Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/102

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс,

Улсын яллагч: Э.Гантулга.

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч, Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******./*******регистрийн дугаартай /

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр архидан согтуурсан үедээ өөрийн салсан эхнэр *******ын эрх чөлөөнд халдаж биед “/Хөнгөн” зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Яллах нотлох баримт:

Шүүгдэгч Э.Алтанхундагын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

.... Намайг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 05 дугаар сарын 12 ны өдөр архидан согтуурсан үедээ өөрийн салсан эхнэр *******ын эрх чөлөөнд халдаж биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж сэжиглэн шалгаж байгааг ойлгож байна. Энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.

Би *******тай 2007 онд танилцан гэр бүлийн дотно харилцаатай болсон. 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүү А.Содномдорж төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Ингээд амьдарч байгаад 2015 оны 8 дугаар сараас эхлэн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон ч бид байнга холбоотой уулзаж, ярьж байсан.

2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим би *******ын 88960421 дугаарын утас руу өөрийнхөө 8838869 дугаарын утаснаас “уулзъя " гэсэн мессеж явуулсан. Хэсэг хугацааны дараа ******* надад мессеж бичсэн бөгөөд ХААН банкны дэргэд хүрээд ир гэхээр нь өөрийн эзэмшлийн “верна аксент” маркийн 92-69 БНХ улсын улсын дугаартай автомашиныг жолоодож явж байсан бөгөөд би Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвгэрт байх 3 шар байрны дэргэд очсон. Тэнд уулзаж ярилцаж байгаад бид маргалдсан. Би түүнд буцаад хамт амьдрах талаар хэлэхэд тэр зөвшөөрөөгүй, би түүний толгойн тус газар 2 удаа гараараа цохисон. Тэрээр толгойгоо гараараа хамгаалсан. Ингээд тэр над руу орилж, загнаад байхаар нь би түүнд “ би үхлээ “ гэж хэлээд машинаа асаагаад Баянхонгор сумын “Түйн” голын гүүрээр гараад зүүн гар тийшээ хэсэг явж байгаад зогссон. *******ыг машиндаа үлдээгээд би “Номгон” уулан дээр гараад баахан орилж байгаад тайвширч буцаад машин руугаа ирэхэд, ******* машинд сууж байсан. Түүнтэй баахан ярьж хэсэг уйлж байгаад *******ыг гэрт нь хүргэж өгсөн.

... Би тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин өмнө өдөр нь шөнийн 03 цаг хүртэл ажлынхаа хүмүүстэй архи уусан, архины үнэр гараагүй байсан байх.

... Би түүнд амьдралаа бодоод би чамтай эргэж сууя гэж байнга гуйх юм гэхэд тэр “ чамтай амьдрах ямар ч хүсэл байхгүй, чи зайл “ гэсэн, мөн тэр чамайг би найз замын цагдаа н.Галбадрахад чинь хэлээд бариулна шүү гэж хэлэхээр нь би мөрөөрөө ажлаа хийж байгаа хүнд битгий гай бол гэж хэлсэн, ингээд миний уур хүрээд түүнийг цохисон нь үнэн. Бид урьд өмнө нь маргалдаж муудалцаж байсан ч түүнийг зодож байгаагүй.

...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, энэ дүгнэлттэй холбогдуулан гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй, харин дээрх гэмтэл нь миний үйлдлээс болоод учирсан гэмтэл. Би хайртай эмэгтэйгээ зодсондоо маш их харамсаж байна, *******аас уучлалт гуйж бид эвлэрсэн...гэх мэдүүлэг. /хх-ийн 58-60, 66/,

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

Хохирогч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

...Би *******тай 2006 онд танилцсан, 2011 оноос эхлэн бид дотно харилцаа холбоотой болж 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүү А.Содномдоржийг төрүүлэн хуримаа хийсэн. 2015 оны 09 дүгээр сараас эхлэн бид тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд тусдаа амьдрах болсон нь ******* архи ууж мөрийтэй тоглоом тоглосон, мөн гэр орныхоо хамаг эд зүйл буюу мөнгөн аяга, машин зэрэг зүйлээ барьцаалан зээлдүүлэх газар тавиад үүнээс болоод бид маргалдаж салсан.

Салсан цагаасаа эхлээд ******* намайг байнгын дарамтад оруулж, утасдаж, мессежээр заналхийлэн, хойноос мөрдөж мөшгиж, хардаж сэрдэн ажил төрөл хийлгэхгүй, байнгын сэтгэлийн айдас түгшүүр дарамтад байдаг.

...Тэр үйлдлээ гаргахдаа ихэвчлэн согтуу байдаг, байнга архи уудаг, ерөнхийдөө архины хамааралтай болсон. Хамгийн сүүлд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим над руу залгаад “ уулзъя, би хөдөө явах гэж байна, трактор руугаа явах гэж байна “ гэхээр нь би “ ажлаасаа гараад явж байна, “ гэж хэлсэн. “Начин” дэлгүүрт орж худалдаа хийгээд буцаад гарч ирэхэд ******* өөрийнхөө “аксент” маркийн 92-69 БНХ улсын дугаартай автомашинтай миний өмнөөс ирж яваа харагдсан. Тэгээд намайг машиндаа суулгаад 3 шар байрны дэргэд зогссон, тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд би түүнд " яагаад архи уусан юм, дандаа архи ууж байх юм, найз руу чинь залгаад чамайг ав гээд хэлчихье “ гээд замын цагдаагийн тасагт зохицуулагч ажилтай н.Галбадрах гэдэг залуугийн 88447285 гэсэн утас руу өөрийнхөө 88960421 дугаарын утаснаас залгаад “ танай найз ******* 3 шарын дэргэд машинтай согтуу явж байна, ирээд авчих“ гэж хэлэхэд тэр залуу “ хаана байгаа юм бэ “ гэхээр нь би “Баян-Ойт” сургуулийн дэргэдэх 3 шар байрны зүүн талд байна” гэж байгаа газраа тодорхой зааж өгсөн.

...******* уурлан “ чи намайг мөрдөнд өгөх гэлээ “ гэснээ миний толгой руу 4-5 удаа цохисон. Тэгснээ ингэж амьдрахаар үхнэ, чамайг ч ална гэж хэлээд машинаа асаасан, миний толгойд хэд хэдэн удаа цохиод миний хамаг бие хачин болоод гар хөл татаж эхэлсэн, би түүнийг машинаа асаахаар нь эмнэлэг хүргээд өгөөч гэж гуйсан боловч тэр “ үгүй, ингээд үх чи “ гэж хэлээд хаашаа явсан. Би хаана явж байгаагаа мэдээгүй бөгөөд нэг сэхээ орсон чинь машиных нь шалан дээр хэвтэж байсан. “Түйн” голын гүүр гараад явж байгаа бололтой байсан бөгөөд ямар нэгэн газар зогсох шиг болсон, би амьсгал авч болохгүй байсан бөгөөд хүчээр амьсгал авах гэхэд намайг амьсгал хурааж байна гэж бодсон уу яасан ******* шалан дээрээс өргөөд суудал дээрээ хэвтүүлснээ миний цээжин дээр хэд хэдэн удаа дараад хиймэл амьсгал хийгээд байсан.

Би эмнэлэг хүргээд өгөөч гэхэд мөн л үгүй гэж хэлснээ машинаа дахин асаагаад уулнаас нисэж үхнэ гээд хөдөлсөн. Тэгж байтал гар утасны сүлжээ тасарсан байсан бөгөөд машинаа уул өөд өгсүүлэх гээд машин нь гарахгүй байсан учраас зогссон. Тэгж байснаа ******* өөрөө үхнэ гээд машинаасаа буугаад явсан. Миний гар утсыг булааж авсан байсан, би гар утсаа хайсан чинь машины урд талын суудалд дээр тавьсан, байсан, юнителийн сүлжээ орж гараад байхаар нь аймгийн Шүүхийн шинжилгээний албанд ажилладаг Бурмаа гэдэг найз руугаа “Номгон” уулын ард байна, ******* намайг зодоод байна, цагдаад дуудлага өгөөд намайг олж аваач гэсэн утгатай мессеж бичсэн.

Хэсэг хугацааны дараа ******* машиндаа буцаж ирээд агаар салхинд яваад тайвширсан уу яасан зан авир нь арай зөөлөрсөн байсан бөгөөд надад " чи миний амьдралыг нураасан, чамаас болж зовж байна “ гээд байсан, би хариу нэг ч үг хэлээгүй бөгөөд машинаа асаагаад буцаж яваад намайг гэрийн гадаа буулгасан.

...Миний биед дух зүүн хэсэгтээ хавдсан, нүүр хавагнасан, чихний ар зүүн талд хавантай, эмзэглэлтэй, зүүн гарын шуу сарвуугаараа хөхөрсөн, хавдсан, цээжний урд хэсэг, өвчүү орчим дарахад эмзэглэлтэй байсан. Тэгээд тархи доргилт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, толгойн өвдөлт гэсэн онош тавьсан. Аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 227 дугаартай дүгнэлтээр миний биед “хөнгөн” зэргийн гэмтэл учирсан байна гэсэн. Энэ дүгнэлттэй холбогдуулан гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй.

...Би *******д гомдолтой, түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй  гэх мэдүүлэг. /хх-ийн 39-41/,

Гэрч *******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

... Би *******, ******* нарыг танина, Х..Азжаргалтай би ерөнхий боловсролын сургуульд нэг ангид суралцаж байсан, харин *******тай нэг төгсөлт, *******тай дотно найз нөхдийн харилцаа холбоотой. Хэн хэнтэй нь садан төрлийн харилцаа холбоо байхгүй.

2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчим би усанд орж байхад *******ын 80960421 дугаараас 2 удаа дуудлага ирсэн. Хэсэг хугацааны дараа буюу 18 цаг 56 минутад мөн *******ын утаснаас “ найзыг нь ******* алахаар шийдсэн юм шиг байна, “Номгон” уул тойроод Эрдэнэцогт явах замд намайг машинд дотроо зодчихоод өөрөө үхнэ гээд явчихлаа, цагдаад хэлээд өгөөч “ гэсэн мессеж ирсэн байсан.

...Замын цагдаад ажилладаг руу залгаад болсон асуудлыг нь хэлээд түүнтэй хамт “Номгон” уулын орчмоор тэднийг хайсан. Буцаад явж байтал ******* над руу 19 цаг 44 минутад “ пост “ гэсэн мессеж явуулсан байсан, тэгээд бид аймгийн төв рүү буцаж ирсэн. Би *******ын утас руу залгахад “сая намайг ******* гэрт хүргэж өгөөд явлаа, би одоо гэртээ байна хүрээд ир“ гэж хэлсэн. Ингээд гэрт нь очиход ******* “ толгой эргээд унах гээд байна, эмнэлэг явъя” гэсэн. Харин *******ын үс нь сэгсийсэн, дух нь хавдсан, нүүр нь хавагнасан байсан, зүүн талын гарны шуу нь хөхөрсөн байсан. *******ыг эмнэлэгт үзүүлээд би өөрөө гэртээ харьсан.

******* архинд ороод мөрийтэй тоглоод байхаар нь салсан гэж байсан.

*******тай байнга хэрүүл маргаантай амьдардаг байсан юм шиг байна лээ, ******* утсаар дарамтлаад, доромжлоод янхан, банзал гэж мессеж бичээд хэцүү юм гэж ******* ярьдаг. Өөрөөр ийм байдлаар ингэж тэгж зодлоо гэж хэлж байгаагүй. Учир зүггүй барьж аваад зодоод байдаггүй юм шиг байна лээ. Ямар ч байсан дарамтлаад байх юм гэж хэлж байсан.

*******ын хувьд байгаа байдлаараа, бодсон санаснаа шууд хэлчихдэг, хүнд тусархуу сайн эмэгтэй байгаа юм.

Э.Алтанхундагын хувьд зан араншинг сайн мэдэхгүй юм, их л архи уудаг гэж

хүмүүсээс сонссон. Гэр бүлээсээ хөндийрөөд сэтгэл санаагаар унаад архи уугаад байдаг юм болов уу даа гэж боддог, харин түүнд би архиа битгий уугаад бай, эхнэрээ хайр халамжаар битгий дутаа, эргэж нийлээд хамт амьдаръя гэж бодож байгаа бол эхнэрээ сайн хайрла халамжил гэж хэлэхэд тэр ойлгож байгаа бололтой л байдаг юм. Хамт амьдарч байхдаа архи уудаг байсан үгүйг сайн мэдэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43/,

 Гэрч Галбадрахын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

... 2017 оны 05 дугаар сарын 12-ны баасан гарагийн орой 17 цагийн ярианд суух гэж байхад ******* над руу утасдан “ танай найз ******* 3 шарын дэргэд согтуугаар машин жолоодох гээд байна, эндээс машинаа хөдөлгөх гээд байна “ гэсэн, би яриандаа сууж байтал танихгүй дугаар залгаад байхаар нь би аваагүй, ярианаас гарч ирээд нөгөө дугаар руу залгатал Шүүхийн шинжилгээний албаны гарын хээний санч ******* байсан бөгөөд тэр надад хэлэхдээ “ танай найз ******* *******ыг аваад явчихсан байна, надад мессеж ирээд байна, утас нь холбогдохгүй байна, “Номгон” уулын дэргэдэх Эрдэнэцогт руу явдаг замаар явсан гэнэ, яах вэ “ гэсэн. Би *******тай уулзаад би өөрийнхөө машинд түүнийг суулгаад хэлсэн замаар нь хайсан боловч Э.Алтанхундагын машиныг олоогүй.

Ингээд буцаад тээврийн товчооны постноос асуухад Алтанхундагын машин саяхан үүгээр өнгөрсөн гэхээр нь *******г машиных нь дэргэд үлдээгээд Э.Алтанхундагын машиныг хайгаад олоогүй..

... Э.Алтанхундагын хувьд хүнтэй харилцах харьцаа сайтай гайгүй л зан араншинтай залуу байгаа юм. Би түүнтэй 2012 оноос эхлэн найзалж нөхөрлөж байгаа бөгөөд эхнэртэй болсон гэж байсан, дараа нь эхнэрээ авч найраа хийсэн, найрнаасаа хойш нэг их удалгүй салцгаасан. Ямар шалтаг шалтгааны улмаас салсан болохыг нь мэдэхгүй байна, эхнэрээсээ салснаасаа хойш архи их уудаг болсон, эхнэртэйгээ байхдаа тэр архи уудаггүй байсан. Эхнэртэйгээ буцаад суучих юм сан гэж байнга ярьдаг, хүүхдээ л их санаж байна гэж ярьдаг юм. эхнэртэйгээ ингэж тэгж хэрэлдсэн гэж нэг их ярьдаггүй, харин хааяа муудалцлаа гээд байдаг байсан.

...Э.Аптанхундага нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны үед эхнэртэйгээ буцаад нийлэх гээд байна гээд гайгүй ч өөдрөг сэтгэлтэй яриад байсан, харин тэр өдөр яагаад эхнэрээ зодсон юм мэдэхгүй, ямар байдлаар яаж зодсон болохыг ч мэдэхгүй байна. Дараа нь таараад чи яагаад эхнэрээ зодож байгаа юм бэ гээд түүнийг би зэмлэсэн ... гэх мэдүүлэг./хх-ийн 44-45/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 211 дүгээр шинжээчийн

“1. *******ын биед тархи доргилт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна

4. Цаашид ерөнхий энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт./ хх-ийн 49-50/,

Цагаатгах болон хөнгөрүүлэх нотлох баримт:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 68/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 521 дүгээр албан бичиг /хх-ийн 69/, урьд ял шалгах хуудас /хх-ийн 73/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 83/, утасны билл /хх-ийн 84/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 100/ зэрэг яллах болон цагаатгах талыг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Э.Алтанхундагын үйлдлийг шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйлийг хэрэглэж, хүний эрүүл мэндэд “Хөнгөн” хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Алтанхундагын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Алтанхундагыг шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж өөрийгөө өмгөөлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “ өөрийгөө өмгөөлөж байна улсын яллагчийн тавьсан саналтай мэтгэлцэх зүйл байхгүй улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Э.Алтанхундагын үйлдсэн гэмт хэрэг нь шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг баримтлан түүнд шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нь гэм буруугийн талаар мэтгэлцээгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг гэм буруутайд тооцож, торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Алтанхундагын эзэмшлийн 5-н ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 12-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх 5-н ханатай гэрийг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******д хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлд зааснаар бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан ба уг арга хэмжээг хүчингүй болгож, шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Алтанхундагыг шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Алтанхундагыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450000/ төгрөгийг шүүгдэгч Э.Алтанхундагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдөр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1. 36.8 дугаар зүйлийн 1.8-т тус тус зааснаар шүүгдэгч Э.Алтанхундагын эзэмшлийн 5-н ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 12-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх 5-н ханатай гэрийг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйл, мөн хуулийн 36.12 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч *******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, уг арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.9 дугаар зүйлийн 5, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ