Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/76

 

 

Б.Баясахлхагвад холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                 Д.Буянжаргал

                                          Шүүгчид                               Б.Эрдэнэхишиг

                                                                               Г.Давааренчин                                  

                                 Оролцогчид:

                                            Прокурор                              Г.Энхмаа

                                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/186 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Хондого овогт Баянхангайн Баясахлхагвад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2031000000142 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Алтан гадас 1-1в тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Хондого овогт Баянхангайн Баясахлхагва /РД: ДМ96042418/ 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Баясахлхагва нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын төвд 2020 оны 07 дугаар сарын 08-ны орой 19 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 06-58 ДАР улсын дугаартай, “Hyundai Sonata-6” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ явган зорчигч Г.Намуунааг мөргөж, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

          Анхан шатны шүүх Б.Баясахлагвад холбогдох хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 186 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Хондого овогт Баянхангай Баясахлхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хондого овогт Баянхангай Баясахлхагвыг 450 /дөрвөн зуун тавин/-н нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баясахлхагва нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.4.    Шүүгдэгч Б.Баясахлхагва нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баясахлхагвад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй...” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 29 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: ...Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Баясахлхагвыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь шүүхээс торгох ялыг ямар хэмжээгээр, хэдий хугацаанд биелүүлэхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын шаардлагыг хангаагүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/186 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны  шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Баясахлхагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэсэн байна.

 

 

Дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу Б.Баясахлхагвад холбогдох эрүүгийн 2031000000142 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Б.Баясахлхагва нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны орой 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Хушаат сумын  төвд өөрийн эзэмшлийн 0658 ДАР улсын дугаартай Соната-6 маркийн автомашин жолоодож явахдаа  Монгол улсын Замын хөдөлгөөний  дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч Г.Намуунааг мөргөж  түүний биед  хүндэвтэр хохирол учруулсан  болох нь хэрэгт авагдсан

насанд хүрээгүй хохирогч Г.Намуунаагийн “ ... найзынхаа хамт шороон автозамын хажуу талын хэсгээр явж байтал миний араас машин  ирж яваа юм шиг гэрэл  нь харагдахаар нь замаас гараад зүүн хөлөө татаж амжаагүй байхад тэр машин хөлийг минь дайрсан” гэсэн мэдүүлэг,

гэрч С.Болормаагийн “... охиныг үзэхэд баруун хөл нь шагай хэсгээрээ арьс зулгарсан, хурууны сарвуу хэсгээр хөхрөөд хавдсан байсан. Ингээд цэвэрлэгээ хийгээд боолт хийж өгөөд зураг авахуулах шаардлагатай юм байна ар гэрт нь хүргэж өгөөд зураг яаралтай авахуул гээд явуулсан..” гэсэн мэдүүлэг,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2020 оны 07 сарын 16-ны өдрийн 218 дугаартай “... Г.Намуунаагийн биед зүүн шилбэний шаант ясны битүү сэлтэрхийт хугарал, зүүн тавхайн 1 дүгээр хурууны 3 дугаар үеийн дээд хэсгээр хугарсан цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. ... шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт

Шинжээчийн “ жолооч нь  замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “ замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн тухай дүгнэлт зэрэг нотлох баримт  болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Баясахлхагвын  үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдэлд эрх зүйн зохих дүгнэлт хийж  түүнийг 450 /дөрвөн зуун тавин/-н нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Улсын яллагч эсэргүүцэлдээ  шүүхээс торгох ялыг ямар хэмжээгээр, хэдий хугацаанд биелүүлэхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын шаардлагыг хангаагүй гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан  торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн  төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан ба  шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол  ялтан торгох ялыг 90 хоногийн дотор  биелүүлэх үүрэгтэй гэж ойлгоно.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг  гурван жил  хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан бөгөөд энэ нь заавал хэрэгжүүлэх үүрэг хүлээлгэсэн зохицуулалт бус харин шүүгдэгчийн хувьд ялыг  эдлэх боломжийг хуулиар олгосон гэж ойлгох бөгөөд анхан шатны шүүх тухайн зохицуулалтыг ямар үндэслэлээр хэрэглээгүй талаар тодорхой дүгнэлт хийгээгүй  нь буруу болжээ.

Ийнхүү торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг шүүхээс тогтоогоогүй талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байх тул улсын яллагчийн эсэргүүцлийн хүлээн авах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Баясахлхагва нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан  хохирлыг төлсөн болон эрхэлсэн тодорхой ажилгүй орлого тодорхойгүй зэрэг байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 2.1, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/186 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:                  

 

2 дугаар заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хондого овогт Баянхангайн Баясахлхагвыг 450 /дөрвөн зуун тавин/-н нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлсүгэй.” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Шүүгдэгч Б.Баясахлхагвад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                   Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН