| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 307/2025/0235/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/291 |
| Огноо | 2025-06-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | З.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0235/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С,
улсын яллагч К.Н,
шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000328 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт А-ын С, (РД:******* ), 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл *, эхнэр * хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, ** дугаар баг, ** байрны ** орц, ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,
2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.2, 126.2.4, 125.2 дахь хэсэгт тус тус зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд 2017 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр 3 жил хорих ял болгон хасаж, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ял,
2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгох ял тус тус шийтгүүлсэн байна.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан боловч согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 7 дугаар баг, захын арын зам дээр Тоёота Приус-11 загварын **-** УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.35 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч А.С нь Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа 2025 оны 4 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Захын арын зам дээр Приус-11 маркийн **-** УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1.35 хувийн согтолтой жолоодсон” гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Яллах дүгнэлтэд тусгасан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон болно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...Эрхээ хасуулсан жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байна.” гэх гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан гомдол, мэдээллийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цаг 25 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв (хавтаст хэргийн 6 дахь тал),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.35 хувийн үзүүлэлт илэрч А.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал),
Согтуурал шалгах багажийн баталгааны хуудас болон багажийн гэрэл зураг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),
Гэрч О.Т-ийн өгсөн: “...Би тус өдөр Дархан сумын нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан юм. Тэгээд 22 цагийн орчим Дархан сумын 7 дугаар баг захын арын зам дээр хяналт шалгалт хийж байхад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэл рүү саарал өнгийн Тоёота Приус-11 загварын тээврийн хэрэгсэл ороод ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч нь эрэгтэй хүн байсан ба би тухайн жолоочид хандан та бичиг баримтаа шалгуулна уу гэхэд тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гаргаж өгөөд жолооны үнэмлэхний хувьд байхгүй эрхээ хасуулсан гэдгээ хэлсэн. Үүний дараа би тухайн хүнийг цагдаа дээр дагуулан ирж согтуурал хэмжих багажаар үлээлгэж шалгахад 1.35 хувийн согтолттой гарж байсан. Жолоочийг регистрээр нь шалгахад А-ын С гэх хүн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),
А.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн орчимд өөрийн найз Г-ийн гэрт бид хоёр 2.5 литрийн савлагаатай пиво хувааж уусан. Ингээд ууж дуусаад гэртээ харих гэж байтал манай найз чиний машиныг унаад явчихна гэх мэтийн юм яриад байхаар нь би байгаа газраас нь холдуулаад өөр газар цоожилж үлдээгээд явъя гэж бодоод өөрийн **-** УАХ улсын дугаартай Тоёота Приус-11 загварын тээврийн хэрэгслийг унаад хөдөлсөн. Захын арын зам дээр явж байтал цагдаагийн алба хаагч зогсоож шалгасан. ... та бичиг баримтаа шалгуулна уу гэхэд би эрхээ хасуулсан гээд регистрийн дугаараар шалгуулсан. Дараа нь тэр цагдаа танаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байна та юу хэрэглэсэн бэ гэх асуухад би пиво уусан гэдгээ хэлсэн. Тэгээд намайг машинаас буулгаад цагдаа дээр авчираад үлээлгэж шалгахад 1.35 хувийн согтолттой гарч байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 22-25 дахь тал),
2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 37-40 дэх тал),
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 41-47 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 48-51 дэх тал),
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04/1242 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 52 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу дээр маргаж мэтгэлцэхгүй, эрүүгийн хариуцлага дээр хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч А.С тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгох бөгөөд шүүгдэгч А.С нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасуулж, 5400 нэгж буюу 5,400,000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн болох нь тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож үйлдсэн” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, уг үйлдлийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд эрүүлжүүлэн хориглосон үйлдэл хийгдсэн цаг хугацааг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хамааруулдаг онцлогтой бөгөөд шүүгдэгч А.С-ын хувьд 2025 оны 04 дүгээр сарын 23-ны шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор гэмт хэрэг төгссөнд тооцно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг:
Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч А.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас бусдад шууд учирсан хохирол, хор уршиг байхгүй учир шүүгдэгчээр гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч А.С-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд нь тохируулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна.
Шүүгдэгч нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, торгох ялаас 4,350,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 4,350,000 төгрөгийн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг өдрийн хорих ялаар тооцож нийт 290 хоногийг нэмж нэгтгэн нийт 1 жил 9 сар 6 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөр гаргуулах зүйлгүй байна. А.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Улсын яллагчаас 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Өмнө нь 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулаад торгуулаад төлж чадаагүй байдалтай байна. Мөн дахин 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан байгаа. Тиймээс шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан хорих ялын доод хэмжээ буюу 6 сарын хугацаагаар тогтоож өгнө үү гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч А.С-т Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч А.С-ын жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Х.Б-ийн төрсний гэрчилгээний хуулбар, С.Т-ын төрсний гэрчилгээний хуулбар, С.С-ийн төрсний гэрчилгээний хуулбар, С.А-ийн төрсний гэрчилгээний хуулбар, С.С төрсний гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 28-36 дахь тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Шүүх шүүгдэгч А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч А.С нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, торгох ялаас 1,050,000 төгрөгийг төлж барагдуулан, 4,350,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Түүнд оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялаас төлөгдөөгүй үлдсэн 4,350,000 төгрөгийн торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, 9 (ес) сар 6 (зургаа) хоногийн хорих ялаар сольж, нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн 1 (нэг) жил 9 (ес) сар 6 (зургаа) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол хорих ял эдэлж дууссан үеэс хугацааг тоолно” гэж зааснаар шүүгдэгч А.С-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан 2 жилийн хугацаа дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй юм.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.С-т энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт А-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялаас төлөгдөөгүй үлдсэн 4,350,000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцон 9 (ес) сар 6 (зургаа) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 (нэг) жил 9 (ес) сар 6 (зургаа) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-т оногдуулсан 1 (нэг) жил 9 (ес) сар 6 (зургаа) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан 2 жилийн хугацаа дууссан үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН