Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/77

 

 

Б.Үнэнхүү, Х.Баянмөнх, Ж.Ууганбаяр нарт

холбогдох  эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                 Д.Буянжаргал

                                          Шүүгчид                    Б.Эрдэнэхишиг                                  

                                                                            Г.Давааренчин                                   

                                 

                                 Оролцогчид

                                  Прокурор                          Т.Нансалмаа

                                     Шүүгдэгчийн өмгөөлөгч   Б.Цэрэнбат /онлайн/                             

                                  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/197 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт Батзориг овогто Үнэнхүү, Хүнбиш овогтой Баянмөнх, Жигжидсүрэн овогтой Ууганхүү нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2031000770133 дугаартай, 3 хавтас хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Баянцагаан 2 дугаар баг, Бэлчир 9 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Хошууд овогт Батзоригийн Үнэнхүү /РД:МП70072873/

Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Тарвагатай 1 дүгээр баг, Найрамдал 2 дугаар гудамж, 8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Хүнбишийн Баянмөнх /РД:МП69012971/

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тарс” ХХК-ийн уулын бригадын дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар баг, Хайрхан 2 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Жигжидсүрэнгийн Ууганбаяр /РД:МП86070971/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Үнэнхүү, Х.Баянмөнх нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн нутаг “Бүдүүний эх” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 6 метр куб нойтон нарс модыг бэлтгэж, Кубота маркийн трактороор тээвэрлэж, байгаль экологид 1,008,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Ж.Ууганбаяр нь Б.Үнэнхүү, Х.Баянмөнх нарт “надад мод бэлтгэх зөвшөөрөл байгаа модонд яваад ир” гэж ятгаж хөлсөлсний улмаас Б.Үнэнхүү, Х.Баянмөнх нар нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн нутаг “Бүдүүний эх” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 6 метр куб нойтон нарс модыг бэлтгэж, “Кубота” маркийн трактороор тээвэрлэж, байгаль экологид 1,008,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                     

Анхан шатны шүүх Б.Үнэнхүү, Х.Баянмөнх, Ж.Ууганбаяр нарт холбогдох хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 197 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгжурамлан шүүгдэгч Хошууд овогт Батзоригийн Үнэнхүү, Боржигин овогт Хүнбишийн Баянмөнх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-Шүүгдэгч Боржигин овогт Жигжидсүрэнгийн Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзаасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бусдыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Хошууд овогт Батзоригийн Үнэнхүү, Боржигин овогт Хүнбишийн Баянмөнх, Боржигин овогт Жигжидсүрэнгийн Ууганбаяр нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдэнд анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад зааснаар энэ гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан бодит хохирол 504,000 /таван зуун дөрвөн мянга/-н төгрөгийг Б.Үнэнхүү, Х.Баянмөнх, Ж.Ууганбаяр нараас тус тус тэнцүү хэмжээгээр гаргуулан нөхөн төлснийг дурьдсугай.

5. Б.Үнэнхүү, Х.Баянмөнх, Ж.Ууганбаяр нарын гэмт үйлдлийн улмаас байгаль-экологид учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дахь хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн Хүдэр сумын экологийн асуудал хариуцсан Б.Мөнхбатад хүлээлгэн өгсөн 5 ширхэг нойтон нарс модыг хурааж, улсын орлогод оруулсугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн Ж.Ууганбаярын өмчлөлийн “Кубота М-100” маркийн трактор, цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус битүүмжпэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Ж.Ууганбаярт олгож, тракторын үнэлгээ болох 500 /таван зуун мянга/ төгрөг, цахилгаан хөрөөний үнэлгээ 50,000 /тавин мянга/-н төгрөг, нийт 550,000 /таван зуун тавин мянга/-н төгрөгийг шүүгдэгч Ж.Ууганбаяраас гаргуулан, улсын орлогод оруулсугай.

8. Шүүгдэгч Б.Үнэнхүү, Х.Баянмөнх, Ж.Ууганбаяр нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй...” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

                        

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 11 сарын 09-ний өдрийн №34 дугаартай эсэргүүцэлдээ: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Тухайлбал:

1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Үнэнхүү, Х.Баянмөнх нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн нутаг “Бүдүүний эх” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 6 метр куб нойтон нарс модыг бэлтгэж Кубота маркийн трактороор тээвэрлэж байгаль экологид 1.008.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг, Шүүгдэгч Ж.Ууганбаяр нь Б.Үнэнхүү, Х.Баянмөнх нарт “надад мод бэлтгэх зөвшөөрөл байгаа модонд яваад ир гэж ятгаж, хөлсөлсний улмаас Б.Үнэнхүү, Х.Баянмөнх нар нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн нутаг “Бүдүүний эх” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 6 метр куб нойтон нарс модыг бэлтгэж Кубота маркийн трактороор тээвэрлэж байгаль экологид 1.008.000 төгрөгний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна,

... Шүүгдэгч Б.Үнэнхүү, Х.Баянмөнх, Ж.Ууганбаяр нарын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид учирсан бодит хохирол болох, 1.008.000 /нэг сая найман мянга/-н төгрөгийг шүүгдэгч нар нөхөн төлж барагдуулаагүй байх тул хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов” гэж дүгнэсэн атлаа Тогтоох хэсэгт ...энэ гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан бодит хохирол 504.000 төгрөгийг шүүгдэгч нараас тус тус тэнцүү хэмжээгээр гаргуулан нөхөн төлснийг дурьдсугай” гэсэн нь ойлгомжгүй,

Мөн Б.Үнэнхүү, Х.Баянмөнх, Ж.Ууганбаяр нарын зөвшөөрөлгүй бэлтгэсэн 6 метр куб нойтон нарс модны 2 модыг нь тайрч унагаагүй, унанги мод байсныг тооцохгүй орхиж, ...504.000 төгрөг болж байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ойн ангийн дарга шинжээч Г.Тайванбаатарын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтэнд “...Цагдаагийн журмын хашаанд байгаа 1-5 хүртэлх дугаарласан мод нь хэргийн газрын үзлэгээр унагасан модны хожуултай таарч байна. Цагдаагийн журмын хашаанд хураагдсан 12 метрийн урттай 5 ширхэг мод нь нарсан, долом нь тасраагүй амьд, нойтон мод байна. /мэргэжпийн байгууллагаар/ ...гэж тодорхойлсон байхад шүүх хуралдааны шатанд шүүгдэгч нарын мэдүүлэгийг үндэслэж 2 модыг нь тайрч унагаагуй, унанги мод байсныг тооцохгүй орхих гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай огт нийцэхгүй байна.

2.      Хэрэгт битүүмжлэгдсэн цахилгаан хөрөө /50.000 төгрөгний үнэлгээтэй/ 1 ширхэг, Кубота М-100 маркийн улсын дугаар номергүй трактор /500.000 төгрөгний  үнэлгээтэй/-г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 87.1.5 дахь хэсгийг баримталж битүүмжлэлээс чөлөөлж, ялтан Ж.Ууганбаярт олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал битүүмжлэлээс чөлөөлсөн цахилгаан хөрөө 1 ширхэг, Кубота М-100 маркийн улсын дугаар номергүй трактор нь гэм буруутайд тооцогдсон Ж.Ууганбаярын өмчлөлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад буцаан опгож, түүний үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдийг тус тус буруу хэрэглэжээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Уг прокурорын эсэргүүцлийг би бүхэлд нь эсэргүүцэж байна. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн эд зүйлийг үнэлүүлж үнэлсэн мөнгийг улсын орлого болгоход хууль зөрчсөн асуудал байхгүй. Анхан шатны шүүхэд ийм эрх нь байгаа. Тэгээд ч өнөөдөр корона вирусийн хүнд хэцүү үед прокуророос цагаа олоогүй эсэргүүцэл бичсэн гэж үзэж байгаа тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Эсвэл уг хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэсэн саналтай байна. Өөрсдийнхөө дутуу хийсэн зүйлийг шүүхэд нялзааж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас  Ж.Ууганбаяр, Б.Үнэнхүү, Х.Баянмөнх нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Б.Үнэнхүү, Х.Баянмөнх  нарыг тус зүйл ангид заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Ж.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан бусдыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрийг хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Прокурорын эсэргүүцлийн дагуу Ж.Ууганбаяр, Б.Үнэнхүү, Х.Баянмөнх нарт холбогдох эрүүгийн 2031000770133 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, эрүүгийн хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн нутаг “Бүдүүний эх” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 6 метр куб нойтон нарс модыг бэлтгэж Кубота маркийн трактороор тээвэрлэсэн  гэмт хэргийг үйлдсэн байх ба  2020 оны 05 сарын 26-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтээр  “... цагдаагийн журмын хашаанд хураагдсан 12 метрийн урттай 5 ширхэг мод нь нарсан, долом нь тасраагүй амьд, нойтон мод байна. Дээрхи мод нь 6м3 нарсан нойтон мод болж  байгаа бөгөөд Ойн сангийн  нэг шоо метр  модны экологи-Эдийн засгийн үнэлгээний гуравдугаар мужид хамаарч  байгаа бөгөөд 6м3 туушийн модны 1.4 -өөр үржүүлээд 120,000 төгрөгөөр дахин үржүүлээд 1.008.000 төгрөг болж байна” гэж тэдгээрийн үйлдлийн улмаас байгаль экологид учруулсан хохирлыг тооцон гаргасан тухайн шинжээчийн дүгнэлтийн талаар шүүгдэгч, болон түүний өмгөөлөгч нар нь маргаагүй  байхад шүүхээс хуулийн үндэслэлгүйгээр  буюу хоёр мод нь унанги мод байсан гэж хохирлын үнийн дүнг багасган тооцсон нь үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч Ж.Ууганбаяр нь ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн “Кубота М-100 маркийн трактор, цахилгаан хөрөө зэргийг ашигласан байх  ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан.

 

Харин анхан шатны шүүх  шүүгдэгчийн тухайн хөрөнгийг хураалгүйгээр Иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зохицуулалтыг  буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг баримтлан түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Кубота М-100 маркийн трактор, цахилгаан хөрөө зэргийг шүүгдэгчийн амьдрах эх үүсвэр болсон зайлшгүй шаардагдах эд зүйлс гэж тодорхойлон шүүгдэгчид  буцаан олгохоор  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар анхан шатны шүүх хуралдаан хэргийн оролцогч нарын хүсэлтээр удаа дараа хойшлуулж 2020 оны 10 сарын 09-ний өдөр хийхээр товлсон бөгөөд тухайн өдрөө шүүх хуралдаан явагдаж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр 05 хоногийн завсарлага авч 2020 оны 10 сарын 14-ний өдөр шүүх хуралдаан үргэлжилж шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Гэтэл  шүүх хуралдааны тэмдэглэлийн огноог хуралдаан нэг өдөр буюу 2020 оны 10 сарын 14-ний өдөр явуулсан мэтээр  буруу тэмдэглэсэн,  шүүх хуралдаан тодорхой хугацаагаар завсарласан тухай шүүгчийн захирамж хэрэгт хавсаргаагүй, түүнчлэн шүүгдэгч нараас хохирол төлсөн тухай баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн байхад баримтыг хүлээн авсан атлаа  хэргийн материалд хавсарган тэмдэглэл хөтлөөгүй  зөрчлүүдийг гаргажээ.

Ийнхүү шүүх хуралдааны тэмдэглэл тодорхойгүй байгаа нь шүүх хэргийн оролцогчдын хуулиар олгосон эдлэх эрхийг хэрэгжүүлсэн болон шүүх хуралдааныг  хуульд заасны дагуу  явуулсан эсэх эргэлзээтэй байдал үүсгэж байгаа хэлбэр бөгөөд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль,  хэргийн хөдөлгөөний аргачилалыг  түүнтэй холбоотой журмыг баримтлаагүй байгааг анхааруулах нь зүйтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар  шүүх Эрүүгийн хуулийн буруу  хэрэглэсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/197 дугаартай  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

 

2. Шүүгдэгч Б.Үнэнхүү, Х.Баянмөнх, Ж.Ууганбаяр нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                   Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН