Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/178

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, С овогт Хйн Бд холбогдох 2513000000046 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Увс аймгийн ... сумын 3 дугаар /...т/ багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, С.с ургийн овогт Х.н Б, регистрийн дугаар: ....

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар /Бөхөн уул/ багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Еыг зодож, түүний эрүүл мэндэд зүүн чихэнд оёдолтой шархтай гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

1.2. Улсын яллагч Я.Д.а шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтат хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэв.

 

2. Эрүүгийн 2513000000046 дугаартай хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Зөрчлийн талаарх амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Х.Ер гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 106 дугаартай “...С.Еын биед зүүн чихэнд оёдолтой шарх, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

2.3. Хохирогч С.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “...Би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамт ажиллаж байсан Х.Б гэх хүнтэй уулзсан. Х.Б нь хүүхэдтэй болсноос хойш би түүнтэй огт уулзаж чадаагүй бөгөөд хүүхэдтэй болсонд нь баяр хүргэж түүнд нэг шил архи авч өгөөд бид хоёр хамт уусан. Тэрний дараа дахиад 2 шил архи аваад бид хоёр хамт Өлгий сумын 3 дугаар багт буюу гэр хорооллын гудамжинд уусан. Х.Б нь ер нь архи ууж согтсон үедээ их догшин авиртай залуу бөгөөд тэр өдөр ч мөн согтчихоод намайг хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэж, миний зүүж байсан нүдний шилийг аваад газар шидчихээр нь би уурлаад түүний цээж рүү түлхэхэд Х.Б миний зүүн талын чих рүү нэг юмаар цохичхоод өөрөө зугтаж яваад өгсөн. Х.Б нь миний чих рүү цохих үед маш их дүнгэнэж өвдсөн. Би гайгүй байх гэж бодоод гэр лүү явж байсан чинь чихнээс цус гарч байгааг мэдсэн. Улмаар чихнээс цусаа гоожуулж явсаар байгаад Өлгий сумын 3 дугаар багт байх ээжийн гэрт очсон бөгөөд ээж маань намайг зодуулсан байхыг хараад цагдаад болон эмнэлэгт дуудлага өгсөн. Эмч нар намайг хүлээж аваад аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиж зүүн чихэндээ 3 ширхэг оёдол тавиулж, дараа нь цагдаагийн газарт ирж гомдол гаргасан.

Надад нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06, 52 дахь тал/,

2.4. Яллагдагч Х.Бий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт би С.Етой тааралдсан бөгөөд С.Е нэг шил архи авсан, би бас нэг шил архи авсан. Тэгээд уг архийг гудамжинд уугаад би түрүүлж босож яваад хүүхдийн сүү хүргэж өгөх гээд Мунказаас өгсөөд явж байтал С.Е миний араас дагаад ирж байсан бөгөөд би түүнд хандаж “ чи одоо явчих, би архи уухгүй” гэж хэлээд түүнийг түлхэж унагаачхаад яваад өгсөн. Тэрнээс болж С.Е нь чи намайг зодсон гэж хэлээд гомдол гаргасан байна. Би өөрийнхөө буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 2017 онд анх танилцаж байсан, найзын холбоотой юм. С.Еын ээж нь над руу нэг удаа залгасан бөгөөд би тэр үед согтуу байсан учраас түүнд хандаж хараалын үг хэлсэн. Үүнээс болж С.Е нь надад гомдоод яваад байгаа юм байна лээ. Бусдаар бол өс хонзонгийн асуудал байхгүй. С.Е бид хоёр уулзаж бие биенээсээ уучлалт гуйсан. С.Е нь надаас ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй. Хэрэв нэхэмжлэх юм бол би барагдуулж өгнө. Надад гомдол саналгүй гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

2.5. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

-Иргэний үнэмлэхийн болон байнгын оршин суугаа хаягийн, гэрлэсний бүртгэлийн лавлагаанууд  (хавтаст хэргийн 16, 18 дахь тал),

-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 19 дахь тал),

-Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

-Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 17 дахь тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.6. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Быг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.Бээс гэм буруугийн талаар маргахгүй байгаа” гэдгээ илэрхийлж, улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

3.2. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт цугларсан хохирогч С.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 6, 52 дахь тал), шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 9-10 дахь тал), шүүгдэгч Х.Бий яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Х.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Еыг зодож, эрүүл мэндэд зүүн чихэнд оёдолтой шархтай гэмтэл бүхий хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг учруулсан үйл баримт тогтоогджээ. 

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Хууль зүйн дүгнэлт

4.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

4.2.Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Х.Б нь хохирогч С.Еын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний эрүүл мэндэд нь зүүн чихэнд оёдолтой шарх бүхий хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Х.Б нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Х.Бийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4.3. Иймд шүүгдэгч Х.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Х.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

4.3. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Еын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд “хохирогч С.Е би Х.Бтэй хоорондоо тохирч хохирлын маргаангүй болсон тул түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй болно. Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Бээс гаргуулж, хохирогч С.Ед төлүүлэх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр:Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Х.Бийг шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

2.3.  Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Х.Бдг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгж буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.Б “хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” хүсэлтийг гаргав.

2.4. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн хор уршгийг арилгасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,  торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэв.

2.5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С ургийн овогт Хийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд 600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 (тав) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Х.Б нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл  мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.Б