Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/MA2017/0194

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

Э.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, Д.Батчулуун нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 950 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Э.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 950 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.Мөнхдэлгэрийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр сарын 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан албан тушаал буурсан цалингийн зөрүүтэй тэнцэх олговор болох 1.637.370 төгрөгийг Э.Мөнхдэлгэрт олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Э.Мөнхдэлгэрийг албан тушаал бууруулан томилохдоо шүүхийн шийдвэрт дурдсан Төрийн албаны тухай хуулийн 18, 21 дүгээр зүйлийг үндэслээгүй юм. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д агентлагийн дарга хууль тогтоомжид заасны дагуу “албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх”, 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргах”-аар заасан бөгөөд хуулиар олгогдсон дээрх бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийг албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тул албан тушаал бууруулж байгаа талаар “Тушаах” хэсэгт хуулийн үндэслэлийн агуулгыг тодорхой дурдсан болно. Э.Мөнхдэлгэрийг түүний хариуцсан ажилд шалгалт явуулсан дүнг үндэслэж албан тушаал бууруулсан бөгөөд хариуцагчийн анхан шатны шүүхэд гаргасан дээрх тайлбарыг шүүхийн шийдвэрт дурдсан атлаа үнэлээгүй байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад бусдад хутгалуулсан хэрэгт дотоод хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, дүнг танилцуулах талаар удирдлагаас өгсөн үүргийг биелүүлээгүй, хэргийн газарт очиж ажиллаагүй. Дээрх асуудалд шалгалт явуулахад “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4.1.5-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон. Мөн шалгалтын үеэр нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэрийн хариуцсан ажилд хэсэгчилсэн шалгалт хийж, “Байгууллагын дотоод аюулгүй байдалд учирч болох эрсдэлийн үнэлгээ хийх”, “байгууллагын аюулгүй байдлын хувийн хэрэг нээх”, “байгууллагын аюулгүй байдлын талаарх Мэдээллийн цахим сан бүрдүүлэх”, “улсын хэмжээнд барилга байгууламжийн аюулгүй байдлын хангах ажлыг зохион байгуулах” .....зэрэг ажлуудын гүйцэтгэлийг шалгахад хариуцсан ажлаа “дутагдалтай” гүйцэтгэж, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж байгаа талаар тогтоосон байна. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар, албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Аюулгүй байдал, төрийн нууц, шифр харилцааны хэлтсийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Мөнхдэлгэрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс Эрүүгийн цагдаагийн газарт Эрэн сурвалжлах хэлтсийн ахлах төлөөлөгчөөр албан тушаал бууруулан томилжээ.

Нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэр нь дээрх тушаалын өөрт холбогдох хэсгийг  хүчингүй болгож,  урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, албан тушаал үндэслэлгүй өөрчилснөөс буурсан цалинг тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн байна. Тодруулбал,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаар “Ажлаас чөлөөлж, томилох, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, албан тушаал бууруулах, цагдаагийн цол олгох тухай” тушаалаар /х.х-172/ нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэрийг албан тушаал бууруулсанаас гадна нэр бүхий цагдаагийн алба хаагчдыг ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон байх ба нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэрийг албан тушаал бууруулахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4-д заасныг баримталсан болох нь хариуцагчийн тайлбар, Б/43 дугаар тушаалаас нэхэмжлэгчид хамаарах хэсгийг хуулбарласан баримтаар /х.х-19/ нотлогджээ.

Хэдийгээр маргаан бүхий актад төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулахад баримталвал зохих Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн тохирох зүйл, хэсгийг заагаагүй байх боловч Тушаах хэсэгт нь хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэл тодорхойлогдсон байх тул дээрх заалтыг баримтлаагүй хэлбэрийн төдий зөрчлөөр тушаалыг хууль бус гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэрийг албан тушаал бууруулсан үндэслэл нотлогдсон, хариуцагчаас хууль бус шийдвэр гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар Ц.Ням-Очирын баталсан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн албаны шалгалт явуулах төлөвлөгөөний дагуу Дотоод хяналт аюулгүй байдлын газрын Хяналт шалгалт, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн Аюулгүй байдал, төрийн нууц, шифр харилцааны хэлтсийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч Э.Мөнхдэлгэрийн ажил байдалд албаны шалгалт явуулж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр албаны шалгалт явуулсан дүнгийн тухай танилцуулгыг Цагдаагийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн байх ба уг танилцуулгад Э.Мөнхдэлгэрийг “2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Г.Тулга албан үүргээ гүйцэтгэж яваад бусдад хутгалуулж, биедээ гэмтэл авсан хэрэг дээр очиж ажиллах талаар удирдах албан тушаалтнаас өгсөн үүргийг биелүүлээгүй, “эрсдэлийн үнэлгээ хийх”, “хувийн хэрэг нээх”, “байгууллагын аюулгүй байдлын мэдээллийн цахим сан бүрдүүлэх” зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч, хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх ажлыг “дутагдалтай” гүйцэтгэж ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” зөрчилд албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай, 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасны дагуу албан тушаал бууруулах санал гаргажээ.

Дээрх саналыг үндэслэн цагдаагийн албан хаагчийн биед гэмтэл учруулсан хэрэг дээр очиж ажиллах талаар удирдах албан тушаалтнаас өгсөн үүргийг биелүүлээгүй зөрчилд нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/650 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэснийг зөрчсөн үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.

Харин Э.Мөнхдэлгэрийг “хариуцсан ажлаа дутагдалтай гүйцэтгэж ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” зөрчилд албан тушаал бууруулж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдож маргасан байх ба албаны шалгалтын дүнгийн танилцуулгад дурдсан “эрсдэлийн үнэлгээ хийх”, “хувийн хэрэг нээх”, “байгууллагын аюулгүй байдлын мэдээллийн цахим сан бүрдүүлэх”, “улсын хэмжээнд барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах” талаар хангалтгүй ажилласан нь Аюулгүй байдал, төрийн нууц шифр харилцааны хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Н.Батсайхан, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дэд дарга бөгөөд эрүүгийн   цагдаагийн тасгийн дарга Б.Лхагванямаас авсан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдсон төдийгүй үүнийгээ нэхэмжлэгч үгүйсгээгүй, зорилго, зорилтоо хангалттай биелүүлж чадсанаа нотолж чадаагүй тул маргаан бүхий акт нь  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 598 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1-д “Ёс зүйн хэм хэмжээг хэрхэн сахин биелүүлж байгаа нь цагдаагийн алба хаагчийг шагнаж урамшуулах, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оруулах, дэвшүүлэн томилох, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан тушаал бууруулахад харгалзана”, 4.4-т “Цагдаагийн албан хаагч хариуцлага хүлээх зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө”, 4.4.3-т “Мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо чадварлаг, үр бүтээлтэй гүйцэтгэж гүйцэтгэлийн үр дүнг хариуцах” гэж заасантай нийцсэн, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэр нь шүүхэд гаргасан тайлбартаа “Үр дүнгийн гэрээний биелэлтийг 69.5 оноогоор үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан, уг асуудал шийдэгдээгүй байхад ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй” гэх боловч хариуцагчаас албан тушаал бууруулах шийдвэр гаргахдаа гагцхүү үр дүнгийн гэрээний биелэлтийн дүнг бус Э.Мөнхдэлгэрийн ажил байдлын талаар явуулсан албаны шалгалтын дүнд үндэслэж шийдвэр гаргасан байхад анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь буруу болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас гаргасан “...шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 950 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэрийн “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг  хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, албан тушаал үндэслэлгүй өөрчилснөөс буурсан цалинг тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                              

                                 ШҮҮГЧ                                          Э.ЗОРИГТБААТАР

                                     ШҮҮГЧ                                                  Г.БИЛГҮҮН  

                                     ШҮҮГЧ                                                  О.НОМУУЛИН