Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 680

 

 

МАГАДЛАЛ

 

2019.04.15                                                 Дугаар 680                                      Улаанбаатар хот

 

 

 

“ДО ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00402 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ДО ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Я-д холбогдох,

 

100 482 443 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Т, М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Я нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай байгууллагатай 00000447 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 36 817 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Содон хорооллын 103 дугаар байрны 162 тоот Ү-2201044183 тоот улсын бүртгэлийн дугаартай, 58,06 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа дуусаж, зээлдэгчид зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан ч төлөөгүй ба сүүлдээ оршин суугаа хаяг тодорхойгүй болсон. Зээлдэгч нь 2018 оны 6 дугаар сард ирж уулзан хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээнд 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 34 976 900 төгрөг нэмж зээлэн 71 793 687 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. Нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш зээлдэгч нь өнөөг хүртэл төлөөгүй ба гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлийн гэрээний 6.2-д Зээлдэгч нь зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү төлөхийн зэрэгцээ нэмэгдүүлсэн хүү, гарсан хохирол, зардлыг нэмж төлнө гэж тус тус заажээ. Иймд үндсэн зээл 71 793 687 төгрөг, хүү              12 061 336 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 412 267 төгрөг, нийт 86 267 290 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нийт 100 482 443 төгрөг болгон нэмэгдүүлсэн гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “ДО ББСБ” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 36 817 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээл авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаанд хавсралтад тусгагдсан хуваарийн дагуу зохих төлбөрийг төлж байсан. Өөр зээлийн болон нэмэлт гэрээ талуудын хооронд байгуулагдаж байгаагүй юм. Гэтэл нэхэмжлэлд Зээлдэгч нь 2018 оны 6 дугаар сард ирж уулзан хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээнд 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 34 976 900 төгрөг нэмж зээлэн 71 793 687 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон гэж дурджээ. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр талуудын хооронд Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ бодитоор байгуулагдаагүй, нэхэмжлэгч ББСБ-аас             34 976 900 төгрөг шилжүүлээгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсэг мөн барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн зээлийн үлдэгдэл төлбөр, 6 сарын хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр “ДО ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 36 817 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаанд хавсралтад тусгагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зохих төлбөрийг төлж байсан. Нэхэмжлэгч байгууллагын дурдсанчлан 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 34 976 900 төгрөгийг нэмж зээлсэн, мөн зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлэн авсан зүйлгүй болно. Иймд 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэх Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 21-нд байгуулсан 447 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Тус гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан талуудын чөлөөт байдлыг хангасан, хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хэлцэл ба зээлдэгч Д.Я нь нэмэлт гэрээ байгуулж өгөхийг хүссэн хүсэлт гаргасны дагуу гэрээ хийж, талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон. Мөн энэ гэрээг хуульд заасан шаардлагын хүрээнд зохих ёсоор нотариатаар гэрчлүүлсэн. Зээлдэгч Д.Я-гийн дээрх гэрээг байгуулж мөнгө зээлсэн, зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлэн авсан зүйлгүй болно гэх тайлбар нь үндэслэлгүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх үндэслэл болохгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зохих төлбөрийг төлж байсан гэдэг нь ор үндэсгүй байна. Зээл авснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй ба зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, өнөөг хүртэл нэхэмжлэгч “ДО ББСБ” ХХК-ийг хохироож байгаад гомдолтой байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Я-гээс 36 066 312,53 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ДО ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 64 416 130,47 төгрөгийн шаардлага, хариуцагчийн гаргасан 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044183 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000442912 дугаартай гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол /18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 103 байр 162 тоот хаягт байршилтай, 58.06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 589 287 төгрөг, 70 200 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 170 674 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн     86 670 төгрөг, нийт 916 831 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 339 000 төгрөгийн 332 834.5 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Я-гээс 338 281.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ДО ББСБ” ХХК-д, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 6 165.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Д.Я-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэмэлт гэрээ байгуулсан өдөр 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний хүүг зээлдэгч төлсөн гэж тайлбарласан ба энэ нь нэмэлт гэрээг байгуулсан нэрийдлээр зээлийн хүүг төлүүлэх гэж хийсэн. Зээлдэгч Д.Я ямар нэгэн зээлийн төлбөр хийгээгүй зээлдэгчийн зүгээс ч мөнгө гаргаж өгөөгүй ба зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлсөн тухай кассын зарлагын ордер, бэлэн мөнгөний баримт /хх-80-82 тал/, зээлдэгчийн гараар бичсэн хүсэлт /хх-14 тал/ зэрэг баримтуудыг зохиомлоор үйлдэн зээлдэгчээр бичүүлж, гарын үсэг зуруулж авсан байдаг. Дээрх үйлдлүүд нь гэрээгээ хамгаалах, зээлдүүлэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хийсэн үйлдэл юм. Энэ тухай хариуцагч нь 2018 оны 6 дугаар сарын 21-нд зээлийн хүүгийн төлбөрт 34 976 866 төгрөгийг огт төлөөгүй, мөнгө нэмж аваагүй гэсэн тайлбар, гэрч н.Г.О-ын “Д.Я бид хоёр ямар ч мөнгөгүй “ДО ББСБ” ХХК-руу ороод ямар ч мөнгөгүй гарч ирсэн" гэсэн тайлбарыг шүүхийн шатанд удаа дараа гаргаад байхад шүүх үнэн эсэхийг нягталж үзээгүй, зохих ёсоор үнэлж дүгнээгүй. Дээрх бичмэл баримтуудаар зээлийн нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь харагдаж байна. Зээлийн гэрээг байгуулсан мэтээр харагдуулах гадагш чиглэсэн шинж чанартай байхад шүүх мөн буруу үнэлсэн. Иймд анх байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн зээлийн тооцооллыг гаргах үндэслэлтэй байна. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 447 тоот зээлийн гэрээний төлбөрөөс зээлдэгч нь нийт 4 123 000 төгрөг төлснөөс өөр төлбөр хийгээгүй ба анхан шатны шүүхэд сүүлийн байдлаар нэмэгдүүлсэн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээл 36 817 000 төгрөг, хүү           45 174 459 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 911 891 төгрөг, нийт 86 903 350 төгрөг буюу анхан шатны шүүхийн шийдвэрийн дүн дээр 50 837 037.43 төгрөг нэмж зээлдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зээл, зээлийн хүүнд 50 837 037.47 төгрөг нэмж, хариуцагчаас 86 903 350 төгрөг гаргуулах тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “ДО ББСБ” ХХК нь хариуцагч Д.Я-д холбогдуулан 100 482 443 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 02, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд үндэслэсэн ба хариуцагч нь эхний зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрсөн боловч дараагийн гэрээнд заасан зээлийн мөнгийг бодитойгоор хүлээн аваагүй учир төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч Д.Я нь 36 817 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаагаар, сард 4,5 хувийн хүүтэй зээлж, СО ХХК-ийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Содон хорооллын 103 дугаар байрны 162 тоот                   Ү-2201044183 тоот улсын бүртгэлийн дугаартай, 58,06 м.кв талбайтай орон сууцыг барьцаалуулж гэрээ байгуулсан. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд өөрчлөлт оруулж, өмнөх зээлийн үлдэгдэл 36 816 787 төгрөг дээр 34 976 900 төгрөгийг нэмж зээлэх, зээлийн нийт үлдэгдэл 71 793 687 төгрөгийг хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын        21-ний өдөр хүртэл хугацаанд, сарын 4,5 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцсон.

2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч нь кассын зарлагын ордер гэх баримтаар хариуцагчид 34 976 900 төгрөгийг шилжүүлсэн байх ба мөн өдөр уг мөнгийг буцаан өгснийг бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж, нэхэмжлэгч хүлээн авсан. Хариуцагч нь зээлийн хүүд 4 123 000 төгрөг төлсөн зэрэг үйл баримт тогтоодсон талаар талууд маргахгүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул 2016 оны 11 дүгээр сарын      02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу      нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн мөнгийг тухайн өдөр баримт үйлдэж, буцаан авсан байх тул энэ гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй.

Хариуцагч нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Учир нь гэрээ байгуулагдаж, гэрээний зүйлийг харилцан шилжүүлсэн дээрх тохиолдолд тухайн гэрээний үүрэг үүсэх эсэхийг дүгнэх шаардлагатай бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуулийн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд хариуцагчаас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний үүрэгт зээл 36 817 000 төгрөг, хүү 9 940 590 төгрөг төлөхөөс 4 123 000 төгрөгийг төлж, 5 635 000 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргийг 17 сар 15 хоногоор хэтрүүлсэн байх тул тухайн хугацаанд бодогдсон хүү 28 330 681 төгргөөөс гэрээгээр тохиролцсон хэмжээгээр тооцон нэмэгдүүлсэн хүүд 5 633 001 төгрөг, нийт 48 267 590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид бодитойгоор олгоогүй 34 976 900 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тооцон, зээлийн нийт төлбөр 71 793 687 төгрөг гэж тодорхойлж, энэ дүнгээс хүү, нэмэгдүүлсэн хүү бодож нэхэмжилсэн нь үндэслэлгүй болно.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь шүүхэд нэмэмжлэл гаргахдаа үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлэхдээ хэтэрсэн хугацааны хүү, түүнээс нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан ба хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тодорхойгүй, шүүхээс энэ талаар тодруулсан боловч тооцооллоо тайлбарлаагүйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00402 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хариуцагч Д.Я-гээс 36 066 312,53 төгрөгийг гаргуулж...” гэснийг        “48 267 590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ДО” ХХК-д олгож, үлдэх 52 214 853 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох...” гэж, шийдвэрийн 3 дахь заалтад           “...338 281,5...” гэснийг “...399 287,95...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 592 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                      М.НАРАНЦЭЦЭГ