| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2022/0104/З |
| Дугаар | 109/ШШ2022/0108 |
| Огноо | 2022-12-13 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 109/ШШ2022/0108
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Б.Аийн нэхэмжлэлтэй, Архангай аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох “Архангай аймгийн Цагдаагийн газарт 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2003 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд дадлагжих ажилтанаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Цагдаагийн газар нь 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай энгийнээр томилсон тушаалыг дадлагжих ажилтанаар томилох болгон өөрчлөхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “... иргэн Б.Аийг 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Дэмжлэг үзүүлэх тасагт жолоочоор томилсон 85 дугаартай тушаалыг гаргахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1., 70.2. дахь хэсэгт заасан Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор 1 жил хүртэл хугацаагаар туршилтын хугацаагаар ажиллуулж болно. Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтаар томилж гэрээ байгуулна.
Дадлагажих ажилтан туршилтынг хугацаанд гүйцэтгэх чиг үүрэг, нийцсэн энэ хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг орхигдуулж гаргасан болохыг хүлээн зөвшөөрч байна.
Иргэн Д.Аийг 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн хэлтэст дадлагажих ажилтны үүргийг гүйцэтгэн албан ажлаар гэмт хэргийн дуудлага, мэдээлэл, нийтийн хэв журам сахиулах үйл ажиллагаанд дадлагажих ажилтны үүргийг гүйцэтгэн ажиллаж байсныг тухайн үеийн хамт ажиллаж байсан тасгийн хамт олон болон нягтлан бодогч хошууч Д.Б, нярав цагдаа ахлах ахлагч О.Нв нараас асууж тодруулах боломжтой юм.
Иймд цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1., 70.2. дахь хэсэгт заасныг үндэслэн Б.Аийг цагдаагийн дадлагажих ажилтан гэж үзэх боломжтой юм.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Тус шүүх иргэн Б.Аийн Архангай аймгийн Цагдаагийн газарт 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2003 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд дадлагжих ажилтанаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Цагдаагийн газар нь 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай энгийнээр томилсон тушаалыг дадлагжих ажилтанаар томилох болгон өөрчлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулжээ.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Архангай аймаг дхь Цагдаагийн газарт холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Маргааны үйл баримтаас дүгнэхэд:
3. Иргэн Б.А нь Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст 2001 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр жолоочоор ажилд орох тухай өргөдөл гаргажээ. /хх-ийн 34/
4. Архангай Аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаар “Ажилд томилох тухай” 85 дугаар даргын тушаалаар тус цагдаагийн хэлтэст ажилд орохыг хүсч өргөдөл, материал гаргасан Баян-Өндөр овогтой Аийн 2001 онын 10 дугаар сарын 25-ны өдрөөс цагдаагийн шуурхай албаны жолоочоор энгийнээр томилж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахыг Б.Ад үүрэг болгожээ. /хх-ийн 47/
5. Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн 2003 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Цагдаагийн бүрэлдэхүүнд орж цол шагнах тухай” 50 дугаар даргын тушаалаар Б.Аийг цагдаагийн дэд ахлагч цолоор шагнаж, цагдаа жолоочоор ажиллуулж, .. Б.Аийг сурган дадлагжуулахыг хэлтсийн даргын БХСАЗ-ийн ажил эрхэлсэн туслах, цагдаагийн дэд хурандаа Б.Дд даалгажээ. /хх-ийн 48/
6. Иргэн Б.А нь Архангай аймаг дахь Цагдаагийн газрын 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай тушаалаар цагдаагийн шуурхай албаны жолоочоор энгийнээр томилсон тушаалыг өөрчлөх талаар Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргаж, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 29/5024 дугаар албан бичгээр “2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн туршилтын хугацаагаар энгийнээр томилогдсон тушаалыг дадлагажигч ажилтаар томилсон байдлаар нөхөн тушаал гаргах хүсэлт гаргасан бөгөөд цагдаагийн байгууллага нь өмнө нь гарсан тушаал дээр нөхөн тушаал гаргах боломжгүй байна.” гэх хариу хүргүүлжээ. /хх-ийн 5/
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1. дэх хэсгийн 54.1.7. дахь заалтыг зөрчөөгүй, эрх зүйн үр дагавар нь дуусгавар болоогүй байх тул иргэн Б.А нь тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
8. Түүнчлэн захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, уг эрхээ хамгаалуулах захиргааны байгууллагаас шаардах эрх нь нээлттэй байх тул нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.
9. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнчлэн ямар захиргааны акт, ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгч Б.Аийн эрхийг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчсөн болохыг тодруулахаар 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хянаад, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 109/ШЗ2022/0413 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсан.
10. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, зөрчигдсөн эрх, түүнчлэн ямар захиргааны акт, ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэхийг тодруулсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ тодруулж ирүүлжээ.
11. Улмаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж ирүүлсэн тул тус шүүх нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 109/ШЗ/2022/0419 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн болно.
12. Түүнчлэн нэхэмжлэгч нь Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргаж, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 29/5024 дугаар албан бичгээр хариу авсан нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1. дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1.-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол.” гэж заасан хуулийн заалтад нийцсэн байна.
13. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч Б.А нь Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргасан, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзнэ.
14. Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлйин 70.1. дэх хэсэгт “Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор 1 жил хүртэл туршилтын хугацаанд ажиллуулж болно.”, 70.2. дахь хэсэгт “Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтнаар томилж гэрээ байгуулна. Дадлагажих ажилтан туршилтын хугацаанд гүйцэтгэх чиг үүрэгт нийцсэн энэ хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, үүрэг хүлээнэ.” гэж заасан.
15. Б.Аийн 2002 оны жилийн эцсийн тайлан мэдээнд ... 2002 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 08-60 АРА улсын дугаартай автомшинаар 13.000 км явж үүрэг гүйцэтгэсэн. .. 0009 АРА улсын дугаартай автомашиныг шинээр авч 29.000 км явж үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд төрийн тусгай хамгаалалтад хөтөч машинаар 6 удаа явж, хөдөө орон нутагт 47 удаа, гэмт хэргийн дуудлага болон хэрэг шалгах ажлаар явсан. Баяр наадмын хамгаалалтад ажилласан гэх, /хх-ийн 41/
16. Гэрч Д.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ... иргэн Б.А нь Архангай аймаг дахь цагдаагийн хэлтэст 2001 онд анх дадлагажих ажилтнаар ажилд томилогдсон. Сарыг нь сайн санахгүй байна. Намар анх машин янзлаад орсон гэх, /хх-ийн 90-91/
17. Гэрч О.Нын шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “... Тухайн үед жолооч дадлагажигчаар ажилд томилогдсон. Дадлагажих ажилтанаар 2001 оноос 2003 оныг хүртэл хугацаанд ажиллаж байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг зэргээр иргэн Б.А нь Архангай аймаг дахь Цагдаагийн газарт 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2003 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсан нь тогтоогдож байна.
18. Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7. дахь хэсэгт “Туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцно.” гэж заасан.
19. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 54 дүгээр “Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам” тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.4.-т “Төрийн тусгай албан хаагчийн эрх зүйн байдлыг тухайлан зохицуулсан бусад хууль тогтоомжид туршилтын хугацаагаар ажиллуулах асуудлыг нарийвчлан зохицуулаагүй бол энэхүү журмыг баримтална.”, 7.1.-т “Туршилтаар ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.” гэж заажээ.
20. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... иргэн Б.Аийг 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Дэмжлэг үзүүлэх тасагт жолоочоор томилсон 85 дугаартай тушаалыг гаргахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1., 70.2. дахь хэсэгт заасан Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор 1 жил хүртэл хугацаагаар туршилтын хугацаагаар ажиллуулж болно. Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтаар томилж гэрээ байгуулна. Дадлагажих ажилтан туршилтынг хугацаанд гүйцэтгэх чиг үүрэг, нийцсэн энэ хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг орхигдуулж гаргасан болохыг хүлээн зөвшөөрч байна. ... Иймд цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1., 70.2. дахь хэсэгт заасныг үндэслэн Б.Аийг цагдаагийн дадлагажих ажилтан гэж үзэх боломжтой юм.” гэжээ.
21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, 28 дугаар зүйлийн 28.2.2.-т “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх”, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.
22. Иймд хариуцагч Архангай аймаг дахь Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь иргэн Б.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
23.Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1., 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.,70.2., 70.7. дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч Архангай аймаг дахь Цагдаагийн газар нь нэхэмжлэгч Б.Аийн “Архангай аймгийн Цагдаагийн газарт 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2003 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд дадлагжих ажилтанаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Цагдаагийн газар нь 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай энгийнээр томилсон тушаалыг дадлагжих ажилтанаар томилох болгон өөрчлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Аийн нэхэмжлэлтэй, Архангай аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Архангай аймаг дахь Цагдааагийн газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгосугай.
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА