эрэгтэй нь архины шил хагалаад алнаа гэж орилж байгаа нь сонсогдож байсан. Тэгээд хамгийн түрүүнд ирсэн хар хувцастай хүнтэй нь зууралдаад байж байтал тэрний араас өөр нэг хүн миний толгойн зүүн талын дух хэсэгт архины шилээр хагартал цохисон. Тэр хүн ... цайвар хувцастай хүн байх шиг байсан. Тэгээд би цохиулаад манараад байж байтал намайг хөлнөөс дэгээдэж газар унагасан. Би газар унасан ба шууд нүүрээ хаагаад атиралдаад хэвтсэн. Миний нуруу хэсэгт 2 хүн, урт талаас 1 хүн өшиглөж байсан. Толгой руу дэвсээд байсан нэг хүн байсан. ... Нурууруу өшиглөж байсан хүн хатуу гуталтай хүн байх шиг байсан, их өвдөж байсан ба 10 минут орчим зодуулсан. ... С над руу орилж ирээд миний дээр дараад хэвтэж намайг хамгаалсан байтал над руу эхэлж дайрдаг хар хувцастай эрэгтэй нь С руу “за хайраа одоо хангалттай наадахыг чинь одоо цохихгүй бас хэнээр ч цохиулахгүй” гэж ярьж байсан. С бусад руугаа “зайл” гэж орилж байсан. Тэр эрэгтэй хүмүүсээс 2 эрэгтэй нь Сг салгаад цааш аваад явсан. Хамгийн түрүүнд над руу дайрсан хар хувцастай эрэгтэй нь 2 эрэгтэй хүний хамт үлдээд намайг үргэлжлүүлж зодсон. Миний гэдэс хэсэгт нуруу хэсэгт олон удаа өшиглөсөн. С дахиж гүйж ирээд болиулах гэтэл нөгөө хар хувцастай эрэгтэй нь “хайраа одоо дахиж зодохгүй ээ” гэх зэргээр яриж байсан. 2 эрэгтэй нь миний хөлнөөс чирээд гэр лүү оруулаад гэрийн баруун талын орон дээр суулгасан. Би сандал дээр суугаад байж байтал гэрт С, цагаан цамцтай эрэгтэй хоёр байсан. Миний урд талд хар хувцастай залуу зогсож байсан. Би манараад орон дээр хэвттэл С ирээд “та нар урлагийн хүнийг ямар аймар болгодог юм бэ, та нар зайл” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хар хувцастай залуу нь наадахыг чинь “алчихсан ч яадаг юм” гэх зэргээр орилж байсан. Нөгөө хэдээсээ Сг гаргаж бай гэж хэлсэн. Нөгөө хэд нь Сг гэрээс гаргасан. Намайг хэвтэж байхад хар хувцастай эрэгтэй намайг заамдаж босгож ирээд орон дээр өндийлгөж суулгаад нүүр лүү 1 удаа гараараа цохиод намайг сэгсэрээд орилоод байсан. Би тэр хар хувцастай хүнд “хоёулханаа гараад учраа олъё” гэж хэлсэн чинь цаана байсан цагаан цамцтай эрэгтэй нь “ямар олон үгтэй пизда вэ” гэж хэлээд үсэрч ирээд миний цээж рүү хүчтэй жийсэн. Дараа нь хар хувцастай эрэгтэй нь намайг цохиод орон дээр түлхэж унагасан. Хар хувцастай эрэгтэй нь миний дээр гараад суучихсан миний нүүр лүү цохиж байсан. Цагаан хувцастай эрэгтэй нь орон дээр гарсан миний дээрээс толгой руу дэвсэж байсан. Хажуунаас нэг эрэгтэй нь миний гар луу цохиод байсан. Намайг ... 10-20 минутын хугацаанд зодсон. Би тэр үед амьсгалж чадахгүй байсан... ...Гэр дотор С хар хувцастай эрэгтэй хоёр хэрэлдээд байсан... Удалгүй гаднаас нэг 40 гаран насны эгч нөхрийн хамт орж ирээд салгаад цагдаа дуудсан... Миний толгой маш их өвдөж байсан. Уушиг гэмтээд гуурс тавиулсан арай гэж амьсгалсан. Мөн миний үүдэн 2 шүд хөдөлсөний 1 шүд нь сэтэрч хугарсан. Зүүн хөмсөгний доод хэсэгт оёдол тавиулсан. Баруун хөмсөгний эргэн тойронд шалбарсан байна. Одоо хүртэл амьсгалахад хүндрэлтэй байна. Би гомдолтой, хуулийн дагуу шийдвэрлж өгнө үү. Эмчилгээтэй холбоотой зардалаа нэхэмжлэнэ. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-42 дугаартай хуудас/,

- хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин  өгсөн: “...архины шилээр ...цагаан хувцастай байсан... хоёр ихрийн нэг болох С нь цохисон гэж бодож байна. Намайг гэр рүү хоёр ихэр С, С нар намайг хөлнөөс чирч оруулсан, намайг чирч байхад миний гар зулгарсан. Би энэ хүмүүсийг дайрна гэж нэг ширхэг ч үг цухуйлгаагүй. Тэр хүмүүс намайг дээрэмдсэн... Гэр дотор намайг орон дээр хоёр ихэр, М нар зодож байхад Б миний кармаанаас машины түлхүүрийг авсан. Гэр дотор намайг орон дээр хэвтэж байхад М намайг дээрээс ирээд сэгсэрээд цохиод байсан хажуунаас С миний цээжний зүүн талд үсэрч ирээд маш хүчтэй өшиглөсөн тэр үед миний бие амьсгалхад улам хэцүү болж байсан. Тухайн үед би амьсгалж чадахгүй байна гэж хэлж байсан... Гадаа зодуулах үед нэлээн тэнхэл алдсан амьсгалхад хэцүү босож чадахгүй болсон байсан... Бүгд миний нуруу, цээж хэсэгт өшиглөөд цохиод байсан. Хэдэн удаа яг хаана өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 8 дугаар хуудас /,

- насанд хүрээгүй гэрч Б.ЭнхДий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би найз С, Х нарын хамт байсан. ... Сгийн найз Н гэдэг залуу бид гуравтай Гачуурт ороод гол дээр зураг даруулаад сагс тоглоё гэж ярьсан. Тэгээд бид 3 Ны найз нэрийг нь мэдэхгүй эрэгтэй хүнтэй цуг Баянзүрх дүүргийн Гачууртын “.......” гэдэг амралтын газар очсон. Тэнд очоод бид нар голын эрэг дээр очсон зураг авхуулж бичлэг хийлгээд байж байтал орой болсон. Н эд нар бид нарыг хот руу хүргэж өгөхгүй байхлаар нь С бид хоёр ярилцаад М, Б нарыг дуудаад ирээд ав гэж хэлсэн. Орой 23:00 орчим цагийн үед М, Б нар 3 найзын хамт нийт 5-лаа ирсэн чинь Ны хоёр эрэгтэй найз нь яваад өгсөн. М Ныг газар унагаагаад дээрээс цохиод байсан. Гадаа зодолдож байгаад гэр рүү орсон. Гэр рүү орсоноос нь хойш би сайн мэдэхгүй байна. Х уйлаад яваад өгөхөөр нь би араас нь дагаж яваад Х тайвшруулаад амралтын газраа буцаад ирэхэд гэрт хүн байгаагүй. Тэгэхээр нь хашааны гадаа бид нарын сууж ирсэн Ны машин байсан ба Б, М С нар бөөндөө ирсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас/,

- гэрч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... Би Н гэх эрэгтэйтэй фэйсбүүкээр танилцаад ...хааяа харилцаж байгаад ...цэцэрлэгт хүрээлэнд ...уулзаад ...жоохон юм ярьж байгаад Н Д бид хоёрыг 3 дугаар хороололд хүргэж өгсөн. Тэгэх замдаа маргааш өдөр нь Гачуурт руу амралтанд явахаар тохирсон. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ...би найз Д, Х нарын хамт Н, түүний найз Стай цуг Гачуурт явсан. Гачууртад очоод бид нар голын эрэг дээр 2 ширхэг 2,5 граммын сэнгүр нэртэй пиво уусан. Дараа нь С гэрлүүгээ явсан. Тэгээд байж байтал орой 20:00 орчим цагийн үед Ны найз гэх 2 эрэгтэй ирсэн. Бид нар “.......” гэдэг амралтын газарт гэр авч орсон. Д найз залуу Быг дуудаад байсан. Дараа нь би Дий утсыг харахад энд бид 3-ыг харанхуй газар байлгаад гаргахгүй байна, ирж ав гэсэн утгатай чат бичсэн байсан. Тэгээд удалгүй Б, С, С, Б, М, М нар ирсэн. Тэд нар ирээд Ныг гэрээс гарсан чинь амралтын хашааны гаднаас С, Б 2 гүйж ирээд шууд Ныг газар унагаагаад дээрээс нь хөлөөрөө дэвслээд эхэлсэн. Б Ны толгой хэсэг руу цохиод байсан. Амралтын хашаанд байсан “essa” пивоны шилийг С аваад Ны толгой руу нь цохисон шил нь хагарсан. Ныг газар унасан байхад С, С, Б нар хэдэн талаас нь цохиод өшиглөөд байсан. Дараа нь Ныг М бид хоёр сугадаж өргөөд гэрт оруулсан. Оруулаад цусыг нь арчаад байж байгаад М Наас “чи одоо хэдэн настай билээ, өөрөөсөө жоохон охидуудыг харанхуй газар авчраад санаа зовохгүй байна уу” гэсэн чинь Н “ингэхийг нь мэдсэн бол Сг шаачихдаг байж дээ” гэж хэлсэн чинь М уурлаад сууж байсан сандал дээрээсээ босоод гүйж ирээд Ны гэдэс хэсэгт 1 удаа өшиглөсөн. ... М хар цамц, хар өмдтэй байсан, Б хар өмд, улаан цамцтай, С цэнхэр сааралдуу өнгийн цамцтай доогуураа цэнхэр өнгийн жийнсэн өмдтэй байсан. С цагаан саарал өнгөтөй цамцтай, хар саарал өнгийн хувцастай байсан... Машин барих санааг Б өөрөө гаргасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-96 дугаар хуудас/,

- гэрч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Ны толгой хэсэгт С “essa” гэдэг пивоны шилээр цохьсон. Шилээр цохиулаад Н газар унасан. Дараа нь Б Ны дээрээс дэвслээд цээж хэсэгт өшиглөөд, С нь ар талаас нь нуруу хэсэгт нь өшиглөөд, С урдаас нь өшиглөөд хөл хэсэгт нь өшиглөөд байсан. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

- насанд хүрээгүй гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Жуковд байдаг Бын гэрт С, С, М нарын хамт тоглоом тоглож байсан. Б, М хоёр хоорондоо утсаар яриад найз охидууд нь өөр хүнтэй байна гээд бүгдээрээ явья гэж хэлээд бид нар Бын гэрээс гараад такси бариад нэг газарт ирсэн. Гол устай модтой газар байсан. Бид нар хашааны дэргэдүүр явж байхад нэг “Приус-20” загварын машинтай Б, М нарын найз охидууд суусан хурдтай явж байсан. Машины араас С, С, М, Б нар хөөгөөд гүйсэн. Би Мийн хамт араас нь удаанаар гүйсэн. Бид хоёр тэд нарын араас гүйгээд амралтын газрын хашаагаар орж нэг гэрийн үүдэн очиход тэнд зодоон болсон байсан. Бид хоёрыг очиход хохирогч Н газарт хэвтсэн байдалтай, С дээр нь хамгаалаад хэвтсэн, Б, М, С, С нар шавсан байдалтай байсан. С хүн “аллаа болиочээ” гээд орилоод байсан. Тэнд очихоос өмнө М “зодоон болж магадгүй битгий оролцоорой” гэж хэлсэн байсан тул би оролцоогүй. М, Б, С нар хохирогч Ныг дээрээс нь дэвсээд, гараараа цохиж байсан. ... Энэ үед Х цааш зугтсан бөгөөд М араас нь явсан. .. Гэрт ороход Ны нүүр хэсэг нь тэр чигээрээ цус болсон, орон дээр гараараа нүүрээ дараад сууж байсан. Б сууж байсан, С, С нар хажууд нь хараад зогсож байсан. М модон сандал барьсан Ныг цохино гээд байж байхад М очоод боль гэж хэлээд дундуур нь ороод зогсож байсан. ...М Ныг аваад гэрт нь үлдсэн. ...Би Сийн хамт хар зам дээр Хтай таараад такси дуудаад хот руу орж ирсэн. Х замдаа бууж үлдээд бид хоёр цааш явсан. ...Намайг харахад С дээр нь хэвтээд хамгаалсан байдалтай М, Б, С, С нар шавсан байдалтай дээрээс нь хөл гараараа цохиж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-109 дүгээр хуудас/,

- гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр сургууль дээрээ байхад манай найз С, Д нар Н гэх залуутай танилцсан хамт салхинд гарах уу гээд байхаар нь хамт явхаар болсон. ... Бид гурав Н гэх залуутай хамт түүний машинтай “.......” амралтын газарт ирсэн. Ны найз эрэгтэй байж байгаад явсан бөгөөд өөр хоёр эрэгтэй найз нь ирсэн. Бид нар гэртээ ороод байхад Н дэлгүүр орж тамхи авна гэхээр нь би Дий хамт машинд суугаад явсан. Замдаа Дийг засмал зам руу орох хэсэгт үлдээсэн. Д нь энэ үед хүнтэй уулзана гээд утсаар яриад байсан. Тэр хүмүүс нь гэрэл тусгаад явж байна гээд байхаар нь буулгаад үлдээсэн. Д нь Бтой утсаар яриад байсан юм байна лээ. Би Ны хамт тамхи аваад буцаад явж байхад зам дээр Б, М, С, С, М, Б, Д нар явж байсан. Би тэд нарыг хараад таньсан бөгөөд тэд нар машины хаалгыг нь татаад цонхыг нь цохиод байсан. Би Нд хандаж зугтаарай гэж хэлээд чигээрээ зугтааж амралтын газрын хашаанд орж ирээд зогссон. Н буугаад гэр рүү гүйж орсон, би араас нь гүйгээд орсон. Гэрт ороход Ны хоёр найз, С нар сууж байсан бөгөөд Н эд нарын найз нар ирсэн байна. Бүгдээрээ үзье гээд байхаар нь би яах гээд байгаа юм гэж загнасан. Бид нар гэрийн үүдэнд гарч зогсох үед Ны хоёр найз нь зугтсан. Цаанаас М С гэж орилсон. Гэрийн үүдэнд зогсож байсан Сг М тэвэрч аваад загнаад байсан. Намайг эргээд харахад Н газарт унасан Б дээр нь гарч суусан байдалтай зодож байсан. Энэ үед С, С хоёрын нэг нь “essa” гэсэн пивоны шил барьж ирээд Ныг цохих гэж байхаар нь шилийг нь авч хаясан. Би шилээрээ цохисон эсэхийг нь мэдэхгүй байна. Б хашгираад гартаа чулуу барьсан байхаар нь айгаад цааш зугтсан... Би... гар утсаа хаясан тул хэн нэгэнтэй холбоо барих боломжгүй байсан харанхуй гудамжаар алхсаар засмал зам руу гарсан. Энэ үед С, С хоёрын нэг нь Бтай явж байгаад надтай таарсан. С, С хоёрын нэг нь надад хандаж бид хоёр гадагшаа явах гэж байгаа тул хамгаалж мэдүүлэг өгөөрэй гэсэн утгатай зүйл яриад байсан. Би тэдэнд хандаж "би өөрийн харсан зүйлийг л мэдүүлнэ" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110-114 дүгээр хуудас/,

- гэрч Д.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Н нэг үл таних залуутай барилцаад зогсож байсан. Тэгээд цаанаас нь 8-9 залуу бууж ирээд алнаа гэх мэт зүйл яриад шил хагарах чимээ сонсогдохоор нь би зугатаасан ... Намайг хашаа даваад зугатаах гэж байхад Нын толгой дээр ...нэг нь пиво юм уу, архины шил хагалах шиг болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 2-11/

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 678 дугаартай “...А.Ны биед учирсан зүүн хөмсөгний гадна доор няцарсан шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. А.Ны биед учирсан зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, уушгины авчилт, цээжний хөндийн хий хуралдалт, зүүн хөмсөгний гадна доор няцарсан шарх, баруун хөмсөг, баруун шанаа, баруун дээд зовхи, духны зүүн дээр, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнгийн ар болон урд хэсэг, хүзүү, шуу, тохой, шилбэ, шагайн үенд зулгаралт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба ямар багаж зэвсэгээр үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. А.Ны биед учирсан зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, уушгины авчилт, цээжний хөндийн хий хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зүүн хөмсөгний гадна доор няцарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. А.Ны биед учирсан зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, уушгины авчилт, цээжний хөндийн хий хуралдалт гэмтэл нь учирсан даруйдаа цээжээр хөндүүрлэх, өвдөх, амьсгаадах, ханиалгах шинж тэмдэг илэрнэ. А.Ны биед учирсан зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, уушгины авчилт, цээжний хөндийн хий хуралдалт гэмтлийг авсан даруйгаас эхлэн эмнэл зүйн шинж тэмдэгүүд буюу цээжээр хөндүүрлэх, өвдөх, амьсгаадах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илрэх ба үүний дараагаас халуурах, амьсгал авах, гаргахад цээжээр өвдө улмаар ухаан алдах, толгой эргэх гэх мэт шинж тэмдэгүүд илэрнэ” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 230-234 дүгээр хуудас/,

- шинжээч Н.Тийн “...Ны биед учирсан хүнд гэмтэл нь цээжний зүүн хэсэг буюу урд, ард, хажуу хэсэгт хатуу, мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүснэ. Өшиглөх үед үүсэх боломжтой. Нэг буюу олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Нурууны зүүн хэсэг, цээжний зүүн талаас өөр газарт цохиж, өшиглөх үед үүсэх боломжгүй. ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,

- хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 18-32 дугаар хуудас/,

- хохирогч А.Ны өвчний түүх, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 203-228 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

 2. Шүүгдэгч О.Б нь 2022 оны 05 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” гэх нэршилтэй амралтын газраас А.Ны унаж явсан хохирогч А.Үгийн эзэмшлийн ........ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр унаж явч, улмаар урд хэсгээр нь шороонд суулгаж урд буфер болон урд гэрэл зэрэг эд зүйлсийг эвдэлж, хохирогчид нийт 1,592,000 төгрөгийн хохирол учруулсан тус тус үйл баримт нь дараах:

- шүүгдэгч О.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  

- хохирогч А.Үгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

- А.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “...Энэ үед миний өмдний карманыг нэг хүн тэмтрээд, миний урд талын халааснаас гэрийн түлхүүр машины түлхүүрийг авсан. Тэгээд тэд нар машин асаагаад явж байгаа чимээ надад сонсогдсон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-42 дугаартай хуудас/,

- Д.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед иргэний нэхэмжлэгчээр  өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр миний эзэмшилийн манай охин Үгийн нэр дээр байдаг “Приус-20” загварын ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ...хүү А.Н надаас гуйгаад авч явсан юм. Тэгээд байж байтал манай эхнэрийн дүү О надад утсаар Н хүнд зодуулсан байна, тэр хүмүүс таны машиныг авч зугтаасан байна гэж хэлсэн. Удалгуй над руу Сүхбаатар дүүргийн Замын цагдаагаас ярьж байна гээд нэг эмэгтэй хүн яриад “машинаа ирж ав” гэж хэлсэн. Би ... 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр саатуулах байрнаас машинаа очиж автал миний машины урд гупер, под карлан, доод усны хамгаалалт байхгүй болсон, багажны амаржын зэрэг эд зүйл эвдэрсэн, мөн миний мэдэхгүй олон зүйл эвдэрсэн байсан. Би үнэлгээний газраар үнэлүүлэхэд нийт 1,592,500 төгрөгийн үнэлгээ гарсан. Би 95,000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн. ... Би машины эвдэрлийн мөнгөө төлүүлмээр байна. ... Би 1.592.500 төгрөгөөс өөр нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-47, 2 дугаар хавтаст хэргийн 2-6 дугаар хуудас/,

- насанд хүрээгүй гэрч Б.Дий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсн: “...Тэгэхээр нь хашааны гадаа бид нарын сууж ирсэн Ны машин байсан ба Б, М, С нар бөөндөө ирсэн, С би Нийг таньдаг юм чинь би маргааш өөрт нь хэлээд машиныг нь өгчий гэж хэлээд бид нар хот явах гэж байсан танихгүй ахыг гуйж байгаад машиныг бариулаад хот явсан. Хотод ирээд машин барьсан ах хороололд буусаны дараа Б машин бариад буцаад Баянбүрдийн тэр хавьд явж байгаад цагдаад баригдсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас/,

- гэрч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд бид нар тараад явсан ба би Б, М, С, Д нарын хамт амралтын хашааны гадаа байсан Ны машиныг бариад буцаад хот руу явсан. Хот руу явах замд Б Ны машиныг барьсан ба замдаа машин нь шороонд суугаад урд гупер нь салж унасан. Тэгээд арай гэж машиныг нь гаргаад хотод ирээд эхлээд Сийг Монел дээр буулгаад дараа нь М бид хоёрыг 5 буудал дээр буулгаад явсан. Энэ хугацаанд Б машин барьж явсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-96 дугаар хуудас/,

- насанд хүрээгүй гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энэ үед нэг нь цагдаа дуудлаа гэж хашгиртал Б, М, Д, С нар Ны машиныг унаад явсан. Б Ны машиныг бариад хөдлөхөөр нь дайрчих байх гэж бодоод зугтсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-109 дүгээр хуудас/,

- гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...О.Б нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр согтуугаар ......... улсын дугаартай “Приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн асуудлаар шалгагдсан. Тухайн тээврийн хэрэгсэл эвдрэлтэй байсан шиг санагдаж байна... О.Б надад Гачууртаас хүнээс зугатаж явж байгаад машинаа гэмтээсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд аар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Б. 1. Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...би хохирогч А.Ны биед хүнд гэмтэл учруулаагүй, нүүр хэсэгрүү нь ганц хоёр удаа цохисон, хүмүүс намайг хориглоод ойртуулаагүй...” гэх утга агуулга бүхий мэдүүлэг өгч гэм буруутай эсхэдээ маргасан.

О.Бын өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт: “...урьд энэ хэргийг давж заалдах шатны шүүхээс нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж үзээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулхаар буцаасан. Хэрэг буцсанаас  хойш нэмэлт ажиллагаа хийгдсэнээс үзэхэд эргэлзээтэй, ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй. Хохирогчид тухайн гэмтлийг хэн учруулсан гэдгийг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй байгаа. Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэхдээ Б нь зодоонд оролцоотой үйлдлүүд байгаа тул мөн шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн биед олон тооны хөнгөн гэмтэл учирсан нөхцөл байдал байгаа учраас зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүж өгнө үү. О.Бын хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан үйлдлийг харсан гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байгааг анхаарч үзнэ үү” гэх утга агуулгаар өмгөөллийн дүгнэлт хийсэн болно

Хавтас хэрэгт авагдсан дараах:

- хохирогч А.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед би амьсгалж чадахгүй байна гэж хэлж байсан... Гадаа зодуулах үед нэлээн тэнхэл алдсан амьсгалхад хэцүү босож чадахгүй болсон байсан... Бүгд миний нуруу, цээж хэсэгт өшиглөөд цохиод байсан. Хэдэн удаа яг хаана өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 8 дугаар хуудас /,

- гэрч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэд нар ирээд Ныг гэрээс гарсан чинь амралтын хашааны гаднаас С, Б 2 гүйж ирээд шууд Ныг газар унагаагаад дээрээс нь хөлөөрөө дэвслээд эхэлсэн. Б Ны толгой хэсэг руу цохиод байсан. ... Ныг газар унасан байхад С, С, Б нар хэдэн талаас нь цохиод өшиглөөд байсан... Дараа нь Б Ны дээрээс дэвслээд цээж хэсэгт өшиглөөд ...”  / 1 дүгээр хавтас хэргийн 92-96 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

- насанд хүрээгүй гэрч Б.Батпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... М, Б, С нар хохирогч Ныг дээрээс нь дэвсээд, гараараа цохиж байсан. ...Намайг харахад С дээр нь хэвтээд хамгаалсан байдалтай М, Б, С, С нар шавсан байдалтай дээрээс нь хөл гараараа цохиж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-109 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь хохирогч А.Ны цээж хэсэгрүү нь дэвсэлж, өшиглөж зодсон үйлдэл нь нотлогдож байна.

2. Шүүгдэгч Д.С, Д.С нар шүүхийн хэлэлцүүлэгт: “... тус зодоонд оролцоогүй, хохирогчид хүнд гэмтэл учруулаагүй, зодооныг салгаж байсан...”  гэх утга агуулга бүхий мэдүүлэг өгч гэм буруутай эсэхдээ маргасан.

Шүүгдэгч Д.С, Д.С нарын өмгөөлөгч Б.Болортуяа шүүхийн хэлэлцүүлэгт: “ ... Энэ хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэгдээд буцсан байдаг. ...Тухайн үед насанд хүрээгүй шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулсан байдаг нь хууль зөрчсөн. ...мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Хэргийн бодит байдлуудыг нотлох баримтуудад үндэслэсэн мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагаа хийгдээгүй. ...Хэрэв шилээр толгой руу цохиход зүүн хөмсөгний гадна, доор гэмтэл үүсэх эсэх нь эргэлзээтэй. Иймд миний үйлчлүүлэгчдийг цагаатгаж өгнө үү” гэх утга агуулгаар өмгөөллийн дүгнэлт хийсэн болно.

- хохирогч А.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг гэр рүү хоёр ихэр С, С нар намайг хөлнөөс чирч оруулсан, ... хажуунаас С миний цээжний зүүн талд үсэрч ирээд маш хүчтэй өшиглөсөн тэр үед миний бие амьсгалхад улам хэцүү болж байсан. Тухайн үед би амьсгалж чадахгүй байна гэж хэлж байсан... Гадаа зодуулах үед нэлээн тэнхэл алдсан амьсгалхад хэцүү босож чадахгүй болсон байсан... Бүгд миний нуруу, цээж хэсэгт өшиглөөд цохиод байсан. Хэдэн удаа яг хаана өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 8 дугаар хуудас /,

- гэрч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... Тэд нар ирээд Ныг гэрээс гарсан чинь амралтын хашааны гаднаас С, Б 2 гүйж ирээд шууд Ныг газар унагаагаад дээрээс нь хөлөөрөө дэвслээд эхэлсэн. ...Ныг газар унасан байхад С, С, Б, нар хэдэн талаас нь цохиод өшиглөөд байсан. ... С нь ар талаас нь нуруу хэсэгт нь өшиглөөд, С урдаас нь өшиглөөд хөл хэсэгт нь өшиглөөд байсан. ... /1 дүгээр хавтаст хэргийн 92-96 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

- насанд хүрээгүй гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Бид хоёрыг очиход хохирогч Н газарт хэвтсэн байдалтай, С дээр нь хамгаалаад хэвтсэн, Б, М, С, С нар шавсан байдалтай байсан. ...Намайг харахад С дээр нь хэвтээд хамгаалсан байдалтай М, Б, С, С нар шавсан байдалтай дээрээс нь хөл гараараа цохиж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-109 дүгээр хуудас/,

- гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С, С хоёрын нэг нь надад хандаж бид хоёр гадагшаа явах гэж байгаа тул хамгаалж мэдүүлэг өгөөрэй гэсэн утгатай зүйл яриад байсан. Би тэдэнд хандаж "би өөрийн харсан зүйлийг л мэдүүлнэ" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110-114 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.С, Д.С нар нь хохирогч А.Ны цээж хэсэгрүү нь дэвсэлж, өшиглөж зодсон үйлдэл нь нотлогдож байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл тус зодоонд хэн хэрхэн яаж оролцсон талаар гэрчүүд нарийвчлан мэдүүлснээс гадна хэн хэн хохирогч А.Ны цээж хэсэгрүү нь өшиглөж, дэвсэж байсан талаар хэд хэдэн гэрчүүд тодорхой мэдүүлсэн байх ба мэдүүлгүүдийн хооронд ноцтой төөрөгдөх, эргэлзэх, илт зөрүүтэй мэдүүлэг үгүй байна. Түүнчлэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 678 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 230-234 дүгээр хуудас/, шинжээч Н.Тийн “...Ны биед учирсан хүнд гэмтэл нь цээжний зүүн хэсэг буюу урд, ард, хажуу хэсэгт хатуу, мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүснэ. Өшиглөх үед үүсэх боломжтой. ...Нэг буюу олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас/ зэргээр хохирогч А.Ны биед учирсан хүнд гэмтлийг шүүгдэгч нарын бүгдийнх нь хохирогчийн цээжин хэсэгрүү олон удаагийн дэвсэлж, өшиглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх ба тус хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих байдлыг хангалттай нотолсон байх ба дээрх гэм буруутай эсэхдээ маргасан шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын мэдүүлэг, өмгөөллийн дүгнэлтүүд няцаагдаж байна гэж шүүх үзэв. 

 

В.  1. Иймд шүүгдэгч Т.М, О.Б, Д.С, Д.С нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2022 оны 05 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” гэх нэршилтэй амралтын газарт үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.Ныг шууд санаатайгаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан удаан хугацааны туршид нийлж зодон эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэж тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Шүүгдэгч О.Бийн 2022 оны 05 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” гэх нэршилтэй амралтын газраас А.Ны унаж явсан хохирогч А.Үгийн эзэмшлийн ............. улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, хөл дүүжлэн хялбар аргаар хотруу зорчиж очих зорилгоор эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, эд зүйлсийг эвдлэн, хохирогчид нийт 1,592,000 төгрөгийн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Г. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Л.П нь шүүх хуралдаанд оролцож шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...Б, М, С, С нар нь хохирогч Н болон хамт байсан хүмүүс дээр очиход хамт байсан хүмүүсээс 2 хүн нь зугтсан. Үлдсэн хохирогч нь харилцан зодолдоогүй гэж үзээд эдгээр 4 хүнийг зодсон гэм буруутай, хохирогч нь биеэ хамгаалах үйлдэл үзүүлсэн шүүгдэгч нараас нэгнийгээ болиулах салгах оролдлого хийсэн гэж үзэж байна” гэж дүгнэсэн болно.

Иргэдийн төлөөлөгчийн зүгээс тус хэрэгт холбогдсон нэр бүхий дөрвөн шүүгдэгчийг бүгдийг гэм буруутай гэсэн шүүх бүрэлдэхүүнтэй ижил дүгнэлт хийсэн тул няцаалт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Т.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, урьд ял шийтгэл эдэлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан нөхцөл хангагдсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс догуур буюу 4 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож, уг хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ: “...Тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацааг харахад 2022 оны 5 сард хэрэг гарсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт давж заалдах шатны шүүхээс хэрэг буцсаны дараа яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж харагдаж байна.” гэв.

Шүүгдэгч О.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг урьд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанд холбогдуулан хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй байхад яллагдагчаар татсан байх ба анхан шатны шүүхээс зүйлчлэлийн хөнгөрүүлэн шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрч прокуророос дахиж яллагдагчаар татсан процессийн ажиллагааг шинээр ял сонсгосон гэж үзэх үндэслэлгүй тул дээрхи өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээгээгүй, урьд ял шийтгэл эдэлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 2 сар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан журмаар О.Бд шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг мөн хугацааны хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 8 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгч Д.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, урьд ял шийтгэлгүй, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 9 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгч Д.Сэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, урьд ял шийтгэлгүй, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 9 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Бусад асуудлын талаар

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээндээ нийт 28.927.834 төгрөг нэхэмжилснээс 16.582.214 төгрөгийн баримттай зардлыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой гэж үзэн гэм буруутай шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 4.145.554 төгрөгийг гаргуулан олгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв. Харин 8.927.834 төгрөгийн хохирогчийн онгоцны тийзний зардалд төлсөнийг энэ хэрэгтэй хамааралгүй гэж үзэн шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.С, Д.С, Т.М нар нь хохирогчид гэмт хэргийн хохирол тус бүр 4.145.554 төгрөгийг төлж барагдуулсан болох нь холбогдох баримт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

          Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул түүнээс 4.145.554 төгрөгийг гаргуулж хохирогч А.Нд, хохирогч А.Үд тээврийн хэрэгслийн эвдрэлийн зардалд нийт 492.000 төгрөгийг төлөөгүй бусад зардлыг төлсөн тул түүнээс гаргуулж хохирогч А.Ү нарт олгуулахаар шийдвэрлэж, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

          Мөн хохирогч А.Нд учирсан гэмтэл одоо болтол бүрэн гүйцэд эдгэрээгүй цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлж байх тул хохирогч А.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэлэв.

 

           Шүүгдэгч Д.С, Д.С, Т.М, О.Б нар тус бүр нийт 199 хоног цагдан хоригдсон байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Ө овогт Т.М, Э овогт Д.С, Э овогт Д.С, С овогт О.Б нарыг бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Шүүгдэгч С овогт О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүйгээр авч явах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсгийн журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Мд 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.С, Д.С нарт тус бүр 5 /тав/ жил 6 /зургаан/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Бд 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.С, Д.С нарт шүүхээс оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг хоёр дахин багасгаж 2 /хоёр/ жил 9 /есөн/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан О.Бд шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг мөн хугацааны хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М, Д.С, Д.С, О.Б нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.М, Д.С, Д.С, О.Б нарын тус бүр 199 хоног цагдан хоригдсон хоногийг, тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

10. Шүүгдэгч Т.М, Д.С, Д.С, О.Б нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.М, Д.С, Д.С нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч О.Боос 4.637.554 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Н -д 4.145.554 /дөрвөн сая нэг зуун дөчин таван мянга таван зуун тавин дөрөв/ төгрөгийг, хохирогч А.Ү -д 492.000 /дөрвөн ерэн хоёр мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

13. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

14. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.М, Д.С, Д.С, О.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ

                                   

                                              ШҮҮГЧИД                              Э.ЧИНГИС

                                                                                                М.ТҮМЭННАСТ