Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 000

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс,

Улсын яллагч: Э.Гантулга.

Өсвөр насны шүүгдэгч: Б.Ууганцэцэг,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Баярсайхан,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б.Ууганцэцэгт холбогдох эрүүгийн 201705000170 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Өсвөр насны шүүгдэгч, Монгол улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 17 настай, эмэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, ХАА-н фермер мэргэжилтэй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-17-14 тоот оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Согоо хайрхан овогт Баярсайханы Ууганцэцэг./ВК00220700 регистрийн дугаартай /

Үйлдсэн хэргийн талаар

Насанд хүрээгүй яллагдагч Б.Ууганцэцэг нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт дэвсгэрт 2017 оны 05 сарын 07-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Э.Буянцэцэгийн эрх чөлөөнд халдаж биед “Хөнгөн” зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Яллах нотлох баримт:

Өсвөр насны шүүгдэгч Б.Ууганцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

 ...Манай гэрт манай найзууд хөзөр тоглоод байж байхад Э.Буянцэцэг, С.Гэрэлтуяагийн найз залуу Б.Гансүх рүү дайраад “Чи гар, чам шиг банди хэрэггүй” гэхэд Б.Гансүх уурлаад явсан.

...С.Гэрэлтуяа, Э.Буянцэцэг бид гурав гэрт үлдсэн. Э.Буянцэцэг бид хоёрыг “ хоёр янхан минь та хоёр наад банди нарыгаа цуглуулах нь уу” гэхээр нь би “ чи юун аймаар юм “ гэхэд Э.Буянцэцэг миний нүүрлүү гараараа цохихоор нь би түүнийг түлхэж унагааж, хөлөөрөө нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн.

...С.Гэрэлтуяа түүнийг үснээс зулгаагаагүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17/,

 ... Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 05 дугаар сарын 07 ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Энхбаатарын Буянцэцэгийн эрх чөлөөнд халдаж биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт сэжигтнээр тооцон байцааж байгааг ойлгож байна. ЭХТА-ийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан зүйл ангиар шалгагдаж байгаагаа ойлгож хүлээн зөвшөөрч байна.

Би Э.Буянцэцэгтэй гэдэг эмэгтэй 1 жил орчим найзалж байна.

2017 оны 05 дугаар сарын 06-ны орой Гэрэлтуяагийн найз залуу Гансүхтэй уулзсан, тэр өөрийнхөө найзуудыг дуудсан бөгөөд 3 залуу ирсэн. Бид нар “Баганат” талбайн орчим байж байгаад “Тансаг” караокед ажилладаг Э.Буянцэцэг дээр очоод түүнийг дагуулан манай найз залуу Батбаатарын гэрт очсон. Батбаатар Шаргалжуут багт ажиллахаар явсан байсан. Бид нар 1 сав пиво аваад түүнийгээ ууж байтал Б.Гансүх, Э.Буянцэцэг нар хоорондоо маргалдаж эхэлсэн. С.Гэрэлтуяа урд өмнө нь нэг залуутай үерхэж байсан бөгөөд тэр залууг нь Э.Буянцэцэг андуураад байгаа бололтой байснаа маргалдаж, Э.Буянцэцэг Б.Гансүхийг хөөхөд тэрээр уурлаж найзуудаа дагуулан гараад явсан.

Намайг орон дээр сууж байхад Э.Буянцэцэг надаас хэрүүл гуйсан... миний уруул руу гараараа цохиж, гутлынхаа өсгийгөөр миний хөл рүү дэвсэхээр нь би түүний үснээс нь татаад доош суулгаад нүүр рүү нь өшиглөсөн. Биднийг С.Гэрэлтуяа салгасан бөгөөд Э.Буянцэцэгийн амнаас нь цус гарсан байсан.

Цагдаагийн газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах багаж үлээлгэхэд би 0.9 хувьтай бусад нь хэрэглээгүй байна гэсэн үзүүлэлт гарсан.

Урд өмнө нь би Э.Буянцэцэгтэй хэрэлдэж маргалдаж байгаагүй. Бидний хооронд өр авлага өс хонзон байхгүй.

...Би Э.Буянцэцэгээс уучлалт гуйсан бид учир байдлаа ололцон эвлэрсэн, би түүний шүдийг унагаасандаа маш их харамсаж байгаа, ингээд шүдийг нь хийлгэж өгөхөөр тохирсон....гэх мэдүүлэг. /хх-ийн 53-58/,

Өсвөр насны шүүгдэгч Б.Ууганцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

Хохирогч Э.Буянцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

Б.Ууганцэцэг, С.Гэрэлтуяа нар манай гэр хүрээд ир гэхээр нь би Б.Ууганцэцэгийн гэрт очиход Б.Ууганцэцэг, С.Гэрэлтуяа нар 5-6 хүнтэй хамт байж байна. Надад пиво хийж өгөхөөр нь би уухгүй гэхэд С.Гэрэлтуяа миний үснээс зулгааж, доош дарсан намайг босоод ирэхэд Б.Ууганцэцэг миний нүүр рүү өшиглөхөд үүдэн шүд унасан. Би цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13/ ,

 ... Би “Тансаг” караокед бармен ажилтай байсан, 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн орой намайг ажил дээрээ байж байхад 23 цагийн орчим Б.Ууганцэцэг, С.Гэрэлтуяагийнхаа хамт манай ажил дээр ирсэн, тэдэнтэй хамт 4 залуу явсан бөгөөд бид Б.Ууганцэцэгийн гэрт очоод пиво ууцгаасан. Надад пиво хийж өгсөн бөгөөд би уугаагүй.

 Тэдэнтэй хамт явсан залуучуудаас нэгийг нь би заагаад “ энэ юун залуу вэ” гэж С.Гэрэлтуяагаас асуухад тэр “манай найз залуу ш дээ “ гэж хэлсэн, би түүнд “ чи чинь саяхан өөр залууг манай найз залуу гээд дагуулаад яваад байсан биз дээ “ гэхэд нөгөө залуу уурлан “ чи юу яриад байгаа юм бэ, би найз залуу нь байна” гээд бид 2 маргалдсан. Тэр үед нөгөө залуу уурлан гарч явсан, хэсэг хугацааны дараа буцаад орж ирсэн. С.Гэрэлтуяа надад уурлан миний хэнтэй явах чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн мөн Б.Ууганцэцэг ч уурлан “ чи дуугүй л байж байхгүй, чи илүү юм яриад баг алаад хаячихлаа, энэ 2 чинь суух гэж байсан юм” гэж хэлсэн. Тэгээд бидний хооронд хэрүүл маргаан эхэлсэн. Мөн намайг пиво ууна, уухгүй гэдэг шалтгаанаас болоод Б.Ууганцэцэг надтай маргалдсан. Б.Ууганцэцэг надад “ чи пиво уухаар яачих гээд байгаа юм бэ, энэ залуучууд чамайг яана гэж бодоод байгаа юм бэ” гээд бид хэрэлдсэн. Би уумааргүй байна гэдгээ хэлэхэд тэр чи хэнтэй нь уугаад хэнтэй нь уудаггүй юм бэ гэхээр би дуртай бол өөрөө уу гэж хэлэхэд Б.Ууганцэцэг уурлан миний баруун талын хөлийн шилбэ рүү 1 удаа өшиглөсөн. би “ чи яагаад байгаа юм бэ “ гээд босоод ирэхэд Б.Ууганцэцэг миний үснээс зулгаагаад доош дарахад би газар унасан. Газраас өндийтөл нүүрэнд өшиглөсөн, амаа дарахад миний дээд үүдэн зүүн талын шүд унасан. Би түүнд мөнгөндөө тааруулан намайг зодоорой гэж хэлээд маргааш уулзана гээд тэднийхээс гарсан. Б.Ууганцэцэг намайг зодох үед С.Гэрэлтуяа бидний дэргэд байсан. Миний хувьд Б.Ууганцэцэгт гар хүрээгүй.

 Б.Ууганцэцэгт зодуулаад миний дээд зүүн 1-р шүдний булгарал, уруулд шарх, дээд баруун 1-р, зүүн 2-р шүдний сулрал гэсэн гэмтэл учраад байгаа бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Урд өмнө нь Б.Ууганцэцэгтэй маргалдаж муудалцаж байгаагүй бөгөөд бид найз нөхдийн харилцаа холбоотой.

...Б.Ууганцэцэг болон түүний ар гэрээс миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан 40.000 төгрөгийн төлж барагдуулсан. 25.000 төгрөгөөр тагнайтай хиймэл шүд хийдэг юм байна лээ би тэр шүдийг нь хийлгэсэн. 15.000 төгрөгийг нь ойр зууртаа хэрэглээрэй гэж өгсөн. Миний зүгээс одоо Б.Ууганцэцэгт ямар нэгэн санал гомдол байхгүй, түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, би сайн дураараа тэр хүнийг уучилсан, Б.Ууганцэцэг ч надаас уучлалт гуйсан. Ингээд бид эвлэрсэн .... гэх мэдүүлэг./ хх-ийн 21-25/,

Гэрч Б.Гансүхийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

...Бид Б.Ууганцэцэгийн найз залуугийн гэрт 2,5 литрийн 1 сав пиво уухаар болоод түүнийгээ тойруулахад Э.Буянцэцэгт уухгүй гэсэн. Э.Буянцэцэг надад “ чи манай караокед С.Гэрэлтуяатай хамт орж ирсэн залуу мөн үү” гэхээр нь би уурлан “ чи юу яриад байгаа юм би караоке хэсдэг хүн биш” гэхэд тэр С.Гэрэлтуяад “ энэ залуу чиний найз залуу юм уу энэ залуугаас арай өөр залуу дагуулаад явж байсан биз дээ” гэж яриад байхаар нь би түүнтэй хэсэг ам зөрсөн. Э.Буянцэцэг намайг зайл гэж хөөсөн бид хашааны гадаа байж байхад гэрт маргалдаж, хашгирч орилдоод байхаар нь бид гэрт орохоор явж байтал Э.Буянцэцэг зөрөөд үс нь арзайсан, амнаас нь цус гарсан өнгөрсөн. Бид гэрт ороход Б.Ууганцэцэг би зодсон, амруу нь өшиглөсөн гэж хэлж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 211 дүгээр шинжээчийн

“1. Э.Буянцэцэгийн биед дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, уруулд шарх, дээд баруун 1-р шүд, зүүн 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.           

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.                           

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна.                         

4. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна.     

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт. /хх-ийн 33-34/,

Цагаатгах болон хөнгөрүүлэх нотлох баримт:

Хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 6/, хохирогч Э.Буянцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч Б.Гансүхийн /26-27/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 211 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/, өсвөр насны шүүгдэгч Б.Ууганцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 50-52, 57-58/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 595 дугаар албан бичиг /хх-ийн 59/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 62/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 93/, өсвөр насны шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 64/, урьд ял шалгах хуудас /хх-ийн 65/, эвлэрэлийн гэрээ /хх-ийн 68-69/, хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 70/, хохирогч Э.Буянцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 83/,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярсайханы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

Би 4-н хүүхэдтэй, Б.Ууганцэцэг манай ууган хүүхэд байгаа юм. 2007 онд ерөнхий боловсролын сургуульд орж суралцан 9 дүгээр анги төгсөөд Баянхонгор аймгийн МСҮТ-ийн ХАА-н фермерийн ангид суралцан 2016 онд төгссөн. Миний охин одоо 17 настай. 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдер Б.Ууганцэцэг Э.Буянцэцэгийн эрх чөлөөнд халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа болохыг би 2017 оны 05 дугаар сар 25-ны өдөр мэдсэн. Найз Надад хэлэхдээ Э.Буянцэцэгийг зодоод үүдэн шүдийг нь унагаасан, гэхдээ одоо асуудал гайгүй нааштайгаар шийдэгдэж байгаа“ гэж хэлсэн. Миний охин архи дарс уугаад байдаггүй, тухайн үед найзуудтайгаа нийлээд пиво уусан байсан. Миний хувьд тухайн асуудалд маш их харамсаж байгаа, Э.Буянцэцэгийн хохирлыг барагдуулж түүний унасан шүдийг 25000 төгрөгөөр хийлгэж өгсөн, мөн ойр зуур хэрэглээрэй гээд 15.000 төгрөг өгсөн. Манайхаас нийтдээ 40.000 төгрөг гарсан. Б.Ууганцэцэг болон түүний удаах нь бага 2 дүүгээсээ эцэг тусдаа, Б.Ууганцэцэгийг 6 настай байхад нь би одоогийн нөхөр Олонхүүтэй гэр бүл 2 хүүхэд төрүүлсэн. Манай нөхрийн зүгээс Б.Ууганцэцэгийг загнаж зандраад, элдэв бусын зан араншин гаргаад байдаггүй, тэд хоорондоо гайгүй эвтэй харилцаатай. Өнгөрсөн өвөл би нөхөр 2 хүүхдийнхээ хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд ажил хийж байгаад ирсэн, тэр үед охин маань эмээгийнхээ хамт үлдсэн. Энэ үед манай охин хэлж хандах хүн байхгүй бага зэрэг сул задгай явсан юм болов уу даа гэж бодож байна. Харин охин маань найз залуутай болж байгаа гэдэг байсан. Охин өөрөө надад болсон асуудлынхаа талаар хэлсэн. Би охиноо буруутгаж, охиноосоо хараа хяналтаа сулруулахгүй гэж бодож байна. Хамт явсан С.Гэрэлтуяа гэдэг охин нь Баянхонгорт аймагт байхгүй байгаа, амьдрал ахуй нь тааруухан, Баянхонгор сумын 3-р баг 9-26 тоотод байдаг. Түүний эх нь Баянхонгор аймгийн Баацагаан суманд айлын мал хөлсөөр маллаж амьдардаг. Миний охин уг нь гадуур дотуур тэнээд байдаггүй, гэртээ эмээгээ хараад л байж байдаг. Эмээ нь хэвтрийн өвчтэй хүн байдаг юм. Ааш араншингийн хувьд этгээд гаж зангүй, хүний үгэнд оромтгой, үгнээс гардаггүй, дүү нараа сайн асардаг хүүхэд байгаа юм.

Охиноо ийм асуудалд орсонд маш их харамсаж байна. Би охиныхоо өмнөөс Э.Буянцэцэгээс уучлалт гуйсан, Э.Буянцэцэг миний охиныг уучилсан гэх мэдүүлэг. /хх-ийн 46-47/ зэрэг яллах болон цагаатгах талыг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт “өсвөр насны шүүгдэгч Б.Ууганцэцэгт шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх” дүгнэлт гаргаж, өсвөр насны шүүгдэгч Б.Ууганцэцэгийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “Хохирогч болон яллагдагч нар эвлэрсэн тул хуучин Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Харин аймгийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.Ууганцэцэгт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Ууганцэцэгийн үйлдэлд шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн зарчмыг баримтлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд “хөнгөн” хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шинэ эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Ууганцэцэгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Э.Буянцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар бичгээр илэрхийлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Ууганцэцэгийг шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, мөн хуулийн 6.5. дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгч Б.Ууганцэцэг нь хохиролд 40000 төгрөгийг хохирогч Э.Буянцэцэгт төлсөн. Хохирогч Э.Буянцэцэг нь “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” болохоо шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр илэрхийлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Ууганцэцэгийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт “өсвөр насны шүүгдэгч Б.Ууганцэцэгт шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх” дүгнэлт гаргаж, өсвөр насны шүүгдэгч Б.Ууганцэцэгийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “Хохирогч болон яллагдагч нар эвлэрсэн тул хуучин Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярсайханы эзэмшлийн дөрвөн ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 06-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх 4-н ханатай гэрийг эзэмшигч Д.Баярсайханд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Ууганцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Өсвөр насны шүүгдэгч Б.Ууганцэцэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлд зааснаар бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд заасан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 18.7, 36. 2, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Өсвөр насны шүүгдэгч Согоо хайрхан овогт Баярсайханы Ууганцэцэгийг шинэ эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хор хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шинэ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Согоо хайрхан овогт Баярсайханы Ууганцэцэгт нэг / 1 / жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймгийн Хүүхэд Залуучуудын Хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Согоо хайрхан овогт Баярсайханы Ууганцэцэгийг хараа хяналтад байлгаж хүмүүжүүлэхийг хууль ёсны төлөөлөгч Д.Баярсайханд даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Согоо хайрхан овогт Баярсайханы Ууганцэцэгт мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.2-т заасан “Зан зүйлээ засах” сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

6. Өсвөр насны шүүгдэгч Б. Ууганцэцэг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдэврлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б. Ууганцэцэгийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярсайхан эзэмшлийн 4-н ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 06-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх 4-н ханатай гэрийг эзэмшигч Д.Баярсайханд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн,14.2 дугаар зүйлийн 1, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ууганцэцэгт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Б.Ууганцэцэгт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ