| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0078/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/163 |
| Огноо | 2025-06-09 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/163
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бдаргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.М,
Орчуулагч, хэлмэрч: М.Нл,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Х.Н,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч, хуульч Я.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч, хуульч С.Н,
Шүүгдэгч: Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн СаБа овогт Жийн Аэд холбогдох эрүүгийн 2513000000093 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын …. дугаар /./ багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, С. Б.овогт Ж.йн А, Регистрийн дугаар .
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “.Яллах талын нотлох баримтуудыг бүгдийг нь гэм буруугийн шүүх хуралдаанаар шинжлэн судласны үндсэн дээр тогтоогдсон нөхцөл байдлыг авч үзвэл, шүүгдэгч Ж.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний орой 20:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 05-02 улсын дугаартай “Тоёота” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, гэр хорооллын айлуудын гудамж руу эсрэг урсгалд орж, улмаар өөдөөс нь ирж явсан мотоцикльтой мөргөлдсөнөөс болж тухайн мотоциклийн жолооч тархиндаа хүнд гэмтэл авч, амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож байна. Түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Мөн шүүгдэгч нь зам тээврийн осол гаргасан даруйдаа хэргийн газрыг зориуд орхиж зугтсан нь мөрдөгч нарын тэмдэглэл, илтгэх хуудас болон гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож, энэ нөхцөл байдал нь ч мөн адил тогтоогдсон бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул шүүгдэгчийг уг зүйл, заалтуудад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.
Гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан хохирол, хор уршгийн асуудал яригдах бөгөөд хохирлын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нийт 39.003.300 төгрөгийн хохирол нэхэмжилж баримтыг гаргаж өгсөн байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс уг хохирлын зарим баримт нь тухайн хэрэгт ач холбогдолгүй, энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай шууд хамааралгүй байна хэмээн үзэж буй боловч миний хувьд уг хохирлыг үнэлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь амь хохирогч нь тухайн гэр бүлдээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдог хүн байсан бөгөөд бага насны 5 хүүхэдтэй, хамгийн бага нь 6 сартай, хамгийн том нь 11 настай, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс мэдэгдэж байгаагаар тэдний гэр бүл өнөөдрийн байдлаар бага насны хүүхдүүдээ харж хамгаалах шаардлагатай, түүнчлэн боловсрол, мэргэжлийн хувьд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа тул талийгаачийн гаргасан зээл, өр төлбөрийг барагдуулах нөхцөл бүрдэхгүй байгаа гэж үзэж байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын баримтад тулгуурлан тодорхой хэмжээгээр нөхөн төлж барагдуулах нь шүүгдэгчийн зүгээс энэрэнгүй, хүнлэг ёсонд нийцэх үйлдэл гэж үзэж байна. Прокурорын хяналтын шатанд шүүгдэгчээс хохирлын төлбөрийг төлөөгүй байсан боловч хэрэг шүүхэд шилжсэнээс хойш шүүгдэгч өөрийн санаачилгаар нийт 15,000,000 (арван таван сая) төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан тул үлдэгдэл болох 24,003,300 (хорин дөрвөн сая гурван мянга гурван зуу) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна. Мөн энэхүү гэмт хэргийн улмаас үүссэн сэтгэл санааны хохирлын хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг дөрөвдүгээр зэрэглэлд хамаарах гэм хохирол гэж мэдүүлсэн бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 хувиас 45,99 хувь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр тооцохоор хуульчилсан байдаг. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 (таван зуун тавин мянган) төгрөг байгааг харгалзан үзээд улсын яллагчийн зүгээс дундаж байдлаар тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 34,5 хувь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 18,975,000 (арван найман сая есөн зуун далан таван мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,
2. Хохирогчийн өмгөөлөгч Я.С шүүхийн хэлэлцүүлэгт: ”Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, хэргийн газраас зориуд зугтсан нь харамсалтай явдал юм. Мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд одоогоор шүүгдэгчээс ямар нэгэн байдлаар хохирол нөхөн төлөгдөөгүй байна. Тухайн гэмт хэрэг 02 дугаар сарын 14-ний өдөр гарсан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал зүйл юм. Шүүгдэгч нь хохирлын асуудлыг ойлгож, зохих хэмжээгээр хохирлоо төлөх нь хууль, ёс зүйн зарчимд нийцсэн үүрэг билээ. Хохирогч их хэмжээний хохирол нэхэхгүй байгаа. Мөн хүүхдүүд нь төрөөс төлж байгаа тэжээгчээ алдсан тэтгэмж 680,000 төгрөг нь тухайн гэр бүлийг асрахад хүрэлцэхгүй юм. Мөн сэтгэл санааны хохирлыг тооцох шаардлага гарч байна. Одоогоор 5 хүүхэд өсөж том болж, гэр бүл зохиож, сургуульд суралцах учир энэ асуудал цаашид үргэлжлэх болно. Иймээс 39,000,000 төгрөгийн хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар онцгой анхаарал тавих шаардлагатай гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь энэ асуудалд болгоомжтой хандаж, хохирогч талын байр суурийг ойлгож хүндэтгэх ёстой бөгөөд зарим нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Өчигдөр талуудын уулзах боломжийг бүрдүүлсэн ч шүүхийн шийдвэр гарснаас хойш 5-6 хоногийн хугацаанд талууд огт уулзаагүй байна. Мөн сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45 хувиар нэмэгдүүлсэн дүнгээр тогтоох хууль эрх зүйн зохицуулалттай тул уг заалтыг баримтлан шүүхээр үнэлүүлэн шийдвэр гаргаж өгөхийг санал болгож байна. Хохирогчийн том нь 11 настай, бага нь 6 сартай нялх хүүхдүүдтэй, энэ гэр бүл амаргүй нөхцөлд амьдарч байна. Гэр бүлийн гишүүдээс хандив, тусламж авч байсан ч тэдгээр нь багахан хэмжээний мөнгө бөгөөд амьдралын хэрэгцээг хангахад хүрэлцдэггүй. Эцэг эх, ах дүү нар нь хохирогчийн гэрт нэг ч удаа ирж уучлал гуйгаагүй нь бидний харамсаж буй гол асуудлын нэг юм. Мөн Ховд руу явахад зарцуулсан 300,000 төгрөг гэх мэт зардлуудыг шүүхэд танилцуулсан. Бид энэ хэрэгт хохирлын асуудлаар маргахгүй бөгөөд шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн барагдуулж өгөхийг хүсэж байна. Тиймээс шүүхээс хохирлын асуудлыг онцгой анхааран шийдвэрлэхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нп шүүхийн хэлэлцүүлэгт:” Шүүгдэгчийн зүгээс анхан шатнаас буюу тогтоол танилцуулах үеэс эхлэн үйлдсэн гэмт хэргийнхээ талаар маргаагүй, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн. Цаашдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хурдан шуурхай явагдахад идэвхтэй хамтран ажилласан бөгөөд мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт зэрэг процессын бүх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн.
…тухайн үед шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтайгаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд хамт явж байсан хүн нь ослын дараа түүнийг орхиж явсан. Ослын улмаас хохирогч газар дээрээ амь насаа алдсан бөгөөд тухайн үед хохирогч хурхирч байсан учраас шүүгдэгч нь анх амь нас нь хохирсон гэж шууд ойлгоогүй. Улмаар сандарсан байдлаар гэртээ очиж, эхнэртээ болсон явдлыг хэлсэн. Эхнэр нь хамт яваад болсон газар руу очъё гэж санал болгосон бөгөөд энэ үед цагдаа нар давхар ирж хэргийн газарт очин, холбогдох шалгалтыг хийсэн. Тухайн нөхцөлд шүүгдэгч нь ямар нэгэн байдлаар хэргийн газраас зориуд зугтах, хэрэг нуун дарагдуулах зорилготой байгаагүй бөгөөд тухайн нөхцөл байдалд сандарч, яах учраа олоогүйгээсээ үүдэн шууд мэдэгдэл өгөөгүй болохыг анхаарч үзэхийг хүсэж байна.
...Хэргийн газрыг орхин явсан тухай асуудалтай холбогдуулан прокуророос санал болгосон ялын төрлийг шүүгдэгч бүрэн зөвшөөрч байгаа. Мөн шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа бүхэлдээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, учирсан хохирлыг төлөх хүсэлтэй байгаагаа ч анхнаасаа илэрхийлж байсан. Одоо ч энэ байр сууриндаа тууштай байгааг ч дахин хэлье. Гэхдээ хохирлын тооцоо, үнэлгээтэй холбоотой асуудал бодитой, хуульд нийцсэн байх шаардлагатай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд хохирол, хор уршгийг хэрхэн тооцох, ямар зүйлийг хохиролд тооцох болон тооцохгүй байх тухай тодорхой заалтуудыг тусгаж өгсөн байдаг. Иймд хохирлын хэмжээ, төлбөрийн асуудлыг эдгээр хууль, аргачлалын хүрээнд бодит байдлаар тогтоож, шийдвэрлэх нь зүйтэй. Уг асуудалд маргах зүйл байхгүй гэж үзэж байна. Хүн нас барсантай холбоотойгоор оршуулгын зардал, ажил явдалтай холбоотой бусад зардлууд нь тухайн өрхийн ёс заншил, шашин шүтлэгийн онцлогоос шалтгаалан янз бүр байдаг бөгөөд хохиролд тооцогдох нь нийтлэг үзэгдэл гэдгийг бид мэдэж байгаа. Гэсэн хэдий ч, хохирогчийн зүгээс гаргаж ирсэн 39,303,000 төгрөгийн хохирлын дүнгийн дотор оршуулгын ажил явдалтай холбоогүй, хэтрүүлсэн эсвэл үндэслэлгүй зардлууд багтсан байх магадлалтай гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлж буйгаар энэ дүнгээс ч илүү хэмжээний хохирол үүсэхийг үгүйсгэхгүй ч, бид гаргасан хохирлыг баримтад тулгуурлан бодитойгоор үнэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хохирлыг зөв тооцохын тулд тухайн зардал бүрд шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэх, хэрэв баримтын хангалтгүй байдал ажиглагдвал тухайн зүйлийг худалдсан этгээдийг гэрчээр дуудан мэдүүлэг авах, эсвэл нэмэлт тодорхойлолт гаргуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдах ёстой байсан. Учир нь, шүүх эцсийн шийдвэрийг гаргахын тулд хохирлын хэмжээ, түүний бодит байдлыг зөв тодорхойлох хэрэгтэй. Иймд мөрдөгч хохирлын үндэслэлтэй тооцоог хуульд нийцүүлэн гаргуулах үүрэгтэй байсан гэж үзэж байна. Мөрдөгч нь уг хэрэгт хамаарах хохирлын тооцоог бодитойгоор ялгаж, зөв ойлголт өгөх үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан иргэний нэхэмжлэлийн шинжтэй зарим асуудлуудыг шууд эрүүгийн хэрэгт хамаарах хохиролд оруулж тооцсон байдал ажиглагдаж байна. Энэ нь иргэний журмаар нэхэмжлэх ёстой зарим зардлуудыг буруу ангилж, эрүүгийн хэрэгт багтаасан гэсэн үг юм. Тухайлбал, оршуулгын ажил явдалтай холбоотой зардал, бодит хохирол, сэтгэл санааны хохирлыг тус тусад нь ялгаж тооцох шаардлагатай. Гэтэл эдгээр ангиллуудыг ялгаж салгаагүй, бодит хохирлын тооцоог зохих ёсоор гаргаагүйгээс үүдэн, шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэгт хохирол, хор уршгийг арилгах буюу нөхөн төлсөн эсэх нь тухайн этгээдэд оногдуулах ял шийтгэлийн хэмжээнд шууд нөлөөлдөг үндэслэл учраас хохирлыг бодитоор, хуульд нийцүүлэн тооцсон байх шаардлагатай. Жишээлбэл, 39,303,000 төгрөгийн нийт хохирлоос хэд нь бодит хохиролд, хэд нь сэтгэл санааны хохиролд, хэд нь иргэний журмаар шийдвэрлэх ёстой өр төлбөрт хамаарахыг ялгаж гаргах ёстой байсан. Түүнчлэн, хохиролтой холбоотойгоор ирүүлсэн баримтууд нь хэнээс, хэзээ, ямар зориулалтаар гаргасан болох нь тодорхойгүй, олонх нь огноогүй байгаа ба зарим нь талийгаач амьд сэрүүн байх хугацаанд үүссэн өр, зээлийн баримт байх магадлалтай. Энэ нь мөнгө зээлж авсан эсхүл хэрэглээний эд зүйлс худалдан авахтай холбоотой байж болзошгүй тул тухайн баримтыг зөв ангилж, шүүхэд бодит мэдээлэл өгөх ёстой байсан. Харин оршуулгын зардалтай холбоотой зардлууд дээр тулгуурласан нотлох баримтуудын хувьд бид маргаагүй гэдгийг хэлье.
Өнөөдөр шүүгдэгч буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгон шүүхийн өмнө хариуцлага хүлээж, шүүгдэгчийн суудалд сууж байна. Тэрээр ар гэртэй, эхнэр, гурван хүүхэдтэй бөгөөд эхнэр нь тогтмол орлогогүй, ажил эрхэлдэггүй. Шүүгдэгч нь найман жилийн хугацаатай хорих ялтай зүйл ангиар буруутгагдаж байгаа бөгөөд хорих ял авах нь тодорхой болсон. Ийм нөхцөлд шүүгдэгч өөрийн мэдэлд байсан орон байраа борлуулан, 15,000,000 (арван таван сая) төгрөгийг хохирлын нөхөн төлбөрт зориулан төлсөн. Үлдэгдэл төлбөрийг цаашид шүүхээс гаргасан шийдвэр, түүний дагуу ногдох зардлуудтай уялдуулан нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болно. Түүний нэр дээр өөр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө, эд хөрөнгө байхгүй болно.
...Шүүх Иргэний хуулийн 497.1, мөн хуулийн 514.2-т заасны дагуу шүүгдэгчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан нөхөн төлөх хэмжээ, хэлбэрийг тодорхойлох эрхтэй. Иргэний хуулийн 514.2-т “Санаатай бус гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо шүүх гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзаж багасгаж болно” гэж заасан. Манай хэрэг бол Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан "болгоомжгүйгээр хүн нас барсан" гэмт хэрэг бөгөөд санаатай гэмт хэрэгт хамаарахгүй. Мэдээж шүүгдэгч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, жолооны үнэмлэхгүй байсан зэрэг нь буруутай үйлдэл мөн боловч уг хэрэг нь санаатай бус, болгоомжгүй үйлдлийн улмаас гарсан гэдгийг ойлгох шаардлагатай. Тиймээс хохирлыг нөхөн төлөх хэмжээ, нөхцөлийг тогтоохдоо шүүгдэгчийн эдийн засгийн боломж, ар гэрийн байдал, өмнө нь төлсөн хэмжээ зэрэг хүчин зүйлсийг бүрэн харгалзан үзэхийг хүсэж байна. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй бөгөөд уг саналыг бүрэн зөвшөөрч байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний бие нь орлогогүй, ямар нэгэн хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдалд байгаа тул нөхрийн минь амь нас хохирсноос үүдсэн хохирлыг шүүгдэгчээс бүрэн хэмжээгээр нь гаргуулж, нөхөн төлүүлэхийг хүсэж байна. Хэрэв шүүгдэгч нь хохирлыг бүхэлд нь барагдуулах боломжгүй бол шүүхээс ялыг хүндрүүлж оногдуулахыг хүсье. Хэрвээ миний нөхөр амьд сэрүүн байсан бол манай гэр бүл ийм хүнд нөхцөл байдалд орохгүй байх байсан. Би цаашид яаж амьдрахаа мэдэхгүй байна. Маш их гомдолтой байна” гэх мэдүүлгийг,
5. Шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр би С.Дөненбек гэх залуутай хамт явж байсан. Тэгээд явж байтал хохирогч залуу мотоцикльтой гарч ирсэн бөгөөд тэр үед би түүнийг мөргөсөн. С.Дөек яваад өгсөн. Түүнээс болж би маш их сандарч, айсан тул тухайн газраас хөдөлж, шууд гэр рүүгээ явсан. Гэртээ очоод, би гэрийнхэндээ хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар гэрт ирсэн. Тэд намайг дагуулан цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Миний хажууд байсан залуу яваад өгсөн болохоор би ч гэсэн айсандаа зугтаад яваад өгсөн. Хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйж, хохирлын нөхөн төлбөрөөс одоогоор 15,000,000 төгрөгийг өгсөн. Үлдсэн хохирлыг барагдуулах боломж түр хугацаанд хүрэлцэхгүй байгаа бөгөөд байраа худалдаж, үлдэгдэл төлбөрийг олгохоор төлөвлөж байгаа. Сэтгэл санааны хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлж өгнө. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ажлын хувьд бол миний бие хөлсний ажил хийдэг” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
Эрүүгийн 2513000000093 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч /1 дэх хавтаст хэргийн 10-13 дахь тал/,
2. Мотоцикильд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 14-17 дахь тал/,
3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 18-22 дахь тал/,
4. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
5. Яллагдагч Ж.Аийн согтуурлын зэргийг шалгахад түүний амьсгал дахь спиртийн агууламж 2,07 промиль % байсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, /1 дэх хавтаст хэргийн 32 дахь тал/,
6. Цагдаагийн байгууллагын “Хур” систем дэх яллагдагч Ж.Аийн талаарх мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 43 дахь тал/,
7. Гэрч С.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Гадаа тамхи татаад зогсож байтал худ болох Ж.А гэх залуу нилээд согтуу ирээд надад хандаж “Миний машин асахгүй байна, хоёулаа миний машиныг асаая" гэж хэлэхэд нь түүнд тусалж "Ахтилек" гэх баарны гадаа түүний машиныг холбож асаасан. Улмаар Ж.А намайг манай гэрт очиж цай уу гэхээр нь Ж.Аийн 05-02 БӨН улсын дугаартай "Тоёота Ист" маркийн машинд суухад манай сумын залуу /Аку/ хоч нэртэй залуу согтуу унтаж байсан ба бид гурав түүний гэрт очсон. Ж.А гэртээ очоод "Хараа" гэх нэртэй 0,33 литрийн 1 шил архи гаргаж ирснийг бид 3 хувааж уугаад дараа нь Ж.Аийн 05-02 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Акуг Цэнгэл сумын 8 дугаар багт байх гэрт нь хүргэж өгөөд найр болж байгаа газар уруу явж байтал гудамжинд урдаас мотоцикль ирж байгаа нь харагдаж, мөргөлдөх чимээ гарч, мотоцикльтой мөргөлдсөн. Би машинаас буухад харанхуй байсан тул юу ч харагдаагүй ба Ж.А тухайн газарт толгойгоо бариад сууж байсан. Би найранд очих гээд яарч байсан тул цаашаа явсан, тухайн үед 05-02 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Ж.А өөрөө унаад явж байсан. Урдаас нэг мотоцикль ирж байсан зөрөх үед чимээ гарсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/,
8. Гэрч Д.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өчигдөр 20 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн "Тоёота витч” маркийн машинаар эмийн сангаас эм авчихаад Цэнгэл сумын 8 дугаар багт байрлах гэр лүүгээ явж байтал гудамжны голд улаан мотоцикль хэвтэж байсан ба дугуй салсан, толгойн эд ангиуд нь газраар нэг тарсан байдалтай байсан, мотоциклийн их биеэс салж унасан урд талын дугуй хүртэл ойролцоогоор 30 метр байсан ба салж унасан урд дугуйны хажууд Ү гэх миний найзын ам болон зүүн талын чихнээс цус гарсан байдалтай, хурхирах мэт дуу гаргаад газар хэвтэж байсан юм, би Үд ойртоод нэрээр нь дуудсан боловч ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй, ухаангүй байсан. Би сандарч түргэн дуудсан бөгөөд цагдаа, түргэн тусламж ирэх хүртэл тухайн осол болсон газрын ойр орчмыг хамгаалж байсан , тухайн осол болсон газарт 05-02 БӨН гэх машины дугаар хэвтэж байсан, харин миний найзын унаж явсан мотоцикль улсын дугааргүй байсан ба тухайн мотоциклийг 05-02 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн байх гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Уг осол болсон газарт мотоциклийн урд дугуйнаас мотоциклийн их бие хүртэл 20 гаруй метр түрсэн мөр үүссэн байсан, мөн мотоциклийн толгой, машины буферийн эд ангиуд зэрэг нь талаар нэг тарсан байдалтай байсныг бодоход их хүчтэй мөргөлдсөн байх. Улмаар 10 минутын дараа цагдаа нар болон эмч нар ирсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69 дэх тал/,
9. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Хын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай “Амь хохирогч Б.Үий биед гавал тархины битүү гэмтэл, хүнд зэргийн няцралт, толгойн зулай ясны зүүн талд цөмөрч цацарсан хугаралттай, тархины эдийн няцралт, тархинд цус хуралттай, цусан хураатай, хажуугийн ховдлууд цус хуралттай, тархины дарагдал, няцрал, хаван, духны зүсэгдсэн шархтай, духанд зурагдсан шархтай, зүүн хөмсөгний дээд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, зулай, духны зүүн талын хуйхны доор цус хуралттай, зүүн нүдний дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын хоёр талын нүхний сувгийн доод хэсэгт зүсэгдсэн шархтай, зүүн шилбэний урд хэсэгт зүсэгдсэн шархтай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. Тухайн гэмтлүүд бүгд шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч Б.Ү нь ойролцоогоор үзлэг хийхээс 6-12 цагийн өмнө нас барсан байх боломжтой. Амь хохирогч Б.Ү нь гавал тархины битүү хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогч Б.Үий биед архаг хууч өвчингүй” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 72-73 дахь тал/,
10. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч С.Рейгийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14 дугаартай “...хэргийн газраас хураан авсан 1,3,4,5,6,7,8,9,11 гэж дугаарласан хэсгүүд нь нэг бүхэл байсан байна. Шинжлэгдэж буй 1,3,4,5,6,7,8,9,11 гэж дугаарласан хэсгүүд нь харьцуулах шинжилгээнд тогтоосон 05-02 БӨН улсын дугаартай "Тоуоtа ist” маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын бамбайн хэсэг мөн байна. 2,10 гэж дугаарласан хэсгүүд нь харьцуулах шинжилгээнд тогтоосон 05-02 БӨН улсын дугаартай "Тоуоtа ist" маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын бамбайн хэсэг байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 81-87 дахь тал/,
11. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Хтын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай “Иргэн Ж.Аийн биеэс авсан гэх цусанд 0,6% промиль спирт илрэв” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал/,
12. Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай "Тоуоtа ist-ХР60 маркийн 05-02 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ИСР610056069 арлын дугаартай, 2003 онд үйлдвэрлэсэн, Монголд 2012 онд орж ирсэн, нийт гүйлт 260532 км Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 08-р багийн иргэн Ж.Аийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байна. Уг тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас үүссэн эвдрэл гэмтэл байна. Шинжилгээнд хүргүүлсэн Тоуоtа ist-ХР60 маркийн 05-02 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтэл нь бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас үүссэн байна. Үүнд: Урд буфер хагарсан. Зүүн урд оврын гэрэл дохионы гэрэл хагарсан, зүүн урд далавч /крыло/ урд хэсгээр хонхойсон, зүүн урд, хойд хаалганууд хонхойж гажсан байна.Тоуоtа ist-ХР60 маркийн 05-02 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл нь тухайн ослын үед үүссэн байна. Осол болохоос өмнө уг тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байсан байна. Тоуоtа ist-ХР60 маркийн 05-02 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтлийг засаж хэвийн байдалд оруулж болно, тээврийн хэрэгслийн техникийн байдал хэвийн байна. Тоуоtа ist-ХР60 маркийн 05-02 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна.Тоуоtа ist-ХР60 маркийн 05-02 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормос, гар тоормос, жолооны механизмыг тоног төхөөрөмжөөр шалгахад тээврийн хэрэгслийн тоормос, гар тоормос, жолооны механизм хэвийн ажиллагаатай байна. Зүүн урд гэрэл ослын улмаас хагарсан байдалтай байна” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 122-124 дэх тал/,
13. Мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 25/03 дугаартай “...Жолооч Б.Ү нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "а" заалт буюу тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох"-ыг хориглоно. Мөн дүрмийн 3.4 "в" заалт буюу жолооч мотоцикль... жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх ... үүргийг хүлээнэ гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна. “Тоёота Ист” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "а" заалт буюу тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох"-ыг хориглоно. Мөн дүрмийн 11.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а. 5.10.6. 5.11.а. 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэснийг тус тус зөрчсөн байна. Жолооч Ж.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "а", 11.1 дэх заалтуудыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах болсон гол шалтгаан болсон байна” гэх магадалгаа /1 дэх хавтаст хэргийн 126-127 дахь тал/,
14. Яллагдагч Ж.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний орой 19-20 цагийн үед С.Дөненбек бид хоёр К.Алдабергенийг Цэнгэл сумын төвд байрлах гэрт нь хүргэж өгчхөөд буцаж байхдаа С.Дөненбек бид хоёр 0,330 граммын Хараа нэртэй архийг сумын төвийн дээд талд, тал газарт миний 05-02 БӨН улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгсэл дотор хувааж ууж дуусгасан. Тухайн өдөр сумын төвд С.Дөненбекийн ах сугалаанд машин хожсон учраас гэртээ цайллага хийж байсан, тэдний гэрт С.Дөненбекийг хүргэж өгөхөөр сумын доод талд байрлах гудамжаар би өөрөө машинаа жолоодоод явж байхдаа би урдаас ирж байсан мотоциклийг хараагүй бөгөөд мөргөлдөх чимээ гарсан. Тэгээд машинаас буугаад харахад мотоцикль мөргөсөн байсан ба намайг машинаа зогсоосны дараа С.Дөненбек машинаас буугаад яваад өгсөн. Замын хажуу талд модон хашаатай гудамжинд нэг эрэгтэй дээшээ хараад хурхираад хэвтэж байхаар нь харанхуйд хэн гэдгийг нь таниагүй, тэгээд тэр хүнийг үхчихсэн байх гэж бодоод би айгаад тухайн газраас машинаа жолоодож гэр рүүгээ явчихсан. Тэгээд гэртээ хариад эхнэртээ хүн мөргөчихлөө гэж хэлсэн, тэгэхэд эхнэр маань хаана юм очъё гэж байтал манай гэрт Цэнгэл сумын цагдаа А.Айдос, мөн аймгийн цагдаагийн газраас мөрдөгч гээд бас нэг цагдаа, мөн цагдаагийн пургон машинтай ирж намайг Цэнгэл сумын Цагдаагийн хэсэгт аваачиж согтолтын зэргийг тогтоосон. Дараа нь аймгаас Цагдаа нар ирсэн. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Тээврийн хэрэгслийг 6-7 жил өмнө сумын төвд барьж сурсан. Би амь хохирогчийн ар гэрийнхэнд хохирол, хор уршгийг арилгуулахаар ямар нэгэн тусламж үйлчилгээ үзүүлээгүй. Би тухайн үед 40 орчим км цагийн хурдтай явж байсан. Зогсоох арга хэмжээ аваагүй гэнэт мөргөлдсөн. “Тоёота Ист” загварын 05-02 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм....” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 167 дахь тал/,
15. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Ү осолд орсон байна, бид нар сумын эмнэлэгт хүргэчихлээ, одоо чамайг авахаар очиж байна гэж хэлээд гэрт ирээд намайг дагуулаад сумын төвийн эмнэлэгт очиход нөхөр маань эмчилгээ хийлгэж байсан, ухаан орохгүй байсан бөгөөд аймгийн төвөөс мөн эмч ирж үзсэн. Би нөхрийнхөө дэргэд сахиулаар үүр цайтал сууж байгаад 3 сартай нялх хүүхэдтэй учраас гэртээ харьсан. Тэгээд нөхөр маань сумын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 15-ны орой 18 цагийн үед нас барсан юм. Миний нөхөр Б.Ү нь Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгт галч хийдэг, тухайн өдөр ажлаасаа бууж ирээд гэртээ цайгаа ууж сууж байгаад аавынхаа гэр рүү очоод ирье гээд гарсан. Тэгээд аавын гэрээс буцаж явах замдаа осолд орсон байсан. Би нөхрийнхөө нэр дээр байсан зээл болон оршуулгын зардалтай холбоотой бүх баримтыг гаргаж өгсөн, дээрх баримтаар бүрдсэн мөнгийг нэхэмжлэх болно. Мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх болно. Би гомдолтой байна, хүний амь насыг хэдэн төгрөгөөр тооцдог юм, тэрийг нэхэмжлэх болно, би одоо 5 хүүхэдтэй өрх толгойлсон эх болсон, өөрөө ямар нэгэн эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдийнхээ мөнгөөрөө хэрэгцээгээ арай ядан хангаж байна. Хүүхдүүд маань надаас аавыгаа асууж, аав дээрээ очно гээд надад сэтгэл санааны хувьд мань хэцүү байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 189 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, үйл баримт,
1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:
- Шүүгдэгч Ж.А нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундаа хэрэглэж, өөрийн эзэмшлийн 05-02 БӨН улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар /Партизан/ багт байрлах гэр хорооллын гудамжаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа эсрэг урсгалаар зорчиж, улмаар өөдөөс ирж яваа мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, тухайн мотоциклийн жолооч Б.Үий амь насыг хохироосон, зам тээврийн осол гаргасны дараа осол болсон газрыг орхиж зугтсан үйл баримтууд тус тус тогтоогджээ.
Шүүхээс тогтоосон дээрх хэргийн үйл баримт нь улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч /1 дэх хавтаст хэргийн 10-13 дахь тал/, мотоцикильд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 14-17 дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 18-22 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 30-31 дэх тал/, яллагдагч Ж.Аийн согтуурлын зэргийг шалгасан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 32 дахь тал/, Цагдаагийн байгууллагын “Хур” системээс яллагдагч Ж.Аийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаар авсан мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 43 дахь тал/, гэрч С.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/, гэрч Д.Нурболатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Хайратын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 72-73 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч С.Рамазаналейгийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 81-87 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Хайратын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал/, Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 122-124 дэх тал/, Мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 25/03 дугаартай магадалгаа /1 дэх хавтаст хэргийн 126-127 дахь тал/, шүүгдэгч Ж.Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 167 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ны мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 189 дэх тал/ зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
А.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн талаар:
1. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” бол, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол уг гэмт хэргийн үндсэн шинжид, дээрх гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж, хүний амь насыг хохироосон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжид хамаарахаар тус тус заажээ.
Тодруулбал: “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” нь Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, эсхүл амь насыг нь хохироосон, уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бол хүндрүүлэх шинжээр нь гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.
2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдлыг ойлгоно” гэж заасан ба хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Ж.А нь тээврийн хэрэгсэл жолоодон, гэр хорооллын гудамжаар замын хөдөлгөөнд оролцох үедээ согтуу байсны улмаас эсрэг урсгалаар зорчиж, өөдөөс ирж яваа мотоциклийг хүчтэй мөргөж, мотоциклийн жолооч Б.Үий амь насыг хохироосон байх тул түүнийг зам тээврийн осол гаргасан гэж үзнэ.
3.Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтаар “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг жолоочид хориглосон байна.
Шүүгдэгч Ж.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь Цагдаагийн байгууллагын “Хур” системээс авсан лавлагаа, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Аийг зам тээврийн осол гаргах үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “-Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж заажээ.
Шүүгдэгч Ж.Аийг зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг эрх бүхий этгээдээс тандагч багаж /drager/ ашиглан шалгахад түүний амьсгал дахь спиртийн агууламж 2.07 промиль (%), тусгай мэдлэг бүхий эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Ж.Аийн цуснаас 0.6 промиль (%) спиртийн агууламж илэрсэн нь тус тус тогтоогдсон тул шүүгдэгч Ж.Аийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэж үзнэ. /1 дэх хавтаст хэргийн 32, 96-97 дахь тал/,
Иймд шүүгдэгч Ж.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2025 оны 02 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтыг зөрчсөн үйлдэл мөн байна.
4. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.А нь тээврийн хэрэгсэл жолоодон гэр хорооллын гудамжаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа эсрэг урсгалаар зорчиж явсны улмаас, өөдөөс ирж яваа амь хохирогч Б.Үий жолоодож явсан мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргасан нь тогтоогдож байна.
Тодруулбал: Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Ж.А нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, сумын төвийн зүүн талд байрлах гэр хорооллын гудамжаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон бөгөөд тухайн гудамжаар зорчих эгнээний тоо, зорчих хэсгийн тэмдэг, тэмдэглэл байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, осол гарсан замын байдал зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д зааснаар хэрэв эгнээний тоо, зорчих хэсгийн тэмдэг, тэмдэглэгээ байхгүй бол тээврийн хэрэгслийн жолооч нь харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлж, зорчих хэсэг нь эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцож, аюулгүй зорчих үүрэгтэй байна.
Гэтэл шүүгдэгч Ж.А нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үзэгдэх орчин хязгаарлагдмал үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас нүдэн баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог зөв тодорхойлж чадаагүйгээс эсрэг урсгалаар зорчиж явсан,
Мөн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулж, осол аваараас урьдчилан сэргийлэх, аюул саад тулгарсан үед самбаачилж, тээврийн хэрэгслээ зогсоох, хурдаа хасах зэрэг ухамсарт үйлдэл хийх чадвар нь буурч, өөдөөс нь ирж яваа мотоциклийг хүчтэй мөргөж, мотоциклийн жолооч Б.Үий амь насыг хохироосон нь тогтоогдсон тул түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 заалтыг мөн зөрчсөн гэж үзнэ.
Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Ж.Аийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 11.1 дэх заалтуудыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах, хүний амь эрсдэх гол шалтгаан нөхцөл болсон байх тул энэ талаарх мөрдөгчийн магадлагааг нотлох баримтаар үнэлэв.
5. Түүнчлэн нэг дэх хавтаст хэргийн 72-73 дахь талд авагдсан Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай дүгнэлтээр амь хохирогч Б.Ү нь автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар буюу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн “Гавал тархины битүү хавсарсан хүнд гэмтэл”-ийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Ж.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 37.а, 11.1 дэх заалтуудыг зөрчсөн үйлдэл, амь хохирогч Б.Үий амь хохирсон үйл баримт хоорондоо шалтгаант холбоотой байгаа нь шүүгдэгч Ж.Аийг буруутгах хангалттай үндэслэл болж байна.
Дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ж.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай хандсан байх бөгөөд харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ж.Аийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ж.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Б.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Ж.А нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундаа хэрэглэж, өөрийн эзэмшлийн 05-02 БӨН улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар /Партизан/ багт байрлах гэр хорооллын гудамжаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа эсрэг урсгалаар зорчиж, улмаар өөдөөс ирж яваа мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргасны дараа хохирогчийг ослын газарт ухаангүй хэвтэж байгааг харсан атлаа түүнд ямар нэгэн тусламж үзүүлэхгүйгээр, эмнэлэг болон цагдаагийн газарт зам тээврийн ослын талаар мэдэгдэхгүйгээр тухайн газрыг шууд орхиж зугтсан болох нь гэрч Д.Нурболатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өчигдөр орой 20 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн "Тоёота витч” маркийн машинаар эмийн сангаас эм авчихаад Цэнгэл сумын 8 дугаар багт байрлах гэр лүүгээ явж байтал гудамжны голд улаан мотоцикль хэвтэж байсан ба дугуй салсан, толгойн эд ангиуд нь газраар нэг тарсан байдалтай байсан, мотоциклийн их биеэс салж унасан урд талын дугуй хүртэл ойролцоогоор 30 метр байсан ба салж унасан урд дугуйны хажууд Ү гэх миний найзын ам болон зүүн талын чихнээс цус гарсан байдалтай, хурхирах мэт дуу гаргаад газар хэвтэж байсан юм, би Үд ойртоод нэрээр нь дуудсан боловч ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй, ухаангүй байсан. Би сандарч түргэн дуудсан бөгөөд цагдаа, түргэн тусламж ирэх хүртэл тухайн осол болсон газрын ойр орчмыг хамгаалж байсан , тухайн осол болсон газарт 05-02 БӨН гэх машины дугаар хэвтэж байсан, тул миний найзын унаж явсан мотоциклийг 05-02 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн байх гэж бодоод цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 69 дэх тал/, Ж.Аийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:“…Би урдаас ирж байсан мотоциклийг хараагүй бөгөөд мөргөлдөх чимээ гарсан. Тэгээд машинаас буугаад харахад мотоцикль мөргөсөн байсан ба намайг машинаа зогсоосны дараа С.Дөненбек машинаас буугаад яваад өгсөн. Замын хажуу талд модон хашаатай гудамжинд нэг эрэгтэй дээшээ хараад хурхираад хэвтэж байхаар нь харанхуйд хэн гэдгийг нь таниагүй, тэгээд тэр хүнийг үхчихсэн байх гэж бодоод би айгаад тухайн газраас машинаа жолоодож гэр рүүгээ явчихсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 167 дахь тал/ зэрэг баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.А нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ослын газрыг орхиж явсан шалтгаанаа “Мотоциклийн жолоочийг үхчихсэн байх гэж бодоод айгаад явчихсан” гэж тайлбарласан нь түүний холбогдсон “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтах” гэмт хэргийг үгүйсгэх, Ж.Аийг цагаатгах үндэслэл болохгүй юм.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5-ын а-д осол гаргасан жолооч “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” үүрэгтэй гэж,
Мөн дүрмийн б/ “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүрэгтэй гэж тус тус заажээ.
Дээрх дүрмийн заалтуудаас үзэхэд осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч осол гаргасан даруйд тээврийн хэрэгслийг зогсоох, улмаар тухайн тээврийн хэрэгслийг ослын газраас хөдөлгөхгүй байх, осолд өртсөн хүнийг тааралдсан тээврийн хэрэгслээр аль ойр байгаа эмнэлэгт хүргэх үүрэгтэй байх ба тухайн үед өөр тээврийн хэрэгсэл байхгүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хохирогчийг эмнэлэгт хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд ослын газартаа буцаж ирэх үүрэгтэй байна.
Түүнчлэн осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүргийг мөн хүлээдэг байна.
Гэтэл шүүгдэгч Ж.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр зам тээврийн осол гаргасан жолоочид үүрэг болгосон дээрх заалтуудыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь нотлогдон тогтоогдсон, тэрээр ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж өөрийгөө илчлээгүй, яаралтай түргэн тусламж дуудаж, амь хохирогч Б.Үд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй,
Шүүгдэгч Ж.Аийн үйлдсэн зам тээврийн ослын талаар гэрч Д.Нурболат мэдэж, цагдаагийн байгууллага болон, эмнэлгийн байгууллагад дуудлага өгч, улмаар ослын газрыг хамгаалж байсан, Д.Нурболатыг ослын газарт очиход Б.А байгаагүй, хохирогч Б.Ү тухайн газарт ухаангүй хэвтэж байсан, гэрч Д.Нурболат цагдаагийн байгууллагад зам тээврийн ослын талаар дуудлага өгсний дагуу цагдаагийн алба хаагчид осол болсон газарт байсан, шүүгдэгч Ж.Аийн тээврийн хэрэгслийн улсын дугаараар осол гаргасан жолоочийг эрэн хайж, улмаар Ж.Аийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт байх гэрээс нь илрүүлж, цагдаагийн газарт авч ирсэн гэх үйл баримтууд хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.А нь зам тээврийн ослын дараа уг зам тээврийн ослыг үзэж харсан гэрчгүй, мөн хохирогч Б.Үийг ухаангүй байгаа зэргийг далимдуулж, үйлдсэн гэмт хэргээ нуух, баригдахгүй байх зорилгоор хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, ухамсартай, идэвхтэй үйлдэл байх бөгөөд тэрээр өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдэж байсан атлаа түүнийг хүсэж үйлдсэн нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан” шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос шүүгдэгч Ж.Аэд холбогдуулан үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Ж.Аийн согтууруулах ундаа хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байх бөгөөд амь хохирогч Б.Үий Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх буруутай үйлдэл зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Шүүгдэгч Ж.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан нь тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.
Амь хохирогч Б.Үий хууль ёсны төлөөлөгч Х.Н нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ж.Аээс гэмт хэргийн бодит хохирол буюу нөхөр Б.Үийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлууд болон бусад зардлуудад нийтдээ 39.003.300 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтуудыг хавсаргасан нь 1 дэх хавтаст хэргийн 198-250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 01-11 дэх талд тус тус авагдсан байна.
Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Наас мөрдөн байцаалтын шатанд 39.003.300 төгрөг нэхэмжилж, гаргаж өгсөн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалж, үнэлж дүгнээд дараах зардлуудыг зайлшгүй зардалд тооцож, шүүгдэгч Ж.Аээс гаргуулж шийдвэрлэв. Тодруулбал:
- Талийгаачийг оршуулахтай холбогдуулан хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.437.000 төгрөг /1 дэх хавтаст хэргийн 218 дахь тал/,
- Эр хонины үнэ 2х360.000=720.000 төгрөг /1 дэх хавтаст хэргийн 222 дахь тал/,
- Эр хонины үнэ 4х380.000=1.520.000 төгрөг /1 дэх хавтаст хэргийн 223 дахь тал/,
- 1 тооны адуу /гүү/-ны үнэ 1.500.000 төгрөг /1 дэх хавтаст хэргийн 224 дэх тал/,
- Бензиний үнэ 50.000+50.000+15.000=115.000 төгрөг/1 дэх хавтаст хэргийн 228 дахь тал/,
- Бензиний үнэ 50.000+40.000=90.000 төгрөг / 1 дэх хавтаст хэргийн 229 дэх тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ны хууль, эрх зүйн зөвлөлгөө авсан тухай төлбөрийн баримтаар 195.000 төгрөг /1 дэх хавтаст хэргийн 230 дахь тал/,
- Бензиний үнэ 30.000+40.000=70.000 төгрөг /1 дэх хавтаст хэргийн 233 дахь тал/, нийт 5.647.000 төгрөгийг талийгаачийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардал гэж үзэж, Ж.Аээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд уг зардлуудыг нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан гэж шүүх дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Наас амь хохирогч Б.Үий амьд ахуйдаа нэр бүхий иргэдээс зээлж авсан мөнгө, хүнсний бүтээгдэхүүний үнэ, мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлүүдийг төлүүлэхээр нэхэмжилснийг гэмт хэргийн хор уршигт тооцож, шүүгдэгч Ж.Аээс дараах байдлаар төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд эдгээр хор уршгийг нотлох баримтууд нь хууль заасан нотлох баримтын шаардлагыг хангаж байх тул шүүгдэгч Ж.Аээр төлүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж шүүх үзлээ.
Амь хохирогч Б.Үий өр төлбөрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н нь нэр бүхий 15 иргэн, хуулийн этгээдэд төлж, барагдуулж, төлсөн баримтуудыг нотлох баримтаар хэрэгт хавсаргасныг нотлох баримтаар үнэлж, хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй. Үүнд:
-Иргэн Б.Жардембекээс Б.Үий хэрэглээний зээлд төлсөн 1.706.500 төгрөг,
-Б.Үий хэрэглээний лизингийн төлбөр 2.074.200 төгрөг,
-Иргэн С.Хамариягийн “Ай султан” хүнсний дэлгүүрийн төлбөрт төлсөн 265.000 төгрөг,
-Иргэн Б.Майжаны “Антошка” хүнсний дэлгүүрт төлсөн 511.000 төгрөг,
-Иргэн Х.Ахгүлийн “Берекет” хүнсний дэлгүүрт төлсөн 280.000 төгрөг,
-Иргэн К.Серикжаны “Думан” хүнсний дэлгүүрт төлсөн 67.200 төгрөг,
-Иргэн К.Баршагүлийн “Алемнур” хүнсний дэлгүүрт төлсөн 65.000 төгрөг,
-Иргэн С.Жанартугийн “Мөлдир” хүнсний дэлгүүрт төлсөн 42.500 төгрөг,
-Иргэн Б.Балганбекийн “Балду” хүнсний дэлгүүрт төлсөн 51.000 төгрөг,
-Иргэн М.Нуршашийн “Инжу” хүнсний дэлгүүрт төлсөн 86.000 төгрөг,
-Иргэн А.Күмисханы “Заман-Ай” хүнсний дэлгүүрт төлсөн 68.500 төгрөг,
-Иргэн Ж.Кенжегүлийн “Асель” хүнсний дэлгүүрт төлсөн 63.000 төгрөг,
-Иргэн Б.Мархуланы “Ахжол” хүнсний дэлгүүрт төлсөн 13.000 төгрөг,
-Иргэн Л.Жанкелдийн “Толхын” дэлгүүрт төлсөн 65.000 төгрөг,
-Иргэн Ж.Цэнгэлээс идшинд хэрэглэхээр зээлээр худалдан авсан 4 хонины үнэ 800.000 төгрөг+2 сэрхний үнэ 360.000 =1.160.000 төгрөг, нийт 6.517.900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэхэд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Наас мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 39.003.300 төгрөгөөс талийгаач Б.Үийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал 5.647.000 төгрөг, амь хохирогч Б.Үий амьд ахуйдаа бусдаас зээлсэн өр төлбөр 6.517.900 төгрөг, нийт 12.164.900 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцож, Ж.Аээс гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Ж.А нь шүүхийн шатанд гэмт хэргийн хор уршигт 15.000.000 төгрөг төлснийг дээрх төлбөрөөс хасаж тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
2. Амь хохирогч Б.Ү нь зам тээврийн осолд өртсөний дараа 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл буюу нас барах хүртлээ Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 649.256 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан нь иргэний нэхэмжлэгч А.Асемгүлийн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд уг төлбөрийг шүүгдэгч Ж.А төлж барагдуулаагүй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Ж.Аийн үйлдсэн гэмт хэргийн улмаас амь хохирогч Б.Ү тархиндаа хүнд гэмтэл авч, нас барах хүртлээ 649.256 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байх тул тухайн зардлыг гэм буруутай этгээд болох Ж.Аээс гаргуулж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 10090020080 тоот дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Сэтгэцэд учирсан хор уршгийн тухайд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхээ илэрхийлж, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй”, гэж, 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт ”Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага ….27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ -д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж, мөн хуулийн 40.2.3 дахь хэсэгт “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх”-аар заасан байна.
Хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ХОВ0825/0561 дугаартай дүгнэлтээр амь хохирогч Б.Үий хууль ёсны төлөөлөгч Х.Ны сэтгэцэд DS:Дасан зохицохын хямрал, сэтгэлийн хүчтэй дарамтад хариулах хариу урвал /F43/ буюу гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн “Дөрөвдүгээр” зэрэглэлд хамаарах хохирол учирсан нь тогтоогджээ.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан жишиг аргачлалд зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан “Дөрөвдүгээр” зэрэглэлд хамаарах хохирлыг тооцож гаргахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл буюу 15-30%-иар бодож олгохоор тогтоосон байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байсан нь тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж хүний амь хохироосны улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н нь 0-12 насны 5 хүүхдийн хамт өнчирч үлдсэн нөхцөл байдал, зам тээврийн осол гарахад амь хохирогч Б.Үий буруутай үйлдэл нөлөөлөөгүй, Ж.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас нэг гэр бүлийн 6 гишүүн тэжээгчээ алдаж, амьдрах эх үүсвэргүй болсон, хохирогч Х.Н өөрөө эрхэлсэн ажилгүй, эзэмшсэн мэргэжилгүй, ажил хөдөлмөр эрхэлж үзээгүй, амьдрах чадваргүй зэргээс шалтгаалан хүүхдүүдийнхээ ирээдүйд маш их санаа зовниж, үргэлж сэтгэл түгшиж, сэтгэлийн шаналал, зовиур ихтэй байгаа, шөнөд унтаж чадахгүй байгаа талаараа шүүх хуралдааны үеэр удаа дараа илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан үзэж, Х.Ны сэтгэцэд учирсан “Дөрөвдүгээр” зэрэглэлд хамаарах хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 45 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр буюу 29.700.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Ж.Аээр төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Наас мөрдөн байцаалтын шатанд талийгаач нөхөр Б.Үг оршуулахтай холбоотой болон бусад зардал буюу бодит хохиролд нийтдээ 39.003.300 төгрөг нэхэмжилснээс шүүх нотлох баримтын хэмжээнд 12.164.900 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нд олгохоор шийдвэрлэж, үлдэх 26.838.400 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.А нь шүүхийн шатанд гэмт хэргийн хор уршигт 15.000.000 төгрөг төлсөн тул Ж.Аийн төлсөн 15.000.000 төгрөгөөс шүүхээс оршуулгын зардал болон бусад хохиролд төлүүлэхээр тогтоосон 12.164.900 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 2.835.100 төгрөгийг сэтгэцэд учирсан хохирлын зарим хэсгийг төлсөнд тооцон шилжүүлж, 29.700.000 төгрөгөөс 2.835.100 төгрөг хасаж, шүүгдэгч Ж.Аээс сэтгэцэд учирсан хохиролд 26.864.900 төгрөг гаргуулж, Х.Нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.А нь шүүхээс төлүүлэхээр тогтоосон сэтгэцэд учирсан хохирол 26.864.900 төгрөгийг төлөхөө илэрхийлж, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулсан боловч төлж барагдуулаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны үеэр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н, түүний өмгөөлөгч Я.С нар нь нэмж 838.000 төгрөгийн хохирол, хор уршгийг шүүгдэгч Ж.Аээс гаргуулахаар шаардсан бөгөөд шүүгдэгч Ж.Аийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэсэн, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар гэмт хэргийн хохирол хор уршгийг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н, түүний өмгөөлөгч Я.С нараас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд нэмж нэхэмжилсэн 838.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч Ж.А нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ж.Аэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, нэмж нэгтгэн, нийтдээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих ял шийтгэх” дүгнэлтийг,
3.Хохирогчийн өмгөөлөгч Я.С эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Хохирол, хор уршиг бүрэн төлөгдөөгүй тул прокурорын ялын саналыг бүрэн дэмжиж байна” гэх дүгнэлтийг,
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Ж.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хорихоос өөр төрлийн ял сонгож хэрэглэн, доод хэмжээ оногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хувьд тусгайлан гаргах санал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд:”… Нөхөр маань нас барснаас хойш шүүгдэгч Ж.А нь надад болон манай гэр бүлд ямар нэгэн хохирол барагдуулаагүй бөгөөд өнөөг хүртэл хоёрхон удаа ирсэн. Тухайн өдөр нэг удаа ирсэн байж болзошгүй бөгөөд би хувьдаа шүүгдэгчийн царай төрхийг хараагүй. Нөхрөө алдсаны дараа би бага насны хэд хэдэн хүүхдээ өөрийн биеэр асарч, тэжээж байгаа бөгөөд орлогын эх үүсвэр, дэмжлэг туслалцаа байхгүй нөхцөлд амьдрал туйлын хүнд байдалд байна. Иймд гэмт хэргийн улмаас надад учирсан сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирлыг шүүхийн журмаар бүрэн дүүрэн төлүүлж авах хүсэлтэй байна. Маш их гомдолтой байна. Шүүгдэгч Ж.А 15.000.000 төлснөөс өөр хохирол төлөөгүй. Шүүхээс хохирлын хэмжээг бодит нөхцөл байдал, хуулийн хүрээнд үнэлж, миний зүгээс гаргаж буй 70,000,000 (далан сая) төгрөгөөс 80,000,000 (наян сая) төгрөгийн хооронд буюу дээд хэмжээгээр нь хохирол нөхөн төлүүлэх тухай хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.
6. Шүүгдэгч Ж.А эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү. Би ардаа 3 нялх хүүхэдтэй, эхнэр ажил төрөлгүй, өөрийн боломжоороо хохиролд 15.000.000 төгрөг төлсөн. Цаашид хохирол, төлбөр төлж барагдуулна” гэв
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заажээ.
8.Шүүгдэгч Ж.А нь хувийн байдлын хувьд 1998 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймаг Цэнгэл сумын 8 дугаар /Партизан/ багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хувьдаа 05-02 БӨН улсын дугаартай “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэх хувийн байдлууд тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ. /1 дэх хавтаст хэргийн 169 дэх тал/,
9. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Ж.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргасан, учруулсан хохирлын хувьд түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан, гэмт хэргийн хор уршгийн хувьд амь хохирогч Б.Үий эхнэр Х.Н нь бага насны 5 хүүхдийн хамт өнчирч үлдсэн, өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гэртээ 1 нас хүрээгүй хүүхдээ асран хамгаалдаг, гэм буруугийн шүүх хуралдаан болон эрүүгийн хариуцлагын хуралдаан дээр удаа дараа гэмт хэргийн хор уршиг бүрэн арилаагүй, гомдолтой байгаагаа илэрхийлж байгаа нөхцөл байдал зэргийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
10. Шүүгдэгч Ж.Аийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, мөн ослын газрыг орхин зугтаасан үйлдэл нь тус тусдаа гэмт хэргийн шинжийг хангаж байгаа, тэрээр согтуурсан үедээ автотээврийн гэмт хэрэг үйлдэж, хүний амь насыг хохироосон үйлдэлдээ хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэргээр гэм буруутайд тооцогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа ослын газрыг орхиж зугтаасан, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлээгүй, зам тээврийн ослын талаар цагдаад мэдэгдээгүй” зэрэг нөхцөл байдлуудыг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал”-д хамааруулж үзэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироож байгаа гэмт хэргийн хувьд жолоочийн “согтуурсан” байдал нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэж байгаа тул уг гэмт хэргийг “согтуурсан” гэх шинжээр нь хүндрүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоогч тогтоосныг дурдах нь зүйтэй.
11.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нд гэмт хэргийн хор уршигт 15.000.000 /арван таван сая/ төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх боловч тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг санаатайгаар зөрчсөн үйлдлийг “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх үзлээ.
12. Шүүгдэгч Ж.Аийн анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргахгүй гэдгээ илэрхийлснийг түүний хувийн байдалд хамааруулж үзэх нь зүйтэй.
13. Иймд шүүх шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар хэр хэмжээ буюу болгоомжгүй үйлдлээр хүний амь насыг хохироож, хүнд хор уршиг учруулсан нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохиролд 15.000.000 төгрөг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Ж.Аийн хувийн байдал, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ны гэмт хэргийн хор уршиг арилаагүй тул гомдолтой байгаагаа илэрхийлсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж, 4 жил, 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж, 4 жил, 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аэд оногдуулсан 4 жил, 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аийг 4 жил, 6 сарын хорих ялыг эдэлж дууссаны дараа түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг болон зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аэд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүнийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч Ж.А нь энэ гэмт хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аэд өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Аээс гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, Ж.Аийн эзэмшлийн “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгслийн 05-02 БӨН улсын дугаар 1 ширхэг, уг тээврийн хэрэгслийн урд буферын 11 ширхэг хэлтэрхий зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Аийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н гомдолтой гэдгээ илэрхийлж байгаа тул шүүгдэгч Ж.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх үзэв.
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Аэд оногдуулах үндсэн ялыг 3 жил 6 сарын хорих ялаар тогтоох, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайыпаас шүүгдэгч Ж.Аэд мөн зүйл хэсгээр хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулах саналыг тус тус гаргасан нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилго, шүүгдэгч Ж.Аийн гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж шүүх үзсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Аэд оногдуулах хорих ялын хэмжээг 4 жил, 6 сараар тогтоож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Харин улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аэд хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ж.Аийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, маргаагүй хувийн байдлыг харгалзан, түүнд уг зүйл хэсгээр хорихоос өөр төрлийн ял оногдуулах шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С Б овогт Жарийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Аэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 (арав) жилийн хугацаагаар хасаж, 4 (дөрөв) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 (арав) жилийн хугацаагаар хасаж, 4 (дөрөв) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аэд оногдуулсан 4 (дөрөв) жил, 6 (зургаа) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь 4 (дөрөв) жил, 6 (зургаа) сар хорих ялыг эдэлж дууссаны дараа түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 (арав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг болон 3 (гурав) сар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аэд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүнийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Ж.А нь гэмт хэргийн хор уршигт 15.000.000 /арван таван сая/ төгрөг төлснийг дурдаж, түүнээс сэтгэцийн хор уршигт 26.864.900 /хорин зургаан сая найман зуун жаран дөрвөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нд, 649.256 /зургаан зуун дөчин есөн мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөг гаргуулж, Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын сангийн 10090020080 тоот дансанд төлүүлэхээр тус тус тогтоож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Ж.Аээс нэмж нэхэмжилсэн 838.000 /найман зуун гучин найман мянга/ төгрөг, бодит хохиролд нэхэмжилсэн 39.003.300 төгрөгийн үлдэх хэсэг 26.838.400 /хорин зургаан сая найман зуун гучин найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.Аээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүгдэгч Ж.А нь энэ гэмт хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аэд өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Аээс гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, Ж.Аийн эзэмшлийн “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгслийн 05-02 БӨН улсын дугаар 1 ширхэг, уг тээврийн хэрэгслийн урд буферын 11 ширхэг хэлтэрхий зэргийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б