Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 658

 

 

 

 

 

 

МАГАДЛАЛ

 

2019.04.12                                                 Дугаар 658                                      Улаанбаатар хот

ТК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00256 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ТК ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НТ ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 59 118 741 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ажлын хөлсөнд төлсөн 71 805 987 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ТК ХХК нь 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 15-1061 тоот Ажил гүйцэтгэх гэрээг НТ ХХК-тай байгуулсан. Тус гэрээнд заасны дагуу ТК ХХК нь Бага тэнгэрийн ам цогцолбор төслийн хүрээнд Мастер төлөвлөгөө, Үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд скеп дизайн, Спортын хэсгийн суурь дизайн, Зочин буудлын суурь дизайны ажлыг хийж гүйцэтгэн НТ ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Манай компани гэрээний дагуу дээрх ажлуудыг хийж гүйцэтгэн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зураг төсөл хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн ба НТ ХХК-ийн ерөнхий инженер К.М, архитектор Э.Бархүү нар тус актад гарын үсэг зурж, хүлээн авсан. Ингээд бид ажлаа хүлээлгэж өгсөн тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2-д зааснаар гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох нийт дүнгийн 40 хувь буюу 19 800 ам.доллар шилжүүлэхийг НТ ХХК-иас удаа дараа шаардсаар байгаа боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах талаар тусгасан. Энэ зүйл заалтын дагуу татгалзах ёстой. Гэтэл хариуцагч талаас хэзээ ч тийм албан бичиг ирүүлж байгаагүй. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн албан тоотоор ажил гүйцэтгээгүй талаар хүргүүлсэн гэж байгаа боловч агуулгыг нь харахаар нэмэлтээр эдгээр ажлыг хийж өгөөч гэсэн агуулга харагдаж байна. Жишээ нь 4 ширхэг орон сууцны барилга, супермаркет нэмэх гэх мэтчилэн. 2015 оны 7 дугаар сарын 22-ны ажил дээр эдгээр зүйлсийг нэмээд өгөөч гэсэн албан бичиг байгаа. Гэрээнд заагдаагүй ажлыг шаардах эрх байхгүй. Бидний зүгээс цаашдын хамтын ажиллагаагаа бодож, шүүх, хуулийн байгууллагад хандахгүйгээр асуудлыг шийдвэрлэх гэж өнөөдрийг хүртэл НТ ХХК-д боломж олгосон боловч гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг төлөх талаар ямар ч арга хэмжээ аваагүй болно. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6-д зааснаар НТ ХХК нь гэрээт ажлын төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.2 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон, үүний дагуу алдангийг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 300 хоногийн 0.2 хувийн алданги нийт 23 647 496 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож, 19 706 247 төгрөгийг нэмж төлөхөөр байна гэж тооцоолсон. Иймд хариуцагч НТ ХХК-иас гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 19 800 ам.доллар буюу 39 412 494 төгрөг, алданги 19 706 247 төгрөг, нийт 59 118 741 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ТК ХХК болон НТ ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15-1061 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан нь үнэн. Уг гэрээгээр ТК ХХК нь НТ ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл болох Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын мастер төлөвлөгөө, үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд скеп дизайн, спортын хэсгийн суурь дизайн, зочид буудлын суурь дизайны ажлыг хийж гүйцэтгэн НТ ХХК-д хүлээлгэн өгөх үүрэгтэй, НТ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж санхүүжилтийг цаг тухайд нь олгож байсан. Гэтэл ТК ХХК нь гэрээний дагуу ажлын зургийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй, дутуу хагас шаардлага хангахгүй зураг хийж өгсөн. Манай компаний зүгээс тус компанид 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15-184 тоот албан бичгээр дутуу ажилуудаа нэмэлтээр хийж өгөхийг шаардсан боловч хийж өгөөгүй. Төслийн ажлыг чанарын шаардлага хангахгүй зураг төслөөр хийх боломжгүй байсан тул манай компаний зүгээс арга буюу А М ХХК-д их хэмжээний төлбөр төлж буюу 78 000 000 ам.долларын төлбөрийн нөхцөл бүхий Үйлчилгээний гэрээ байгуулан зураг төсөл хийлгэж төслийн ажлаа хийж байгаа нь Т К ХХК-тай хийсэн гэрээнээсээ татгалзсаныг харуулж байна. ТК ХХК нь гэрээт ажлыг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх байсан боловч энэ хугацаанд хүлээлгэн өгөөгүй тул талууд 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрээт ажлын явцыг дүгнэсэн протокол үйлдэж ажлын явцыг 60 хувьтай, ажлын явц удаашралтай явж байна гэж дүгнэсэн. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр талууд гэрээ дүгнэсэн протокол үйлдсэн бөгөөд тус протоколд Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын мастер төлөвлөгөө боловсруулах явцдаа өмнөх төлөвлөлтөнд байсан барилгуудыг тусгаж өгөөгүй бөгөөд хийж гүйцэтгэсэн зураг нь шаардлага хангаагүй гэж дүгнэн эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсан. НТ ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15-184 тоот албан бичгээр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл зарим ажлуудыг нэмж тусган даалгавар хүргүүлсэн. Талуудын хооронд хийгдсэн гэрээ нь зураг төсөл хийлгэх гэрээ байсан, тэр гэрээнд ажлын бүх зураг ордог, гэтэл нэхэмжлэгч ТК ХХК нь дутуу ажлуудаа хийж хүлээлгэн өгөөгүй, үүний улмаас манай төлөвлөсөн ажлын хугацаа асар ихээр өнгөрсөн, өөр компаниар ажлын зураг дахин хийлгэсэн. Манай компани өгсөн мөнгөө буцааж авна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ТК ХХК нь зураг төсөлдөө дээрх дутуу зүйлийг нэмж тусгаагүй, хийж гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангаагүй, зай хэмжээ байхгүй дутуу зураг төсөл хийж гүйцэтгэсэн, ашиглах боломжгүй зураг төсөл болсон учраас манай компани тус зургийн дагуу ажилаа хийж гүйцэтгээгүй болно. Энэ нь Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Монголын архитекторуудын эвлэл, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ зэрэг шинжээчийн дүгнэлтүүдээр тодорхой харагдаж байгаа болно. Иймд ТК ХХК-ийг гэрээний үүргээ хугацаандаа, чанартай, бүрэн гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 29 700 ам.доллар буюу 71 805 987 төгрөгийг /2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ханш/ гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Хариуцагч талаас гүйцэтгэсэн ажлыг чанарын шаардлага хангахгүй байсан гэж байгаа боловч ямар шаардлага хангахгүй, ямар доголдолтой байсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хэрэв доголдолтой байсан бол гомдлын шаардлага гаргах хугацаа 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон байна. Хариуцагч компани ажлын доголдлын талаар огт ярьж байгаагүй, нэхэмжлэл гаргасны дараа сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авах боломжгүй. Тухайн зураг шаардлага хангаагүй бол НТ ХХК нь зургийг ашиглахгүй байсан байх. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НТ ХХК-иас 59 118 741 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТК ХХК-д олгож, нэхэмжлэгч ТК ХХК-иас 71 805 987 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч НТ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч ТК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 454 000 төгрөг, хариуцагч НТ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн     516 980 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 454 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн зүгээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон бөгөөд үүнээс үүдэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагад нийцээгүй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтыг зааж өгсөн байдаг. Манай тохиолдолд НТ ХХК-ийн зүгээс Бага Тэнгэрийн ам цогцолбор газрын зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр ТК ХХК-д захиалга өгсөн ба үүнийхээ үр дүнг дүгнэж байсан баримтууд авагдсан байдаг. Түүнчлэн талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бий болсон эсэх талаар маргадаггүй бөгөөд шүүхийн зүгээс эрх зүйн ач холбогдолтой маргааныг буруу дүгнэсэн ба ингэснээр гүйцэтгэсэн ажлын үр дүн гарсан эсэхээс үл хамааран төлбөр төлөх харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар бөгөөд гэрээний нэршил болоод агуулга нь ажил гүйцэтгэх гэрээний харилцааг агуулж байгаа нь илт илэрхий байхад хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Гэрчийн зүгээс “тухайн баримт бичгийг хүлээн авсан түүнээс ажлын үр дүнг хүлээн авсан юм байхгүй. Захирлууд мөнгө төлж байгаа учраас ажлын үр дүнг хүлээж авах ёстой”, хариуцагчийн зүгээс “ажлыг бүрэн гүйцэтгээгүй гүйцэтгэх ёстой ажлыг 60 хувьтай гүйцэтгэсэн” гэж тайлбарладаг ба энэхүү тайлбаруудыг хэрхэн няцаасан нь тодорхойгүй байхад шууд эрх бүхий албан тушаалтан хүлээн авсан гэж дүгнэх нь дутагдалтай байна. 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн гэрээнд заасан хийгдэх ажлуудыг орхигдуулсан өмнө нь байсан байгууламжуудыг хасаж хийсэн талаар 2015 оны 11 дүгээр сарын 25-нд хүргүүлсэн баримтаар тодорхой харагдаж байна. Гэтэл шүүхийн зүгээс энэхүү ажил үйлчилгээ нь анхнаасаа байгаагүй шинэ ажил үйлчилгээ байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн заалтыг орхигдуулсан байна.

Хариуцагчийн гэрээгээр тохирсон ажлыг гүйцэт хүлээлгэж өгөөгүй, шинжээчийн дүгнэлтээр зураг төслийг ажлын зургийн түвшинд гүйцэтгэсэн гэх боломжгүй, чанарын шаардлага хангахуйц зураг төсөл гэж үзэх үндэслэлгүй гэх баримтуудыг хэрхэн няцааж ажлыг хүлээлгэж өгсөн гэж үзсэн нь тодорхойгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гүйцэтгэгч талын гүйцэтгэсэн ажил үйлчилгээ захиалагчийн хүссэн үр дүнг бий болгоогүй гэж харагдаж байна. Ажлын үр дүн гэдэг нь захиалагчийн хүссэн ажил, өөрт ашигтай байх, хэрэгцээтэй байх, түүнийг ашиглаж аливаа биет зүйл бүтээх боломжтой байх шалгууруудыг хангасаны үндсэн дээр “үр дүн” бий болох ёстой байдаг. Гэвч гүйцэтгэгчийн хийсэн ажил нь дээрх байдлаар захиалагчид ашигтай ажил үйлчилгээ болоогүй ба хийсэн зураг төслийн дагуу ажил гүйцэтгэх боломжгүй, чанарын шаардлага хангахгүй болохыг хөндлөнгийн байгууллага буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан томилогдсон этгээдийн дүгнэлтээр талуудын хооронд байгуулсан гэрээг дүгнэсэн актуудаар тогтоогддог.

Манай зүгээс шүүхэд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд газар дээр нь үзсэн тэмдэглэлийг ямар зурагтай хэрхэн тохирч байгаа талаар тодорхой тайлбарлаагүй шууд ингэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна. Т К ХХК-ийн гаргасан гэх мастер төлөвлөгөөний зураг төслийг өмнө нь гаргасан байсан бөгөөд Бага тэнгэрийн ам цогцолборын барилга байгууламжийн байршил ерөнхий дизайн бий болсон байсан гэдгийг хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгсөн байдаг.

Тухайн ажлыг нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 07 дугаар сарын 22-нд хүлээлгэж өгсөн гэж байгаа нь хүртэл хугацаа хэтрүүлсэн байна. Ийм нөхцөлд гүйцэтгэх байсан үүргийг бусдаар гүйцэтгүүлж илүү төлбөр төлсөн нь манай байгууллагад учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан хэсэг, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ТК ХХК нь хариуцагч НТ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 59 118 741 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 29 700 ам.доллар буюу 71 805 987 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 15-1061 тоот ажил гүйцэтгэх гэрээнд үндэслэсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хариуцагч тухайн гэрээний үүрэгт урьдчилгаа болгон шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг нотлох баримт, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтын талаар хэргийн оролцогчид мэтгэлцээгүй асуудлаар эрх зүйн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа гэж шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулах гэж тодорхойлсон байх ба гэрээнээс татгалзсан, эсхүл гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол шаардаж байгаа эсэхийг шүүх тодруулаагүйгээс гадна сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байв.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар, маргааныг үйл баримтын талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00256 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 812 574 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.ЦОГТСАЙХАН

  ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

                                                                            М.НАРАНЦЭЦЭГ