Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/099

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Иргэдийн төлөөлөгч: *******,

Хохирогч:*******ын өмгөөлөгч Г.Доржготов,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201705000087 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн ******* *******./ ******* регистрийн дугаартай/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багийн нутаг “Хөх эргийн гарам” гэх газарт иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас *******ын хэвлийн тус газарт нь хутгалж бие махбодид нь “Хүнд” гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Яллах нотлох баримт:

2017 оны 04 дүгээр сарын 06-ны болон 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 22-26/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 27-28/, өвчний түүх /хх-ийн 79-115/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 03 дугаар сарын 01-нд Говь-Алтай аймгийн төвөөс 12 цагийн үед “Истана” маркийн автомашинаар Улаанбаатар хот руу гарсан. 15 цагийн орчимд “Үнээн-Ус” гэх газар ирж, хоол идээд гараад ирэхэд, ******* архи аваад машинд суусан. ******* нь замдаа хамт явсан хүмүүст архи хийж өгөөд өөрөө бас уусан. Тэрээр архи ууж их согтсон. Тэгээд 21 цагийн орчимд “Хөх эргийн гарам” дээр ирэхэд, ******* "энд үлдэнэ" гээд ачаагаа авахаар автомашины хойд тээшний хаалгыг нээсэн. Тэгэхээр нь би " чамайг хүлээх цаг, зав алга, маргааш бүгд ажилтай, явъя” гээд *******ын хувцаснаас нь хойш татаад тээшний хаалгыг хаасан. Д.******* юу ч хэлээгүй гэрт ороод гарч ирэхдээ ухарч гарч ирээд, эргэж хараад миний гэдэс хэвлийн хэсэгт хутгалсан. Тэгээд би зугтаагаад, гэрээс урагш 10 метр орчим яваад өвдөг сөхөрч унасан. *******аас хүмүүс хутгыг нь авсан. Түүнээс хойш зарим зүйлийг санахгүй байгаа. ******* “Үнээн-Ус” гэх газарт байх гэр гуанзнаас архи авсан. Би мөнгө төгрөг аваагүй, ******* өөрөө зорчигч нарт архи тойруулж байсан. Би хүнтэй хамт яваагүй. Хамт явсан хүмүүсийг танихгүй. Замдаа түүнтэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй.

Миний бие хүйсний дээд талд гэдсэнд 5 см орчим урт шарх үүссэн. Сэмж тасарсан, ходоодны хана бас гэмтсэн. Миний бие одоо харьцангуй сайжирсан боловч өвчин намдахгүй байгаа. *******т гомдолтой гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34/,

******* одоогийн байдлаар хохиролд 1000 000 төгрөг төлсөн. Цаашид гаргаж өгсөн баримтад үндэслэн хохирол нэхэмжилнэ. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой байна...гэх мэдүүлэг. /хх-ийн 31-36/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Намайг дуудлагын дагуу очиход шархны хэсэгт юмаар дарсан байдалтай орон дээр хохирогч хэвтэж байсан. Хэвлийн зүүн хэсэгт хутгалагдсан шархтай, ухаан санаа хэвийн асуусан асуултад хариулж байсан. Би ариун боолт хийгээд эмнэлэгт хүргэсэн. Хэвлийн зүүн хэсэгт зүсэгдсэн шархтай өөхөн хэсэг гарсан байдалтай байсан гэх мэдүүлэг./хх-ийн 37-38 /,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэг танихгүй хүн орж ирээд отвёртка асуухаар нь байхгүй гэсэн. Зурагтаа хараад эргээд харахад...нэг юм аваад гарах шиг болохоор нь эхнэрийг араас нь гаргахад нэг хүнийг хутгалсан байсан. Хутгалуулсан хүн манайд орж ирэхээр нь орон дээр хэвтүүлсэн. Тэгээд эмнэлэг, цагдаагийн байгууллага ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42 /,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би нэрийг нь мэдэхгүй байна нэг залуу орж ирээд отвёртка байна уу гэж асуухад байхгүй гээд зурагтаа үзээд сууж байхад нөхөр тэндээс юу аваад гарав гэхээр нь би араас нь гарахад нэг залууг хутгалсан байсан. ******* гэх залууг эмнэлэг, цагдаа иртэл орон дээр хэвтүүлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45 /,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу “Истана” маркийн ногоон өнгийн тээврийн хэрэгсэлтэй зорчин явсан. Улаанбаатар хот руу явж байх замд Баянхонгор аймгийн нутагт манай машин эвдэрсэн. Тэгээд зорчигчид буугаад гадаа байж байтал хүмүүс шуугилдаад байсан. Тэгсэн чинь 2 хүн муудалцаад нэгнийгээ хутгалчихлаа гэж байсан. Хутгалуулсан залуу нь 170-175 см орчим өндөртэй, махлаг шар залуу байсан ба хутгалуулсныхаа дараа цээж нүцгэн байсан ба доогуураа хар өмд, хар гуталтай байсан. Хутгалсан залуу нь 170-175 см орчим өндөртэй, хар өмдтэй туранхай шар залуу байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 53 /,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас 16 цагийн үед хот хоорондын “Истана” маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотын чиглэлд гарсан. Замдаа явж байхад Говь-Алтай аймгийн газар нутаг болох "Шалын хоолой" гэх газарт машины тэвш өргөгч эвдэрсэн. Жолооч тэнд 10-20 минут зогсож машины эвдэрсэн хэсгийг янзалсан. "Хөх эрэг”-ийн" гарам дээр ирээд машины тэвш өргөгчийг жолооч дахин янзалсан. Тухайн үед машин дотор явж байсан бүх хүмүүс цай унд ууна гэж буусан. Би машины урд хэсэгт жолоочийн хажууд зогсож байсан. Миний хажууд надтай нийлээд 4 хүн байсан. Тэдгээрийн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд бид нар зогсож байхад машины хойд хэсэгт *******, ******* хоёр тамхи татаад зогсож байсан тухайн үед тэр хоёр хоорондоо маргаж муудалцаагүй нэг нэгэндээ архи аваад ир гэж хэлж байсан. Тэгээд ******* түрүүлээд “Хөх эрэг”-ийн” гарам дээр байх гуанзны нэгэнд орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа *******, *******ын араас явсан юм. Тухайн үед ******* нэлээн согтуу байсан. ******* арай гайгүй байсан. Тэгсэн шууд *******ын хэвлийн хэсэгт ******* хутгаар дүрсэн юм шиг байна лээ, харанхуй байсан учир сайн харагдаагүй. ******* болохоор намайг ******* хутгалчихлаа наадах чинь хутгатай байна шүү гэж хэлээд орилоод гүйгээд явсан. Тэгэхээр нь би *******ын араас яваад очиход хэвлийн хэсгээр цус урсаж, тэр өөрөө гараараа дарсан байсан.

...******* хүнтэй хамт яваагүй. Д.******* нэг охинтой голын суудалд сууж явсан. Тэр охиныг Д.******* цаашаа суу гэж байсан. Хамгийн цаана Хөвсгөл аймгийн залуу сууж явсан ба *******ыг зүгээр суу гэж хэлээд тэд хоорондоо барилцаад авахад ******* салгасан гэх мэдүүлэг... /хх-ийн 55-57 дугаар хуудас/,

... Тэгээд явж байгаад “Үнээн ус” гэх газарт хоол идсэн. ******* нь 0.75 литрийн “Болор” архи худалдаж авсан байсан, харин ******* нь 0,5 литрийн “Ерөөл” архи аваад машинд суугаад ******* нь “Болор” архи задлаад тэнд явж байсан хүмүүст хийж өгч өөрөө бас уусан. Тэгээд архиа ууж явах замдаа ******* *******тай суудлаас болж наашаа цаашаа суу гээд маргалдаж байгаад “Шалын хоолой”-д машины эд анги эвдэрсэн. Тэнд машинаа засаад явж байгаад ******* машинд сууж байсан нэг хөгшин ахтай суудлаас болж маргалдсан. Тэр үед ******* нь тэднийг чимээгүй яв, буугаад ална шүү гэж заналхийлсэн, хэсэг чимээгүй явж байгаад харанхуй болж Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Хөх эрэг”-ийн гарам дээр ирж хоол идэх гээд бууцгаасан. ******* нь *******ыг хавираад унагаахад тэрээр та нар намайг зодлоо, би үлдэнэ гэхэд жолооч уурлаж та нар архи ууж чадахгүй гэхэд машины хойд талд *******, ******* нар нь уулзаад зогсож байгаад ******* нь одоо хоёулаа болъё, чи яваад архи аваад ир, архичин минь, чадахгүй бол машиндаа орж унт гээд толгой руу нь чичлээд байсан. Тэгээд ******* машинд орох гэхэд машин данхраадсан байсан тул машинд оруулаагүй. Д.******* нь 3 дахь гэрт ороход ******* араас нь ороод нэг их удаагүй ******* Д.******* хутгатай байна, намайг хутгалчихлаа гэсэн.

...анх өгсөн тайлбар, мэдүүлэг дээрээ би шөнө, орой болсон, мөн их айсан байсан тул уг болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьж чадаагүй, мөн байцаагч ажилтай байсан тул товчхон ярьсан. Би *******ыг гэрлүү явж байхыг харсан. ******* гэрт орох гээд хаалга татахад Д.******* зөрж гарч ирээд хутгалсан байна лээ. ******* нь намайг хутгалчихлаа гээд орилоод гүйсэн...гэх мэдүүлэг. /хх-ийн 200-203 /,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 03 дугаар сарын 01-ний Говь-Алтай аймгийн төвөөс хот хоорондын “Истана” маркийн машинаар Улаанбаатар хотын чиглэлд гарсан. Бид нар Говь-Алтай аймгаас 14 цаг 30 минутын үед наашаагаа нийт 13 хүн хөдөлсөн юм. Замдаа явж байхад Говь-Алтай аймгийн газар нутаг болох "Шалын хоолой" гэх газарт явж байхад машины кузов өргөгч нь эвдэрсэн юм. Тэгээд машины жолооч тэнд 10-20 минут зогсож машины эвдэрсэн хэсгийг янзалсан юм. Тухайн газраас хөдлөөд "Хөх

Эрэг”-ийн гарам дээр ирээд машины кузов өргөгчийг жолооч дахин янзалсан. Тухайн үед машин дотор байсан бүх хүмүүс бууцгаасан. Би болохоор бие засах гээд урагшаа яваад буцаад ирж байхад машины ойролцоо байсан хүмүүс орилолдоод гүйгээд байсан. Би ойртож машины хажууд ирэхэд Д.******* баруун гартаа хутга барьсан байсан. Тухайн үед 21 цаг болж байсан учир гадаа харанхуй болсон байсан. Тэгээд надад ******* ойртож ирээд нэг хүний нэрийг нь хэлээд тэр мөн үү? гэж асуухад би чи боль яаж байгаа юм бэ? гэж хэлэхэд тэр намайг өөрийнхөө хайж явсан хүн биш гэдгийг мэдсэн байх намайг тойроод яваад өгсөн. Тэгээд би эргэж харахад ******* машинаас 200 метрийн зайд сууж байсан. Тэгээд би гуанзанд ороод байж байхад миний хажууд сууж байсан залуу гүйж ирээд юм боох хэрэгтэй байна даавуу хэрэгтэй байна гэхээр нь би яах гэж байгаа юм бэ? гэхэд *******, *******ын гэдсэнд хутгаар дүрсэн байна тэр хэсгээс нь цус гараад болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд *******ыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын хүн эмнэлгийн түргэн ирээд аваад явсан.

...******* машины үүдний хаалганы хажуу хэсэгт сууж явсан. Д.******* зэрэгцээ сууж байсан охиныг хажуу тийшээ шахаад байсан. ******* түүнд зүгээр суугаад яв гэж хэлээд маргалдсан. Тухайн үед цуг явж байсан залуу салгасан гэх мэдүүлэг. /хх-ийн 59-61 /,

Гэрч Г.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

2017 оны 03-р сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас 16 цагийн үед хот хоорондын “Истана” маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотын чиглэлд гарсан. Би голын суудал дээр Д.*******ын хажууд сууж явж байсан. ******* намайг шахаж цаашаа суу гэсэн. Тэрээр согтуу байсан.

Намайг бие засаад ирэхэд *******, *******ыг хутгалсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 64-65/,

...Намайг суухад машинд *******, ******* нар нь архи уусан согтуу байсан. Тэгээд “Үнээн ус” хүртэл явахад ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй, “Үнээн усан” дээр бууж хүмүүс хоол идэж, Д.******* “Болор” архи авсан, харин ******* “Ерөөл” архи авч машинд суугаад *******, ******* нар нь архи ууж, тэнд байсан хүмүүст хийж өгч байсан. “Болор” архийг ууж дуусгаад *******, ******* нар нь суудлаасаа босон маргалдаж, цаашаа суу гээд ******* нь *******ыгаа ална гээд байсан.

“Хөх эрэг”-ийн гарам дээр ******* нь *******ыг хавирч унагаасан. ******* автомашинаас бууж үлдэнэ гээд байхаар нь жолооч та нар архи ууж чадахгүй гэж загнасан. ******* *******т чаддаг юм бол архи, тамхи авч өг гээд түүний толгой руу нь чичлээд байсан. ******* 3 дахь гэрт орсон...******* намайг хутгалчихлаа гээд, ******* хутгатай байна гээд урагшаа гүйхэд би айгаад зугтаасан гэх мэдүүлэг. /хх-ийн 196-197/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн өглөө Говь-Алтай аймгаас Улаанбаатар руу явахаар зорчигч тээврийн “Истана” маркийн автомашинд суусан. Би автомашины голын эгнээний хаалган талд суусан. Тухайн автомашинд нийт жолоочоос гадна 11 зорчигч явсан. Хохирогч гэх ******* автомашины хойшоо харсан суудалд сууж явсан. Зорчигч тээврийн автомашин Дэлгэр сумын “Үнээн ус”-ны гуанз дээр зогссон.

 ...******* хоолоо идэж гарч ирээд намайг дуудахаар нь яваад очтол арван мянган төгрөг байна уу архи авъя гэсэн. Тухайн үед би намайг танихгүй байж яагаад мөнгө асууж байгаа юм бол гэж бодоод өнгөрсөн. Түүнд 10,000 төгрөг өгсөн, Би түүнтэй дэлгүүр ороогүй. Би машинд ороод суусан. ******* явж байгаад замдаа 0,75 л хэмжээтэй “Болор” архи гаргаж ирээд хүмүүст тойруулсан. Би тойруулсан архинаас нь жижиг аягаар 3 удаа уусан.

    ...Хүмүүс замд хөзөр тоглож байсан. *******тай хамт явсан залуу надад хандан “чи тоглохгүй бол суудлаа тавиад өгчих” гэхээр нь үгүй, дотор муухайраад байдаг юм гэхэд ******* “чи ямар сүртэй юм суудлаа түр өгчих” гэсэн. Би дургүй байгаагаа илэрхийлэхэд ******* гэх залуугийн найз чи яасан сүртэй юм хойшоо ороод суучих гээд байхад гэж хэлээд суудлаасаа өндийж ирээд дараад больсон. Хүмүүс дээрэлхээд байхаар нь “би буулаа” гэтэл ******* над руу дөхөж өндийж ирээд цамцнаас татсан. Тэгж явсаар Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Хөх эрэг”-ийн гарам дээр очиж зогссон. Жолооч “Хөх эрэг”-ийн гарам дээр машинаа янзалсан. “Хөх эрэг”-ийн гарам дээр очиж зогсоход мэдээгүй унтсан байсан.

... Би машинаас буугаад тамхи асаагаад машинд хамт явсан хүмүүс дээр очсон. Тэгтэл ******* өөдөөс толгой руу чичлээд хөөе архичин минь машиндаа ор гээд байсан. Тэгэхээр нь би түүнд хандан хүний олон хүнээ барихгүй шүү гэж хэлээд барилцаж авсан. Битгий ганц хүнийг дээрэлхээд бай гэдгийг хэлээд машин руу алхтал араас ******* миний хөл рүү хавирсан. Тэгэхээр нь би айлгах санаатай гуанзны гэрээс хутга авч гараад *******ыг дүрсэн. Яг хаана дүрснийг мэдээгүй, миний хувьд дээрэлхээд байхаар нь айлгах санаатай л байсан..гэх мэдүүлэг. /хх-ийн 129-130 хуудас/,

... “Хөх эрэг”-ийн гарам дээр ирээд намайг машинаас буухад ******* “ муу архичин минь” гээд толгой руу чичлээд машиндаа орж суу гэж хэлэхээр нь...эргээд алхахад намайг хавсарч унагахаар нь миний уур хүрээд түүнийг айлгах санаатай айлаас хутга авч гарч ирсэн, ******* намайг хутгал гээд ойртоод ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 133-134/,

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн

“1. Иргэн *******ын биед хэвлийн урд хана нэвтэрч сэмж ил гарсан шарх гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл шарх ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн “Хүнд” зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 76-77/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн 041 дүгээр шинжээчийн

“1. Хохирогч *******ын хэрэг учрал болох үед өмсөж явсан гэх цамцны урд талд зүүн энгэрийн их бие зүүн доод үзүүрээс эгц дээш 24 см зайд цахилгаанаас эгц зүүн тийш 1 см зайд 35 мм хэмжээтэй урагдалт байна.

2. Дээрх уранхай нь хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй байна.

3. Саарал цамцанд гарсан 35 мм хэмжээтэй уранхайн зах ирмэг нэгэн жигд, суналтгүй, зах ирмэг өнгөө алдаж гандаагүй байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүссэн уранхай байна” гэх дүгнэлт. /хх-ийн 118-119/,

Цагаатгах болон хөнгөрүүлэх нотлох баримт:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 137/, шүүгдэгч *******ын гаргасан баталгаа /хх-ийн 126/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 140/, иргэний болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 141/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 142/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 146/, хохирол төлсөн баримт /хх-ийн 172, 213/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 175, 218/, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 205-207/, шүүгдэгч *******ын Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид гаргасан өргөдөл /хх-ийн 215/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан баримт болон хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт,

Гэрч У.Сэржповрон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...*******ын гэдэсний хэсгээс цус гарч байсан. Суудлаас болж хэрүүл маргаан гараагүй гэх мэдүүлэг../хх-ийн 68-69/,

Гэрч Б.Насанбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

******* эхээс хоёулаа.Тэрээр төлөв томоотой, элдэв муу зангүй, бусдад тусархуу, гэр бүлдээ халамжтай. ******* тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг харж байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 71-72/,

Гэрч Т.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...******* зан харьцааны хувьд хэвийн, элдэв муу зуршилгүй, ажил төрөлд сайн, бусадтай нийтэч хүүхэд байгаа юм. Архи уусан, асуудал гаргасан гэж надад сонсогдож эцэг, эхийнхээ сэтгэлийг халууцуулж байгаагүй. Томоотой үг дуу цөөнтэй гэх мэдүүлэг. /хх-ийн 72-73/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Тэгээд явж байгаад “Үнээн ус” гэх газарт хоол идсэн. ******* нь 0.75 литрийн “Болор” архи худалдаж авсан байсан, харин ******* нь 0,5 литрийн “Ерөөл” архи аваад машинд суугаад ******* нь “Болор” архи задлаад тэнд явж байсан хүмүүст хийж өгч өөрөө бас уусан. Тэгээд архиа ууж явах замдаа ******* *******тай суудлаас болж наашаа цаашаа суу гээд маргалдаж байгаад “Шалын хоолой”-д машины эд анги эвдэрсэн. Тэнд машинаа засаад явж байгаад ******* машинд сууж байсан нэг хөгшин ахтай суудлаас болж маргалдсан. Тэр үед ******* нь тэднийг чимээгүй яв, буугаад ална шүү гэж заналхийлсэн, хэсэг чимээгүй явж байгаад харанхуй болж Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Хөх эрэг”-ийн гарам дээр ирж хоол идэх гээд бууцгаасан. ******* нь *******ыг хавираад унагаахад тэрээр та нар намайг зодлоо, би үлдэнэ гэхэд жолооч уурлаж та нар архи ууж чадахгүй гэхэд машины хойд талд *******, ******* нар нь уулзаад зогсож байгаад ******* нь одоо хоёулаа болъё, чи яваад архи аваад ир, архичин минь, чадахгүй бол машиндаа орж унт гээд толгой руу нь чичлээд байсан. Тэгээд ******* машин руу орох гэхэд машин данхраадсан байсан тул машинд оруулаагүй. Д.******* нь 3 дахь гэрт ороход ******* араас нь ороод нэг их удаагүй ******* Д.******* хутгатай байна, намайг хутгалчихлаа гэсэн.

 ...анх өгсөн тайлбар, мэдүүлэг дээрээ би шөнө, орой болсон, мөн их айсан байсан тул уг болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьж чадаагүй, мөн байцаагч ажилтай байсан тул товчхон ярьсан. Би *******ыг гэрлүү явж байхыг харсан. ******* гэрт орох гээд хаалга татахад Д.******* зөрж гарч ирээд хутгалсан байна лээ. ******* нь намайг хутгалчихлаа гээд орилоод гүйсэн...гэх мэдүүлэг. /хх-ийн 200-203 / болон шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багийн нутаг “Хөх эрэг”-ийн гарам гэх газарт иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас *******ын хэвлийн тус газарт нь хутгалж бие махбодид нь “Хүнд” гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч У.Сэржповроны тайлбар, мэдүүлэг /хх-ийн 06-07, 67-69/, гэрч ийн тайлбар, мэдүүлэг /хх-ийн 08-09, 58-61/, гэрч Ш.Нанзаддоржийн тайлбар, мэдүүлэг /хх-ийн 10-11/, И.Батжаргалын тайлбар мэдүүлэг /хх-ийн 12-13, 54-57,187-191, 198-203/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14/, цамцанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15/, хэрэг учралын газарт нөхөж үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-21/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 22-26/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 27-28/, хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 31-36/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 37-39/, гэрч Ж.Батболдын мэдүүлэг /хх-ийн 40-42/, гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 43-45/, илтгэх хуудас /хх-ийн 46/, гэрч Х.Мөнхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 47-50/, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 52-53/, гэрч Г.Чулуунчимэгийн мэдүүлэг /хх-ийн 63-66, 194-197/, өвчний түүх /хх-ийн 79-114/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 120-121/, шүүгдэгч *******ыг мэдүүлэг /хх-ийн 128-129/, Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн “1. Иргэн *******ын биед хэвлийн урд хана нэвтэрч сэмж ил гарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл шарх ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн “Хүнд” зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 76-77/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн 041 дүгээр шинжээчийн “1. Хохирогч *******ын хэрэг учрал болох үед өмсөж явсан гэх цамцны урд талд зүүн энгэрийн их бие зүүн доод үзүүрээс эгц дээш 24 см зайд цахилгаанаас эгц зүүн тийш 1 см зайд 35мм хэмжээтэй урагдалт байна. 2. Дээрх уранхай нь хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй байна. 3. Саарал цамцанд гарсан 35 мм хэмжээтэй уранхайн зах ирмэг нэгэн жигд, суналтгүй, зах ирмэг өнгөө алдаж гандаагүй байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүссэн уранхай байна” гэх дүгнэлт /хх-ийн 118-119/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дүгээр зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид “Хүнд” гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ .

Шүүгдэгч ******* ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хохирогч Д.Одмандах нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “*******т гомдол саналгүй хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөх.. цаашид нэхэмжлэх зүйлгүй” болохоо бичгээр илэрхийлсэн, хохирогчийн өмгөөлөгч Г.Доржготов шүүхийн хэлэлцүүлэгт “Миний үйлчлүүлэгч *******ын хохирол гэм хорыг арилгасан, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэж илэрхийлсэн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Р.Уранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт “ Миний үйлчлүүлэгч бусдад хүнд гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байгаа, гэмтэл учруулсан даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчийн нэхэмжилсэн бүх зардлыг нөхөн төлсөн нийтдээ 4 сая төгрөг төлсөн байгаа, энэ хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн бөгөөд шинэ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж хуучин Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 96.1-д зааснаар мөн хуулийн 551 дүгээр зүйлийг баримтлан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг шинэ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан хуучин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан хорих ялаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын “Samsung” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 19-ний өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Samsung” маркийн гар утсыг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар алаг иштэй хутга, хохирогч *******ын өмсөж явсан саарал өнгийн урдуураа задгай ноосон цамц зэргийг шийтгэх тогтоо л хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь уг хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

1.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр 551.1-ийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг гурван жил дөрвөн сар нэг хоногийн / 3 жил 04 сар 01 / хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Шинэ Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан гурван жил дөрвөн сар нэг хоногийн / 3 жил 04 сар 01 / хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсгай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т, 36.8 дугаар зүйлийн 1.8-т тус тус зааснаар эд мөрийн баримтаар тооцогдсон хар алаг иштэй хутга, хохирогч *******ын өмсөж явсан саарал өнгийн урдуураа задгай ноосон цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т тус тус зааснаар *******ын “Samsung” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 19-ний өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Samsung” маркийн гар утсыг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, түүний эдлэх ялыг 2017 оны 07 сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Цэнэлбаярт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                 ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА

                                   Д.БАТЦЭНГЭЛ