Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 53

 

“К б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Ч.Тунгалаг

Шүүгчид:                   Л.Атарцэцэг,

                                   Б.Мөнхтуяа,

                                  Д.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:         П.Соёл-Эрдэнэ, 

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Ч-г “М” ХХК-ийн захирлаар томилсон шийдвэрийг компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан “Дүрэм”-ийг бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Б.Ч-г “М” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох,    

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0756 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0864 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У,

Гуравдагч этгээд Б.Ч-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч “К б” ХХК-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.             

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0756 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.4.3, 5.4.9, 11 дүгээр зүйлийн 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан “К б” ХХК-ийн “Б.Ч-г “М” ХХК-ийн захирлаар томилсон шийдвэрийг компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан “Дүрэм”-ийг бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Б.Ч-г “М” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0864 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0756 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “К б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, түүний өмгөөлөгч Г.Ч давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгад:

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болохыг давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн атлаа шийдвэрийг хэвээр үлдээсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаж чадахгүй.

4. Капитрон банкны зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Тодруулбал, “К б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “М” ХХК болон Б.Ч нарт холбогдох “Б.Ч болон Б.Б нарын хооронд хийгдсэн “М” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ, түүний дагуу хийгдсэн эрх шилжүүлэх гэрээ, Б.Ч-г гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр, дүрэм баталсан шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлага бүхий иргэний хэрэг үүсэж байгаатай холбогдуулан уг иргэний хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж түдгэлзүүлэх хүсэлт гаргасан.

5. Харин анхан шатны шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлаар шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргах эрхгүй” гэж заасныг үндэслэн хангаагүй. Уг асуудлыг давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан байна. Энэ талаарх гомдол үндэслэлтэй...” гэж дүгнэсэн атлаа “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шийдвэр гарахад нөлөөлөөгүй байх тул уг гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэсэнд гомдолтой байна.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хууль бусаар хязгаарлаагүй байсан тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс шүүгчийн уг захирамжид гомдол гаргаж, улмаар гомдлыг шийдвэрлүүлэх байсан. Гомдлыг хэрхэн шийдвэрлэх байсныг одоо мэдэх боломжгүй. Гомдол хангагдсан нөхцөлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэж, иргэний маргааны шийдлийг хүлээх нь ойлгомжтой. Энэ тохиолдолд иргэний шүүх маргааныг хэрхэн шийдвэрлэснээс уг Захиргааны хэрэг яаж шийдэгдэх нь тодорхой болох байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс уг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдлийг шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж ямар үндэслэлээр дүгнэсэн нь тун ойлгомжгүй болсон.

7. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс шүүгчээс татгалзан гарах хүсэлт гаргасан. Хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ гэж заасны дагуу шийдвэрлэх ёстой байтал шүүгч татгалзал байгаа эсэхийг өмнө асуусан үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргах эрхийг шууд хязгаарласан үйлдлийг давж заалдах шүүхээс зөвтгөж байгаад гомдолтой.

8. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн гаргасан хүсэлтийг шүүгч хангаагүй үндэслэлээр шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргаагүй бөгөөд харин нэхэмжлэгчийн эрхийг дордуулж, нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг хязгаарлаж буй үйлдэлтэй нь холбогдуулж, “Хэргийг шударгаар шийдвэрлэхэд эргэлзсэн” болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж буй нь шүүгчид итгэх итгэлийг эргэлзэхэд хүргэхээс өор арга байхгүй. Энэ үндэслэлээр шүүгчээс татгалзаж байхад анхан шатны шүүх хүсэлтийг гаргах эрхийг мөн л хязгаарласан. Гэтэл давж заалдах шатны шүүх Хүсэлттэй холбогдуулж шүүгчээс татгалзсан” гэж буруу дүгнэсэн.

9. Мөн татгалзан гаргах хүсэлтийг татгалзан гарах үндэслэл бий болсон нөхцөлд л гаргах ёстой. Шүүх хуралдааны өмнө болоод шүүх хуралдааны аль ч үе шатанд илрэх боломжтой юм. Гэтэл нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх буруу дүгнэсэн.

10. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

12. Нэхэмжлэгч “К б” ХХК нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “гэрээний үүргийг санхүүгийн чадваргүй этгээдэд шилжүүлэх зорилгыг агуулсан гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн нь илт хууль бус” гэх үндэслэлээр маргажээ.

13. “М” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр тус компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигч Б.Б нь өөрийн эзэмшлийн 100%-ийг Б.Ч-т худалдаж, компанийн захирлаар томилж, компанийг дүрмийг шинэчлэн баталсан байх бөгөөд уг өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсэн байна.

14. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар 23.1, 23.3 дахь хэсэгт хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийг нэрлэн заасан, гуравдагч этгээдээс уг шаардлагыг бүрэн хангаж, холбогдох баримтыг хавсаргасан тул улсын бүртгэл хуульд нийцсэн, нэхэмжлэгч, гуравдагч этгээд хоорондын өр төлбөрийн асуудал нь улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах хуулийн үндэслэл биш, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

15. Нэхэмжлэгчийн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй” тухай гомдол үндэслэлгүй байна.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3 дахь хэсэгт зааснаар “шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх байна. Энэ тохиолдолд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан үйл ажиллагаа нь маргааны үйл баримтад шууд нөлөөлөхгүй, үүнээс шалтгаалан хэргийн үйл баримт өөрчлөгдөхгүй юм.

17. Учир нь нэхэмжлэгчээс “иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэх боловч үүнийг нотолсон баримт байхгүй, иргэний хэрэг үүсгээгүй байсан, нөгөө талаар иргэний шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай холбогдуулан бүртгэлд өөрчлөлт оруулах боломж хэдийд ч нээлттэй байгаа тул захиргааны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлага үүсээгүй байна.

18. "Нэхэмжлэгчийн эрхийг дордуулж, нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг хязгаарлаж буй үйлдэлтэй нь холбогдуулж, хэргийг шударгаар шийдвэрлэхэд эргэлзэж, шүүгчээс татгалзсан байхад эрхийг хязгаарласан” тухай гомдлын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал хэргийн оролцогчоос шүүгчийг татгалзах эрхтэй. Дээр дурдснаар захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй, шүүгчээс шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, хэргийн оролцогчдыг чирэгдүүлэхгүй байх, маргааны хүрээнд хэргийг шийдвэрлэх зарчимд бүрэн нийцсэн тул хуулийн “үндэслэл бүхий эргэлзээ” гэдэгт хамаарахгүй.

18. Нэхэмжлэгчээс “гэрээний үүргийг санхүүгийн чадваргүй этгээдэд шилжүүлж, эрх зөрчсөн” гэж маргаж байгаа боловч үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, компанийн дүрэм, талуудын гэрээнд ямар нэгэн гэрээний үүрэгтэй холбоотой заалт оруулснаар шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх үр дагавар үүсгэхгүй, компанийн захирал хэн байхаас үл хамаарч, гэрээний үүрэг биелэгдэх тухай шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй байна.

19. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0756 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0864 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ