Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0050

 

 

       

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “С*******” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н*******

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Н*******

Маргааны төрөл: “С*******” ХХК-ийн эзэмшиж байсан газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосонтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч “С*******” ХХК-иас тус шүүхэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШЗ2022/7319 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Морин тойруулгын хойд талд буй 50,000 м.кв газраас “С*******” ХХК-ийн эзэмших 778******* дүгээр гэрчилгээтэй 4000 м.кв газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосон нь илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулжээ.

2.  Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар “С*******” ХХК-д Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 613 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлснийг үндэслэн газар эзэмших эрхийн 0232750 дугаар гэрчилгээг 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр олгосон байна.

Улмаар Газар барилгажилтын зөвлөлийн дүгнэлтүүдийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын байршлыг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо руу шилжүүлсэн байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д нийцүүлэн Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 4400,0 га талбайд “Нисэх Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө”-г баталсны дагуу 1080 м.кв талбайд орон сууцны барилга барих зориулалтаар Хот байгуулалт хөгжлийн газрын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн МЗХ2017/26-08 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг “С*******” ХХК-д олгожээ.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/575 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.

Гэвч Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/598 дугаар захирамжаар шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн дээрх газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ. 

“С*******” ХХК-иас тус захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/598 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2022/0372 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/598 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09/25 дугаар тогтоолын хавсралтаар Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай 50,000 м.кв газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоохоор заажээ. 

Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/4748 дугаар албан бичгээр нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг батлах тогтоолын төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөн мэдүүлснийг үндэслэн баталсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгээр нийтийн эдэлбэрт авсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай, 50,000 м.кв талбайтай нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар бүхэлдээ давхацсан байна.

4. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолыг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 6407 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон буцаажээ.

Нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дахин нэхэмжлэл ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2022/6928 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дахин ирүүлснийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.

5.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу Барилгын зураг төслийн “Р*******" ХХК-тай үйлчилгээтэй орон сууцны барилгын эх загварыг боловсруулж, барилгын доторх иж бүрэн зураг төсөл, барилгын гадна талын инженерийн шугам сүлжээний зураг, барилга угсралтын ажлын явцад зохиогчийн хяналтыг гүйцэтгэх зэрэг захиалагч, гүйцэтгэгчийн хооронд 160,000,000 төгрөгийн гэрээ байгуулж одоо ажлын зургийг хийж эхлүүлэх шатандаа явж байна.

Манай компаниас 2018 оны 11 дүгээр сарын 06-ны эхлэн батлагдсан зураг төсөл эх загварыг үндэслэн инженер геологийн судалгааны дүгнэлт, “У*******” ТӨХК, “У*******” ТӨХК-т хандаж шаардлагатай техникийн нөхцөлүүдийг авах хүсэлтээ өгсөн.

*******" ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.4-д заасныг үндэслэн 2021 оны 03 дугаар сард “Газрын төлөв байдал, чанарыг хянан баталгааны дүгнэлт”-ийг тогтоосон журмын дагуу эрх бүхий мэргэжлийн байгууллага болох "Э*******” ХХК-иар, “Байгаль орчны үнэлгээ”-г 2021оны 03 дугаар сард “Л*******” ХХК-иар тус тус шинэчлэн хийлгэж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаар баталгаажуулан ажиллаж байна.

… 147 дугаар тогтоол хэрэгжсэнээр Хан-уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Морин тойруулгын газарт, үйлчилгээтэй орон сууцны цогцолбор барихаар оруулсан хөрөнгө, зураг төсөв, зөвлөх үйлчилгээний зардал, хамгаалалтын зурвас хашаа барьсан зардал, уг төсөлд ажиллаж байсан мэргэжилтнүүдийн цалин зардал, уг газрын дуудлага худалдааны анхны үнэ / 65,0 сая төгрөг /, байгаль орчин болон бусад үнэлгээнүүд, барилгын компаниуд болон барилгын материалын үйлдвэрүүдтэй хийсэн бараа материалд өгсөн урьдчилгаа төлбөрүүд болон хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх бололцоогүй болгоход хүрээд байна.

Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Морин тойруулгын хойд талд буй 50,000 м.кв газраас “С*******” ХХК-ийн эзэмших 778******* дүгээр гэрчилгээтэй 4000 м.кв газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосон нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 10 дугаар сарын 22-ний өдөр шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 147 дугаар тогтоолыг яагаад илт хууль бус гэж үзэж байна вэ гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлээс 27 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг хангасан үйл ажиллагааг захиргааны байгууллага гаргаагүй. Зөвхөн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/598 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” хотын захирагчийн гаргасан захирамжийг үндэслэж, манай байсан газрыг хотын захирагчийн захирамж хүчингүй болсон тул сонсох ажиллагаа хийх шаардлагагүй байсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа нь хууль бус гэж үзэж байна.  Бид нар Засаг даргын захирамжийг гармагц Захиргааны хэргийн шүүхэд хандаж, энэ захирамж 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ122/0372 дугаар шийдвэрээр хүчингүй болсон. Хариуцагч тайлбар гаргахдаа Газрын тухай хуульд нийтийн эдэлбэр газрыг зохих журмын дагуу нийтээр ашиглуулахаар тогтоосон төрийн өмчийн газрыг төрийн хяналт зохицуулалтаар нийтээр ашиглахаар заасан ба нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тогтоол батлагдсан тул тус газар шинээр газар олгохгүй, барилга байгууламж барихыг хориглосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан нь учир дутагдалтай байна. Бид нар шинээр газар авахыг хүсэж байгаа юм биш. Энэ газар 2012 оноос хойш газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд батлуулаад шинээр барилгажих газарт газар аваад, хянан баталгаажилт хийгээд, холбогдох зургаа батлуулаад барилга барьж эхлэх шатандаа орчихсон байхад удаа дараа энэ газарт албан тушаалтнууд хууль бусаар халдсан халдлага үргэлжилж байна. Эзэнгүй байсан газар биш. Нэхэмжлэгч эзэмшээд 6, 7 жил болчихсон. Эзэмших хугацаагаа сунгасны сарын дараа Засаг дарга захирамж гаргаж, хүчингүй болгосон. Хүчингүй болгосон захирамжийг нь шүүхэд хянан шийдвэрлүүлж маргаж байхад Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлээс 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй хууль зөрчиж хүчингүй болгосон.” гэв. 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Нийслэлийн Засаг даргаас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа зөв боловсон ая тухтай өнгөрүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах зорилгоор Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.7-д нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоож, холбогдох шийдвэрийг гаргуулан бүртгэлжүүлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудлыг өргөн барьсаны дагуу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11/33 дугаар тогтоолоор баталсан байна.

Газрын тухай хуульд нийтийн эдэлбэр газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг төрийн хяналт зохицуулалттайгаар нийтээр ашиглах гэж заасан, мөн нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоол нь батлагдсан ба тус газруудад шинээр газар олгохгүй, барилга байгууламж барихыг хориглосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

1.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцож чадахгүй болсон тул шүүхэд гаргасан тайлбарын хүрээнд шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэх хүсэлтийг бичгээр гаргасан байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналын дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

2.  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.“Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:”, 4.1.2.“газар төрийн хяналт, хамгаалалтад байх;”, 6 дугаар зүйлийн 6.2.“Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:”, 6.2.2.“хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар;”, 12 дугаар зүйлийн 12.2. “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна.”, 20 дугаар зүйлийн 20.1.“Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.1.1.“газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх; …”, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай (2006 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.“Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:”, 18.1.2.“нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар: … з/нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах;” 20 дугаар зүйлийн 20.1.“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1."е", 18.1.1."ж", 18.1.2."г", 18.1.2."ж", 18.1.2."з", 18.1.3."в", 18.1.3."г", 18.1.3."ж", 18.1.3."з", 18.1.3."к", 18.1.3."л", 18.1.3."н"-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:” гэж тус тус заажээ. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолоор (хавсралтын 13 дахь хэсэг) Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай, 50,000 м.кв талбайг нийтийн эдэлбэрт авсан нь хуулийн дээрх заалтуудад заасан нийтийн эдэлбэр газрын зохицуулалтад нийцсэн, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах зэрэг хуулиар олгосон эрхэд нийцсэн байна. 

3. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.“Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно.”, 43 дугаар зүйлийн 43.1.“Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 42.3-т заасан гэрээ байгуулсны дараа хууль болон уг гэрээнд өөрөөр заагаагүй бол ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 90 хоногийн дотор холбогдох газрыг чөлөөлж, тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.”, 46 дугаар зүйлийн 46.1.“Засгийн газар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно.” гэж заасан бөгөөд бусдын эзэмшиж байгаа газрыг нийтийн эдэлбэрт авах тохиолдолд нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах эсвэл гэрээ байгуулсны үндсэн дээр тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах саналыг газар эзэмшигчтэй тохиролцохоор байна. 

Тодорхойлох хэсэгт дурдсанчлан тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2022/0372 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/598 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэрлэснээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэжээ. 

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, дуусгавар болгосон Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэл шийдвэрлэгдээгүй байхад маргаан бүхий газрыг хамруулан нийтийн эдэлбэр газрыг тогтоохдоо бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эсэх, газар эзэмших эрхийн маргаантай асуудал байгаа эсэхийг шалган тогтоож, хэрэв дээрх нөхцөл байдлууд байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийж бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах, нөхөх олговор олгох эсэх болон бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглах зэрэг хуульд заасан үйл ажиллагааг хийгээгүй байна. 

Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нийтийн эдэлбэрийн газрыг тогтоох эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоохдоо Нийслэлийн Засаг дарга болон Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дээрх үйл ажиллагааг явуулсан эсэхийг тодруулаагүй болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргаас өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүд болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01-06/5907 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11.“шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж заасан бөгөөд аливаа газрыг нийтийн эдэлбэр газраас тогтоохдоо нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна. 

Гэвч тодруулах шаардлагатай нөхцөл байдал хуулиар Нийслэлийн Засаг дарга болон Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байх бөгөөд шүүх тэдгээр байгууллага албан тушаалтанаас өмнө тухайн асуудлыг тогтоох боломжгүйн дээр шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж дүгнэлээ.

Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийн 50,000 м.кв газрын 3996 м.кв газарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар  түдгэлзүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийн 50,000 м.кв газрын 3996 м.кв газарт холбогдох хэсгийн биелэлтийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийн 50,000 м.кв газрын 3996 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.


 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН