Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 681

 

 

МАГАДЛАЛ

 

2019.04.15                                                 Дугаар 681                                      Улаанбаатар хот

 

 

 

Г.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/03042 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Ө-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Д-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 11 500 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээ цуцалснаас учирсан хохирол 5 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 9 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатайгаар, хүүгүйгээр олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дууссан боловч Ц.Д нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй “...хашаа, байшин худалдана гэсэн зарыг интернэтээс хараад очиж уулзсан нь үнэн, тэгээд очиж сонирхсон чинь тухайн хашаа байшин бусдын барьцаанд байсан учир худалдаж авахаа больсон. Ингээд 9 000 000 төгрөг зээлчих миний зээл муудаад байна, зээлийн хүүнд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд манай байранд суу гэсэн. Худалдах, худалдан авах гэрээ, түрээсийн гэрээ байгуулагдаагүй, “...алданги 4 500 000 төгрөг шаардсан боловч бичгээр байгуулсан гэрээний дагуу алдангийн хэмжээг 2 500 000 төгрөг болгон багасгаж, үлдэх 2 000 000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд Ц.Д-гаас үндсэн зээл 9 000 000 төгрөг, зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу хугацаа хэтэрсний алданги 2 500 000 нийт 11 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2017 оны 04 дүгээр сарын эхээр би өөрийн хашаа, байшин, дэлгүүрийн барилга, хашааны газар зэргийг худалдан борлуулах талаар интернэт /facebook/-д зар тавьсан. Уг зарын дагуу Г.Ө өөрөө ирж хашаа байшин, газрыг үзэж хараад явсан бөгөөд маргааш нь хадам ээжийгээ дагуулж ирж үзүүлнэ гэж явсан. Хашаа гэрчилгээ, дэлгүүрийн бичиг баримтыг үзээд манайх худалдан авах саналтай байна, үнэ болон төлөх журмаа тохиролцоод гэрээ байгуулъя, танайх одоо зараа авч болно гэсэн. Манай нөхөр БНСУ-д ажилладаг эхний ээлжинд 5 000 000 төгрөг бэлнээр өгөөд байрандаа орох, 5, 6 сард хоёр хоёр сая төгрөг өгөөд 7 сараас 3 500 000 төгрөг өгнө, 25 000 000 төгрөгөө төлөөд эхний ээлжинд газрын гэрчилгээ болон дэлгүүрийн байшингийн гэрчилгээг шилжүүлнэ гэж тохиролцсон. Мөнгөө 100 хувь төлөхөөр танайх сууж байгаа байраа чөлөөлж өгнө гэж бид ярилцаж, тохиролцоод хашааны газар болон дэлгүүрийн барилга, сууцны барилгыг нийт 55 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Нэхэмжлэгчээс өгсөн мөнгөний дүн 25 000 000 төгрөг болохоор гэрээг бичгээр байгуулж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж тохиролцсон ба 5 000 000 төгрөг өгсөн өдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр урьдчилгаа мөнгөө өгч байрандаа орсон. Мөнгө өгсөн талаар баримт хийлгэн нотариатаар гэрчлүүлнэ гэсэн тул бид хүнээс мөнгө авсан нь үнэн тул баримт үйлдсэн бөгөөд танилцалгүй гарын үсэг зурсан болохоос мөнгө зээлсэн гэрээ гэж үзэхгүй байна. Г.Ө нь тохиролцсон ёсоор 2017 оны 5 дугаар сарын 25-нд           2 000 000 төгрөг, 6 дугаар сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг миний дансанд шилжүүлсэн. 7 сард мөнгөө өгөхгүй болохоор нь очиж уулзахад манай хүн хүнд хагалгаанд орох болсон, төлбөр нь өндөр тул наймаагаа буцаая бид хашааны үнэ төлж чадахгүй боллоо гэсэн тайлбар хийсэн. Би наймаагаа буцаахад хүрвэл та нар хашаа, байшинг худалдсаны дараа л мөнгөө авна эсвэл өөрсдөө зараад мөнгөө ав гэсэнд тэд зөвшөөрч өөрсдөө зар гаргаж, хүмүүст үзүүлж байсан ба дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийн хугацааг сунгуулан дэлгүүрийг ажиллуулж, хашаанд амьдарч байгаад 2017 оны 10 сарын сүүлээр нүүгээд явсан. Нүүж явахдаа бидэнд ч хэлээгүй түлхүүр, байрыг хүлээлгэж өгөөгүй, хэрэглэсэн цахилгаан хөлсөө ч төлөөгүй явсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн үед дахин ороход манай байрнаас бидэнд хэлэлгүй, утсаар ч ярилгүй чимээгүй нүүгээд яваад өгсөн байсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа Г.Ө огт танихгүй хүнээр байрны түлхүүрийг өгч явуулсан байсан ба гэртээ болон дэлгүүртээ орж үзэхэд гэрэл тог байхгүй, манай эд хогшлыг дахиж хэрэглэхээргүй болгож эвдсэн байсан. Г.Ө нь ийнхүү хашаа, хувийн сууцыг худалдаж авахаар тохирч, 9 000 000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт тооцож шилжүүлсэн боловч уг гэрээ нэхэмжлэгчээс шалтгаалж цуцлагдсан тул өөрт учирсан хохирлоо нэхэмжилнэ. Дээрх байр нь 2 давхар 6 өрөө бөгөөд нэг давхар нь дэлгүүрийн зориулалттай юм. Уг дэлгүүрийн зөвшөөрлийг Г.Ө сунгаж ажиллуулсан байдаг. Г.Ө-ын амьдарсан 6 сарын хугацаанд бид 5 өрөөг хувийн сууц болон дэлгүүрийг 1 сарын 400 000 төгрөгөөр түрээслэсэн бол нийт 4 800 000 төгрөгийн орлого олох байсан. Мөн байшин, дэлгүүрт байсан эд хөрөнгийг эвдэлсэн эд хөрөнгийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэж 200 000 төгрөгөөр тооцож нийт 5 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: хариуцагч талаас байнга зөрүүтэй тайлбар өгдөг. Анх түрээсийн төлбөр 4 210 000 төгрөг, гэм хорын хохирол       800 000 төгрөг нэхэмжилж байснаа одоо гэм хорын хохирол нь багасаад түрээсийн төлбөрт тооцож хохирол нэхэмжилсэн дүн өсөөд байна. Түрээсийн орлоготой байсан уу, түрээсийн гэрээ байгуулагдсан уу гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй. Эд хөрөнгө эвдэж гэмтээсэн гэх боловч анх хүлээлгэж өгөхөд ямар ямар эд хөрөнгө байсан, тэрнээс ямар эд хөрөнгө нь эвдсэн нь нотлогдохгүй, эд хөрөнгө хүлээлцсэн акт байхгүй. Гэхдээ нэхэмжлэгч талаас эд хөрөнгөнд учирсан хохирол 200 000 төгрөгийн шаардлагыг төлөхөд татгалзах зүйлгүй, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Д-гаас 11 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ө-д олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Ө-аас 200 000 төгрөг гаргуулж Ц.Д-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 4 800 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 225 450 төгрөг, хариуцагчийн төлсөн 94 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д-гаас улсын тэмдэгтийн хураамж 198 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ө-д  нэхэмжлэгч Г.Ө-аас улсын тэмдэгтийн хураамж 6 650 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Д-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Ө нь Ц.Д-д мөнгийг шилжүүлэхдээ хүүгүй зээлийн гэрээ хийж нийт 5 000 000 төгрөг шилжүүлсэн, гэтэл энэ зээлийн гэрээг Ц.Д нь ойлгохдоо урьдчилгаа мөнгөө өгч байна гэж ойлгон түүний эрх зүйн мэдлэгүйг далимдуулж гарын үсэг зуруулж авсан байхад энэхүү тайлбарыг шүүх үнэлэлгүй зөвхөн зээлийн гэрээ хийсэн, гарын үсэг зурж баталгаажсан байна гэж үзсэн, мөн Ц.Д-гийн дансруу шилжүүлсэн хоёр удаагийн гүйлгээгээр 4 000 000 төгрөгийг “зээл” гэсэн утгатайгаар шилжүүлснийг үнэлж нийт 9 000 000 төгрөг зээлсэн байна гэж үзсэн нь учир дутагдалтай нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна. 2018 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 02189 тоот Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан дараглагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамжид шүүгч Ж.Г , Д.У , Т.Б нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байхад 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралд шүүгч Н.Б , 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралд шүүгч Ч.Н нарыг оролцуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан “хэрэв шүүх бүрэлдэхүүний хэн нэг нь шүүх хуралдааны ажиллагаанд оролцох боломжгүй болсон бол түүнийг тухайн шүүхий Ерөнхий шүүгчийн захирамжаар энэ хуулийн 78 дугаар зүйлд заасан журмын дагуу өөр шүүх бүрэлдэхүүнээр сольж, уг хэргийг шинээр хянан шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч Ц.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээ цуцалснаас учирсан хохирол 4 800 000 төгрөг, эвдэж гэмтээсэн эд хөрөнгийн үнэ гэм хорын хохиролд 200 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2 000 000 төгрөгөөр багасгаж, зээл 9 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 11 500 000 төгрөгийг гаргуулна гэж тодруулсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь 5 000 000 төгрөгийг 6 сарын хугацаагаар, хүүгүй зээлсэн, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээнд заасан, хариуцагч нь 9 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан талаар талууд маргаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ц.Д нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуут 2 гудамж, 36 тоот хаягт байршилтай, өөрийн өмчлөлийн газар, хувийн орон сууц, хүнсний мухлагийг худалдахаар олон нийтийн цахим сүлжээнд зар тавьсан, нэхэмжлэгч Г.Ө нь зарын дагуу газар, байшин, хүнсний мухлагийг ирээдүйд худалдан авах үнэ 55 000 000 төгрөгийн урьдчилгаа болгож 9 000 000 төгрөг төлж, байшинд амьдарч, мухлагийг ажиллуулж байсан үйл баримт тогтоогджээ.

Түүнчлэн, талууд худалдах худалдан авах гэрээ байгуулна гэж тохиролцсон, нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд газар, орон сууцны байшин, хүнсний мухлагийг эзэмшиж байсан, тухайн байшин зээлийн барьцаанд байсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээ байгуулахаас татгалзсан нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Д-д 9 000 000 төгрөгийг буцаан авах нөхцөлтэйгээр зээлдүүлсэн гэх байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Дээрхээс дүгнэвэл талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хийхээр тохиролцсон, гэрээний зүйлийг хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн, гэрээний зүйлийн үнэ          55 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон боловч тухайн газар, байшин нь зээлийн барьцаанд байснаас худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй, гэрээ байгуулахаас нэхэмжлэгч татгалзсан байна.

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд энэ хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсч болно” гэж заасан. Талууд орон сууц, газар, хүнсний мухлагийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах үе шатанд тухайн гэрээний үүргийн заримыг биелүүлсэн ба худалдан авагчийн татгалзлаас шалтгаалан уг гэрээ байгуулагдаагүй.

Нэхэмжлэгч Г.Ө нь зээл, алдангийн хамт шаардаж байгаа боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй болох нь баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа гэрээний үүрэг, гэрээнд заасан анзыг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм.

Иймд худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар хариуцагчид шилжүүлсэн          9 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 2 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүх сөрөг нэхэмжлэлийн заримыг хангасан нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын “...шүүх зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай...” гэснийг хүлээн авах үндэслэлтэй, харин хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг бичгээр гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 165.1-д заасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.” гэж зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/03042 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Д-гаас 9 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ө-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул үлдэх 2 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөх, шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “...198 950...” гэснийг “...158 950...” төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 202 134 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                 М.НАРАНЦЭЦЭГ