Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2022/00774

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2022/00774

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт байрлах, ******* ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах,******* ТБАГУТҮГ т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2.572.500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь Онцгой байдлын ерөнхий газар ТБАГУТҮГ -т холбогдуулж гэрээний үүрэгт 2.572.500 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* ХХК нь 2016 онд*******тай хамтарч ажиллаж байсан. Тухайн үедээ Онцгой байдлын ерөнхий газрын төв байранд нэг давхарт шилэн хана, 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 14,5 мкв шилэн хаалга хийж өгч байдаг. Талууд анх бичгээр гэрээг байгуулаагүй, амаар тохиролцоод хийсэн байдаг. Энэ хоёр ажлын нийт төлбөр 6.292.700 төгрөг болсон. Хийсэн ажлыг тухайн үед Онцгой байдлын ерөнхий газрын барилга хариуцсан албаны дарга талийгаач Рэнцэндоржийн Болдбаатар баталгаажуулж тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэн. Энэхүү ажлын төлбөрт 3.720.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* ХХК-ийн данс руу шилжүүлж байсан. Үлдэгдэл төлбөр 2.572.500 төгрөгийг одоо болтол шилжүүлээгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийг хариуцагч байгууллагаас 2016 оноос хойш маш олон удаа нэхэхэд манайх мэдэж байгаа, төлнө гэдэг байдлаар хариу хэлдэг байсан. Хамгийн сүүлийн байдлаар 2021 оны 12 сард манайхаас тооцоо нийлэх гэхэд энэ төлбөр манайхтай хамааралгүй юм байна, иймд манайх төлөхгүй гэж хэлсэн. Мөн Р.Болдбаатар гэдэг хүнтэй хувийн тооцоотой хариуцагчаа буруу тодорхойлсон гэдэг зүйл хэлж байгаа нь үндэслэлгүй. Гэрч мэдүүлэхдээ тухайн гүйцэтгэсэн ажлыг Онцгой байдлын ерөнхий газрын барилгын нэг давхарт шилэн хана, хаалга хийсэн. Бас хоёр давхарт хийсэн гэдгийг мэдүүлсэн.

Хариуцагчийн зүгээс бичгээр хийсэн гэрээгүй, төрийн байгууллага тул гэрээг заавал бичгээр байгуулдаг, мөнгийг шилжүүлдэг гэж тайлбарлаж байна. Гэтэл гэрчээс мэдүүлэхдээ манайхаас загвар гэрээ өгснөөр байгуулдаг гэдгийг хэлсэн. Мөн өмнөх үеийн дарга нартай холбоотой асуудлыг мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэ хугацаанд хариуцагчаас төлбөр төлөхийг удаа дараа амаар шаардаж байсан гэдгийг гэрч мэдүүлсэн. Манай зүгээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээд гэж үзэж байгаа тул хуулийн энэ заалтаар нэхэмжилж байгаа болно. Гэрээний дагуу шаардахад хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан ч үндэслэлгүй хөрөнгөжсөнөөр шаардахад хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил тул хугацаа хэтрээгүй. Иймд хариуцагчаас 2.572.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна. Үүнд: ******* ХХК нь*******тай 2016 оны 02 дугаар сард харилцан тохиролцсны үндсэн дээр шилэн хана, хаалгыг 6.292.500 төгрөгийн өртөгтэйгээр хийхээр тохиролцсон, 3.720.000 төгрөгийг төлсөн, одоо 2.572.500 төгрөгийн үлдэгдэлтэй гэж нэхэмжлэл гаргасан. Онцгой байдлын ерөнхий газар нь төрийн байгууллага буюу төсвийн байгууллага бөгөөд Монгол Улсын төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох агентлагийн эрх зүйн байдлыг зохицуулсан хуулиудын дагуу үйл ажиллагаа явагддаг. Үүний дагуу аливаа иргэн, аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллах, бараа ажил үйлчилгээ худалдан авах тохиолдолд төсөв хөрөнгөө захиран зарцуулахдаа гэрээний үндсэн дээр ажил үйлчилгээ гүйцэтгэдэг. Нягтлан бодох бүртгэлийн дагуу тайлагнаж, төрийн сангаас мөнгийг гаргадаг. Гэтэл энэ хэрэгт авагдсан баримтуудаас харахад*******тай холбоотой ямар ч баримт байхгүй байна. Хэрэгт авагдсан баримтад тооцооны баримтын жагсаалт, нэхэмжлэх гэсэн баримтууд зөвхөн нэхэмжлэгч талын баримтууд байдаг. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн тооцооны баримтын жагсаалт дээр Рэнцэнжамцын Болдбаатар гэж тухайн үед манай байгууллагын санхүү хөрөнгө оруулалтын газарт албаны даргаар ажиллаж байсан хүний гарын үсгийн баталгааны тэмдэг байгаа боловч энэ хүн байгууллагыг төлөөлөхгүй. Онцгой байдлын ерөнхий газар нь Засгийн газрын тохируулагч агентлагийн хувьд агентлагийг зөвхөн агентлагийн дарга төлөөлдөг. Мөн төсөв хөрөнгийг хуульд заасны дагуу захиран зарцуулах эрх зөвхөн агентлагийн даргад байдаг.

Хэрэв Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу гэрээ байгуулан ажиллаж гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үзсэн бол тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан ч тус шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 5 жил гаруй хуагцааанд нэхэмжлээгүй нь гэрээний үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тооцооны баримтын жагсаалт, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тооцооны баримтын жагсаалт, 2016 оны 3 дугаар сарын 01,15-ны өдрийн нэхэмжлэхүүд, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Ч.Отгончимэг ажилладаг тухай тодорхойлолт, Голомт банкны дансны хуулга зэргийг ирүүлжээ. /хх / 3-11, 26, 36, 50, 60/

Хариуцагчаас нотлох баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт зэргийг ирүүлжээ. /хх 18, 59/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч Ч.Отгончимэгийн мэдүүлэг, хариуцагч талын хүсэлтээр гэрч Т.Галбадрахын мэдүүлэг, Голомт банкнаас шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн хариу, шүүхийн санаачилгаар гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэргийг бүрдүүлжээ. /38-48, 63-64/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Онцгой байдлын ерөнхий газар ТБАГУТҮГ-т холбогдуулж 2.572.500 төгрөг гаргуулахаар шаардсан. Үүнд: 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр амаар харилцан тохиролцож шилэн хана, хаалганы ажлыг хийж гүйцэтгэсэн, ажлын хөлсийг тухайн үед хариуцсан ажилтан баталгаажуулсан, ажлын хөлсний үлдэгдлийг төлөөгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үүрэг хожим дуусгавар болсон улмаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлав.

2.Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан. Үүнд: талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, гэрээг бичгээр байгуулаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, түүнчлэн тооцооны баримтад зурсан талийгаач Р.Болдбаатар байгууллагыг төлөөлөх эрхгүй гэж тайлбарласан.

3.Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Нэхэмжлэгчээс баримтаар ирүүлсэн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тооцооны баримтад 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шилэн хана, хаалга- үнэ 3.403.750 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр шилэн хана, хаалга 2.888.750 төгрөг, нийт 6.292.500 төгрөг гэж тэмдэглэн, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ******* ХХК нь Онцгой байдлын ерөнхий газраас 6.292.500 төгрөгийн авлагатай гарсныг баталгаажуулжээ. Энэ баримтад төлөгч байгууллагыг төлөөлж Рэнцэндоржийн Болдбаатар хэмээн өөрийн тэмдгээ дарж, гарын үсгээр баталгаажуулжээ. /хх 8/

Энэ баримтад тусгагдсан Рэнцэндоржийн Болдбаатар гэдэг хүн тухайн үедээ Онцгой байдлын ерөнхий газрын барилга орон сууц хариуцсан албаны даргаар ажиллаж байгаад 2017 онд нас барсан үйл баримтад талууд маргахгүй байна.

3.2.Хэрэгт баримтаар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн Голомт банкны дансанд ОБЕГ, шилэн хана утгаар 3.000.000 төгрөг, мөн өдрөө дахин 720.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн. /хх 60, 64 /

4.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гүйцэтгэгч нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээхээр тус тус заажээ.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэж, хуульд заагаагүй бол хэлцлийг амаар байгуулж болно гэж тус тус заасан тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хариуцагч гэрээг бичгээр байгуулаагүй, төсвийн байгууллага тул гэрээгүйгээр ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх боломжгүй гэж тайлбарлах боловч Иргэний хуульд энэ төрлийн харилцааг заавал бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хуулиар тавиагүй тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэн алин нь хүсэл зоригоо илэрхийлснээр байгуулагдсанд тооцно.

Түүнчлэн гэрч Ч.Отгончимэгээс Онцгой байдлын ерөнхий газрын үүдний харуулын хэсэг болон хоёр давхарт өргөтгөл хэсэгт шилэн хана хаалга хийсэн гэж, Т.Галбадрах 2016 оноос өмнө 2-3 удаа ажил хийж байсан, 3 давхарт шилэн хаалга, нэг давхарт шилэн хаалга хийж байсан, 2016 оноос хойш ажил гүйцэтгүүлээгүй, 2016-2017 онд засвар хийж байгаа компаниудтай гэрээ байгуулах ажлыг өмнөх дарга Болдбаатар хариуцдаг байсан гэж тус тус мэдүүлсэн, хэрэгт авагдсан дээрх тооцооны баримтад тусгагдсан Рэнцэндоржийн Болдбаатар тус байгууллагын барилга хариуцсан даргаар ажиллаж байсан гэдэгт маргаагүй тул шүүх гэрээ байгуулагдсан, улмаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар үр дүнг хүлээлгэн өгсөн, ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж үзнэ. /хх 39-48/

Үүнээс гадна хариуцагч шүүх хуралдаанд гэрээний харилцаа үүсээгүй хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлах боловч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа ажлыг захиалагчийн шаардлагад нийцүүлэн хүлээлгэн өгөх ёстой чанарын шаардлага хангаагүй гүйцэтгэж, гэрээний үүргээ хангалтгүй хэрэгжүүлснээс үүссэн гэж зөрүүтэйгээр буюу ажлын үр дүнгийн доголдлын талаар дурдсан тул дээрх татгалзал үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. /хх 20/

5.Мөн хэргийн 8 дах талд авагдсан тооцооны баримтад албаны дарга зурсан, албаны дарга байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд биш гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан тул хариуцагчийн төлөөлөх эрхгүй этгээд тул шаардах эрхгүй, гэрээ байгуулагдаагүй тухай татгалзал үндэслэлгүй.

Иймд хэрэгт авагдсан баримтаар 6.292.500 төгрөг төлөхөөс 3.720.000 төгрөг төлөгдсөн тул хариуцагч ажлын хөлсний үлдэгдэл 2.572.500 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ.

6.Гэвч Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх-аар, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан.

Нэхэмжлэгч тус шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан, шүүхэд энэ асуудлаар урьд хандаж байгаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон, хамгийн сүүлд төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлснөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл 4 жил 11 сар 20 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд хариуцагчаас төлбөр төлөхийг удаа дараа шаардаж байсан, тооцоо нийлсэн хэмээн нэхэмжлэгч тайлбарлах боловч хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 31-нд, 2021 оны 12 дугаар сарын 10-нд тус тус тооцоо нийлсэн тухай баримтад хариуцагч хүлээн зөвшөөрч баталгаажуулаагүй, зөвхөн нэг талын баримт байх тул Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэж үзэх нөхцөл баримтаар тогтоогдохгүй байна. /хх 6,10/

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан, хариуцагч ажлын хөлс төлөхөөс татгалзаж байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үүрэг хожим дуусгавар болсон улмаар хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлав.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж, харин мөн зүйлийн 492.2-т дараах тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж заан, түүнд хамаарах тохиолдлуудыг нэрлэн зааснаас 492.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол буцаан шаардаж болохгүй байхаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч нэгэнт хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээр шаардах эрхээ алдсан явдал түүнийг хуулийн дээрх зохицуулалтын дагуу үндэслэлгүй хөрөнгөжснөөр шаардах эрхийг үүсгэхгүй. Иймд энэ талаарх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан Онцгой байдлын ерөнхий газар ТБАГУТҮГ-аас гэрээний үүрэгт 2.572.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ