Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/78

 

 

                             Ш.Мөрөн, П.Гантулга нарт холбогдох  

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг

                                                                                       Г.Давааренчин

                               

                                  Оролцогчид:

                                    Прокурор                                     Г.Энхмаа

                                      Шүүгдэгч                                         Ш.Мөрөн /цахим/

                                      Шүүгдэгч нарын өмгөөлөгч        Р.Атарцэцэг

                                                                                        Б.Цэрэнбат /цахим/

                                  Хохирогчийн өмгөөлөгч              П.Батжаргал /цахим/

                                  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/100 дугаартай шүүгчийн захирамжийг эс  зөвшөөрч  бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн  Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ваанжил овогт Шижир-эрдэнийн Мөрөн, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Гантулга нарт холбогдох эрүүгийн 1833000960073 дугаартай,  150/2019/0021/Э индекстэй 3 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 3, ээж, эмээ нарын хамт, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Тахилт 1-р гудамж, 148 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Ваанжил овогт Шижир-Эрдэнийн Мөрөн /РД:УХ00260431/,

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Дөрвөн бэрх хотхон, 01-15 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Гантулга /РД: У390101698/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Гантулга нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Тоёота Дюна маркийн 02-31 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Ш.Мөрөнд жолоогоо шилжүүлж, улмаар Ш.Мөрөн нь ...зам тээврийн осол гарган иргэн Ч.Туулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Ш.Мөрөн, П.Гантулга нарт холбогдох хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/100 дугаартай шүүгчийн захирамжаар:

“1. Шүүгдэгч П.Гантулга, Ш.Мөрөн нарт холбогдох 1833000960073 тоот эрүүгийн хэргийг прокурорт буцаасугай.

2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

3. Хэргийг   прокурорт очтол Г.Гантулга Ш.Мөрөн нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Хэрэгт      дагалдаж ирсэн Ч.Туулын 589170 дугаартай жолоочийн В ангилалын үнэмлэх, 02-31 ӨВР ТОҮОТА DYNA тээврийн хэрэгслийн 0021876 дугаартай гэрчилгээ, 0571 ДАР ТОҮОТА PRIUS загварын 01469670 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мэдүүлгийг газар дээр нь шалгасан бичлэг бүхий СD зэргийг хэргийн хамт прокурорт шилжүүлсүгэй...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн  Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ:

 “... Сайхан сум дахь Сум дундын шүүх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд ...хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн байна. Шүүх хэргийг үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэжээ. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд “...Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасан бөгөөд шүүгч эрүүгийн 1833000960073 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт үнэлэлгүйгээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэж шүүгдэгч П.Гантулга, Ш.Мөрөн нарт холбогдох 1833000960073 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай засмал замын 59-60 дахь тэмдэгт бүхий газарт гарсан зам тээврийн ослын хэрэгт уг зам тээврийн осол хэний буруутай үйл ажиллагааны улмаас гарсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 5 удаагийн шинжээчийн дүгнэлтүүд гарсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтүүдийг ашиглахдаа нотлох баримтыг шалгаж үнэлэх зарчимд нийцүүлэх бөгөөд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээхгүй. Харин шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн хэлэлцэж алиныг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэх ёстой. Шинжээчийн дүгнэлтүүдэд тусгагдсан 1 гол асуудал буюу уг зам тээврийн ослын шалтгаан нөхцлийн талаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны дүгнэлтэнд “...Ш.Мөрөнгийн Замын хөдөлгөөний дүрмийн 6.2, 6.3, 2.1 дахь заалтуудыг зөрчсний улмаас гарсан...”гэж, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай бүрэлдэхүүнтэй “...Ш.Мөрөн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 22.6, 6.2, 6.3 дугаар заалтуудыг зөрчснөөс осол гарах нөхцлийг бүрдүүлсэн...” гэж, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 577 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд “...Ш.Мөрөн нь Замын хөдөлгөөний дүрмийн 6. 6.3 заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн ослын шалтгаан болсон...” 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан Тээврийн цагдаагийн албаны 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан №577 дугаартай дүгнэлтэнд “...Ш.Мөрөн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 6.3, 22.6, П.Гантулга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 2.1, 6.3, 22.6 заалтуудыг зөрчний улмаас зам тээврийн осол гарсан...” гэх тус тус дүгнэсэн нь нэгийгээ үгүйсгэсэн, эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг бусад нотлох баримтууд болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомж дүрэм журманд үндэслэж үнэлэх боломжтой бөгөөд шүүх Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмээр “жолооч” гэж хэнийг ойлгох, замын хөдөлгөөнд оролцох талаар тодорхой тусгагдсан заалтуудыг шинжээчийн дүгнэлтийг үнэлэхдээ харьцуулж үзээгүй байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд Ш.Мөрөнгийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийх бүрэн боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан бөгөөд 2020/ШЗ/100 дугаартай захирамжинд “Шүүх хуралдаанд оролцсон техникийн шинжээч Б.Ганбаатар дээрх дүгнэлтийн эргэлзээтэй хэсгийг тодорхой болгож мэдүүлэхгүй байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэж шүүгдэгч П.Гантулга, Ш.Мөрөн нарт холбогдох 1833000960073 тоот эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ” гэж тодорхойлсон нь ямар мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийн прокурорт буцаасан болох нь ойлгомжгүй, тодорхойгүй байдлаар бичигдсэн байна.

Нөгөөтэйгүүр хэрэв шүүх хэрэгт дахин шинжилгээ хийлгэх үндэслэлтэй гэж үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн “...Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана...” гэх заалтын дагуу шинжээч томилж дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой байсан байна.

Иймд Ш.Мөрөнд холбогдох хэргийг прокурорт буцаасан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/100 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд  давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Мөрөн, П.Гантулга нарт холбогдох хэрэг хэд хэдэн удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн байгаа. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн магадлал, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн магадлал зэргээр шинжээчийн дүгнэлтийг дахин шалгуулах асуудлыг шийдвэрлэж, хэргийг прокурор буцаах шаардлагыг тавьсан. Хамгийн гол нь хэн гэмт хэргийг үйлдсэн бэ? гэм буруугийн хэлбэрийг тогтоох нь зүйтэй гэсэн магадлал гарч байсан. Үүний дагуу 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 251 тоот 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсны дараа өмгөөлөгчийн зүгээс прокурорт дахин шинжээч томилуулах эсхүл Ш.Мөрөнгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргаж байсан. Гэтэл прокурорын зүгээс шүүхээр гэм бурууг тогтоолгоно гэж яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн. Прокурорын зүгээс Ш.Мөрөн, П.Гантулга нарыг яллах дүгнэлтийн үндэслэлээ 251 тоот шинжээчийн дүгнэлтийн 2.5-д заагдсан үндэслэлийг барьдаг.

Уг шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий тодорхой бус байгаа тул анхан шатны шүүх энэ эргэлзээг тайлъя, гэм бурууг дүгнэх боломжгүй гэж үзэн дахин шинжээч томилуулахаар прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх бүрэн боломжтой.  Прокурорын эсэргүүцэлд 5 удаагийн дүгнэлт нь нэг нэгнээ үгүйсгэхгүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэхгүй байна гэж бичсэн байна. Тэгвэл шинжээчийн дүгнэлтийн 1 дэх асуудалд “урьд гарсан дүгнэлтүүдэд шинжээч нар үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна” гэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Атарцэцэг өмгөөлөгчийн ярьсан зүйл дээр нэмж хэдэн зүйл хэлье. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гарч мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй хамт замын хөдөлгөөний шинэчлэгдэж гарсан. Хуучин 2004 онд батлагдсан замын хөдөлгөөний дүрмийг баримталдаг байсан. Тэгвэл Ганбаатар шинжээчээс шүүх хуралдааны явцад “аль замын хөдөлгөөний дүрмийг баримталж, шинжээчийн дүгнэлтийг гаргаж байгаа” талаар асуухад хариулж чадаагүй юм. 5 удаагийн шинжээчийн дүгнэлтэд энэ 2 дүрмийг аль алийг нь ашигласан, хольж хутгасан асуудал байдаг. Дараагийн дугаарт хэргийн газрын үзлэгийг хангалттай сайн хийгээгүй. Миний хувьд өмнөх шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулъя, туршилт хийлгэе гэсэн санал гаргаж байсан. Хэр хэмжээний аваар осол гарч байхад ямар хэмжээний гэмтэл гардаг вэ? 30 метр зайд анхааруулах тэмдэг болгож гупер тавьж байхад түүнийг мөргөж осол гаргаж байна. Энэ мэт асуудлаар туршилт хийлгэх санал тавьсан ч хүлээж аваагүй. Тэр тусмаа жолооны ард сууж яваа Туул гэдэг хүн яагаад бэртсэн бэ? хажууд нь сууж явсан хүн яагаад бэртсэнгүй вэ? Үүнээс харвал Туул гэдэг хүн жолоо бариагүй байна. Жолоог хэн барьж явсан болохыг тогтоогоогүй. Туулын хувьд “би юу ч мэдээгүй, гэнэтхэн ийм зүйл болсон” гэж ярьдаг. Тийм учраас үүгээр туршилт хийе. Жолоо барьж явсан Туул гэмтэл авах уу? хажууд нь сууж байсан хүн гэмтэл авахгүй байх боломжтой юу? гэдгийг тогтоох ёстой. Туулын хувьд хүүхдээрээ жолоо бариулж байсан гэдэг дэл сул яриа байгаа учир үүнийг зайлшгүй хийх ёстой. Мөн авто ослын гэмт хэрэгт бүлэг болгож 1 машинд байгаа 2 хүнийг ял шийтгэхээр ял төлөвлөж байгаа юм. Нэг нь болохгүй бол нөгөөг нь шийтгэе, лам олдохгүй бол буцахдаа таныг татъя гэдэг шиг юм болж байна. Эхлээд Ш.Мөрөнг яллагдагчаар татаж, дараа нь П.Гантулгыг яллагдагчаар татсан байх жишээтэй. Одоо бол хоёуланг нь яллагдагчаар татсан байна. Энэ мэт эргэлзээтэй нөхцөл байдал байх тул П.Гантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна. Иймд уг хэргийг прокурорт буцаах санал хүргүүлж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ 5 шинжээчийн дүгнэлтэд 3 хүнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар асуудал яригддаг. Нэгдүгээрт хохирогч Туул, хоёрдугаарт Ш.Мөрөн, гуравдугаарт жолооч П.Гантулга. Эхний шинжээчийн дүгнэлт ямар ч эргэлзээгүйгээр Ш.Мөрөн, П.Гантулга нар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, Туулын хувьд замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан. 251 дугаартай 5 дахь дүгнэлтийн хувьд Ш.Мөрөн, П.Гантулга хоёрын хэн нь осолд буруутай вэ? гэдэг асуудлаар гарсан. Хохирогч Туул болон машины эзэн Ганзориг нар замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй харин Ш.Мөрөн, П.Ганзориг нар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдэг.  П.Гантулгын хувьд замын хөдөлгөөний дүрмийн 6.2, 6.3, 2.2.6, 2.1 зэрэг журмуудыг зөрчсөн гэм буруутай. Дээрээс нь нэмээд замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан жолоодох эрхгүй хүнд жолоогоо шилжүүлсэн  нөхцөл байдал харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шинжээчийн дүгнэлт шүүхэд заавал баригдах үүрэг байхгүй” гэж заасан байдаг. Хоёрдугаарт энэ хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх биш хавтаст хэрэгт авагдсан нийт дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр энэ хоёр жолоочийн хэн нь гэм буруутай болох нь тогтоогдсон юм. Тиймээс хавтаст хэрэг болон улсын яллагчийн шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Дахин шинжээч томилох шаардлагагүй юм. Тиймээс хэргийг буцаасан шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн  Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Ш.Мөрөн, П.Гантулга нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорын газарт буцааж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газар очтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын эсэргүүцлийн дагуу П.Гантулга, Ш.Мөрөн нарт холбогдох эрүүгийн  1833000960073 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: 

2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай засмал замын 59-60 дахь тэмдэгт бүхий газарт  Тоёото Дюна загварын 02-31 ӨВР улсын дугаартай автомашины араас 05-71 ДАР улсын дугаартай Приус 20 загварын автомашин мөргөсний улмаас  зам тээврийн осол гарч иргэн Ч.Туулын биед хүндэвтэр гэмтэл учирсан байна.

Тухайн авто осол гарах болсон шалтгаан нөхцөл болон тухайн тохиолдолд тус тээврийн хэрэгслийн жолооч  хэн болох, жолооч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн эсэх,  зам тээврийн осол хэний буруутай үйл ажиллагааны улмаас гарсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 5 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтад Шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана. Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ гэж заасан.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг зааавал баримтлах үүрэггүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх, хэрэв шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй  гэж үзсэн  тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах эрхийг анхан шатны шүүхэд хуулиар олгосон байна.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан  шинжээч нар  нэг асуултанд хоёр өөр байдлаар  хариулсан нь дүгнэлтийг эргэлзээтэй тодорхой бус болгож байна, шүүх хуралдаанд оролцсон техникийн шинжээч нь дүгнэлтийн эргэлзээтэй хэсгийг тодорхой болгож мэдүүлэхгүй байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн дүгнэлт хийж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1,1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын  шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/100 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Яллагдагч Г.Гантулга, Ш.Мөрөн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                            ШҮҮГЧИД                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                      Г.ДАВААРЕНЧИН