| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0120/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/139 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч М.Сэлэнгэ,
шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2507001900122 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ы 01 дүгээр сарын 09-ны өдөр ******* хотод төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын заслын ажил эрхэлдэг, ам бүл 6, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар гудамж *******од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.*******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Улсын яллагчийн гаргасан саналаар яллуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” караокед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч Б.тай хэрүүл, маргаан үүсгэж улмаар газарт түлхэн унагаах, үснээс нь чирэх зэргээр халдаж биед нь хуйханд зөөлөн эдийн няцрал, нуруу, хоёр суга, зүүн бугалга, зүүн мөр, зүүн шуу, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун шуу, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “” караокед 22 цагийн үед ороод нэг шил Экс нэртэй 0.75 литртэй архи, 0.5 литртэй Касс нэртэй хоёр пиво аваад уугаад дуулж сууж байхад гаднаас ын найз болох нэг махлаг эрэгтэй орж ирсэн. Манай нөхөр гараад бид хоёрт нэг нэг пиво авч ирснийг уугаад эрэгтэйчүүд нь архиа уугаад бүгд дуулаад сууж байхад гаднаас ын эхнэр орж ирээд нөхөртөө хандаж миний төрсөн өдөр болж байхад чи өөр хүмүүстэй архи уугаад явж болох уу гээд уурлаад хоорондоо маргаж байгаад гайгүй болоод гараад нэг цаг сунгаад нэг шил Экс нэртэй 0.5 литртэй архи, 3 ширхэг 0.5 литртэй Касс нэртэй пиво аваад ороод ирсэн. Бид хэд тэрийгээ уугаад дуулж байхад эхнэртээ хандаж манай найз болон ажлын хамт олон чамд бэлэг өгсөн байхад чи юундаа уурлаад байгаа юм бэ гэхэд нь би нөхөртөө хандаж чи надад бэлэг авч өгдөггүй юм байж яагаад айлын эхнэрт бэлэг өгдөг юм бэ гэж асуухад ын найз болох махлаг залуу надад хандаж нэг үг хэлсэн. Тэр үед би уурлаад ууж байсан пивыг тэр залуу руу цацаад маргаан болоод нөхөр минь намайг тэврээд гадна зогсоол дээр тэврээд буцаж оруулахгүй байхаар нь би нөхрийгөө түлхээд салаад буцаж орж ын найзыг алгадсан чинь миний цамцнаас барилцаад зогсож байтал манай нөхөр араас орж ирээд тэр залуутай маргаж хоорондоо барилцаад манай нөхрийн цамцнаас зуурахад хүмүүс салгахад манай нөхөр намайг аваад гадна гараад намайг түлхэж унагаад үснээс татаж чирээд машинд суулгах гэж газар унагаж чирээд тэндээс хөдлөөд гэрт очиход би цагдаад дуудлага өгсөн. Өөр хүн надад халдаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.
Манай нөхөр намайг авч явах гэхэд нь би явахгүй гээд зууралдаж байхад миний дээгүүрээ өмссөн урдуураа товчтой цагаан цамц урд хэсгээрээ урагдахаар нь би урагдсан цамц өмсөхгүй гээд тэнд тайлаад хаясан. Би тэр шөнөдөө ******* Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн төвд үзүүлэхэд эрэгтэй эмч үзээд юу болсон юм бэ гэхээр нь би хүнд зодуулсан гэсэн. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад 2 хоног гэртээ хэвтээд миний бие зүгээр болсон” гэх мэдүүлэг /х.х-ийн 22-24, 26-27 хуудас/,
- Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тэр өдөр бид нар караоке ороод 2 цаг гаран дуулсан байх. *******ы найзын эхнэр орж ирээд нөхөр лүүгээ хүний нөхөр надад төрсөн өдөр гээд мөнгө өгч байхад чиний байж байгаа царай гээд уурлахад нөхөр лүүгээ чи миний төрсөн өдрөөр бэлэг өгдөггүй байж хүний эхнэрт мөнгө өгсөн байна гэж уурласан. *******ы нэг эрэгтэй найз руу би найзыгаа өмөөрнө шүү гэхэд уурлаад түүн рүү ууж байсан пиво цацсан. Тэгтэл нөхөр ******* нь эхнэрээ өмөөрөөд тэр найзтайгаа муудалцаад барьцалдаж авахад бусад нь салгасан. ******* эхнэрээ явъя гээд авч гарах гэтэл эхнэр нь явахгүй гэхэд нь хүчээр тэврээд гарсан. ******* нь орж ирээд намайг хамт явъя гэхээр нь би цүнхээ аваад гарахад баарны үүдэнд гадуур хувцсаа тайлсан цамц нь урагдсан сууж байхаар нь би та хувцсаа өмсөө гэтэл тэр намайг манай нөхөр зодлоо гэсэн. Ямар ч байсан үс нь сэгсийсэн, манай нөхөр үснээс зулгаасан энэ хар гээд үсээ бариад байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх анзаараагүй. Би 2 лааз пиво уусан учир эрүүл байсан, багш нэлээн согтуу байх шиг байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 29-30 хуудас/,
- Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Бид нар караокед орж дуу дуулаад архи, пиво ууж 2 цаг орчим суусан. Манай эхнэр орж ирээд миний төрсөн өдөр болж байхад чи хүмүүстэй бааранд сууж байдаг гэхэд надад хүн мөнгө өгсөн гэсэн чинь *******ы эхнэр нөхөр лүүгээ уурлаад чи миний төрсөн өдрөөр бэлэг өгдөггүй байж гээд уурлаад үргэлжлүүлээд тэнд байсан бүх хүнтэй муудалцаад эхэлсэн. ******* эхнэрийгээ авч гараад гадаа муудалцаж байхад нь би зохицуулж эвлэрүүлэх гэхэд эхнэр нь уурлаад гарч ороод хүн болгон руу үсчээд байсан. ******* эхнэрийнхээ аавыг охиноо аваарай агсам тавиад дийлдэхгүй байна гэж утсаар дуудсан. Тэр өөрөө хувцас хунараа тайлаад байсан. ******* эхнэрийнхээ хувцсыг өмсгөх гэхэд өмсөхгүй хоорондоо зодолдсон байх. Би дотор байсан тул яг юу болсон талаар мэдэхгүй байна. Би нэлээн согтолттой байсан зарим зүйлийг сайн санахгүй байгаа” гэх мэдүүлэг /х.х-ийн 35-36 хуудас/,
- Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тэр орой 21 цаг өнгөрч байхад би караокед нөхөр Ариунбат дээр очиход архи, пиво уугаад дуулаад нэлээн согтсон байдалтай байсан. Би нөхөр ад миний төрсөн өдөр болж байхад чи бааранд явж байдаг гээд уурлахад хажуугаас чи нөхөртөө юундаа уурлаад байгаа юм бэ чиний төрсөн өдрийг тэмдэглэх гэж байгаа биз дээ гэхэд нь хажууд сууж байсан танихгүй бүдүүн залуу эхнэр нөхөр 2 юм ярьж байна ш дээ чамд ямар хамаатай юм бэ гэтэл орилж уурлаад тэр бүдүүн залуу руу дайрахад нь г нөхөр ******* нь аваад гарсан. нэлээн согтолттой дахин орж ирээд хүн болгон руу агсраад дайраад байхад нь нөхөр нь болиулаад тэвэрч авч гараад байсан. гийн аав, ээж 2 нь ирсэн байхаар нь би нөхрөө аваад явсан. Тэр 2 орж гараад байхад нь цонхоор харахад баарны гадаа зууралдсан зогсож байхаар нь би нөхөртөө тэр хоёрыг очиж салгаач, найз чинь авгайгаа зодоод байгаа юм уу, юу болоод байгааг нь хараач гээд гаргасан. Яг зодож байгаа нь харагдаагүй барьцалдаад авсан байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 38-39 хуудас/,
- Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тэр өдөр бид хэд караоке орж архи, пиво уугаад 2 цаг дуулсан. Манай найз , ын эхнэр нар гаднаас орж ирсэн. , ******* нар түлш өгөлцөж авалцсан мөнгө болох 80 000 төгрөгийг ******* ын данс руу хийснийг хэлэхэд ойлгохгүй нөхөр рүүгээ яахаараа хүний эхнэр рүү мөнгө шилжүүлдэг юм бэ гээд дайраад байхад нь хажуугаас нь чи нөхөр рүүгээ яагаад дайраад байгаа юм бэ гэж хэлснээс болоод хэрүүл маргаан үүссэн. ******* эхнэрээ аваад гарсан бөгөөд нэлээн байж байгаад бид хоёр нөгөө өрөөнөөс гарахад орж ирж таараад тай муудалцаад ******* тай барьцалдаад авахаар нь би ыг аваад гарсан. Бид гадаа байхад гийн аав, ээж нь ирээд охиноо аваад явсан. гийн биед гэмтэл учирсан эсэхийг би анзаарч хараагүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 42-46 хуудас/,
- Гэрч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2025 оны 04 дүгээр сарын 04-ний 00 цагийн орчим нөхөр бид хоёр охин хүргэн нарын байсан караоке гадна яваад очиход манай охин , хүргэн ******* нар архи уусан нь нөхөр лүүгээ чи намайг зодсон гээд хувцас хунар нь урагдсан байдалтай байсан. Би хувцас чинь яасан юм бэ, хэн урсан юм бэ гэтэл нөхөр урсан гээд харин ******* болохоор өөрөө өөрийнхөө хувцсыг урсан гэсэн. Нөхөр бид хоёр г гэрт нь хүргэж өгье гээд манай нөхөр , ******* нар г 2 талаас нь өргөөд манай машинд суулгаад аваад явсан. Тухайн шөнө хүргэн ******* над руу утсаар яриад охин чинь караокены гадна нүцгэлээд хувцсаа өмсөхгүй байна, ирж ав гэхээр нь очсон. Нуруу нь зулгарсан, гар тулсан эвгүй болоод байна гэсэн. Хүргэн ******* бол ажилсаг, амьдралын төлөө зүтгэлтэй сайн залуу” гэх мэдүүлэг /х.х-ийн 48-49 хуудас/,
- Шүүгдэгч О.*******ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2025 оны 04 дүгээр сарын 03-ны орой караокед ороод архи пиво ууж 2 цаг орчим болсон. ын эхнэр орж ирээд бидний дунд хэрүүл маргаан үүсгээд гараад явсан. Би түүний данс руу түлшний мөнгө гээд 60 000 төгрөг өгөхдөө төрсөн өдөр нь болж байгаа гээд 20 000 төгрөг нэмээд 80 000 төгрөг хийсэн. Эхнэр чи миний төрсөн өдрөөр мөнгө өгдөггүй байж хүний эхнэрийн данс руу мөнгө хийлээ гээд уурлаад байхаар нь би учрыг нь гаргаж хэлсэн. Тэнд байсан ын найз гэх би найзыгаа өмөөрнө шүү, чи яагаад нөхрөө загнаад байгаа юм бэ гээд манай эхнэрт хэлэхэд эхнэр тэр залуу руу пиво цацсан. Би эхнэрээ өмөөрөөд тэр залуутай барьцалдаад авахад бусад нь салгасан. Би энд хэрүүл маргаан болох юм байна гээд эхнэрээ явъя гэхэд тэр явахгүй гээд байхаар нь тэвэрч аваад баарнаас гарсан. Гадаа гарсан хойноо тэр надаас салаад баар луу буцаад гүйж орохоор нь би араас нь гүйгээд ороход нөгөө залуутай маргалдаад байж байхаар нь би тэр залуутай хэсэг зууралдаад дахиад эхнэрийг аваад гараад явах гэтэл эхнэр буцаж орж тэр залуутай муудалцах гээд байхаар нь би оруулахгүй гэсэндээ тэвэрч авахад газар унаад чирэгдээд байхаар нь чирээд машинд суулгах гэхэд эхнэр суухгүй байхаар нь би газар түлхэж унагаасан. Би их согтолттой байсан учир үснээс нь зулгааснаа санахгүй байна, ямар ч байсан нэг удаа түлхэж унагаасан, машинд суулгаад аваад явах гэхэд тэр эсэргүүцэл үзүүлээд байхаар нь би хүчээр суулгахдаа хувцсыг нь урсан. 2 суганаас нь өргөөд машинд суулгасан. Нуруу нь зулгараад өвдөг нь шалбарсан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 70-72 хуудас/,
- Шинжээч Т.ийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НАЛ0725/162 дугаартай: “Б.гийн биед хуйханд зөөлөн эдийн няцрал, нуруу хоёр суга, зүүн бугалга, зүүн мөр, зүүн шуу, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун шуу, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-ийн 54-55 хуудас/,
- Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 4-5 хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас, хохирогч Б.гийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл, төлбөр төлсөн гүйлгээ хийсэн баримт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /х.х-ийн 16-18, 52, 90-91, 84-86/ зэрэг болно.
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн мэдээлэл, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүлжүүлэгдсэн бүртгэл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /х.х-ийн 73-78, 95-98/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч О.******* нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч О.*******ы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, … этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Уг гэмт хэрэг гарахад хохирогч Б.гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгч О.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба шүүгдэгч О.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 28 350 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгч О.*******ыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
ХОЁР. Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч М.Сэлэнгэ эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тоцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч О.*******ы үйлдсэн гэмт хэргийн шинж, арга хэлбэр, нийгмийн аюулын хэм хэмжээ, тухайн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч О.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Торгуулийн мөнгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн цагаан өнгийн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА