| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/00176/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/189 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/189
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ба даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е, түүний өмгөөлөгч Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч А.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч С.А,
Шүүгдэгч Т.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Х ургийн овогт Тн Лд холбогдох 2513000810185 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад хэлний багш мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын... дугаар /..../ багийн ... гудамжны .. тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Хи ургийн овгийн Төремуратын Л, регистрийн дугаартай: ....
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Л нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт бага бүлгийн багшаар ажиллаж байхдаа 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өөрийнх нь хариуцаж байсан бүлэгт хүмүүжиж байсан, 3 настай хүүхэд Б.Мг “үгэнд ороогүй, уйлсан” гэх шалтгаанаар нүүр, өгзөг орчим руу нь алгадан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Л мэдүүлэхдээ: “...Гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн ээжээс уучлалт гуйсан. Би цэцэрлэгийн багшаар 5 дахь жилдээ ажиллаж байгаа, хүүхдийг унтахгүй болохоор унтуулах гэж хэвтүүлсэн. Тухайн үед би зориудаар гэмтэл учруулаагүй. Тухайн үед хүүхэд ханиад хүрсэн байсан уу, эсвэл сэтгэл санааны хувьд тогтворгүй байснаас болж онцгүй ааш зан гаргаад байсан гэв.
1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е шүүхийн хэлэлцүүлэгт:“... 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүүхэд маань цэцэрлэгээсээ ирэхэд зүүн хацар нь хөхөрсөн байсан бөгөөд таван хурууны ором нь тод ил харагдаж байсан. Тэгээд багш уруу нь утсаар холбогдож асуухад “би мэдэхгүй, хүүхэд өөрөө юманд цохиулсан байж магадгүй, эсвэл хүүхдүүд зодсон байж болох юм” гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж, цэцэрлэгийн камерын бичлэг үзэх хүсэлтийг гаргаж, миний хүүхдэд чухам юу тохиолдсоныг мэдэхийг хүссэн. Тухайн өдрийн орой 20:00 цагийн орчимд цэцэрлэгийн эрхлэгч, цагдаа, миний ээж болон бид 4 тухайн камерын бичлэгийг үзсэн. Хяналтын камерын бичлэгийн зөвхөн эхний хэсгийг үзэхэд миний хүүхэд багшдаа зодуулсан нь илэрхий болсон. Бичлэгийг цааш нь үзүүлэхгүй байсан, учрыг нь асуухад шүүх дээр очоод үзээрэй гэж хэлсэн. Дараа нь намайг цагдаагийн байгууллагад гомдол гаргах үед багш Т.Л надтай ганцаарчлан уулзах хүсэлтэй байгаагаа хэлэхэд нь би түүнд “Утсаар тань уруу 5-6 удаа залгаж миний хүүхдэд юу тохиолдсоныг асуухад та мэдэхгүй, өөрөө юманд цохиулсан байх гэж хэлсэн, одоо надад уулзаад яриад байх зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгээд ч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан болохоор тухайн цагдаа Т.Л бид хоёрыг уулзуулаагүй тул би түүнд “Тантай ганцаарчлан уулзмааргүй байна. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шийдүүлнэ” гэж хэлээд "Та яагаад манай хүүхдийг зодсон бэ?" гэж асуухад Т.Л “Би жаахан стрессдсэн байсан, тэгээд танай хүүхдийг зодчихлоо. Ер нь стрессдсэн үедээ хүүхэд зоддог ийм муу зуршилтай болчихсон” гэж хэлээд уучлалт гуйсан. Тэгээд гэртээ хариад амарч байтал шөнийн 02 цагийн үед миний охин цочиж сэрээд уйлаад унтаж чадахгүй байсан тул би Т.Л багш уруу залгаад “Та миний охиныг яг яачихсан юм бэ, миний хүүхэд унтаж чадахгүй байна” гэж асуухад тэр надад “Та над уруу битгий залгаад бай, би унтаж амармаар байна, би өглөө ажилтай хүн” гэж хэлээд утсаа салгасан. Охин маань эмнэлэгт 10-аад хоног эмчлүүлээд хүүхэд арай гайгүй болсон ч одоог хүртэл ямар нэгэн зүйл газар дээр унах эсвэл чанга дуу гарахад цочиж, уйлдаг хэвээрээ байна. Үүнээс болоод цэцэрлэгт явахаа больсон. Миний нөхөр Японд гэрээт ажилтай, би гэртээ 7 сартай нэг хүүхэд болон гурван настай хүүхдээ харж байна. Ийм нөхцөлд бидэнд сэтгэл санааны хохирлыг тогтоолгох боломж гараагүй байсан. Учир нь би өндөр настай аав ээж, бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. Хохирлын хувьд хүүхэд 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, антибиотик эмчилгээ хийлгэхэд 178,000 төгрөг зарцуулсан. Сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийг дунджаар 5,000,000 (таван сая) төгрөг гэж үзэн, энэ хэмжээгээр нэхэмжилж байна. Үнэн хэрэгтээ уг хохирлыг 3,300,000-аас 8,900,000 төгрөгийн хооронд тооцож болох ч, би Т.Лг жирэмсэн эмэгтэй гэдгийг харгалзан, хүндэтгэж хандаж байгаа тул дундаж дүнгээр нэхэмжилж байна.” гэв.
1.3. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:”...Шүүгдэгч Т.Л нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байх хүүхдийн цэцэрлэгийн багшаар ажиллаж байхдаа хүүхдийн биед халдаж, гэмт хэрэгт холбогдсон. Хохирогч хүүхдийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдлийн үр дагавар бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэлд хамаарах юм. Үйлдлийн хувьд шүүгдэгч нь санаатайгаар хүүхдийг цохисон нь тогтоогдсон. Хүүхэд уйлж байсан эсэхээс үл хамааран, цэцэрлэгийн багшид хүүхдийн биед халдах эрх байхгүй бөгөөд уйлж байгаа гэх шалтгаанаар хүүхдийг цохих нь хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Иймд Т.Лгийн үйлдлийг биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхдийн эрүүл мэндэд санаатайгаар хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт, хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж дүгнэж, гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Хохирол, хор уршгийн хувьд энэ хэрэг 5 сарын дараа шүүхээр шийдэгдэж байна. Учирсан хохирол нь харьцангуй бага бөгөөд 677.153 төгрөг нь эмнэлэгт үзүүлсэн, эмчийн үзлэг, хэвтэн эмчлүүлсэнтэй холбоотой зардал юм. Үүнээс гадна эмчилгээ авсантай холбогдуулан 178,950 төгрөгийн хохирол гарсан байна. Одоогоор энэхүү хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж болно. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан гэж үзнэ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өнөөдөр 5,000,000 төгрөгийн сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа бөгөөд энэ нь үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын яллагчийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэх эрх нь байгаа тул шүүгдэгчээс 5.000.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,
1.4. Хохирогчийн өмгөөлөгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт:”...Шүүгдэгч Т.Л өөрийгөө эхэндээ хүүхэд зодоогүй, биед нь хүрээгүй, зөвхөн түлхсэн байж магадгүй гэж мэдүүлсэн. Гэвч хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, туслах багш Айжаны мэдүүлэг, хохирогч болон хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байгаа. Шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт, CD бичлэг зэргийг нотлох баримтаар тооцсон. Хамтран ажилладаг хүн болох Айжаны мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг авагдсан. Эдгээр баримтууд цугларсаны дараа Т.Лгийн бодол өөрчлөгдсөн бөгөөд нотлох баримтууд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг нотолж байна. Мөн нэг байгууллагад хамт ажилладаг Айнагүлийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэгт үндэслэн шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотлогдож байгаа. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-г баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,
1.5. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт: ”...Улсын яллагч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгч нар бүгдээрээ лавлаж, тодруулж асуусны үндсэн дээр Т.Лгийн буруутай үйл ажиллагааг хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэг болон өөрийнх нь мэдүүлгүүдээр хангалттай тогтоосон. Энэ талаар хэлэх зүйлгүй бөгөөд харамсалтай хэрэг гэж үзэж байна. Багш нь зоддог асуудал дээр би өөрийн биеэр хэлсэн, “Яаж одоо ингэж зоддог байна” гэж. Гэм бурууг нь тодорхой болгосон бөгөөд өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Өөрөө хэлэхдээ, анх айгаад “Би хэлж чадаагүй” гэж, дараа нь хохирогчийн араас гүйж очиж уучлалт гуйж байсан байдал нь хохирогчийн өөрийн мэдүүлгээр тодорхой болсон. Дараа нь Т.Л мэдүүлэгтээ “Тухайн үед тодорхой хэлж чадаагүй байсан ч одоо буруутай гэдгээ зөвшөөрч байна. Миний буруу гарсан. Учирсан хохирлыг төлж өгнө” гэж гэмшиж байгаагаа илэрхийллээ. Энэ үгийг шүүх мөн хуульд заасан үндэслэл болгон хэрэг шийдвэрлэхэд харгалзан үзэх болно гэж үзэж байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй бөгөөд хохирлыг тухайлбал 178,950 төгрөг, даатгалын санд 677.153 төгрөг гэх мэт төлбөрүүдийг төлж барагдуулсан байна. Хохирогчийн өмгөөлөгчөөс холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн гарсан хохирлыг нөхөн төлүүлэхийг хүсэж байгаа гэж хэлсэн бөгөөд шүүгдэгч эдгээр сэтгэл санааны хохирлыг төлж өгөхөө илэрхийлж байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
2.1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),
2.2. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Хайратын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 277 дугаартай “Иргэн Б.Мгийн биед зүүн талын доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай, салстад цус харвасан, зүүн нүүрийг (хацар, нүүр, завжийг, дээд, доод эрүүний зүүн хажуу талыг) бүхэлдээ хамаарсан хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай, зүүн өгзөгний хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай, цээжний зүүн талд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун тохойд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн тохойд хөх ягаан туяатай цус хуралттай зөөлөн эдийн бэртэл гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд. Иргэн Б.Мгийн биед гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар, хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” Гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-30 дахь тал),
2.3. Хохирогч Х.Егийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлээд том охин болох Мг Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг 5 дугаар цэцэрлэгт Т.Л багшийн ангид өгсөн. ..2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өглөө 08 цаг 30 минутын үед манай ээж Айнагүл миний охиныг Т.Л багшийн ангид хүргэж оруулаад явсан ба орой 17 цагийн үед Т.Л багш миний 99849821 дугаар луу залгаж “таны охины зүүн талын хацар тус газар нь улайсан байна, ямар нэгэн юманд цохисон юм болов уу” гэхээр нь “за орой гэрт ирэхээр нь харья,... гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд ээж орой 17 цаг 30 минутад гэрт охин болох Мг дагуулаад ирэхэд миний охины зүүн талын хацар тус газарт алгадсан ором байсан болохоор охины хувцсыг тайлаад бүх биеийг нь шалгаж үзэхэд баруун талын өгзөг хэсгээр улайсан гэмтэл байхаар нь нэн даруй хуулийн байгууллагад хандсан юм. Тэгээд тухайн өдрийн байцаагчтай хамт Өлгий сумын 5 дугаар цэцэрлэгт очиж Л багшийн ангийн хяналтын камерыг шалгахад манай охиныг Т.Л багш цаад талын камергүй өрөөнд оруулж орон дээр хэвтүүлж цохиж байсан үйлдэл харагддаг ба тухайн хяналтын камер нь дуу дүрс бичдэг камер байсан тул манай охин уйлаад Grand /mother/, /father/, /mommy/ гэж уйлж байсан дуу чимээ сонсогддог. Тухайн ангийн 2-3 настангуудын дунд англи хэлээр ярьдаг хүүхэд байхгүй. Тухайн үед тэр Л багш унтлагын өрөөнд хоёр хүүхдийг дагуулж орсон үйлдэл нь камерын бичлэгт харагдсан ба нөгөө хүүхдийн биед халдаагүй, тэр хүүхдийн биед нь ямар нэгэн гэмтэл байгаагүй манай охиныг түлхэж цохиж байсан дүрс бичлэг харагдсан тул цагдаагийн ажилтан баталгаажуулалт хийж авсан байсан. Би Т.Л багшаас “Та яагаад миний хүүхдийг зодож байгаа юм бэ” гэхэд, “сүүлийн үед стрессдээд тийм зохимжгүй үйлдэл гаргасан” гэж хэлсэн. Тэгээд би түүнээс таны утас уруу хэд хэдэн удаа залгасан боловч та утсаа аваагүй, яагаад үнэнээ хэлээгүй юм бэ гэхэд уучлалт гуйхаас ичээд байсан гэж хэлсэн. Тухайн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай хүүхэд гэрт ирэхээр нь биед нь байгаа ил харагдах шарх сорви болон гэмтлүүдийг өөрийн гар утсаар бэхжүүлж авсан. Манай охин тэр өдрөөс эхлээд унтаж чадахгүй сэтгэл санааны хувьд түгшүүртэй ямар нэгэн юмны дуу чимээ гарахад айж сандардаг болсон. Бид нар эмнэлгийн байгууллагад үзүүлээд хэд хоног явсан ба бүх эмчилгээг хийлгэсэн. Миний хүүхэд 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэд хэдэн удаа эмчийн үзлэгт орсон. Мөн 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Мөн гаднаас эм тариа авсан зардал 178,950 төгрөг болж байгаа тул баримтуудыг гаргаж өгч байна. Цаашид ямар нэгэн хүндрэл гарахыг бид нар хэлж мэдэхгүй байгаа тул хохирол нэхэмжлэх эрхээр хангаж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-13, 74 дэх тал)
2.4. Гэрч Х.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 08 цаг 00 үед ажилдаа ирээд бүх хүүхдүүдийг хүлээж аваад өглөөний дасгал хөдөлгөөнийг хийлгэж дуусах хүртэл хүүхдүүдийн хоолны цаг болоод бүх хүүхэд хоол ундаа идээд сууж байхад надтай хамт багшаар ажилладаг Т.Л багш ажилд орсон өдөр ахын хүүхэд гэж нэг танихгүй хүүхэд дагуулаад ирсэн. Тэгж байхад тэр ахын хүүхэд гэж байсан хүүхэд уйлаад болохгүй байхаар нь хажууд нь сууж байсан М дагаж уйлсан, тэгэхэд Т.Л багш унтлагын өрөө рүү тэр ахын хүүхэд гэж байсан хүүхдийн хамт Мг дагуулаад явчихсан. М уйлаад болохгүй байхаар нь би Т.Л багшаа наад хүүхэд чинь нус цэрээ арчдаг байнгын салфетка хэрэглэдэг гэж хэлээд салфетка оруулж өгөх гээд унтлагын өрөөнд ороод Т.Л багш руу өгөх гэж ороход М өөр орон дээр хэвтэж байхаар нь “чи энэ хүүхдийг яагаад өөрийнх нь орон дээр хэвтүүлээгүй юм бэ” гэхэд “би энэ хоёр хүүхдийг хаалга онгойлгоод харж байна” гэж хэлэхээр нь би юм хэлээгүй гараад явсан. Хэсэг хугацааны дараа хүүхдүүдийг нэг нэгээр нь унтуулах гэж байхад Мгийн хажууд байсан нэг хүүхэд уйлахаар нь очоод тэвэрч аваад тэр хүүхдийг унтуулах гээд суухад Т.Л багш Мгийн нүүрийг хаагаад миний өгсөн салфеткийг дээр тавьчихсан, М унтаж байсан. ...М хажуу тийшээ хөдлөхөд нүүрэн дээр нь байсан салфетка орон дээр уначихсан, тэгэхэд Мгийн зүүн талын доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдсан байхаар нь гайхаад “Л багшаа энэ хүүхэд сая хоол унд идээд сууж байхад нүд, нүүр нь зүгээр байсан биз дээ, одоо бүр хавдсан байна” гэхэд Т.Л багш гүйж ирээд “за сүртэй ш дээ, би гар хүрээгүй” гэж айж сандарсан байдалтай хэлээд, сэтгэл санаа нь нэг сонин болоод яваад өгсөн. Тэгэхээр нь би бүр айгаад “чи Мг аваад явсны дараа энэ хүүхдийн нүүр нь ийм болчихлоо, чи ямар нэгэн юм хийсэн байна, үнэнээ хүлээн зөвшөөрөхгүй бол би эмээд нь хэлнэ” гэж хэлсэн боловч “би зодоогүй” гэж хэлсэн. Цэцэрлэг тараад Мг гэрээс нь хүн ирж авах хүртэл би санаа зовоод “чи бид хоёр энэ хүүхдүүдэд эзэн болох ёстой, чи үнэнээ хэл” гэж ажил тарах хүртэл гуйсан боловч Т.Л багш үнэнээ хэлээгүй, гэхдээ царай нь сонин болоод ямар нэгэн гэм хийсэн нь нүүр царайнаас нь илт мэдэгдэж байсан. Удалгүй 17 цаг болоод Мгийн эмээ нь ирэхэд М ширээний хажууд цай уугаад сууж байсан. Тэгэхээр нь би хүүхдийн эмээд “Танай хүүхдийн нүүр хэсэг нь хөх ягаан туяатай цус хуралттай, хавдсан байна” гэхэд эмээ нь шууд ширээний хажууд сууж байсан Мг барьж аваад “та нар яасан юм бэ, энэ хүүхдийн хацар тус газар нь хавдсан байна ш дээ” гэхээр нь би таныг өглөө авч ирэхэд зүгээр байсан, өдөр 12 цагт хоол унд идэхэд бас зүгээр байсан ба Т.Л багш унтуулах гэж аваад явсны дараа ийм болчихлоо, өдөр хүүхдүүд унтах гэж байхад би Мг харахад нүүр нь хавдсан байсныг хараад өдөржин Т.Лг үнэнээ хэлчих гэхэд хэлээгүй, харин стресстэж байгаад нэг юманд цохисон байх гэж хэлсэн гэхэд Мгийн эмээ нь Т.Л багшийг дуудаж “болсон асуудлыг шударгаар хэлээрэй, би хуулийн байгууллагад хандахгүй” гэхэд Т.Л юу ч хэлээгүй. Хүүхдийн эмээ нь би одоо аав, ээжид нь юу гэж хэлэх юм бэ” гэж хэлээд аваад явсан. Тэр хүмүүсийг явсны дараа би Т.Л багшид “Чи аав ээжээс нь уучлалт гуйчих, чамаас болж тэр хүүхдийн нүүр хавдсан байна, чи ямар нэгэн юм хийсэн байх” гэж уурлаад түүнийг загнасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
2.5. Гэрч И.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие Өлгий сумын 5 дугаар цэцэрлэгт хоол зүйчээр ажилладаг, би бас өдөр болгон өөрийн зээ Мг ажил руу хамт авч яваад ангид нь хүлээлгэж өгдөг. Тухайн өдрийн өглөө зээ охин Мг өглөө 8:30 цагт анги руу нь оруулахад туслах багш Айжан байсан ба би охиныхоо дэргэд 1 цаг гаруй байж байгаад гарахад үндсэн багш Т.Л орж ирсэн. ...Тэгээд би ажлаа хийж байгаад 12 цаг 50 минутын үед Мгийн анги руу ороход охиныг маань өөрийнх нь орон дээр биш, өөр орон дээр унтуулсан байхаар нь яагаад өөр орон дээр унтуулсан юм бол гэж бодоод гараад явсан. Өдөр нь 15 цагийн үед туслах багш Айжан манай гал тогоонд орж ирээд “Мгийн нүүр улайсан байдалтай унтаж байна” гэж хэлэхээр нь би халууцаад байгаа байлгүй дээ гэж бодоод юм хэлээгүй. Тэгээд орой ажлаа тараад зээ охиноо авах гээд Мгийн анги руу нь очиход М ширээний хажууд хоол ундаа идэж сууж байсан, зүүн талын хацар нь хавдсан, улайлттай байхаар нь Хүүе ээ, энэ хүүхдийг та нар зодсон уу, хацарнь хавдчихсан байна ш дээ” гэхэд Т.Л багш надад “бид нар яагаа ч үгүй, таны хүүхдийг зодоогүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгвэл би ээжид нь хэлье, та нар өөрсдөө учир байдлаа хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд зээ охин Мг аваад гэрт очоод ээжид нь үзүүлэхэд “Миний хүүхдийг зодсон байна шүү дээ, хацар тус газарт гарын хээ байна” гэж хэлээд Т.Л багш руу залгахад утсаа аваагүй тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
2.6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Егаас гаргаж өгсөн, түүний охин Мгийн зодуулсны дараах гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал),
2.7. Яллагдагч Т.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн өдөр 8:30 цагт ажил дээрээ ирэхэд туслах багш Айжан ирсэн байсан. ...Үдийн хоолоо идсэн хүүхдүүдийг 13 цаг хүртэл унтуулах гээд нэг нэгээр нь орон дээр нь хэвтүүлж байхад хоолны ширээний хажууд Мадина гэх хүүхэд болон М хоёр уйлаад болохгүй байхаар нь би тэднийг унтлагын өрөөний үүдэнд байдаг орон дээр дагуулж очоод хэвтүүлсэн боловч тэр хоёр унтахгүй дахин дахин орноос босоод байсан. Тэгээд би тэр хоёрын дунд суугаад унтуулах гэсэн боловч М уйлаад унтахгүй орноос босоод тайлсан хувцас хунар болон сүү уудаг савыг асуухаар нь би өөрийн өмсөж байсан таавчиг болон сүү уудаг савыг М руу шидсэн. Гэтэл нүүр хэсэгт нь оносон юм шиг байна. Тэр хоёр босоод болохгүй байхаар нь хэвтүүлэх гээд хэд хэдэн удаа биеийнх нь энд тэндээс нь нухсан. Тэр үед гэмтэл авсан юм шиг байна. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Уг хүүхдийн сэтгэл санааны болон гарсан хохирлыг бүрэн бүтэн барагдуулж өгөх болно. М өглөө цэцэрлэгт ирэхэд нүүрэнд нь ямар нэгэн ил харагдах гэмтэл болон шарх сорви байгаагүй. Унтаад босож ирэхэд нүүрнийх нь зүүн тал нь хавдсан байсан. Унтлагын өрөөнд очиж унтуулах гэсэн боловч уйлаад унтахгүй байхаар нь гараараа дарсан. Тэгж байтал сүү уудаг сав болон таавчиг асуухаар нь тэрийг аваад шидсэн. Тэр үед нүүрний зүүн хэсэгт нь гэмтэл учирсан юм шиг байна. Мөн Мг уйлаад болохгүй байхаар нь биеийнх нь энд тэнд нь бага зэрэг зөөлөн цохисон. Тэр үед хөхөрсөн байж магадгүй. М уйлаад болохгүй байсан, мөн туслах багш харж чадахгүй гэхээр нь зааланд юм хийж байх хооронд орноос босоод явчих байх гэж бодоод Мг харж байх гээд унтлагын өрөө рүү ордог хаалганы хажууд байдаг орон дээр унтуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
-Иргэний үнэмлэхийн болон байнгын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаанууд (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 103 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.9. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар:
3.1. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Т.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Т.Л болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлж, улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
3.2. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж хэрэгт бэхжүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Егийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-13 дахь тал), гэрч Х.Айжаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), гэрч И.Айнагүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал), Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 33-34 дэх тал), шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 277 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 28-30 дахь тал), шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд:
Шүүгдэгч Т.Л нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн үндсэн багшаар ажиллаж байхдаа 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өөрийнх нь хариуцсан бүлэгт хүмүүжиж байсан, бага насны буюу 3 настай хүүхэд болох Б.Мг унтуулахаар хэвтүүлэхэд уйлж орноосоо дахин дахин босож явсан, үгэнд ороогүй гэх шалтгаанаар түүнийг алгадаж, биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь зүүн талын зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, нүдний салстад цус харвалт, хаван, нүүрний зүүн хэсгийг бүхэлд нь хамарсан 8х6 хэмжээтэй, хөх ягаан туяатай цус хуралт, хаван, өгзөгний зүүн хэсэгт хөх ягаан туяатай цус хуралт, баруун, зүүн гарын тохой, зүүн бугалга хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндийг түр сарниулах, Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэрэгт хамаарах хохирол учруулсан болох нь эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогчоос мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.4 Прокуророос шүүгдэгч Т.Лгийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж” үйлдсэн гэх гэмт хэргээр хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, ял сонсгон, улмаар 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 154 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
3.5. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд уг гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж” үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангана.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар бага насны хүүхэд болох хохирогч Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, гэмт хэрэгт өртөх үедээ 3 нас, 20 хоногтой байсан, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох боломжгүй, биеэ хамгаалах чадваргүй, нялх хүүхэд байх бөгөөд шүүгдэгч Т.Л нь хохирогч Б.Мг 3 нас, 20 хоногтой, биеэ хамгаалж чадахгүй хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг бус удаагийн үйлдлээр хүүхдийн биед халдан зодож, зүүн талын зовхи, нүүрний зүүн хэсгийг бүхэлд нь хамарсан хөх ягаан туяатай цус хуралт, нүдний салстын цус харвалт, хаван, өгзөг, баруун, зүүн гарын тохой, зүүн бугалга хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралтууд, зөөлөн эдийн гэмтэл бүхий олон тооны хөхрөлт, няцралт үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон байх бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
3.7. Шүүгдэгч Т.Л нь бага насны хүүхэд Б.Мгийн эрүүл мэндийн халдашгүй байдалд зүй бусаар халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Т.Лг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
3.8. Шүүгдэгч Т.Лгийн, биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд Б.Мг зодсон үйлдэл, хохирогч Б.Мгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Т.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
3.9. Шүүгдэгч Т.Л нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй ч тэрээр гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, би санаатай ийм зүйл хийгээгүй гэх мэдүүлгийг гаргасан болно.
3.10. Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Т.Лгийн хувь хүний ухамсар, төлөвшил дутмаг нөхцөл байдал шууд нөлөөлсөн гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай.
1. Шүүгдэгч Т.Лгийн гэм буруутай үйлдлийн улмаас бага насны хүүхэд Б.Мгийн хууль ёсны төлөөлөгчид 178.950 төгрөгийн хор уршиг, иргэний нэхэмжлэгч байгууллагад 677.153 төгрөгийн хор уршиг тус тус учирсан нь тогтоогдсон байна. /Хавтаст хэргийн 53-57, 74, 79-81, 84-102 дахь тал/,
Шүүгдэгч Т.Л нь 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэмт хэргийн хор уршигт нийтдээ 856.103 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлсөн нь хэрэгт авагдсан Голомт банкны төлбөрийн баримтаар нотлогджээ.
Тодруулбал: Шүүгдэгч Т.Л нь гэмт хэргийн хор уршигт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ед 178.950 төгрөг, иргэний нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд 677.103 төгрөгийг тус тусад нь төлж барагдуулахаар байхад дээрх төлбөрийг нийтэд нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Лгаас гаргуулж, Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх хохирол, төлбөргүйг дурдаж, шүүгдэгчээс гэмт хэргийн хор уршигт 178.950 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ед төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Лгийн иргэний нэхэмжлэгч байгууллагад илүү төлсөн 178.950 төгрөгийг уг данснаас буцаан гаргуулж, шүүгдэгч Т.Лд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Л нь гэм буруугийн шүүх хуралдаанаас төлүүлэхээр тогтоосон гэмт хэргийн хор уршиг 178.950 төгрөгийг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс өмнө интернэт банкаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ед төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Лгаас гаргуулж, иргэний нэхэмжлэгч байгууллага болон, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е нарт олгох хохирол, хор уршиггүй гэж үзлээ.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Лгаас сэтгэцэд учирсан хохиролд 5.000.000/таван сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг “Нотлох баримтгүй” үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арваннэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн хувьд шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлтэд үндэслэн тогтоож шийдвэрлэхээр байна.
Гэтэл насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байх тул энэ шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэцийн хор уршигт нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргав.
3.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е нь шүүгдэгч Т.Лд гомдолтой байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож хэрэглэх хүсэлтийг гаргасныг түүний өмгөөлөгч А.С дэмжиж байгаагаа илэрхийлсэн,
4.Шүүгдэгч Т.Л болон түүний өмгөөлөгч С.А нар нь улсын яллагчаас санал болгож байгаа торгох ялын хэмжээг багасгаж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал, хүсэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
6.Шүүгдэгч Т.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан” гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хор уршгийг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж үзлээ.
Учир нь шүүгдэгч Т.Л нь гэмт хэрэг үйлдсэний дараа шүүхийн шатанд гэмт хэргийн хор уршигт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ед 178.950 төгрөг, иргэний нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд 677.153 төгрөг, нийт 856.103 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх боловч тэрээр гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнийг “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэж үзэх боломжгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэх үндэслэлгүй, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй.
7.Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Т.Л нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж, багшийн үүрэгт ажлаа гүйцэтгэх явцдаа хариуцсан ангид нь хүмүүжиж байсан, үйлдлийнхээ учир холбогдлыг ухамсарлах чадваргүй, нялх хүүхдийг хамгаалах, хүмүүжүүлэх үүргээ умартан, үгэнд ороогүй, уйлсан гэх шалтгаанаар биед нь халдаж, олон тооны хөхрөлт, няцрал үүсгэсний дараа уг зүй бус үйлдлээ нууж, хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй байсан, хүүхдүүд хоорондоо зодолдсон байж магадгүй, эсхүл өөрөө юманд цохигдсон байх гэх зэргээр нялх хүүхдийг буруутгах хандлага гаргаж байсан нөхцөл байдлыг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
8.Учруулсан хохирол хор уршгийн хувьд тэрээр хүүхдийн биед халдаж, хөнгөн хохирол учруулсан, түүний үйлдэл нь нийгмийн хор аюулаар их байгаа зэргийг мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
9.Шүүгдэгч Т.Л нь хувийн байдлын хувьд 1988 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 37 настай, дээд боловсролтой, гадаад хэлний багш мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар /Цагаан эрэг/ багийн 01 гудамжны 03 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй буюу анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 8 сартай жирэмсэн гэх хувийн байдлууд тогтоогдож байгааг мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.
10. Иймд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Егаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Т.Лд гомдолтой байгаагаа илэрхийлж, “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх буюу зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” хүсэлт, шүүгдэгч Т.Лгийн 8 сартай жирэмсэн гэх хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгч Т.Лд 3 /гурав/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт этгээдийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хохирогч нь шүүгдэгчийг яллах, хариуцлагыг хүндрүүлэхтэй холбоотой санал хүсэлтийг шүүх хуралдааны аль ч үед гаргаж болно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Т.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ насанд хүрээгүй буюу бага насны хүүхдийн хууль ёсны төлөөлөгч Х.Егаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид “Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” хүсэлтийг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд одоо оршин сууж байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
13. Шүүгдэгч Т.Л нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж биед нь халдаж, хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөлийг хэрэглэх үндэслэлгүй, Т.Лгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэх, олон нийтийн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хохирогч, түүний ойр дотнын хүний эсрэг үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хохирогчийн өмгөөлөгч А.Сы энэ талаарх дүгнэлтийг хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй.
14. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Л нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD бичлэгийг тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ховогт Төын Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лд 3 /гурав/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Лд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Л нь гэмт хэргийн хор уршигт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ед 178.950 /нэг зуун далан найман мянга есөн зуун тавь/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын санд 677.153 /зургаан зуун далан долоо мянга нэг зуун тавин гурав/ төгрөг тус тус төлж барагдуулсан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Лгаас гаргуулах хохирол, хор уршиггүйг мэдэгдэж, шүүгдэгч Т.Лгийн илүү төлсөн 178.950 /нэг зуун далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот данснаас буцаан гаргуулж, шүүгдэгч Т.Лд олгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Егаас сэтгэцэд учирсан хор уршигт нэхэмжилсэн 5.000.000 /таван сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Т.Л нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Т.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б