Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Улсын яллагч: Э.Гантулга.

Хохирогч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч, Монгол улсын иргэн, улсаас авсан гавь яа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******./******* регистрийн дугаартай /

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутаг “Бэлхийн худаг” гэх газарт иргэн *******той хувийн таарамжгүй байдлаас марган улмаар зодож биед нь “Хөнгөн” зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Яллах нотлох баримт:

Шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

Би 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн орчим Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Бэлхийн худаг” гэх газар ямаагаа худгаас услаад зогсож байтал манай хамаатан буюу миний төрсөн ахын хүү *******ын адуу худаг дээр орж ирсэн. Би адууг нь усалчихаад худгийн ойролцоо нутаглах хадам дүү болох Сүхбаатарынд очиход тэднийд Сүхбаатар, түүний төрсөн дүү Төгсжаргал хоёр ямаа самнаад ******* гэрт нь гутлаа тайлсан баруун талын орон дээр нь унтаж байхаар нь би түүнийг татаж сэрээгээд босч худаг дээр байгаа адуугаа услахгүй юугаа хийгээд байгаа юм гээд нүүрлүү нь нэг алгадахад “чи юу юм миний адуугаа услах услахгүй чамд ямар хамаатай” юм гээд намайг заамдаад авахад нь би зөрүүлээд цохиод авсан. ******* орны хажууд байсан гутлаа аваад миний толгойруу хоёр удаа цохисон.

...Би *******од “би чамд ах хүний хувьд хэлж ярьж болохоо байсан уу, жил болгон адуу үхрийг чинь усалж байна ээж, аавынхаа үгэнд ч орохгүй, ажлын үеэр ингэж айлд унтаж байдаг” гэж хэлээд хоёр удаа гараараа цохисон. *******ын авга ахын хувьд хоёр алгадсан, өөр зүйл байхгүй. Бид хоёрын дунд ямар нэг өс хонзон, өр авлагын зүйл байхгүй. Би дүүдээ хэлэх ёстой үгээ буруу байдлаар илэрхийлсэндээ гэмшиж байна. Би дүүгээ зодсон гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 75-76/,

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.        Хохирогч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:                                

Би Баацагаан сумын 3-р багийн нутаг “Бэлхийн худаг” гэх газар адуугаа оторлож байсан юм. 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Богд сумруу өдөржин шөнөжин явж 3 адуу ачаад 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө адуун дээрзэ ирсэн.Адуугаа услаад маш их ядарч байсан тул ойрхон нутагладаг Сүхбаатар гэдэг айлд очиж хоол унд идээд гутлаа тайлаад хэвтэж байгаад унтсан байсан. Нойрон дунд нэг хүн бос чи гээд дээлийн ханцуйнаас хүчтэй татаад байхаар нь сэрээд харахад манай аавын төрсөн дүү болох ******* ах байсан. ******* ах чи энд яахаараа унтаж байдаг юм чи юу юм гэсэн. Би өндийтөл нүүрлүү алгадсан би өндийгөөд гутлаа өмсөх гэтэл ******* ах чи хэн юм яахаараа энд унтаж байдаг юм гээд шууд миний нүүрлүү гараараа цохиж, миний дээр сууж байгаад чи хэн юм гээд толгойруу өшиглөөд унасан. Би доороос нь босох гэхэд чадахгүй байсан.

...******* ах намайг чирч гэрээс гарсан. Би гутлаа аваад цохих гэж бодоод хоёр удаа савсан боловч оноогүй. ******* намайг барьж аваад доороо хийгээд хоёр ханцуйг холбож барьж байгаад “чи хэний хүүхэд юм” гээд нүүр нүдгүй нүдсэн. Тухайн үед миний хамар амнаас цус гараад түр ухаан балартаад ямар ч тамиргүй болсон. ******* ах мотоциклио асаагаад явсан. Бид хоёрын дунд өс хонзонгийн зүйл байхгүй, Өмнө нь ******* ах хоёр жилийн өмнө намайг зодож байсан. Одоо нийлээд 3 дахь удаагаа зодож байна. ******* ах согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би маш их гомдолтой байна. Учирсан хохирол эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Одоогийн байдлаар 500000 төгрөг зарцуулсан. Намайг зодож байхад миний гар утасны нүүр хагарсан байсан. Би тэр утсаа 50000 төгрөгөөр янзлуулсан хохирлоо нэхэмжилнэ. Мөн өмгөөлөгч авсан өмгөөлөгчийн хөлс нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /хх-ийн 17-20/,

Гэрч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2017 оны 04 дугаар сарын 29-ний өдөр би дүүгийнхээ хамт Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3-р багийн нутаг “Бэлхийн худаг” гэх газар ямаа самнаад гэртээ байж байтал ******* ах ирээд манайд хоол унд идээд унтсан. Тухайн өдрийн 17 цагийн орчим хүргэн ах ******* малаа услаад ирлээ гээд орж ирээд ******* ахыг унтаж байхад нь “адуу малаа услахгүй юу хийгээд айлд унтаад байгаа юм гээд” татахад ******* ах сэрэхгүй байхаар нь ******* ах хацарлуу нь бос гэж хэлээд алгадсан. ******* ах яаж байгаа юм гээд босч ирээд миний унтах чамд ямар хамаатай юм гээд хоорондоо барилцаад авсан. ******* ах хэд хэдэн удаа алгадаад авахад ******* ах гутлаа шүүрч аваад ******* ахыг цохисон. Тэгээд зодоон хийхээр нь би дундуур нь ороод салгаад ******* ахыг гэрээс гаргахад ******* ах араас гарч ирээд тэр хоёр гэрийн гадаа дахиад зодолдсон. Би дахин тэднийг салгахад.******* ах шууд мотоциклио унаад явсан. ******* ах араас нь чамайг харна аа гээд орилоод хоцорсон. ******* ахын хоёр шанаанаас цус гарсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22/

Гэрч ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

Би 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр... ******* ахын дүү ******* мотоцикльтой ирээд хоол унд идээд манай баруун талын орон дээр гутлаа тайлаад унтсан. Тухайн өдөр 17 цагийн үед ******* ах малаа услаад ирлээ гээд манайд ирсэн. *******ыг унтаж байхад нь “адуу малаа услахгүй юу хийгээд айлд унтаад байгаа юм” бос гээд татахад ******* “та яагаад байгаа юм” гэхэд ******* ах хацарлуу нь яадаг юм гээд алгадсан. Тэгээд тэд хоорондоо зодолдсон.

..******* ах *******ыг гэрээс гаргахаар татахад ******* гутлаа аваад ******* ахыг цохисон. Би гэрийнхээ нурсан орыг янзлаад гэртээ үлдсэн.

...******* ахын хамар амнаас цус гарсан байсан гэх мэдүүлэг./хх-ийн 23-24/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн № 203 дугаартай:

“1. *******ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн чихний гадна сувгийн гэмтэл, дух, баруун хацар, зүүн шанаанд зулгаралт, зүүн доод зовхи, хамар, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Иргэн *******ын биед 2017.04.29-ний өдрөөс өмнө биедээ гэмтэл авсан гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 32-33/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн № 208 дугаартай:

“1. *******ын биед хацарт зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин нэг удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Иргэн *******ын биед 2017.04.29-ний өдрөөс өмнө биедээ гэмтэл авсан гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 46-47/,

Цагаатгах болон хөнгөрүүлэх нотлох баримт:

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хохирогч *******ын өргөдөл /хх-ийн 03/, хохирогч *******ын тайлбар, мэдүүлэг / хх-ийн 05-06, 16-20/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 23-24/, Өвөрхангай аймгийн бүсийн оношилогоо эмчигээний төвийн дүрс оношилгооны тасгийн радиологийн дүгнэлт /хх-ийн 31/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн № 203 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/, сэрэнги үеийн тархины цахилгаан бичлэг /хх-ийн 34-43/, хохирогч *******ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 49-68/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан 10 хуудас нотлох баримт зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутаг “Бэлхийн худаг” гэх газарт иргэн *******той хувийн таарамжгүй байдлаас марган улмаар зодож биед “Хөнгөн” зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн тайлбар мэдүүлэг /хх-ийн 07-08, 74-76, 80-81/, хохирогч *******ын тайлбар, мэдүүлэг / хх-ийн 05-06, 16-20/,

гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 23-24/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн № 203 дугаартай “1. *******ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн чихний гадна сувгийн гэмтэл, дух, баруун хацар, зүүн шанаанд зулгаралт, зүүн доод зовхи, хамар, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Иргэн *******ын биед 2017.04.29-ний өдрөөс өмнө биедээ гэмтэл авсан гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 32-33/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ад холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ******* нь шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүний биед “хөнгөн” хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ийг шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан 2932230 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинээр нотлох баримт гаргаж нэхэмжилсэн боловч шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгч нар хохиролыг төлөх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүхэд хандан завсарлага авч шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгч ******* хохирогч ******* нар нь хохиролын талаар харилцан тохиролцож, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нар мэдүүлсэн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ц.Баярмаагаас өөрийн үйлчлүүлэгч *******ад оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн хуулийг буюу 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж уг хуулийн 71 дүгээр зүйлийн71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг гаргасан бөгөөд шүүх уг саналыг хүлээн авах хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч *******ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч нь хохирогчтой эвлэрсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан боловч процессийн буюу Эрүүгийн байцаан шийтгэх хууль буцаан хэрэглэгдэхгүй бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хэрэгсэхгүй болохгүй байгаа тул шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авч шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулна гэж шүүх үзэж өмгөөлөгчийн саналыг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нь гэм буруугаа хүлээсэн тул түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож, торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн 20 тооны эм ямааг битүүмжилсэн 2017 оны 05 сарын 16-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх 20 тооны эм ямааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******ад буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч *******ад хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлд заасан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд заасан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, уг уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ын нурууны 3 ширхэг зураг, цээжний 2 ширхэг рентген зураг зэрэг нь 2013 он болон 2015 онуудад авахуулсан зураг байх бөгөөд уг гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх зураг байх тул тэдгээр 2 ширхэг рентген зургийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байх нь зүйтэй гэж шийдвэрлэж, харин толгойн томографын 1 ширхэг зургийг нотлох баримтыг мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-д зааснара нотлох баримтаар тооцож, уг зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *******од буцаан олгохоор шийдвэрлэж, уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг шүүх дурдав.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                  

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгж / 450/ буюу дөрвөн зуун тавин мянган /450000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж /450/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдөр төлөхөөр тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй /15/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихийг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ын биеийн рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан эзэмшигч *******од буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 20 эм ямааг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрхи 20 эм ямааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******ад буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар *******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ