| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00034/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/39 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ (цахимаар)
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2540000000041 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, ........... боловсролтой, мэргэжилгүй, ...........-д .......... ажилтай, ам бүл .., ..., .. хамт Х аймгийн ........... сумын .. дугаар баг ......... тоотод оршин суух, ******* овогт ******* . (*******)
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө согтуугаар 97-20 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Геологийн байрны 103-01 тоот блокон хашааг мөргөсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө согтуугаар 97-20 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Геологийн байрны 103-01 тоот блокон хашааг мөргөсөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 дүгээр хуудас),
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай (хх-ийн 2 дугаар хуудас),
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-4 дүгээр хуудас),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №363 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 19-20 дугаар хуудас),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №368 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 24-25 дугаар хуудас),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №364 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 29-30 дугаар хуудас),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №365 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 34-35 дугаар хуудас),
-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 37-38 дугаар хуудас),
-Цагдаагийн Ерөнхий газраас олгосон *******ын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 39 дүгээр хуудас),
-2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ЗШ/70 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” шийтгэврийн хуулбар (хх-ийн 40-41 дүгээр хуудас),
-№05647172 дугаартай “Toyota Prius” маркийн 97-20ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 42 дугаар хуудас),
-Гэрч ******* мэдүүлэг (хх-ийн 9 дүгээр хуудас),
-Гэрч ******* мэдүүлэг (хх-ийн 12 дугаар хуудас),
-Гэрч ******* мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас),
-Гэрч - мэдүүлэг (хх-ийн 16 дугаар хуудас),
-Яллагдагч *******ын: “Тогтоолтой танилцлаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хх-ийн 49-50 дугаар хуудас),
-Яллагдагч *******аас прокурорт хандаж гаргасан “Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэрэг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт (хх-ийн 59 дүгээр хуудас),
-Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 102-ны өдрийн 13 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” санал (хх-ийн 62-63 дугаар хуудас) зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ЗШ/70 шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө цусан дахь спиртийн агууламж 3,05%-н промиль хэмжээтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуугаар 97-20 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн байрны 103-01 тоот блокон хашааг мөргөсөн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 13.2.1. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж тус тус заасан тул замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.
Монгол Улсын Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд тухайн хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа билээ.
Шүүгдэгч ******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-ын “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг хэлнэ” гэх заалт, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-ын “Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна” гэх заалт, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт тус улсын иргэн зөвхөн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхээр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг зөвшөөрнө” гэх заалт, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1. “Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно: 18.1.4. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан” гэх заалт Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг тус тус зөрчиж, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тухайн зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан атлаа 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 02 цаг 00 минутын үед согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. (хх-ийн 55 дугаар хуудас)
Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тохиролцоог хангаж, тухайн байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,800 (хоёр мянга найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 2800 (хоёр мянга найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянган) төгрөгийн торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 (арван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ