| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2022/02548/И |
| Дугаар | 102/ШШ2022/02771 |
| Огноо | 2022-08-04 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2022/02771
| 2022 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2022/02771 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Ч
Хариуцагч: ГМК ХХК
... орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг ГМК ХХК-нд даалгах нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С, өмгөөлөгч Л.Г, хариуцагч ГМК ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Ч нь хариуцагч ГМК ХХК-нд холбогдуулан ... орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч Х.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: .... орон сууцыг 67,000,000 төгрөгөөр худалдан авахаар ГМК ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Барилгыг ГМК ХХК нь барьж ашиглалтад оруулсан бөгөөд 100 хувь айлууд орсон. Х.Ч нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр орон сууцны төлбөрт 62,000,000 төгрөг төлж, гэрээний 3.6-д 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр захиалагчид орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөөр заасан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т захиалагч тал байрны төлбөр 62,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 19-нд төлж, үлдэгдэл болох 5,000,000 төгрөгийг байрны гэрчилгээ гарсны дараа бэлнээр төлнө гэж тохирсон боловч хариуцагч тал өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэх, гэрчилгээ гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Өнгөрсөн хугацаанд ГМК ХХК-нд удаа дараа хүсэлт тавьж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх талаар хандсан боловч үр дүн гараагүй. Иймд нэхэмжлэгч Х.Ч ... орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч ГМК ХХК-нд даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч ГМК ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон гүйцэтгэх захирал Ж.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Ч нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай компанийн барьж ашиглалтад оруулсан ... байрыг захиалж, Орон сууц захиалгын гэрээ байгуулан тус байранд амьдарч байна. Х.Чт гэрээний дагуу орон сууцны нийт төлбөр болох 67,000,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 62,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 5,000,000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан тохиолдолд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Х.Ч өнөөдрийн байдлаар Орон сууц захиалгын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байна. Манай өмгөөлөгчийн хууль тайлбарлаж өгснөөр төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд өмчлөх эрх үүсдэг хуулийн зохицуулалтай байдаг учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ, ГМК ХХК-наас захиалагч Х.Ч хариу хүрүүлэх тухай №2/3 албан бичиг, кассын орлогын ордер гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрийг төлсөн гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч нь үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй гэх үндэслэлээр няцаасан.
4. Хэрэгт авагдсан орон сууц захиалгын гэрээ, кассын орлогын ордер, ГМК ХХК-ийн хариу хүргүүлэх тухай албан бичиг гэсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Зохигчийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж .... орон сууцыг нийт үнэ 67,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож талууд төлбөр тооцоог гэрээний 2.2-т заасан нөхцөлөөр төлөхөөр тохиролцсон.
Орон сууц захиалгын гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
4.2 Шүүх хуралдаанд хариуцагч нь үлдэгдэл төлбөрөө бүрэн төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч талууд орон сууц захиалгын гэрээний 2.1-т орон сууцны нийт үнэ 67,000,000 төгрөг байна. 2.2-т захиалагч тал нь байрны төлбөр болох 62,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 19-нд төлж, үлдэгдэл болох 5,000,000 төгрөгийг байрны гэрчилгээ гарсаны дараа бэлнээр төлөхөөр төлбөр тооцооны нөхцөлийг гэрээгээр тохиролцсон тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
4.3 Нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр орон сууцны үнэ 62,000,000 төгрөгийг төлсөн болох нь кассын орлогын ордероор тогтоогдсон, гэрээний төлбөрийг захиалагч бүрэн төлж барагдуулж, төлбөрийн үлдэгдэлгүй болсон тул орон сууцыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй болохоо хариуцагч ГМК уламжилж захиалагч Х.Ч №2/3 дугаартай хариу хүргүүлэх албан бичгийг хүргүүлсэн байна. /хх-7-8/
Мөн гэрээний 3.8-д зааснаар хариуцагч нь орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахад гүйцэтгэгчийн зүгээс шаардлагатай бичиг баримтыг хууль ёсны дагуу бүрдүүлж өгөхөөр үүрэг хүлээсэн тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэв.
4.4 Иймд нэхэмжлэлийг хангаж, .... орон сууцны өмчлөгчөөр Х.Ч тогтоож, үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч ГМК ХХК-нд даалгах нь зүйтэй.
5. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас энэ төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар ... орон сууцны өмчлөгчөөр Х.Ч тогтоож, үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч ГМК ХХК-нд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ГМК ХХК-наас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Ч олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА