| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 307/2025/0254/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/292 |
| Огноо | 2025-06-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0254/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С,
улсын Г.У
шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000287 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж овогт Т-ын Т (РД:ХХ*******), 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Дархан-Уул аймаг, *** суманд төрсөн, ** настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эцэг, эх * дүүгийн хамт Сэлэнгэ аймаг, **** сумын ** дүгээр баг, **** хөдөө тоотод оршин суух бүртгэлтэй, урьд
Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар 7 жил 6 сарын хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан 7 жил 6 сарын хорих ял дээр 3 жил 10 хоногийн хорих ялын заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоосон,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т нь согтуурсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 18-аас 19-ний шилжих шөнө 03 цагийн үед Дархан-Уул аймаг, Дархан сум ** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өсөх зочид буудалд хохирогч Ц.Ш-ыг “согтчихоод өөр рүү нь дайрсан” гэх шалтгааны улмаас нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хурал, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Т.Т нь согтуурсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 19-ний шилжих шөнө 03 цагийн үед Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өсөх зочид буудлын 204 тоот өрөөнд хохирогч Ц.Ш-ыг “согтчихоод хүмүүстэй маргалдлаа, үгэнд орохгүй өөр рүү нь дайрсан” гэх шалтгааны улмаас нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хурал, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “...Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах Өсөх зочид буудалд Т нь Ц.Ш-ыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Ц.Ш-ыг хохирогчоор тогтоох тухай тогтоол (хавтаст хэргийн 3 дахь тал),
Хохирогч Ц.Ш-ын өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би найз охинтойгоо хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Дарханд орж ирсэн. Тэгээд би ах Б-тэй утсаар яриад Сатурн бааранд 22 цагийн үед ороод 0.5 литр пиво захиалж уусан. Бааранд байхад Г, Б, Г, Т.Т 4 сууж байсан. Тэгээд баарнаас гараад 00:00 цагийн үед гараад Өсөх нэртэй буудалд орсон. Буудалд ороод 0.75 литрийн хэмжээтэй Хараа архи хувааж уусан. Тэгээд архи уугаад сууж байхад Г, Г нар хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгээд цагдаа дуудсан чинь ирээд аваад явсан. Тэгээд буудалдаа сууж байхад Т.Т буудалд том савтай пиво барьсан орж ирсэн. Тэгээд пиво хувааж уугаад сууж байсан чинь Т.Т миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд би доошоо тонгойсон чинь миний толгой руу цохисон. Тэгээд би гараад цагдаа дуудсан. Тэгээд би эмнэлэг рүү очиж үзүүлсэн, ...одоогоор ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй байгаа учраас гаднаас харахад муруй харагдаж байгаа. Миний хувьд урьдчилсан байдлаар хамраа тэгшлүүлэх талаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг чих хамар хоолойн хувийн эмнэлгүүдээс холбогдож асууж судлахад ойролцоогоор 1,500,000 төгрөгийн тарифтай байсан. Т.Т-ийн зүгээс миний эмчилгээний төлбөр болгож эхний ээлжид 700,000 төгрөгийг над руу 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 800,000 төгрөгийг надруу ойрын хэд хоногт шилжүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Тэгээд 1,500,000 төгрөг буюу хамраа тэгшлүүлэх эмчилгээний зардал бүрдэхээр нь би Улаанбаатар хот руу явж хамраа эмчлүүлэхээр төлөвлөж байна. одоогоор ямар нэгэн эмчилгээ хийгдээгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад гаргаж өгөх баримт байхгүй. ... Надад сэтгэцэд учирсан хор хохирол байхгүй. Миний хувьд гэмтсэн хамраа эмчлүүлчихвэл өөр гомдол санал хохирол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5, 37 дахь тал),
Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаан хаан тосгонд Ерөө голын эрэг дээр танил найзууд Б. Г. Г нартай цэргийн баяр тэмдэглэж 2-3 лааз пиво ууж байгаад орой 19 цагийн үед Дархан-Уул аймагт очиж бааранд орохоор шийдээд 21 цагт Дархан-Уул аймагт орж ирсэн. Дарханд ирээд Үйлчилгээний төв дээр байрлах "Өсөх" нэртэй буудалд 3 ортой өрөө авчихаад ойролцоо байрлах "Сатурн" бааранд орж хүний нэг нэг шил пиво уусан. Б-ийн хамаатны дүү Ш гэх залуу, найз хүүхэнтэйгээ ирсэн юм. Би хэсэг байж байгаад 00 цагийн үед тэд нараас салаад гадуур өөр багын найзуудтайгаа уулзаж явж байгаад буцаад шөнийн 02 цагийн үед Өсөх нэртэй буудалд ирэхэд Б , түүний дүү Ш болон найз хүүхэн нь байсан. Тэр 3 дундаа 1 шил архи тавьчихсан уугаад сууж байсан. Би ч мөн хамт суугаад гаднаас авчирсан пивоо уугаад суусан. Хэсэг сууж байтал Б, дүүгийнх нь найз эмэгтэй нойр нь хүрээд унтахаар хэвтсэн. Тэгээд Ш бид 2 үлдээд 1 цаг орчим архи пиво ууж сууцгаасан бөгөөд хажуу өрөөний хүмүүс хаалга үүд онголзуулаад байсан бөгөөд Ш тэд нартай маргалдахаар нь би болиулсан. Тэгтэл Ц.Ш сүүлдээ согтчихоод над руу дайраад "Хоёулаа гарч үзье" гээд өдөөд байсан. Тэгэхээр нь миний дургүй хүрээд баруун гараа атгаж байгаад Ш-ын зүүн шанаа хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Тэгтэл түүний хамраас нь цус гарсан бөгөөд Ц.Ш "больё больё" гээд согтуурхахаа больсон. Тэгтэл унтаж байсан Б болон Ш ын найз хүүхэн хоёр сэрсэн. Тухайн үед цаг бараг 03 цаг болж байсан. Тэгтэл Ш цагдаад дуудлага өгчихсөн байсан бөгөөд цагдаа нар ирээд бид нарыг дагуулаад төв цагдаа дээр авчирсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 286 дугаартай “...Ц.Ш-н биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 23 дахь тал),
Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-52 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 53-57 дахь тал),
Гэрч Ж.Ц-гийн өгсөн: “...Миний төрсөн дүү Ж.Б нь Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өсөх нэртэй буудлыг ажиллуулдаг юм. Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт суусан бөгөөд хааяа дүү Ж.Б-г завгүй үед нь Өсөх зочид буудалд ресепшнээр ажиллаж өгдөг юм. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу цэргийн баяраар дүү Ж.Б Улаанбаатар хот руу явахаар болоод намайг буудал дээр ажиллаад өгөөч гэхээр нь би Шарын гол сумаас ирж Өсөх буудалд нь ресепшнээр ажилласан юм. Өсөх буудал нь 6 өрөөтэй бөгөөд тухайн өдөр хүн багатай байсан. Орой 21 цагийн үед 4 эрэгтэй, 1 эмэгтэй хүн буудалд үйлчлүүлэхээр орж ирсэн бөгөөд Т гэх залуу бичиг баримтаа үзүүлж бүртгүүлээд 2 давхрын мухрын 204 тоот 3 ортой өрөөнд 90.000 төгрөг төлж орсон. Тэгээд тэд нар өрөөндөө ороод хэсэг байж байгаад бүгдээрээ гарч явж байгаад шөнийн 02 цагийн үед эргээд өрөөндөө орцгоосон. Тэгээд өрөөндөө орсны дараа хэсэг шуугилдаад чанга чанга юм ярьцгаагаад байсан бөгөөд би очоод "Одоо унтаж амарцгаагаарай" гэж хэлэхэд "Удахгүй унтлаа эгчээ" гээд байсан бөгөөд бүгдээрээ халамцуу байсан, удалгүй өрөөнийхөө гэрлийг унтраахаар нь унтчихлаа гэж бодсон бөгөөд би ч бас өрөөндөө ороод унтсан. Тэгтэл үүрээр 4 цагийн үед Т гэх залуутай хамт нэг өрөөнд орсон шар царайтай туранхай залуу өрөөнөөсөө гарч ирээд шатаар доошоо буусан бөгөөд би түүнд хандан "Миний дүү чи гарах гэж байгаа юм уу" гэхэд "Би цагдаа дуудах гэж байна" гээд байсан. Тэгснээ цагдаа дуудчихлаа гээд эргэж орж ирээд 204 тоот өрөө рүүгээ буцаад орох гэтэл дотроос нь цоожилчихсон байсан. Тэгтэл тэр шар царайтай залуу буудлын өрөөнийхөө хаалгыг чанга чанга нүдээд "Хөөе хаалга онгойлго" гээд орилоод байсан. Тэгэхээр нь би очоод "Миний дүү наад хаалга битгий эвдчих" гэж хэлээд байж байтал хаалгыг дотроос нь нөгөө Т.Т гэх залуу онгойлгосон бөгөөд шар царайтай туранхай залууд хандан "Чи ямар ядаргаатай пизда вэ" гэж хэлээд заамдаад өрөө рүүгээ түлхээд оруулсан. Тэгэхээр нь би "Хүүе та нар чинь яаж байна" гээд салгах санаатай дундуур нь ортол Т.Т гэх залуу нь нөгөө шар царайтай залуугийн нүүр лүү нь гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгтэл нөгөө залуу нь нүүрээ дараад тонгойход шалан дээр тэр залуугийн хамраас нь цус гарчихсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал), зэрэг баримтаар тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Т нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байдаг.
Уг гэмт хэргийн объектив тал нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байх ба энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирол учруулсан гэмт үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана.
Хэргийн үйл баримтуудаар буюу Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 286 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогчийн мэдүүлэг зэргээр хохирогч Ц.Ш-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна. Уг хөнгөн хохирол нь шүүгдэгч Т.Т-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.Т нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч Ц.Ш-ын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Т “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Т.Т нь хохирогч Ц.Ш-ын эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 1,500,000 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд, хохирогч Ц.Ш нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй байна.
Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 158,850 төгрөгийг шүүгдэгч Т.Т-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: Шүүгдэгч Т.Т нь согтуурсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 18-аас 19-ний шилжих шөнө 03 цагийн үед Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өсөх зочид буудалд хохирогч Ц.Ш-ыг “согтчихоод өөр рүү нь дайрсан” гэх шалтгааны улмаас нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хурал, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч Ц.Ш-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч 1,500,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь төлж барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 158,850 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай байна. Шүүгдэгч Т.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа байдал хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч Т.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цаашид хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч Т.Т-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.Т-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 12-17 дахь тал), болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Т-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Т-ын Т-ийг хүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаа зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Т.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 158,850 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН