Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2022/00773

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2022/00773

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт оршин суух,  *******,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэгт оршин суух, Х.Цогтсайхан нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт орүин суух Титан хас фүүд ХХК -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 75.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: талуудын хоорондох 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дүнгээс 50.000.000 төгрөг хасуулах тухай хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Н.Х, Х.Ц, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******,******* нараас******* ХХК-д холбогдуулж түрээсийн гэрээний үүрэгт 75.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч *******,******* нар хариуцагч Таятан фүүд ХХК /хуучин нэршил/-тай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг байгуулж, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороололд байрлах үйлчилгээний зориулалттай 225 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 5 жилийн хугацаагаар түрээслүүлсэн. Гэрээг анх байгуулахдаа нэг сарын түрээсийн төлбөр 10.000.000 төгрөг байхаар тохиролцож гэрээг хийсэн. Гэрээгээр түрээсийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийх шаардлагатай хугацааг түрээсийн төлбөрөөс чөлөөлж, түрээсийн эд хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүйгээр засан сайжруулалт хийхээр, харин гэрээний хугацаа дуусч, түрээслэхгүй болсон тохиолдолд эд хөрөнгөд хийсэн засан сайжруулалтыг түрээслэгч тал буцаан авбал өмнөх байдалд оруулж засвар хийж өгөхөөр тохирсон. Түрээсийн зүйлийг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хүлээлгэн өгсөн. Хариуцагч түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй талаар мэдэгдэж гэрээг дуусгавар болгохдоо 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, хариуцагч түрээсийн төлбөрт 80.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон. Энэ хугацаанд төлбөрөөс нэг ч төгрөгийг төлөөгүй байсан. Төлбөр барагдуулах хэлцлийг байгуулахад хариуцагч талын хүсэлтээр сард 3.500.000 төгрөгөөр тооцсон гэрээг дахин байгуулсан. Учир нь нэмэгдсэн өртгийн албан татвараас шалтгаалан бага үнийн дүнтэй түрээсийн гэрээг байгуулахаар гуйсны дагуу хийсэн. Уг 10 сая төгрөгийн дүнтэй гэрээг хариуцагч нь төлбөр барагдуулах гэрээг байгуулахдаа энэ түрээсийн гэрээний шаардлага одоо байхгүй, төлбөр барагдуулах гэрээг байгуулж байгаа учраас төлбөр барагдуулах гэрээний дагуу төлбөрөө авч болно гэж хэлээд гэрээг авснаас нэхэмжлэгчид гэрээний хувь үлдээгүй. Нотариатч төлбөр барагдуулах гэрээг гэрчлэхдээ бидний хооронд байгуулсан нэг сард 10.000.000 төгрөг гэсэн дүнтэй гэрээний дагуу тооцож тусгасан.

Энэхүү төлбөр барагдуулах гэрээг нэгд: талуудын тэгш эрхийн үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан, хоёрт: талуудын сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо чөлөөтэйгээр илэрхийлсэн бөгөөд ямар нэгэн дарамт шахалт бусад хүчин зүйл нөлөөлөөгүй, гуравдугаарт талуудын баримт бичиг эх хувиар бүрэн байсан бөгөөд талууд эрх зүйн бүрэн чадамжтай болохыг тодорхойлов гэж нотариат баталгаажуулсан. Иймд төлбөр барагдуулах гэрээнд заасан 80.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус бүр 10.000.000 төгрөгөөр төлсөн байх тул түрээсийн төлбөрийн үлдэгдэл 50.000.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногт 0,3 хувиар алданги тооцон 25.000.00 төгрөг, нийт 75.000.000 төгрөг гаргуулж өгнө үү. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа сүүлийн төлөлтийг хасаагүй тооцсон байсан тул 90.000.000 төгрөг гаргуулах шаардлагаа багасгаж байна гэв.

2.Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ тус тус байгуулагдсан. Тухайн байранд манайх Английн СФС-ийн франчайзингийг манай компани эзэмшдэг тул КFC-тэй төстэй чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар түрээслэж, талбайг манай эзэмшилд 10 сарын 01-ний өдөр ирсэн. Нийтдээ 10 сарын хугацаанд манайх үйл ажиллагаа явуулсан. Ингэхдээ байгууллагын маркетингийн алдаанаас болоод үйл ажиллагааны орлого муу, ажилчдынхаа цалинг арай гэж тавьдаг, зээлээр ч тавьдаг байх жишээний байсан. Ингэж явж байгаад С.Хишигдоржтой эргэж уулзаад ер нь манайх байраа хүлээлгэж өгье гээд 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийг хийсэн. Төлбөр барагдуулах гэрээний зорилго анхнаасаа нэр, агуулгаасаа өөр, ******* гаалийн татварт их хэмжээний дүнтэй акт тавигдсан, тэдгээрийг төлөх мөнгө хэрэгтэй, банкнаас зээл авах гэхээр бүх хөрөнгөө банкинд барьцаалсан, банк бус санхүүгийн байгууллагаас ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалах боломжтой гэрээ байхад болно гээд дээрх гэрээг байгуулсан. Энэ гэрээг байгуулахад ахдаа тус дэм болоод гэрээ байгуулчих, дараа нь асуудалгүй гэж байснаа мартаад мөнгө нэхэж байна.

Түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулахдаа анх гэрээг хуульд заасан шаардлагын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх гэхээр банкны барьцаанд байгаа гээд бүртгүүлээгүй. Манайх үйлчилгээний барилгын гадна цахилгаан хангамжийг 380 вольт болгох шаардлагатай болсон тул кабел шугамыг 35.000.000 төгрөгөөр, гадна талбай, дотор засал, цэвэр бохир шугамыг, шал, цахилгааны монтажийг бүхэлд нь 86.000.000 төгрөгөөр шинэчилсэн. Бид энэ мөнгийг огт нэхээгүй. Бизнес явуулахад ёс зүй, эрсдэл хоёрыг үүрээд ажиллах ёстой. Бид нар эрсдлээ үүрсэн. Олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, манайх ч ашиг олж чадаагүй. Түрээсийн хугацаандаа түрээсийн төлбөрөө төлж чадаагүй нь үнэн. Манайх түрээсийн төлбөрт нийт 30.000.000 төгрөг өгөөд асуудал дуусах юм байна гээд дууссан. Хоёр өөр дүнтэй нэг өдрийн гэрээ байгуулсан тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Талуудын хооронд нэг сарын төлбөр 10.000.000 төгрөг гэж тохиролцсон гэрээ угаасаа байгуулагдаагүй.

Тухайн байршилд нэг мкв талбайн түрээсийн үнэ 45.000 төгрөг байсан байж болно. Гэхдээ талууд гэрээг урт хугацаагаар байгуулж байгаа тул багаар хийсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагчаас нэхэмжлэгч нарт холбогдуулан талуудын хоорондох 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дүнгээс 50.000.000 төгрөг хасуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Манай байгууллагын зүгээс талбайг түрээсэлж байх хугацаандаа 121 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба 10 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулаад 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр түрээсийн талбайг хүлээлгэж өгөөд төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Харин төлбөр барагдуулах хэлцэлд 80.000.000 төгрөг гэж өсгөж бичсэн. Манайх 30.000.000 төгрөгөө төлсөн. Төлбөр барагдуулах гэрээний зорилго нэр агуулгаасаа өөр юм. ******* татварт их хэмжээний мөнгө хэрэгтэй, банкнаас зээл авах боломжгүй, бүх хөрөнгөө барьцаалсан, банкнаас нэмж зээл авах боломж байхгүй, банк бус санхүүгийн байгууллагад ирээдүйд бий болох хөрөнгөө барьцаалах боломжтой гэж хэлээд төлбөр барагдуулах гэрээг 80.000.000 төгрөгөөр байгуулж байсан. Анхнаасаа талууд богино хугацааны гэрээ хийгээгүй, бүтэн 5 жилийн хугацааны гэрээ хийсэн байсан тул нэг сард 3.500.000 төгрөгөөр тохиролцсон.

Иймд Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэж төлбөр барагдуулах гэрээнээс 50.000.000 төгрөг төлөх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дүнгээс хасуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан.

Үүнд:******* миний бие хариуцагчтай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тохиролцож, өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай нийт 225 мкв талбайг түрээслэхээр шилжүүлэн өгч, нэг сарын түрээсийн төлбөрийг 10.000.000 төгрөгөөр тооцож авахаар тохиролцсон. Тухайн өдөр нэг сарын түрээсийн төлбөрийг 3.500.000 төгрөг, 10.000.000 төгрөг гэж хоёр өөр үнийн дүн бичигдсэн, бусад заалт яг адилхан түрээсийн гэрээг байгуулсан. Ингэж хоёр өөр дүнтэй гэрээг байгуулахад түрээслүүлэгч надад бага үнийн дүнтэй буюу 3.500.000 төгрөгийн гэрээг татварын байгууллагад өгөх хэрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл НӨАТ төлөгч болохгүйн тулд бага дүнтэй гэрээг байгуулсан. Гэхдээ бидний хоорондох бодит үнэ нэг сард 10.000.000 төгрөг байсан. Хариуцагч гэрээ байгуулснаас хойш түрээсийн төлбөр нэг ч төгрөг төлөөгүй. Түрээсийн мөнгөө төлж чадахгүй байгаа тал ямар ч үндэслэлгүйгээр төлбөр барагдуулах гэрээг илүү дүнгээр хийхгүй. Нотариатч мөн ямар ч үндэслэлгүйгээр гэрчлэхгүй. Төлбөр барагдуулах гэрээнд 80.000.000 төгрөг гэдэг үнийн дүнг талуудын хоорондох 10.000.000 төгрөгийн гэрээг үндэслээд нотариатч өөрөө үзэж баталсан. Анх түрээсийн зүйлийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр засвар хийнэ гээд хариуцагч хүлээж авсан. Түрээслүүлэгч нэг сарын хугацаатай түрээсийн талбайд засвар хийж болно гэж зөвшөөрсөн хэдий ч засварын ажил нь дуусаагүй тул дахиад 25-30 хоногийн засварын хугацаа өгсөн. Түрээсийн төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж төлбөр бодогдож эхлэсэн. Энэ нь гэрээний 2.3-т зааснаар нотлогдоно. Үүнийг үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 9 сарын түрээсийн төлбөр төлөхөөс нэг сарын засвар хийх нэмэлт хугацааг өгсөн тул хасч 8 сарын хугацаагаар төлбөрийг бодож төлбөр барагдуулах хэлцэлд 80.000.000 төгрөг гэж тавьсан.

Хоёрдугаарт гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр хүсэл зоригоо бүрэн илэрхийлж чадсан бөгөөд ямар нэгэн дарамт шахалтгүйгээр бусад хүчин зүйл нөлөөлөөгүй болно гээд нотариат баталсан. Нэхэмжлэгч *******ийн зүгээс ямар нэгэн дарамт шахалтыг хариуцагчид үзүүлээгүй.

Гуравдугаарт: ******* гэрээ цуцлагдсаны дараа 2019 оны 9 дүгээр сард гуравдагч этгээдтэй түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд түрээсийн гэрээг эхний 6 сард 8.000.000 төгрөгөөр, дараагийн сараас эхлээд 10.000.000 төгрөг байхаар байгуулсан. Тэгэхээр түрээсийн талбайн нийт хэмжээ 225 мкв юм. Мөн хэрэгт баримтаар өгсөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээнээс үзвэл Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороололд байрлалтай үл хөдлөх хөрөнгийн нэг мкв-ийн үнэлгээ 45.000 төгрөг байгаа нь нотлогдож байна. Хариуцагч 120.000.000 төгрөгийн хөрөнгө оруулаагүй. Хариуцагчийн хийсэн засвар надад ямар ч хэрэгцээгүй, харин өөрсдийнхөө үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд зассан. Таазыг дээш доош болгосон нь хоол хийдэг болохоор агааржуулалттай холбоотой байсан. Мөн шалыг дээш доош нь болгосон. Манай худалдааны газар ийм дээр доор шалтай эсхүл таазтай байх шаардлагагүй. Үүнийг буцаагаад засахын тулд 20.000.000 төгрөгийн зардал гарсан. Хариуцагч ашиг олоогүй гэсэн учир зөвхөн түрээсээ нэхэмжилсэн. Түүнээс манай довжоо, шат зэргийг эвдэлсэн. Төлбөр барагдуулах хэлцэл үндэслэлтэй, хуулийн дагуу талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн гэрээ юм. Иймд Иргэний хуулийн 61 дүгээр зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар:2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн М.Нэргүйцэцэгтэй байгуулсан түрээсийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн түрээсийн үнэ тодорхойлсон тайлан, Хаан банкны дансны хуулга зэргийг ирүүлжээ. /хх 4-7, 10, 21-22, 45-47, 68-83/

Хариуцагчаас нотлох баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгууд зэргийг ирүүлжээ. /хх 13, 15-16, 33-35/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу Монголын нотариатчдын танхимаас ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн лавлагааг бүрдүүлжээ. /хх 66-67/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч *******,******* нар******* ХХК-д холбогдуулж түрээсийн гэрээний үүрэгт 90.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 75.000.000 төгрөг болгон багасгаж байх тул шүүх энэ хүрээгээр шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч талуудын хоорондох 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дүнгээс 50.000.000 төгрөг хасуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: түрээсийн гэрээ байгуулагдаж хөрөнгийг 10 сарын хугацаанд эзэмшиж ашигласан, түрээсийн үлдэгдлийг баталгаажуулж төлбөр барагдуулах хэлцлийг хийсэн гэж тайлбарласан.

Хариуцагч дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: гэрээ байгуулсан, түрээсийн зүйлийг эзэмшиж ашигласанд маргаагүй ч төлбөр барагдуулах хэлцлийг бодит үлдэгдлээр байгуулаагүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр нэмж тооцсон гэж тайлбарлаж улмаар төлбөр барагдуулах хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсан.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1.Нэг талаас *******,******* нар, нөгөө талаас******* ХХК /хуучин нэрТаятан фүүд ХХК/ нар харилцан тохиролцож, Түрээслүүлэгч нь *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014541, Ү-2205051657 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 4/3 дугаар байр, Зүүн талын хэсэг болон В тоотод байрших, 84 мкв, 65 мкв /хуучнаар, шинээр 225 мкв гэх/ талбай бүхий үйлчилгээний зориулалттай хөрөнгийг 5 жилийн хугацаатай түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхээр, Түрээслэгч хэлэлцэн тохирсон хөлс төлөхөөр Түрээсийн гэрээ-г байгуулжээ. /хх4-6/ Гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй ч гэрээ хүчин төгөлдөр гэдэгт зохигчид маргаагүй тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан харилцаа үүссэн гэж үзнэ.

3.2.Хариуцагч гэрээний зүйлийг 2018 оны 9 дүгэээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл буюу 10 сарын хугацаагаар эзэмшиж, ашигласанд маргаагүй.

3.3.Зохигчид 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл хийснээр талууд гэрээг хугацаанаас өмнө цуцалсан үйл баримтад маргаагүй.

3.4.Түүнчлэн түрээсийн төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй. /хх 33-35, 81-83/

4.Харин нэхэмжлэгч бодитоор түрээсийн төлбөр нэг сард 10.000.000 төгрөг байсан, өөр дүнгээр хийсэн адилхан гэрээ бий гэж, харин хариуцагч өөр гэрээ байхгүй, нэг сард 3.500.000 төгрөг байхаар тохиролцсон гэж тус тус тайлбарлаж, талууд гэрээний нэгж үнэ болох нэг сард төлөх түрээсийн төлбөрийн хэмжээ болоод нийт төлбөрийн үлдэгдэлд тус тус маргаж байна.

Хэрэгт баримтаар авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т нэг сарын төлбөр 3.500.000 төгрөг гэж тусгасан, харин нэг сард 10.000.000 төгрөг-өөр тохиролцсон талаар дэмжих баримт авагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

5.Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хийсэн 2018 оны 10 дугаар сарын байдлаар тухайн байршилд нэг мкв талбайн түрээсийн үнэ 45.000 төгрөг гэсэн үнэлгээний тайлан хэрэгт баримтаар авагдсан ч энэ нь талуудын хоорондох тохиролцоо нэг сарын 10.000.000 төгрөг байсан гэж үзэх шууд үндэслэл болохгүй. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талууд гэрээг чөлөөтэйгээр, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлэн байгуулахаар Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан тул гэрээ байгуулагдах үеийн зах зээлийн үнэ гэх үнэлгээг энэ гэрээний тохиролцоо гэж үзэх боломжгүй болно.

6.Түүнчлэн хариуцагч төлбөрийг 10.000.000 төгрөгөөр шилжүүлж байсан явдал нэг сарын төлбөрийн хэмжээ 10.000.000 төгрөг байсныг нотлоно гэж нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд тайлбарласан ч хэрэгт авагдсан төлбөр шилжүүлсэн баримтууд гэрээ цуцлагдаж төлбөр барагдуулах хэлцэл хийснээс хойшхи цаг хугацаанд хамаарч байх тул мөн нотлогдоогүй гэж үзнэ.

7.Хэрэгт баримтаар *******,******* ХХК нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах хэлцэл авагдсан, уг хэлцэлд түрээсийн гэрээний дагуу төлбөл зохих 80.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна, хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцно гэж заажээ.

Нэхэмжлэгч төлбөр барагдуулах хэлцэлд гэрээний үүргийг 80.000.000 төгрөг гэж тусгасан, энэ нь нэг сарын төлбөрийн хэмжээ 10.000.000 төгрөг байсныг нотлоно гэж, харин хариуцагч энэ дүнг бодитоор гэрээний үүргийг тооцоогүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр өсгөж бичсэн гэж тайлбарлан улмаар энэ хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, төлбөрөөс 50.000.000 төгрөг хасуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шаардсан гэж тайлбарласан.

Энэ хэлцэлд хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг 80.000.000 төгрөг гэж тусгагдсан ч шүүх дээр дурдсанаар талуудын хооронд нэг сарын түрээсийн төлбөр 3.500.000 төгрөгөөр тохиролцсон гэж үзсэн тул хариуцагчийн бодитоор төлбөл зохих түрээсийн төлбөр 35.000.000 /3.500.000* 10сар/ төгрөг байна.

Хариуцагч хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй, хэрэгт авагдсан баримтаар төлбөр барагдуулах хэлцлийг Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

8.Харин зохигчид төлбөр барагдуулах хэлцлээр гэрээ цуцалснаас хойш хариуцагчийн үлдэгдэл төлбөрийг хэзээ хэрхэн төлөх талаар хугацааг зааж, улмаар төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон явдал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр байгуулах шаардлага хангасан, мөн зүйлийн 232.6-д нийцнэ гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч алданги тооцон шаардсныг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагч 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 10.000.000 төгрөг төлсөн тул төлбөр барагдуулах хэлцэлд заасан төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх хугацаандаа гүйцэтгэгдсэн, харин 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг төлсөн баримт авагдсан тул энэ хэсгийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэн ногдох алдангийг гэрээний дагуу тооцож 1.750.000 төгрөг гаргуулах нь зүйтэй. /2019.12.15-2020.01.20 хүртэл 35 хоног * төлсөн 10.000.000*0,5% = 1.750.000 төгрөг/

Түүнчлэн өнөөг хүртэл төлбөл зохих 35.000.000 төгрөгнөөс 30.000.000 төлж үлдэх 5.000.000 төгрөгийг төлөөгүй байх тул уг мөнгийг алданги 2.500.000 төгрөгийн хамт тооцож олгох нь зүйтэй. / үлдэгдэл 5.000.000 + түүнд ногдох алданги 2.500.000 ИХ232.4 = 7.500.000 төгрөг/

Дээрхийг нэгтгээд шүүх хариуцагчаас нийт 9.250.000 /7.500.000+1.750.000/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Титан хас фүүд ХХК-аас 9.250.000 /есөн сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******,******* нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 65.750.000 төгрөг болон Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэлгүй тул талуудын хоорондох 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дүнгээс 50 сая төгрөгийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607.950 төгрөг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 407.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 162.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ