Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/79

 

 

Г.Буяндэлгэрт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                 Б.Эрдэнэхишиг

                                          Шүүгчид                     Г.Давааренчин                                  

                                                                             Д.Буянжаргал

                                  Оролцогчид:

                                      Прокурор                        В.Батдэлгэр

                                        Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч М.Гансүх

                                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/187 дугаартай цагаатгах тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цороос овогт Гэжээгийн Буяндэлгэрт холбогдох эрүүгийн 1931004230034 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн “Хяргас” суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа зөгийн аж ахуй эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг, Бүүргийн 3-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Цороос овогт Гэжээгийн Буяндэлгэр РД:/М078Ю2918/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Буяндэлгэр нь Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” сумын Цөх 3 дугаар баг, “Аргуут” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос 77 ширхэг 4.1365 метр куб хуурай нарс мод бэлтгэж, 18-35 СЭА улсын дугаартай “Затзипд” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэн байгаль-экологид 838,532 /найман зуун гучин найман мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                 

Анхан шатны шүүх Г.Буяндэлгэрт холбогдох хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 187 дугаартай цагаатгах тогтоолоор:

“1. Шүүгдэгч Цороос овогт Гэжээгийн Буяндэлгэрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Буяндэлгэрийг цагаатгасугай.

2. Г.Буяндэлгэрт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

3. Энэхүү хэрэгт битүүмжилсэн 18-35 СЭА улсын дугаартай, “Самсунг” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжпэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Б.Алдарт /РД:М077110311/ буцаан олгосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн их биетэй, 1 ширхэг цахилгаан хөрөө, хэрэгт битүүмжилсэн 77 ширхэг “Нарс” модыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, Г.Буяндэлгэрт буцаан олгосугай...” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцэлдээ: ...Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрийг дараах байдлаар няцааж байна. Үүнд :

1. Хүдэр сумын ойн ангийн инженер болон байгаль хамгаалагч нар түлээний мод бэлтгүүлэхээр талбайн тусгаарлалт хийсэн, Хүдэр сумын “Шанд” гэх газар дагуулан очиж, мод бэлтгэх газрыг зааж өгсөн болох нь хэрэгт авагдсан яллагдагч Г.Буяндэлгэрийн “....2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шаамар сумаас иргэдэд түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгосон. Би тухайн үед гоожин бичүүлж аваад Хүдэр сумын “Шанд" нэртэй газраас мод бэлтгэх ёстой байсан. Ингээд ганцаараа 18-35 СЭА улсын дугаартай “Самсунг” маркийн ачааны автомашинтай өглөө 11 цагийн үед явсан. Би Хүдэр сум руу явж байх замд машины урд дугуйн залгуур шаренээр нь эвдрээд бага зэрэг саатал гарсан. Тухайн өдөр замын машинд дайгдаж Шаамар суманд ирж сэлбэгээ авч маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр машинаа засаж сэлбээд Хүдэр сумын Шанд нэртэй газар руу ороогүй, Хүдэр сумын байгаль хамгаалагчийн зааж өгсөн газарт байсан моднууд нь нойтон, чийгтэй мод байсан болохоор тухайн заасан газраас модоо бэлтгээгүй. Харин тухайн уед мод ачсан Портер машиныг хараад тухайн автомашин гарч ирсэн газар руу орж мод бэлтгэсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 88-89 дүгээр хуудас/, гэрч Б.Батсүх, Т.Мөнхтуул, Ж.Алтангэрэл нарын мэдүүлэг болон бусад байдлаар хангалттай тогтоогдсон ба шүүгдэгч Г.Буяндэлгэр нь мэдсээр байж санаатайгаар өөр газраас буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас мод бэлтгэсэн болох нь тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд үнэлсэн байхад шүүхээс анхаарч үзэлгүй зөвхөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэж “Байгаль орчны алба хаагчид болон холбогдох албан хаагчид ажил үүрэгтэй хайнга, хайхрамжгүй, хариуцлагагүй хандсаны улмаас хуулиар тогтоосон зөвшөөрлийн тогтолцоог үгүйсгэж зөрчсөн нь тогтоогдсон” гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн “шүүгдэгч Г.Буяндэлгэрийн бэлтгэж, тээвэрлэсэн модны товарлаг байдал, чанарлаг шинжид анхаарал хандуулах нь чухал юм” гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа, Ойн албаны мэргэжилтэн Э.Энхтулга, “Бэлчир” бүсийн сум дундын ойн ангийн инженер Ж.Ганцэцэг нарын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр “...Г.Буяндэлгэрийн тээвэрлэж явсан гэх 77 ширхэг модонд “Монгол Улсын стандарт 5413:211” дагуу үзлэг хийхэд 12 см болон 14 см-ийн голчтой 28 ширхэг /0.6245 м3/ мод нь түлшний модны стандартад нийцсэн байх бөгөөд бусад 16-46 см голчтой 49 ширхэг /3.512 м3/ мод нь хэрэглээний бөөрөнхий мод гуалангийн ангилалд багтаж байна. 2019 онд мөрдөгдөж байсан БОАЖСайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалаар батлагдсан ойн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээ 1 шоо метр нарс модны үнэлгээ 120 000 төгрөг болон түлээний хуурай модны итгэлцүүр 1.0, хэрэглээний бөөрөнхий мод гуалангийн итгэлцүүр 1.8-аар үржүүлэхэд: Түлээ: 0.6245 м3 х 120 000 х 1.0 = 79 940 төгрөг Хэрэглээ: 3.512 м3 х 120 000 х 1.8 = 758 592 болж байх ба нийт 77 ширхэг 4.1365 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 838.532 /найман зуун гучин найман мянга таван зууч гучин хоёр/ төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 218-220 дугаар хуудас/ гаргасан байна. Дээрх дүгнэлт болон Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт бусад нотлох баримтуудаар Г.Буяндэлгэр нь дээрх модыг хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэх байдлаар бэлтгэж.тээвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчлахдаа хууль бусаар түүж, бэлтгэсэн модны зориулалт, мод бэлтгэх зөвшөөрлийн түвшин, тус гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж зэргээс гадна гэмт хэрэгт тооцох хамгийн чухал шалгуур болох нийгмийн хор аюулыг харгалзан үзсэнийг анхаарч үзэх шаардлагатай юм. Шүүгдэгч Буяндэлгэр Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.1-д заасан “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж” мод бэлтгэсэн ба Монгол улсын Үндсэн хууль болон Ойн тухай хууль, ойгоос мод бэлтгэх журмаар хүлээсэн иргэний үүргээ биелүүлээгүй, мэдсээр байж санаатайгаар зөрчсөн, мөн түүний бэлтгэсэн модны шинж чанар зэргээс үзэхэд тухайн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Гэтэл анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Буяндэлгэрийн гэм буруу нотолсон улсын яллагчийн зүгээс шинжлэн судлуулсан яллах талын нотлох баримтуудыг ямар нотлох баримтуудаар няцааж үгүйсгэсэн нь тодорхой бус, энэ талаар дүгнэлтийг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Мөн анхан шатны шүүхээс Г.Буяндэлгэрийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг агуулж байна гэж дүгнэсэн атлаа Г.Буяндэлгэрийн буруутай үйлдлээс бий болсон зүйл буюу модыг буцаан олгож шийдвэрлэсэн шударга ёсны зарчимд үл нийцсэн хэт нэг талыг барьсан шийдвэр болно.

2. Хэрэгт Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу Алтанбулаг сумын Засаг дарга П.Батсайханыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан тэмдэглэлийн биеийн байцаалт хэсэгт П.Батсайхан нь Алтанбулаг сумын Засаг дарга албан тушаалтай болох нь тогтоогдож түүнийг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн талаарх тэмдэглэл хэрэгт авагджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оролцогч хэргийн материалтай танилцаагүй тохиолдолд /хүрэлцэн ирээгүй/ ямар нэгэн албадлагын арга хэмжээ авах зохицуулалт хуульчлагдаагүй байна. Гэтэл дээрх Цагаатгах тогтоолд хэнд хандаж дээрх зүйлүүдийг анхааруулаад байгаа нь туйлын ойлгомжгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 187 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ямар үндэслэл байгаа талаар тайлбар хэлье. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг зорилго гэнэ. Энэ хүн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум руу ямар зорилгоор явсан бэ? Мод бэлтгэхээр зохих зөвшөөрлөө аваад бүх юм нь бэлэн болсон. Тийм байхад яах гэж гэмт хэрэг үйлдэх вэ? бүх зөвшөөрөл нь байгаа. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэл хэсэгт юм нэмж хэлэхэд прокурор сая төрийн албаны шударга хүмүүсийг гэрчээр асуусан тул үнэн ярьж байгаа гэж тайлбарлаж байна. Тэгвэл би ингэж тайлбарлая. Хамгийн анх Г.Буяндэлгэрийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “...би тухайн газрыг Алтанбулаг сумын газар гэж мэдээгүй...”  гэдэг. ... Энэ хүнд ямар нэг зорилгоор хулгай хийе, ашиг олъё гэсэн агуулга байхгүй. Амьжиргааныхаа түлээний асуудлыг л шийдвэрлэх гээд байгаа юм. Үнэхээр гэмт хэрэг байна гэж үзэх гээд байгаа юм бол ямар хожуулуудыг тайрсан юм бэ? хэргийн газрын үзлэг, фото зурган дээр зөвхөн орсон замынх нь зургийг л авсан байгаа. Ийм нөхцөл байдалтай учраас л үйлчлэх ёстой хуулийн зохицуулалт гэж би харж байна. Тэгэхээр цагаатгах тогтоолын 1 том үндэслэл нь “...байгаль, экологид Г.Буяндэлгэр яг ямар хохирол, хор уршиг учруулсан юм бэ” Үүн дээр өрсөлдөх олон зүйлүүд байна.

... Байгаль орчны ойн ангийнхан тухайн үед мэдүүлэг өгөхдөө Г.Буяндэлгэр өгсөн гоожинг ойн анги дээрээс өгөөгүй, зам дээр зогсож байгаад л бичиж өгөөд, тэр хавиас шүү гэж хэлээд явуулчихсан гэж ярьдаг. Тэгэхээр би үнэхээр ийм зүйл болсон эсэхийг шалгуулъя гэж хүсэлт гаргасан ч шалгах шаардлагагүй гэсэн. Уг нь маш их ач холбогдолтой зүйл байсан. Прокурорын хэлж байгаачлан яг хуульд зааснаар ажлаа хийсэн үү? Хавтаст хэрэгт авагдсанаар бол тийм зүйл байхгүй. Үүнийг прокурор ч мэдэж байгаа. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр  хуулийн үндэслэлтэй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Г.Буяндэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын эсэргүүцлийн дагуу Г.Буяндэлгэрт холбогдох эрүүгийн 1931004230034  дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг хохирлын хэмжээ хамаарахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар заасан бөгөөд энэ тохиолдолд мод бэлтгэх ажиллагаа, байгалийн нөөц ашигласны төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд тухайн харилцааг зохицуулсан Ойн тухай хууль болон, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэх боломжтой байна.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дүгээр зүйлд зөвхөн ойн ашиглалын чиглэлийн мэргэжлийн байгууллагуудын мод бэлтгэх ажилагааг

35.1.Энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан ойн ашиглалтын чиглэлийн мэргэжлийн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд, зөвшөөрөгдсөн дараах төрлийн огтлолтоор мод бэлтгэж болно:

35.1.1.ойн төлөв байдалд сөргөөр нөлөөлж байгаа мод, бутыг огтлох замаар ой ургах тааламжтай орчныг бий болгоход чиглэсэн арчилгааны;

35.1.2.түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг цэвэрлэх, ойг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн цэвэрлэгээний;

35.1.3.нас гүйцсэн модыг огтлох замаар модон түүхий эдийг бэлтгэхэд чиглэсэн үйлдвэрлэлийн ашиглалтын журмаар ... тус тус явуулахаар хуульчилжээ.

 

Харин Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д ....Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно... гэж заасан журмаар ойн нөөц бүхийн аймгийн иргэд   зохих зөвшөөрлийн дагуу ахуйн журмаар түлшний мод бэлтгэх ажиллагааг зохицуулж ирсэн байна.

Түүнчлэн Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-д доорхи тохиолдолд буюу 35.4.1.гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн;

35.4.2.зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн;

35.4.3.засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн.нөхцөлд хууль бусаар мод бэлтгэсэн гэж гэж үзэхээр хуульчилсан бөгөөд  шүүгдэгч Г.Буяндэлгэр нь хэдийгээр эрх бүхий байгууллагаас түлшний мод бэлтгэх зөвшөөрөл авсан боловч заасан газар болох Хүдэр сумын Шанд нэртэй газраас  өөр газар буюу Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” сумын Цөх 3 дугаар баг, “Аргуут” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос 77 ширхэг 4.1365 метр куб хуурай нарс мод бэлтгэж, 18-35 СЭА улсын дугаартай “Затзипд” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж тээвэрлэн байгаль-экологид 838,532 /найман зуун гучин найман мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шаамар сумын Байгаль орчныг хамгаалах албаны ажилтнууд түлшний мод бэлтгэх газрыг иргэдэд албан ёсоор зааж өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч Г.Буяндэлгэр төөрч будилсны улмаас өөр газарт түлшний мод бэлтгэсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д   ....Аливаа зориулалтаар ойгоос бэлтгэж ашигласан бүх төрлийн хэрэглээний мод, түлээнд төлбөр ногдуулна..., гэж, 25 дугаар зүйлийн 25.2.-д ....Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.... гэж бүх төрлийн хэрэглээний мод, түлээнд төлбөр ногдуулах журам, хууль зөрчсөн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан боловч Г.Буяндэлгэр нь зохих төлбөрийг төлж, эрхийн бичиг авсан тул энэ хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй юм..

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд Ойн тухай хууль зөрчсөн зөрчлүүдийн шинжийг тодорхойлж, тухайн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг заасан боловч хууль бусаар мод бэлтгэх, ялангуяа түлшний модыг хууль бусаар бэлтгэх ажиллагааг зохицуулаагүй тул Цагдаагийн газраас тухайн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Зөрчлийн болон бусад холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх Г.Буяндэлгэрийн дээрхи үйлдэл нь Ойн тухай хууль, Байгалийн нөөцийн төлбөрийн тухай хуульд заасан ямар үйл ажиллагааг явуулсан, энэ нь  Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл,заалтыг хэрхэн зөрчсөн талаар эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг цагаатгаж, хууль бусаар бэлтгэсэн мод, тээврийн хэрэгслийг буцааж олгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/187 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1,1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/187 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.Буяндэлгэрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжэг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                            ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ